Хороо дүүргийн 1700 гаруй хэсгийн ахлагч нар олон нийтийн цагдаагийн үүрэг гүйцэтгэж, хотын соёлыг түгээнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
8 минут 13 секунд
Хороо дүүргийн 1700 гаруй хэсгийн ахлагч нар олон нийтийн цагдаагийн үүрэг гүйцэтгэж, хотын соёлыг түгээнэ

Хороо дүүргийн 1700 гаруй хэсгийн ахлагч нар олон нийтийн цагдаагийн үүрэг гүйцэтгэж, хотын соёлыг түгээнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан долоо хоног бүр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, иргэдийн асуултад хариулж байхаар болсон билээ. Өнөөдөр хотын Захирагч С.Амарсайхан цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хүргэлээ.

Тэрбээр мэдээллийнхээ эхэнд, дэлхийн олон улсад тархаад буй коронавирусийн тархалтын мэдээллийг хүргэж, халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг иргэн бүр сайтар авч хэрэгжүүлэхийг уриалсан юм. Мөн нийслэлийн хэмжээнд коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхээр авч хэрэгжүүлж буй зарим арга хэмжээний талаар дурдлаа.

Нийслэлийн хэмжээнд нутгийн захиргааны 6790 албан хаагчид эргүүлээр ажиллаж, иргэдэд сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэж, амны хаалтыг хэрэглэж хэвших болон хувийн ариун цэврийг сайтар хангахыг зөвлөж байгаа юм. Түүнчлэн халдварт өвчний үед иргэдийн хөдөлгөөнийг хянаж, халдвар тархсан үед байршил тогтоож илрүүлэх зорилгоор шалган нэвтрүүлэх товчоодод эрүүл мэндийн үзлэг шалгалтыг хийж, нийслэл рүү орж гарах хөдөлгөөнд хяналт тавьж байгаа бөгөөд нийт 118 албан хаагч үүрэг гүйцэтгэж байгаа юм. Өчигдөр өглөөний 8 цагаас өнөөдөр хүртэл 85418 иргэн Улаанбаатар хотод орж гарсан бол нийт  24966 автомашин зорчсон тоон мэдээллийг хотын дарга С.Амарсайхан өглөө. Тэрбээр "Урин дулаан цаг ирж иргэд агаар салхинд гарахдаа нэг дор цугларч, эрсдэл гаргах нөхцөл байдал үүсгэж байна. Иргэд дотоодод халдвар тархаагүй болохоор бүх зүйлийг чөлөөтэй байлгах саналыг ирүүлж байгаа. Нийслэл хотын хувьд аль болох иргэдийнхээ аюулгүй байдлыг хангахын зэрэгцээ, гадагшаа дотогшоо гарч салхилах боломж нөхцөлийг нь бүрдүүлэх, ажил амьдралыг нь цаашид хэвийн үргэлжлүүлэх, аль болох хориг саад тавихгүй гэх байр суурь баримтлан ажиллаж байна.

Өнгөрсөн хоёр сар хагасын хугацаанд маш сайн зохион байгуулалттай, тэвчээртэй, хүлээцтэй хандаж ирсний үр дүнд өнөөдөр бусад орнуудтай харьцуулахад дотооддоо халдвар тархаагүй байна.  Энэ нь тархахгүй, гарахгүй гэсэн баталгаа биш. Тархах, гарах асар өндөр эрсдэлүүд байна. Одоо нян, бактери ид үрждэг цаг үе. Дотоодод халдвар гараагүй байсан ч биднээс үл шалтгаалах зүйлүүдээр дамжиж энэ оны 4, 5-р саруудад халдвар гарах магадлал ихээхээн өндөр байна. Тиймээс ирэх хоёр сард илүү их анхааралтай, сэрэмжтэй, иргэн бүр өөрийнхөө үүрэг хариуцлагыг биелүүлж ажиллах зайлшгүй шаардлагатай байна. Гадаа гарч салхилахад нээлттэй. Гэхдээ амны хаалт зүүж, гараа угааж, ариутгал халдваргүйжүүлэлт тогтмол хийх хэрэгтэй. Таны эрхийг хязгаарлаж байгаа мэт боловч бусдын эрхээр улс орны эрх ашгаар таны эрүүл мэнд хамгаалагдаж байгаа гэдгийг манай иргэд сайтар ойлгож, илүү хариуцлагатай, бие биедээ илүү хатуу шаардлага тавьж ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна. Дахиад 2, 3 сар энэ байдлаараа тэвчиж чадвал эргээд амьдралынхаа хэвийн нөхцөлд эргэн орно" гэлээ.

