Н.Учрал: Цахим баримт бичгийг цаасан баримт бичигтэй ижил түвшинд тооцох хууль эрх зүйн боломжийг бүрдүүлсэн
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
19 минут 3 секунд
Н.Учрал: Цахим баримт бичгийг цаасан баримт бичигтэй ижил түвшинд тооцох хууль эрх зүйн боломжийг бүрдүүлсэн

Н.Учрал: Цахим баримт бичгийг цаасан баримт бичигтэй ижил түвшинд тооцох хууль эрх зүйн боломжийг бүрдүүлсэн

УИХ-ын гишүүн инноваци, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учралтай Цахим гарын үсгийн тухай хуулийн талаар болон бусад хуулийн талаар ярилцлаа.

-Сүүлийн жилүүдэд цахим шилжилтийн талаар нэлээд ярих боллоо. Цахимд шилжих ажил хэзээнээс эхлэлтэй вэ?

-Бид өнгөрсөн хугацаанд төрийн үйлчилгээг цахимжуулах, цахим шилжилтийг төрийн болон хувийн бүхий л шатанд бий болгох зэрэг тодорхой зорилт дэвшүүлэн ажилласан. Энэ ажил үр дүнд хүрсэн. УИХ анх удаа 2018 онд Цахим бодлогын түр хороо байгуулсан. Уг хороог тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга, одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахалж, миний бие дэд даргаар нь ажиллаж байсан.

Бид УИХ, Засгийн газрын хамтарсан “Цахим хөгжлийн асуудал эрхэлсэн” ажлын хэсэг байгуулж, цахим шилжилтийг амжилттай нэвтрүүлсэн Эстони улсын туршлага судлаад, тус улсын загварыг эх орондоо нутагшуулах ажлыг эхлүүлсэн. Эстони улсын Засгийн газрын дэргэд цахим шилжилтийг хариуцан ажилладаг Е академи байдаг юм билээ. Тус академийн хамт олноос мэргэжлийн зөвлөгөө авах, экспертүүдийн тусламжтайгаар Монголдоо энэ ажлыг нутагшуулахаар тус улсын Засгийн газрын цахим академитай нь хамтарч ажиллах гэрээ байгуулснаар манай улс цахимд шилжих ажлын эхлэл тавигдсан. Бид Е-Mongolia платформ дээр төрийн бүх үйлчилгээг нэгтгэсэн. Өмнө нь нийслэл, дүүрэг, төрийн байгууллагууд өөр өөр платформ дээр үйлчилгээ үзүүлдэг байснаас үүдэн иргэд нэг цонхноос үйлчилгээ авч чаддаггүй байсан. Харин Е-Mongolia нэгдсэн платформтой болсноор төрийн үйлчилгээг иргэд нэг цонхоор авах боломж бүрдсэн. 2020 оны УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулж, Монгол Улс албан ёсоор УИХ-даа Инноваци цахим бодлогын байнгын хороо буюу бүтцийн нэгжтэй боллоо. Уг байнгын хорооны үндсэн чиглэл бол хууль эрх зүйн орчныг сайжруулахад оршиж байсан. Өнгөрсөн хугацаанд Засгийн газар манлайлал үзүүлж ажилласны үр дүнд Е-Mongolia платформ дээр төрийн 600 гаруй үйлчилгээг нэвтрүүлсэн. Иргэд гар утсаараа төрийн үйлчилгээ авах боломжтой болсон. Энэхүү цахим шилжилттэй холбоотойгоор цахим баримт бичгийг цаасан баримт бичигтэй адилтган тооцохгүй байгаа талаар иргэдээс маш их санал гомдол ирэх болсон.

-Цахимд байгаа бичиг баримтаа үзүүлэхээр заавал цаасан эх хувиар нь авч ирэхийг, эсвэл биедээ авч явахыг шаарддаг шүү дээ?

