Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар улс төрийн албан тушаалтнууд ажил, албанаасаа гарахгүйгээр сонгуульд оролцох эрхийг нь нээж өгөх агуулгатай Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг авч хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд улс төрийн албан тушаалтан болж, төрийн албанд ороход тодорхой босго шалгууртай байх учиртайг онцолж байлаа. Улс төрийн албан тушаал хашиж байгаа хүмүүст Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт давуу боломж олгож байгааг ч энэ үеэр дурдсан юм. Өөрөөр хэлбэл, төрийн албан тушаалтнууд албан тушаалаа өгөхгүйгээр сонгуульд оролцсоноор бизнесийнхэн, иргэний нийгэм, эрдэмтэн,судлаачид зэрэг бусад нэр дэвшигчдийн ижил тэгш гараанаас өрсөлдөх боломжийг хаагдуулж байна гэсэн үг. Тиймээс М.Энхболд дарга Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн юм.