Хороо дүүргийн хэсгийн ахлагч нар олон нийтийн цагдаагийн үүрэг гүйцэтгэнэ

Хотын Захирагч мэдээллийн цагийн үеэрээ ой хээрийн түймрээс сэрэмжлүүлээд, ирэх сарын 15-ны өдрийг хүртэл төвийн зургаан дүүргийн ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл ажиллуулж байгаа талаар дуулгав. Мөн орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор нийслэлийн 173 хорооны 1700 гаруй хэсгийн ахлагчдыг олон нийтийн цагдаагаар ажилуулах бэлтгэл ажлыг хангаж дууссан бөгөөд энэ сарын 15-наас эхэлж ажиллах аж. Өнөөдрийн байдлаар 180 гаруй олон нийтийн цагдаа ажилладаг байна. Олон нийтийн цагдаа нь Засгийн газар, УИХ-аас баталсан хууль тогтоомжийг сурталчлан таниулах, хотын соёлыг түгээж аюулгүй орчныг бүрдүүлэх зэрэг үндсэн үүрэгтэй аж. Хороо хэсгийн ахлагч нар олон нийтийн цагдаагаар ажилласнаар нийгмийн хэв журмыг сахиулах, гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдлыг шуурхай мэдээллэх, олон нийтийн гудамж талбайд нус, шүлсээ хаясан, ил задгай бие зассан иргэдэд хатуу шаардлага тавих болон бусад хориглосон заалт журмыг зөрчсөн иргэдэд сануулга өгч хариуцлага хүлээлгэх бүрэн эрхтэйгээр ажиллах юм.

Нийслэлийн хэмжээнд улирал бүр халдваргүйжүүлэлтийг хийнэ

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд нийслэлийн хэмжээнд ариутгал халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлсэн юм. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 951 сая метр квадрат талбайг халдваргүйжүүлжээ. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба ариутгал халдваргүйжүүлэлт хийх тусгай зөвшөөрөлтэй 37 аж ахуйн нэгжтэй хамтран гурван төрлийн бодисоор халдваргүйжүүлэлт хийж байгаа бөгөөд цаашид нийслэлийн хэмжээнд халдваргүйжүүлэлтийг улирал бүр хийж байхаар тогтжээ. Мөн гэр хорооллын 220 мянган айл өрхүүдийн модон жорлонг ирэх 5 дугаар сарын 01-нээс өмнө стандартын дагуу ариутгалын бодисоор халдваргүйжүүлэлтийг хийж дуусгах юм байна. Хотын Захирагч С.Амарсайхан “Иргэд аж ахуй нэгжүүд ойр орчмын газартаа өөрсдөө ариутгал халдваргүйжүүлэлтээ хийх хэрэгтэй байна. Бүх зүйлийг хотоос хийх боломжгүй. Өмнө нь энэ мэтчилэн ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг  Улаанбаатар хотод хийж байгаагүй. Иймээс цаашид улирал бүр тэр тусмаа хаврын цагт ариутгал халдваргүйжүүлэлтийг өргөн хүрээнд хийнэ” хэмээлээ.

Хотын Захирагч мэдээллийн цагаараа Яармагт баригдаж буй 300 ортой 880 өрөөтэй нийслэлийн Эх хүүхдийн Эрүүл мэндийн төвийн барилгын ажил 95 хувьтай байгааг дуулгаад тун удахгүй ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа талаар товч мэдээллээ. Мөн Улсын онцгой комиссын 8 дугаар тогтоолоор нийслэлийн хэмжээнд 1-р ээлжийн цэрэг татлагыг зохион байгуулахгүй байх шийдвэр гаргасныг уламжилав.

Ийнхүү нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан мэдээллийнхээ төгсгөлд иргэдээс ирүүлсэн асуултад хариуллаа. Иргэд, сэтгүүлчдийн зүгээс автомашины дугаарын хязгаарлалтыг тэгш сондгойгоор зорчуулах, хөдөө орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг хязгаарлах зэрэг асуултыг асуулаа. Хотын Захирагч С.Амарсайхан “Улсын онцгой комиссын Шуурхай штабаас ирүүлсэн санал чиглэлийг үндэслэж автомашины дугаарын хязгаарлалтыг судлаж байна. Хотын удирдлагууд олон хүмүүсийг цуглуулахгүй байх шийдвэрийн хүрээнд нэг дор олноор нийтийн тээврээр зорчуулах, дугаарын хязгаарлалтыг тэгш сондгойгоор зорчуулах асуудлын эсрэг байгаа. Онцгой нөхцөл шаардлага гарсан тохиолдолд дугаарын хязгаарлалт хийх, орон нутгийн замыг хаах зэрэг шийдвэр гарч болно” хэмээсэн юм.

Нийслэлийн хэмжээнд хийгдэж байгаа бүтээн байгуулалтын талаар хотын Захирагч С.Амарсайхан ийнхүү долоо хоног бүр цахимаар мэдээлэл хүргэхээр болж байгаа  юм. Мэдээллийг фэйсбүүк дэх “Нийслэлийн мэдээ” фэйж хуудсаар шууд дамжуулах бөгөөд тухайн цагт сэтгүүлчид болон иргэд Хотын даргатай шууд холбогдож сонирхсон асуултандаа хариулт авч болно.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

С.Баярын талаар ноцтой баримт дэлгэлээ
С.Баярын талаар ноцтой баримт дэлгэлээ
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.