-Таны хэлж байгаа үнэн л дээ. Тухайлбал, пос машинд иргэдийн жолооны үнэмлэхийн мэдээлэл нь гарч ирж байгаа боловч жолооны үнэмлэхээ заавал биедээ авч явахыг шаарддаг. Авч яваагүй тохиолдолд торгох асуудал ч яригддаг. Мөн төрийн байгууллагууд руу цахимаар холбогдох баримт бичгээ явуулахаар заавал цаасан хэлбэрээр байх ёстой гэх шаардлага тавьдаг байсан. Яагаад заавал цаасан хэлбэрийг нь нэхээд байдаг вэ гэхээр цахим бичиг баримтыг цаасан бичиг баримттай адилтган авч үзэх хууль эрх зүйн орчин манай улсад хараахан бүрдээгүй байсан.Сайдуудын тушаал, Засгийн газрын зарим тогтоолуудаар цахим баримт бичгийг цаасан хэлбэртээ ижил түвшинд авч үзэх эсэх нь ойлгомжгүй байсан. Бид Эстони улсын туршлагаас судалж байхад цахим шилжилтэд технологи 30 хувь, хууль эрх зүйн орчныг сайжруулах ажил 70 хувьтай үр нөлөө үзүүлдэг талаар хэлж байсан. Нэг ёсондоо төрийн эрх барих дээд байгууллагын манлайлал маш чухал гэж хэлсэн.Тиймээс хууль эрх зүйн орчныг нь улам сайжруулчихвал илүү ойлгомжтой, амар хялбар болно хэмээн үзээд Нийтийн мэдээллийн тухай хууль, Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хууль, Цахим гарын үсгийн хууль, Кибер аюулгүй байдлын тухай хууль гэсэн дөрвөн хуулийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлж ажлын хэсгийг УИХ-ын даргын захирамжаар миний бие ахалж ажиллаж байна. Эдгээр хуулиуд хоорондоо уялдсан учраас нэг ажлын хэсэгтэй.

-Сүүлийн үед санхүүгийн цахим хэрэгсэл, төлбөр тооцоотой холбоотой хууль эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай нь харагдаж байна. Та Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн хуулийн төслийг ахалж байгаа. Уг хуулийн төсөл мөн л цахим шилжилттэй холбогдож байх шиг байна?

-Энэ цаг үед олон нийтийн анхаарлыг татаж байгаа санхүүгийн шинэ арга хэрэгсэл Виртуал хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай байна. Энэ бол Олон улсын ФАТФ байгууллагаас өгсөн зөвлөмж, шаардлагад тусгагдсан асуудал. Түүнчлэн манай улсын 900 гаруй мянган иргэн койн эзэмшигч болсон талаарх судалгаа байгаа учраас энэ салбарт хууль эрх зүйн зохицуулалт хийх шаардлага үүссэн. Санхүүгийн шинэ хэрэгсэл, шинэ боломж бөгөөд шинэ эрсдэл учраас Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн хуулийг УИХ-д Засгийн газраас өргөн мэдүүлж Эдийн засгийн байнгын хороон дээр миний бие ахалж байгаа. Дээр дурдсан дөрвөн хууль дээр уг хуулийн төсөл нэмэгдэж, энэхүү таван хууль батлагдсанаар Е-Mongolia -гаас үйлчилгээ аваад өөрийгөө таньж мэдүүлэх ажиллагаагаа цахим гарын үсэг ашиглан хийх боломжтой болох юм. Өөрөөр хэлбэл, төр өөрт байгаа мэдээллээ иргэдээс шаардахгүй байх боломжтой болно. Тухайлбал, иргэн гадаад паспорт авах гэж байгаа бол заавал иргэний үнэмлэх шаардахгүй. Та өөрийгөө таниулж байвал, гадаад паспорт авахад шаардлагатай мэдээллийг төр өөрөө боловсруулах юм. Энэ мэтчилэн төрийн бүхий л үйлчилгээтэй холбоотой мэдээллийг төр иргэнээсээ ямар нэгэн материал шаардахгүйгээр өөрөө боловсруулна гэсэн үг.

-Цахим гарын үсгийн тухай хууль 2011 оноос хэрэгжиж эхэлсэн ч үр дүн тийм ч сайн байгаагүй. Одоо хэрэгжих хуулийн үр дүнг сайжруулахын тулд хэрхэн анхаарч ажиллах вэ?

