МЭДЭГДЭЛ
Улсын Их Хурлын болон Орон нутгийн 2016 оны ээлжит сонгуульд Монгол Ардын Нам анхнаас нь Сонгуулийн тухай хуулийг чанд мөрдөж, өрсөлдөгч нам, эвсэл, нэр дэвшигчдийг гүтгэн гүжирдэлгүй, ёс зүйтэй шударга өрсөлдөх зарчим баримтлан ажиллаж байна.
Харамсалтай нь Сонгуулийн хууль тогтоомжийг илтэд зөрчиж, сонгуулийн сурталчилгааны ид дунд Монгол Ардын Нам, түүний удирдлага, нэр дэвшигчдийн талаар илт худал, гүжир гүтгэлгийг Нийслэлийн Ардчилсан намын дарга бөгөөд Засаг дарга Э.Бат-Үүл, Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга нар явуулж байгааг эрс буруушааж, тэдний хууль бус үйлдлийг Сонгуулийн тухай хууль, Эрүүгийн болон Иргэний хуульд заасны дагуу хууль хяналтын байгууллагаар шалгуулах болно.
Э.Бат-Үүл, Д.Баттулга нар 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хэвлэлийн бага хурал хийхдээ Нийслэлийн өмнөх удирдлагууд эрх мэдэл, албан тушаалаа ашиглан хувь хүн болон аж ахуйн нэгжид хууль бусаар зөвшөөрөл олгож 26,9 их наяд төгрөгөөр үнэлэгдэхүйц газрыг хууль бусаар наймаалцсан хэмээн мэдэгдэж бусдын нэр төр, алдар хүндийг гутаасан, бусдыг онц хүнд гэмт хэрэгт гүтгэсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг хийлээ.
Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.6-д “Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал аливаа этгээд ... бусдыг гүтгэн доромжлох, худал мэдээлэл цацах”, мөн зүйлийн 70.5.13-д “сонгуулийн сурталчилгааны явцад бусдыг гүтгэх, доромжлох, гутаах, хуурамч мэдээ, мэдээллийг төрөл бүрийн хэлбэрээр тараах”-ыг хориглосон бөгөөд мөн хуулийн 159 дүгээр зүйлийн 159.2, 159.3, 159.4 дэх хэсэгт заасны дагуу дээрх зөрчил гаргасан нэр дэвшигчийг нэрсийн жагсаалтаас хасах, сонгогдсон этгээдийн хувьд бүрэн эрхийг нь хүчингүй болгох хүртэл хуулийн хариуцлагатайг хатуу сануулъя.
Монгол Ардын Нам Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн энэ мэт хууль бус үйлдэлтэй эвлэрэхгүй, хууль хяналтын байгууллагад хандаж шударга үнэнийг тогтоолгохоо мэдэгдье.
НИЙСЛЭЛИЙН МОНГОЛ АРДЫН НАМЫН ХОРООНЫ СОНГУУЛИЙН ТӨВ ШТАБ
2016-06-18