Байр, суурь: МАН-ыг хөөх, хөөхгүй асуудлаар хэн, юу хэлэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
10 минут 25 секунд
Байр, суурь: МАН-ыг хөөх, хөөхгүй асуудлаар хэн, юу хэлэв

Байр, суурь: МАН-ыг хөөх, хөөхгүй асуудлаар хэн, юу хэлэв

АН-ынхан Засгийн газарт МАН-тай хамтарсан гэрээгээ дүгнэх гээд завгүй байна.АН-ын Гүйцэтгэх зөвлөл өнгөрсөн даваа гаригт хуралдаж, Засгийн газарт хамтарсан гэрээний биелэлтийг нягтлах үүрэг бүхий албан бичгийг гаргасан. Уг албан бичигт “АН-аас Засгийн газарт хамтарч ажиллахаар улс төрийн намуудтай байгуулсан гэрээний биелэлтийг яаралтай дүгнэж, Гүйцэтгэх зөвлөлд танилцуулахыг УИХ дахь АН-ын бүлэгт даалгасугай” гэсэн байв.

Энэ дагуу гэрээний биелэлтийг дүгнэсэн эсэхийг бид лавлалаа. Засгийн газарт хамтрах асуудлаар байгуулагдсан хоёр намын ажлын хэсэг өнгөрсөн өдрүүдэд уулзаж болж, бүтэхгүй асуудлаар ярилцсан гэж МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа нар хэлж байна. Харин ажлын хэсгийн ахлагч нар нь лав өнөөдрийн байдлаар албан ёсоор уулзалдаагүй гэв. Аль нь үнэн болохыг мэдэхгүй ч тэд доорх хариултыг бидэнд өглөө.  Тэдний юу гэж ярьсаныг хүргэе. 

Тухайлбал, Засагт хамтрах асуудлаар МАН-аас гарсан ажлын хэсгийн ахлагчаар ажилласан УИХ-ын гишүүн Су.Батболд:- Өнөөдрийн байдлаар уулзаагүй байна. Уулзалдах болоогүй. Бүлэг дээр ч албан ёсоор яригдаагүй байна.

 

Харин АН-аас гарсан ажлын ахлагчаар ажилласан УИХ-ын гишүүн М.Батчимэг:- Бүлгийн дарга нар уулзалдсан гэсэн. Ажлын хэсэг бол уулзалдаагүй байна.

 

АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар:- Бүлгийн дарга нар уулзалдсан ч шийдвэр гараагүй.

 

МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр: Засгийн газар маш муу ажиллаж байгаа

 

-Гэрээгээ дүгнэх нь зөв. Гэрээний хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор 2015 оны хоёрдугаар сарын 21-нд 11 гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг манай намаас гаргасан. Би ахалж байгаа. Манай нам аль дээр үнэлэлт дүгнэлтээ гаргачихсан.

АН-ын бүлгийн дэд дарга Ш.Түвдэндорж “Судлаад үзсэн манай намын рейтинг унаад байна” гэж хэлсэн байна лээ. Ш.Түвдэндорж гишүүний хэлснээр Засгийн газрын хамтарсан байдлыг аль талаасаа хараад байгаа нь сонин байна. Түүний яриагаар улс төрийн нам талаас нь харж байна гэж ойлгож болохоор. Бид нам талаа анхнаасаа харсан бол засагт хамтрах саналыг хүлээж авахгүй байсан. Засагт орсноор МАН-ын рейтинг унаж байгаа. Үүнийгээ ч бид мэдэж байсан. Тэгэхээр тэр харах өнцгөө бас бодох хэрэгтэй. Хамтарсан нэрийн дор болохгүй зүйл оруулж ирээд байна. Хамтарсан гээд болохгүй зүйл бүрийг нь дуу нэгтэй дэмжинэ гэж байхгүй. Тухайлбал, Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль, Оюу толгойн далд уурхайн гэрээ, Таван толгой гээд болохгүй олон асуудал байна. Улс орны эдийн засгийн аюулгүй байдал, цаашдын ирээдүйгээ харсан ч зөвшөөрч болохгүй зүйлүүдийг яаж дэмжих юм бэ. Түүнээс ажил гацааж байгаа юм байхгүй. Засгийн газар маш муу ажиллаж байгаа нь үнэн. Тиймээс гэрээний биелэлтээ эргэж харах ёстой. 2012 оны сонгуулиар АН, МАН 29:31 харьцаатай суудал авсан нь үнэн шүү дээ. Олонх болж чадсан бол тэр хэмжээгээрээ том ярь. 29:31 гэдэг үндсэндээ Ерөнхий сайдыг манайхаас ч хийж болно. Хоёр суудлын л зөрүү байгаа биз дээ. Ер нь Шийдлийн Засгийн газар юу ч хийж чадахгүй байгаа. Бүх сайд нар  муу ажиллж байна. Тиймээс ажлаа дүгнээд болж, бүтэхгүй зүйлээ засч залруулах хэрэгтэй. Биднийг Засагт урьж оруулчихаад одоо хөөнө энэ тэр гэж хачин зүйл ярьж болохгүй шдээ.

