Улсын хэмжээнд “Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал, халдварт өвчин, олныг хамарсан осол гэмтлийн талаар албан болон албан бус сувгаар мэдээлэгдээгүй байна” гэж Эрүүл мэнд, спортын яамнаас өнөөдөр мэдээлжээ. Харин 2 дугаар сарын 18-ны өдрийн шинэчлэгдсэн мэдээгээр эбола вируст халдвар дэлхийн 10 улсад, тодруулбал, Либери, Сьерра-Леон, Гвиней, Мали, Нигери, Сенегал, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, АНУ, Испани, Их Британид нийтдээ 23319 хүн өвчилж, 9429 хүн (40.4%) нас барсан байна. Энэ оны 2 дугаар сарын 11-ээс хойш өвчний 359 шинэ тохиолдол, 193 нас баралт нэмэгджээ. Эрчимтэй тархалттай байгаа 3 улсад өнгөрсөн долоо хоногийн хугацаанд нийт 128 лабораториор батлагдсан уг өвчний тохиолдол бүртгэгдсэн бөгөөд тархалт нь аажим буурах хандлагатай байгаа аж.
Б.Баяр
Эх сурвалж: Tumen.mn