-Цахим гарын үсгийн тухай хууль 2011 онд батлагдсанаар хэрэгжиж эхэлсэн. Үүнээс хойш 10 жил болж байгаа ч энэ хугацаанд 38407 ширхэг тоон гарын үсэг олгогдсон байна. Энэ бол асар бага тоо. Өнгөрсөн хугацаанд бид хаана тоон гарын үсэг ашигласан бэ гэхээр нийгмийн даатгалын тайлан, Е тендерт оролцохдоо тоон гарын үсэг хэрэглэсэн байна. Бусад ямар ч тохиолдолд тоон гарын үсэг хэрэглэхгүй байна гэсэн гомдол байсан. Тиймээс тоон гарын үсгийн хэрэглээг улсын хэмжээнд нэмэгдүүлэхийн тулд төрийн байгууллагуудын манлайлал хэрэгтэй. Цахим гарын үсгийн тухай хуульд Монгол Улсын 16 нас хүрсэн иргэн бүрт цахим гарын үсэг олгохоор тусгасан. Мөн хуулийн этгээд болон хашиж байгаа албан тушаал дээрээ цахим гарын үсэг авах боломжтой. Бид нэг ойлголтыг авч үзэх ёстой. Гарын үсгээ цаасан дээр зураад, зургийг нь дараад явуулж байгаа бол энэ цахим гарын үсэг. Харин бид тоон гарын үсэг хэмээн нэрлэж хэвших нь зүйтэй. Тоон гарын үсэг гэдэг нь дахин давтагдашгүй цифр өгөгдөл юм. Иргэн Н.Учрал миний бие тоон гарын үсэг авахад, надад дахин давтагдахгүй цифрүүд өгөх юм. Түүнийг зориулалтын уншигчид уншуулахад тоон гарын үсгийн гэрчилгээ байх бөгөөд дотор нь төрсөн он, сар, өдөр зэрэг иргэний мэдээлэл агуулагдана. Энэхүү цифрэн өгөгдөлтэй тоон гарын үсгийг ямар хэлбэрээр авахаа иргэд өөрсдөө сонгоно.

-Тухайлбал ямар ямар хэлбэрээр тоон гарын үсгээ авах боломжтой вэ?

-Иргэн бүрт цахим гарын үсэг нэвтрүүлж өгөх нь чухал. Цахим гарын үсгийн хууль батлагдан гарснаар 16 нас хүрсэн иргэн бүрт иргэний үнэмлэх дээр нь цахим гарын үсэг суулгаж өгнө. Мөн хувийн байгууллагууд болох үүрэн холбооны оператор компани, сим карт, клауд орчинд бусад USB хэрэгслээр дамжуулж, цахим гарын үсгийг хэрэглэх боломж бүрдэж байна. Иргэний үнэмлэхийн чип дээр тоон гарын үсгийг суулгах учраас хаана ч оролтоор нь залгаад уншуулах боломж бүрдэнэ. Бид Цахим гарын үсгийн хуульд хувийн байгууллагуудыг гэрчилгээжүүлж, энэхүү гэрчилгээтэй байгууллагууд тоон гарын үсгийн үйлчилгээ үзүүлэх эрхийг нь олгосон. Тэгэхээр тоон гарын үсгийг олгох эрх бүхий байгууллагууд бүх төрлийн зөөврийн хэрэгсэл дээр иргэний гарын үсгийг суулгах үйлчилгээ үзүүлэх боломжтой. Мөн үүрэн телефоны операторууд иргэний гар утасны сим карт дээр тоон гарын үсэг суулгах үйлчилгээ үзүүлнэ. Тэгэхээр гар утас дээрээ E-Mongo­lia аппликэйшн суулгасан иргэд сим дээрх гарын үсгээ татаж аваад холбогдох байгууллагууд руу илгээх боломжтой. Тухайлбал, цалингийн зээл авахын тулд заавал өөрийн биеэр банкинд очихгүйгээр байгаа газраасаа таван минутын дотор гарын үсгээ илгээх боломжтой гэсэн үг. Цахим гарын үсгийн тухай хууль батлагдан гарсантай холбоотойгоор төрийн байгууллагуудад тоон гарын үсгийг нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах ёстой. Дээрээс нь Нийтийн мэдээллийн тухай хуулиар цахим баримт бичгийг цаасан баримт бичигтэй адилтган авч үзэж байгаа. Нэг ёсондоо цахим баримт бичгийг, цаасан баримт бичигтэй ижил түвшинд байх хууль эрх зүйн боломжийг бүрдүүлсэн. Тиймээс заавал өөрийн биеэр, цаасаар материалаа бүрдүүлэхгүйгээр иргэд өөрийгөө таньж мэдүүлэх үйл ажиллагаа явагдана.Цахим гарын үсгийн тухай хуулиар хоёр жил тутамд мэдээллээ шинэчилж, цахим гарын үсгээ сунгуулна хэмээн заасан.

-Тоон гарын үсгийн аюулгүй байдалд хэрхэн анхаарч ажиллах вэ. Ямар нэгэн байдлаар иргэний тоон гарын үсгийг хуулбарлах, бусдад алдах эрсдэл бий юү?