 

С.Одонтуяа: Бүх болохгүй зүйлийг АН руу чихэж байгаад манай гишүүд дургүй байгаа

 

-Манай намын Гүйцэтгэх зөвлөл хуралдаад засагт хамтрахдаа байгуулсан гэрээний биелэлтийг бүлгээс дүгнэх ёстой гэсэн шийдвэр гаргасан. Манай бүлгийн ажлын алба заалт тус бүрээр нь аль нь хэдэн хувь биелэсэн, биелээгүй нь ямар шалтгаантай байв гэсэн асуудлуудыг ярьж байна.

Хамгийн гол нь манай намын удирдлагууд хөдөө орон нутгаар яваад иргэдтэйгээ уулзахад “МАН-ыхан хамтарчихаад уулзалт хийхээрээ дандаа засгаа муулаад байх юм. Уг нь хамтраад бүх асуудлаа шийднэ гэж хэлсэн хэрнээ нэг нэгнээ муулаад байгаа нь зохисгүй байна” гэсэн асуудлыг нэлээн ярьсан байна билээ. Энэ ч Гүйцэтгэх зөвлөлийн хурал дээр яригдсан. Үнэний хувьтай л даа. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэг Засгийн газарт байж, нэгнийгээ шүүмжлэх, үгүйсгэх, бүх л болохгүй зүйлийг  нэг нам руу чихэх асуудал бол байгаа. Үүн дээр манай гишүүд нэлээн дургүй байгаа. Ер нь эдийн засгийн асуудал, Үндсэн хуулийн өөрчлөлт, Сонгуулийн хуулиа бид хамтарсан дээрээ өөрчилвөл улс оронд хэрэгтэй юм даа гэсэн асуудал л ярьж байна. Гэрээний биелэлтийг шалгах ажил дараа долоо хоногт дуусчих байх.

 

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: Хөөвөл хөөнө л биз

 

