“Глоб”-ын Ж. Мэндбаяр: Хаалгыг нь өшиглөж ороод өмч хөрөнгөө буцааж авна, би эзэн нь юм чинь
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 23 секунд
“Глоб”-ын Ж. Мэндбаяр: Хаалгыг нь өшиглөж ороод өмч хөрөнгөө буцааж авна, би эзэн нь юм чинь

“Глоб”-ын Ж. Мэндбаяр: Хаалгыг нь өшиглөж ороод өмч хөрөнгөө буцааж авна, би эзэн нь юм чинь

Хадгаламж зээлийн хоршоодын хохирогчдын 50 хувь нь  хохирлоо барагдуулж чадаагүй байгаа. Тухай үед  нийт 22 хоршооны  53 хүн шүүхээс ял сонсон, шоронд  сууцгаасан. Тэдгээрээс санхүүгийн хувьд хамгийн томоохон нь “Глоб” групп байлаа. Саяхан, арваад хоногийн өмнө тус группын ерөнийлөгч асан Мэндбаяр  шоронгоос гарчээ. Тэр  10 жил чанга, жирийн дэглэмтэй шоронд хоригдсон юм.  Хоригдох  хугацаандаа санхүү, хадалгамж зээлийн харилцааны талаар  хуулийн төсөл боловсруулж, өөрийн туулж өнгөрүүлсэн амьдрал, хоршоог  нь хэн, хэрхэн дампууруулж, өөрийг нь ялтан болгосон тухай ном бичиж нийтлүүлсэн юм.  Анхнаасаа тэр өөрийгөө буруугүй, төр засгийн буруутай ажиллагаанаас болж хохирсон гэж байлаа. Энэ бодол дүгнэлтээсээ  одоо ч ухраагүй яваа ажээ. Өнөөдөр /2015 оны 5 сарын 4-нд /  “Зууны мэдээ” сонины байранд  хэвлэлийн бага хурал хийх үедээ  мөн тэр энэ тухайгаа  дэлгэрэнгүй тайлбарлаж байлаа. 

“Глоб” групп  нийтдээ 1233 хохирогчтой. Хөрөнгийн хувьд 27  тэрбум төгрөгт хүрч байсан гэдэг.  Гэтэл төрөөс тэр үед санхүүгийн уналтнад орох дөхсөн банкуудаа аврах, үүний тулд  ХЗХ-дод эргэлдэж байсан  асар их мөнгийг  банкуудад татахдаа  хуулийн муу нөхцөлийг далимдуулж, хоршоодыг хоморголон дампууруулах их аяныг эрх баригчдын зүгээс эхлүүлсэн нь өнөөдөр нэгэнт нууц биш болжээ. “Глоб”-ын Мэндбаяр  мэдээлэл хийдээ   үүнийг нотолсон юм. Тэр хэлэхдээ “Намайг 10 жилийн өмнө шөнийн 2 цагийн үед  шүүхийн шийдвэргүйгээр баривчилж хорьсон. Эхлээд албан тушаалын хэрэг, татварын хэрэгт тулгасан. Дараа нь залилангийн хэрэг болгож, зохиомлоор  золиосолж шийтгэсэн. “Глоб”-ын гэх энэ хэрэг угаасаа эрүүгийн хэрэг биш байсан. Манай гурпп санхүүгийн хувьд дампуураагүй. Үйл ажиллагаагаа хэвийн явуулж байсан. Бүтээн байгуулалтын олон ажил санаачилж, Нарны гүүрийг хүртэл анх шинээр барьж байгуулах төлөвлөгөө, төслийг хийж байлаа. Бид 25 давхар байр барьж  зээлдэгч харилцагч нартаа өгөх гэж байсан юм. Гэвч намайг хүчээр  эрүүгийн хэргээр ялласан. Би ялыг биеэр эдлээд гарсан тул одоо хохирогч нарт төлөхөөр  үлдээд байгаа 10 тэрбум төгрөгийг төлөхгүй ч байсан болно. Гэхдээ надад тийм ёс зүй, хүмүүжил байхгүй. Би одоо бүгдийг судалж үзээд бүх эд хөрөнгөө буцааж олж авна. Бидний өмнө хариуцлага хүлээх  хүн ч бий” гэсэн юм. Дараа нь түүнээс зарим зүйлийг тодрууллаа.

-Битүүмжлэгдсэн эд хөрөнгүүд  бүгд зарагдсан уу?

-Зөвхөн манайхаас гэхэд  30 гаруй машин хураан авсан. Гэтэл Амгалангийн хорих ангийн хашаанд бусад хоршоодын машинтай хамт аваачиж хадгалсан нэртэй байлгаж байгаад 50 машин галд шатсан гэдэг юм. Ер нь бүтэн  10 жил гадаа хөсөр хаягдаж хэвтсэн машиныг хэн худалдаж авах вэ дээ. Дөрвөн давхар байрыг нэг давхар болгож үнэлээд зарчихсан тохиолдол ч гарсан. Энэ мэт маш их эд хөрөнгө завхруулж хаясан  байдаг юм. Үүнд цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийнхэн ч өөрсдөө оролцсон. Энэ бүгдийг бид буцааж олж авна. Төр арга хэмжээ авахгүй бол би өөрөө  хаалгыг нь  өшиглөж ороод буцааж авна, би эзэн нь юм чинь. Үндсэндээ манай группын хөрөнгөнөөс 2 тэрбумыг төр авч завхруулсан юм.

-Одоо та хохирогчдынхоо төлөө эхний ээлжинд юу хийх бодолтой байна?

-Би бүгдийг эхнээс нь судалж байна. Шоронгоос гарч ирээд арав гаруй л хонож байгаа шүү дээ. Ямар замаар эд хөрөнгө алдагдсан, үрэгдсэн юм. Яаж хөрөнгүүдээ олж авахав гэдгийг судалж төлөвлөж байна. Хууль хяналтын зарим байгууллагууд “Бид дахиж танай асуудалд оролцохгүй” гэсэн байр сууриа илэрхийлсэн. Тиймээс өөрөө л тэмцэнэ.

-Үлдсэн хохирол чинь яг хэдэн төгрөг юм бэ?

-Үлдсэн хохирол гэвэл 10 тэрбум төгрөг. Энэ мөнгөө  төлөхгүй байлаа гээд намайг яах юм. Би ялыг нь биеэр эдэлсэн. Гэхдээ би төлөх ажлыг зохион байгуулж хийнэ. “Глоб”-ыг дампуурсан гэж хэн ч тогтоогоогүй. Дампуурлыг шүүх зарладаг. Гэтэл шүүхийн шийдвэрт ийм үг үсэг байхгүй. Үйл ажиллагааг нь төр засгийнхан зогсоосон.

Б.Отгонбаяр 

Эх сурвалж: Tumen.mn

Дөрвөн настай охин цэцэрлэгтээ 249 доз героин авчирчээ
Дөрвөн настай охин цэцэрлэгтээ 249 доз героин авчирчээ
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.