-Нэг хуулийг ярихад нөгөө хуулийг заавал ярих хэрэгтэй болж байна. Тухайлбал, 1994 онд батлагдсан Хувь хүний нууцыг хамгаалах тухай хуулиар иргэн хүн мэдээллийнхээ аюулгүй байдлыг өөрөө л хариуцдаг байсан. Харин одоогийн шинэчилсэн найруулга буюу Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуульд мэдээллийг хэн цуглуулж, боловсруулж, ашиглаж байгаа тал буюу мэдээлэл хариуцагч тал аюулгүй байдлыг нь хангах, алдагдахаас сэргийлэх үүрэг хүлээж байгаа. Тухайлбал, төр иргэдийн мэдээллийг цуглуулж, ашиглаж байгаа тохиолдолд аюулгүй байдлыг нь хангах ёстой. Мөн мэдээллийн эзний зөвшөөрөлгүйгээр мэдээлэл цуглуулахыг хориглосон. Тухайн иргэн нүүр царай таниулах, хурууны хээ уншуулах технологиор цагийн бүртгэл хийхийг зөвшөөрөхгүй бол түүний мэдээллийг цуглуулж болохгүй. Хүний био метр мэдээлэл буюу эмзэг мэдээллийг цуглуулж, ашиглахыг хориглосон. Тиймээс хурууны хээгээр бүртгэл хийхийг улсын хэмжээнд хориглосон. Бусад мэдээллийг цуглуулахад заавал мэдээллийн эзнээс зөвшөөрөл авах юм. Мөн ямар ямар мэдээллийг цуглуулж болохгүй вэ гэдэг ангиллыг тодорхой болгож өгсөн. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар 67 багц мэдээллийг нээлттэй болгосон. Өмнө нь эдгээр мэдээллүүдийг байгууллагын нууц нэрийн дор нууцалдаг байсан. Нээлттэй мэдээллүүдийг мэдээллийн эзний зөвшөөрөлгүйгээр ашиглах нь нээлттэй. Хууль хэрэгжиж эхэлснээр дээр дурдсан 67 төрлийн мэдээллийг ил тод, нээлттэй мэдээлэх үүргийг тухайн төрийн байгууллагууд хүлээнэ. Тухайлбал, ашигт малтмалын лицензийг хэн эзэмшиж байгаа талаарх мэдээллийг АМЕГ олон нийтэд зарлах ёстой. Үүний үр дүнд хэн хэн нь хариуцлагатай болж эхэлнэ. Хоёрдугаарт, техник технологийн хувьд сайжруулах шаардлагатай зүйлс бий. Тиймээс Монгол Улс түүхэндээ анх удаа Кибер аюулгүй байдлын тухай хуулийг батлан гаргалаа. Өнгөрсөн хугацаанд манай улс энэ төрлийн бие даасан хуульгүй байсан. Энэ хууль батлагдсанаар цахим гарын үсэг, төрд цуглуулж байгаа нийтийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах юм.

-Тэгэхээр Кибер аюулгүй байдлыг хангах төвтэй болно хэмээн ойлгож болох уу?

Бид Кибер халдлагатай тэмцэх хоёр төв байгуулж байгаа. Өөрөөр хэлбэл, нэг нь хувийн байгууллага, иргэн, аж ахуйн нэгжийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах бол нөгөөх нь, төрийн мэдээллийн сүлжээнд холбогдсон болоод төрийн онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй холбогдсон байгууллагуудын аюулгүй байдлыг хангах юм. Мөн Кибер аюулгүй байдлын зөвлөл ажиллах бөгөөд түүнийг Ерөнхий сайд тэргүүлэх юм. Кибер аюулгүй байдлын хууль батлагдсанаар тогтолцоо ойлгомжтой болж, хэн ямар үүрэг хариуцлагатай ажиллах нь ойлгомжтой болж байна.

-Дээр дурдсан Кибер аюулгүй байдлын хоёр төвд ажиллах боловсон хүчний нөөц бололцоо манайд хэр байна вэ?

