Талибанчууд цаазын болон гар тайрах ялыг сэргээхээ мэдэгдэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 3 секунд
Талибанчууд цаазын болон гар тайрах ялыг сэргээхээ мэдэгдэв

Талибанчууд цаазын болон гар тайрах ялыг сэргээхээ мэдэгдэв

Талибан хөдөлгөөний үүсгэн байгуулагчдын нэг, Исламын хуулийг хатуу дагагч гэгддэг Мулла Нооруддин Тураби өчигдөр Associated Press агентлагт ярилцлага өгөхдөө Афганистанд нийтийн өмнө цаазаар авах, гар тайрах шийтгэлийг сэргээхээр төлөвлөж байгааг мэдэгджээ.

Гэхдээ 1996-2001 онд Талибанчууд засаглаж байхдаа стадионд олон нийтийн өмнө ийм хатуу ялыг гүйцэтгэдэг байснаа больж магадгүйг хэлсэн байна.

“Бид бусдын хууль, ялын бодлогын талаар огт яриагүй байхад бусад улсууд стадионд ял гүйцэтгэх аргыг маань шүүмжилдэг байсан. Хэн ч бидэнд энэ талаар заах ёсгүй. Бид зөвхөн Исламыг дагаж, Коранд бичигдсэний дагуу хуулиа хэрэгжүүлнэ” гэж Тураби ярьжээ.

Наймдугаар сарын 15-нд Кабулыг эзэлж, Афганистанд бүрэн хяналтаа тогтоосон Талибанчууд ямар дэглэм тогтоохыг дэлхий нийтээр анхааралтай ажиглаж байгаа.

Олон хүн 1990-ээд оны харгис бурангуй нийгмийг дахин бий болгох вий гэсэн айдас түгшүүртэй байна.

Одоо 60 гаруй настай Тураби нь Талибаны өмнөх засаглалын үед хууль зүйн сайд, бас шашны бодлого тодорхойлогч гол хүн байсан юм. Тухайн үед ял шийтгэлийг Кабулын гол стадионд, эсвэл Эйд Гах сүмийн гадна олон зуун афган эрчүүдийн нүдэн дээр гүйцэтгэдэг байв.

Цаазын ялыг хохирогчийн гэр бүлийн хэн нэг нь гэмт хэрэгтний толгойд тулгаж буудах аргаар гүйцэтгэдэг байжээ. Ингэхдээ “цусны мөнгө” гэгддэг төлбөрийг хохирогч тал хүлээн зөвшөөрвөл ялтны амийг хэлтрүүлдэг байсан юм.

Харин хулгайн хэрэг үйлдсэн этгээдийн гарыг олны нүдэн дээр тайрдаг байжээ.

Хэрвээ бусдын эд зүйлсийг дээрэмдсэн бол гарыг хөлтэй нь хамт тайрдаг байсан юм.

Тухайн үед ялыг оноохдоо шүүх хурал хийдэггүй, Исламын шашны номлогчдын шийдвэр голлодог байжээ. Харин энэ удаа эмэгтэйчүүд оролцсон шүүгчдийн бүрэлдэхүүн ял оноож байхаар болсныг Тураби ярьсан байна.

“Аюулгүй байдалд гар тайрах шийтгэл маш чухал. Ингэснээр гэмт хэргийн гаралт эрс буурдаг” гэж хэлсэн Тураби ял гүйцэтгэлийг олны нүдэн дээр хэрэгжүүлэх эсэхийг Талибаны засгийн газар ярилцаж байгааг дуулгажээ.

Засгийн эрхэнд гарснаасаа хойш Талибанчууд жижиг хэмжээний хулгай хийсэн этгээдүүдийг гудамжаар явуулж, хүмүүст жигшүүлэх шийтгэлийг хэд хэдэн удаа хэрэглэсэн байна.

Толгойдоо цагаан чалма ороосон Тураби нэг нүд, нэг хөлөө 1980-аад оны үед Зөвлөлтийн цэргүүдтэй тулалдаж явахдаа алдаж байжээ.

Талибаны шинэ засгийн газарт тэр шоронгийн асуудал хариуцаж байгаа. Тураби НҮБ-ын хар жагсаалтад байдаг Талибаны удирдагчдын нэг юм.

Өмнөх дэглэмийн үед тэр Исламын шашны номлолыг хатуу дагагч нэгэн байжээ.

1996 онд Талибанчууд засгийн эрхэнд гарсны дараа болсон анхны хэвлэлийн хурал дээр тэр эмэгтэй сэтгүүлчийг танхимаас загнан хөөн гаргаж, өөрийг нь шүүмжилсэн хүнийг хүчтэй алгадаж байсан гэдэг.

Тэр бас иргэдийн автомашинаас хөгжмийн хуурцагнуудыг хураан авч устгах ажлыг зохион байгуулж, засгийн газрын байранд нэвтэрсэн бүх эрчүүдэд толгойдоо чалма ороохыг шаардаж, сахлаа авсан эрчүүдийг зодож шийтгэдэг байжээ.

Тэр үед Тураби спорт тоглоомыг хориглож, эрчүүдээр өдөрт таван удаа сүмд мөргөл үйлдүүлдэг байв.

Харин тэр энэ удаа Associated Press агентлагийн эмэгтэй сэтгүүлчид ярилцлага өгсөн нь үзэл бодлын хувьд нэлээд өөрчлөгдсөнийг харуулж байна.

“Бид өмнөхөөсөө өөрчлөгдсөн” гэж ярьсан Тураби Талибаны дэглэмд телевиз, гар утас, фото, видео камерыг зөвшөөрөх болсныг мэдэгджээ.

Тэрбээр орчин үеийн техник технологи олон хүнд мэдээ түгээхэд чухал хэрэгтэйг онцолсон байна.

“Бид 1990-ээд онд засаглаж байхдаа Афганистаны өнцөг булан бүрт аюулгүй байдлыг тогтоож байсан” гэж Тураби ярилцлагадаа дурсжээ. Үнэхээр Талибаны дэглэм тогтсон богино хугацаанд Кабулын гудамж талбайд гэмт хэрэг буурсныг бизнес эрхлэгчид ярьж байна.

“Хүмүүсийг олны нүдэн дээр шийтгэх нь таагүй зүйл ч гэмт хэрэг буурч байгаа нь сайн хэрэг” гэсэн Кабулын жижиг дэлгүүрийн эзэн одоо шөнө орой ч худалдаа эрхлэх боломжтой болсноо Associated Press-ийн сэтгүүлчид ярьжээ.

Эх сурвалж: Associated Press

Бороо, нойтон цас орно
Бороо, нойтон цас орно
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.