-Засгийн газрын оруулж ирсэн ямар бодлогыг Ардын нам дэмжихгүй унагаачихсан юм. Үүнийгээ тодорхой хэл. Манайх бол цөөнх. АН-ынхан хүч түрээд батлаад явъя гэсэн зүйлсээ бүгдийг нь баталчихдаг. АН-ынхан эв нэгдэлтэй, үнэхээр дотоод зөрчил байхгүй, Засгийн газар нь энэ бодлогоо аваад явна гэвэл аваад явчих бүрэн боломж бий. Харамсалтай нь өөрөө өөрсдийгөө татаж унагачихаад бурууг хайхдаа манай нам руу хандаад байна. Буцах хаяг чинь буруу байнаа л гэхээс.АН-ынхан яагаад эгдүүцээд байна гэхээр хүний өвчтэй газар дарахаар татгас хийдэг биз дээ. Тэдний эмзэг зүйлийг нь бид олж хэлээд байгаа юм. Үүнд дургүй байна. Болохгүй зүйлийг нь хэлээд үүнийг зас гэхээр “Ардын намынхан бидний эсрэг байгаа юм байна” гэдэг. Гацууртын ордын асуудлыг хар. Эцэст УИХ-ын дарга “Энэ Засгийн газрын 10 сайд нь орж ирсэнгүй. Хохь чинь” гэсэн. Үүнийг чинь тэгэхээр Ардын нам унагасан болж байна уу. Таван толгой, Оюутолгойг Ардын нам гацаасан уу. Сайншанд руу явсан төмөр замыг Ардын нам зогсоосон уу. Харин ч эдгээрийг эхлүүлэхийг бид шаардаж байгаа. Яагаад эдгээрийгээ явуулахгүй байгаа юм. АН намынхны дотоод зөрчлөөс болсон гэхгүй өөр юу гэх юм бэ. Гэрээний цагаан цаасан дээр хараар бичсэн өрийн хязгаарыг нэмэгдүүлэхгүй, төсвийн алдагдлыг бууруулна гээд нэлээд зүйл бий. МАН-ыг Засгаасаа хөөгөөд явуулбал хөөгөөд явуул. Гуйгаад оруулж болсон юм чинь хөөгөөд явуулж бас болох байлгүй дээ. АН-ынхан өөрсдөө л Засагт хамтраач гээд гуйсан. Анх хамтарсан Засаг байгуулна гэхэд би эсэргүүцсэн.Засгийн ажлаа хийж байгаа юм уу үгүй юм уу гэдгээ Засаг дээрээ л ярина биз. Бид яаж мэддэг юм.

 

УИХ-ын гишүүн О.Содбилэг:Засгийн газарт урьж авч ирчихээд тохироогүй асуудал дээр дэмжүүлэх гэж шахаж байна               

 

-Өнөөдөр Төрийн гурван өндөрлөг Ардчилсан намаас байна. Хаврын чуулган эхлэхийн өмнө Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “ТТ хөдөллөө гэж хэлсэн. Гэвч маргааш нь чуулганы нээлтийн өдөр АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболд нь гацаасан. Биднийг Засгийн газарт урьж авч ирчихээд тохироогүй асуудал дээр дэмжүүлэх гэж шахаж байна.

 

 

        МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат: Гэрээний биелэлт гэж сонин юм яриад байх юм

 

-Өнөөдрийн байдлаар АН МАН-ыг Засгаас хөөсөн улс төрийн шийдвэр гарсан тухай албан ёсны мэдэгдэл ирээгүй байна. Гэрээний биелэлт гэж сонин юм яриад байна. Хоёр талын ажлын хэсэг уржигдар уулзаж гэрээний биелэлтийг ярьсан. Манай намаас ажлын хэсэгт орсон гишүүд намын удирдлагад танилцуулсан. Сонгуулийн хуулиас эхлээд Оюутолгой, ТТ, эдийн засгийн хямралын төлөвлөгөө, өрийн тааз, орон нутгийн иргэдийн хурлынхны хууль дүрэм журмыг биелүүлнэ гэсэн. Гэтэл Говьсүмбэрт нөхөн сонгууль болж АН ялагдсан. Тэрнээс хойш 2 сар гаруй болж байхад ИХТ-аа хуралдуулахгүй, хууль бус засаглалтай явж байна. Үүнийг бид ярихгүй гээд яах юм. Ярихаар биднийг муу хэллээ гэнэ.

 

Хамтарсан гэрээнд дүгнэлт хийх МАН-ын ажлын хэсгийн танилцуулга

 

Дашрамд дурдахад, МАН-ын бүлгийн гишүүд сүүлийн саруудад Засгийн газрын бодлогын эсрэг мэдээлэл хийж, хэвлэл мэдээллээр хэт нэг талыг барьсан АН-ыг буруутгасан мэдэгдлүүдийг хийсэн гэж буй. Хамгийн сүүлд л гэхэд тус намынхан Архангай аймагт ажиллахдаа Засгийн газрыг муулсан гэж буй. Үүнд нь АН-ынхан эгдүүцэж тус намын сайд нарт нь хариуцлага тооцох хүртэл арга хэмжээг ярих болсон нь энэ юм.

Т.Хулан

Намайг гэр хорооллын Бат-Үүл гэдэг!
Намайг гэр хорооллын Бат-Үүл гэдэг!
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.