-Манай улсад мэдээлэл технологийн салбарын мэргэжилтнүүдийн дутагдал маш их байна. Мэдээллийн технологийн цахим шилжилтэд нэвтэрснээр төрийн байгууллагуудын хүнд суртал арилах, авлигагүй ил тод нийгмийг бий болгох, иргэд ая тухтай аз жаргалтай амьдрахад чухал нөлөө үзүүлнэ. Үүний тулд мэдээлэл технологийн шилжилт нэрийн дор төрийн байгууллагууд орон тоогоо нэмэгдүүлж, төсөв өсгөдөг байдал өнгөрсөн хугацаанд ажиглагдсан. Мэдээлэл технологийн шинэчлэл, цахим шилжилт хийхээр салбар бүр мэдээлэл технологийн төв байгуулдаг энэ байдал ердөө ч тохиромжтой бус байна. Өнгөрсөн хугацаанд 200 гаруй сая долларын төсөл программ хангамжийн салбарт хэрэгжүүлсэн байна. Гэтэл үүний үр дүн юу байсныг хэн ч тооцож, чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, бидэнд нэгдсэн бодлого байсангүй. Харин одоо Засгийн газраас Харилцаа холбоо, цахим хөгжлийн яам байгуулж байгаа нь мэдээлэл технологийн салбарын бодлого, цахим засаглал, шилжилтийг нэг бодлогоор зангидах боломж бүрдэх нь. Бид Цахим гарын үсгийн хуультай дагалдуулж Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулсан. Мэдээлэл технологийн нарийн мэргэжилтэй иргэдийг төрийн үйлчилгээний албан тушаалд авч ажиллуулж болох бөгөөд цалингийн итгэлцүүрийг Засгийн газар тогтоохоор заасан. Тиймээс мэдээлэл технологийн салбарын цалингийн итгэлцүүрийг өндөр тогтоох боломжууд нээгдэж байгаа. Кибер аюулгүй байдлын салбарын чухал мэргэжилтнүүд манайд ус агаар шиг хэрэгтэй байна. Мэдээллийн технологийн мэргэжилтнүүд дотроо системийн, хөгжүүлэлтийн, кибер аюулгүй байдлын гэх мэт олон төрөл байдаг. УИХ-аар миний санаачилсан Мэргэжлийн холбоодын хуулийг хэлэлцэж байгаа. Уг хууль батлагдан гарвал гурваас дээш ТББ нэгдээд нэг мэргэжлийн холбоо байгуулах, салбарын сайдтайгаа хамтарч ажиллах, төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлэх эрхтэй болж байгаа. Тиймээс цаашид төр мэргэжлийн холбоонуудтай хамтарч ажиллах, мэргэжлийн холбоонууддаа зарим чиг үүргийг хүлээлгэх, холбоогоороо дамжуулж гадаадад төгссөн экспертүүдийг төрд урьж ажиллуулах боломж бүрдэнэ. Тэгэхгүй бол дэлхийд 5000-6000 ам.доллараар үнэлэгдэж байгаа мэдээлэл технологийн нарийн мэргэжилтнүүдийг бид төрийн албанд одоогийн цалингаар урьж ажиллуулна гэдэг бараг боломжгүй. Харин тодорхой ажил дээр зөвлөн туслах үйлчилгээ маягаар гэрээлж ажиллуулах чиглэлд анхаарах нь зүйтэй. Цахим гарын үсэг дээр нэг зүйлийг онцлон хэлэхэд, энэ хууль зөв хэрэгжээд амьдралд биеллээ олох юм бол өнөөдрийн Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад хамгийн чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Түгжрэл бол төрийн үйлчилгээг авах гэж нэг цонхноос нөгөө цонхонд дараалалд зогсдог, төрийн байгууллага хооронд мэдээллээ зөөж гүйдэг иргэдийн бухимдал зэрэг хоорондоо уялдаа хамааралтай олон хүчин зүйлээс үүдэлтэй. Тиймээс цахим гарын үсгийн хууль хэрэгжсэнээр гэрээсээ, гар утаснаасаа интернэт орчноос цалингийн зээлээ авдаг, нийгмийн даатгалын тайлангаа мэдүүлдэг, төрийн 600 гаруй үйлчилгээг цахимаар хүлээн аваад, дээрээс нь өөрийгөө цахим гарын үсгээр баталгаажуулах боломж бүрдэж байгаа.

П.Батзаяа

Эх сурвалж: Өдрийн сонин

Н.Учрал: Монгол улсыг цаашид мэдээллийн технологийн салбар “ТЭЖЭЭНЭ“
Н.Учрал: Монгол улсыг цаашид мэдээллийн технологийн салбар “ТЭЖЭЭНЭ“
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.