Х.Нямбаатар: Сайн дураараа ирвэл ял хялбаршуулах асуудал яригдаж болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
7 минут 3 секунд
Х.Нямбаатар: Сайн дураараа ирвэл ял хялбаршуулах асуудал яригдаж болно

Х.Нямбаатар: Сайн дураараа ирвэл ял хялбаршуулах асуудал яригдаж болно

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өчигдөр мэдээлэл хийлээ. Түүний байр суурийг хүргэе.

-“Шувуу” ажиллагааны хүрээнд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байна вэ?

-Бид интерполын улаан булант зар мэдээгээр 22, хөх булант зар мэдээгээр 70 хүнийг эрэн сурвалжилж байна. Энэ хүрээнд улаан булант зар мэдээгээр гурав, хөх булант зар мэдээгээр 42, нийт 45 хүнийг олж тогтоолоо. Үүнээс мөрдөн шалгах чиг үүргийн байгууллага таван хүнийг эх оронд нь авчирсан. Сайн дураараа хэргээ шийдвэрлүүлье гэсэн хүсэлттэй 12 хүн ирсэн. Цаашид 10 орчим хүнийг авч ирэхээр бэлтгэл хангаад байна. Авч ирсэн болон сайн дураараа ирсэн хүмүүсээс дөрвөн хүний хэргийг шүүхэд шилжүүлсэн. Интерполын улаан булант зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байгаа хүмүүсээс 25 хүний байршлыг тогтоогоод байна. Тухайлбал БНТУ-д дөрөв, БНСУ-д зургаа, АНУ-д нэг, Австралид нэг, Франц улсад нэг иргэн байна. Эдгээр 25 иргэний гадаад паспортыг бүрэн хүчингүй болгож, холбогдох байгууллагуудад хүргүүлээд байна.

-Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, "Тавантолгой төмөр зам" компанийн гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргал нарыг авч ирэх ажил ямар шатандаа яваа вэ?

-Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг “Шувуу” ажиллагаагаар авч ирэхээр ажиллаж байна. Бидэнд бусад улс орон, тэр дундаа АНУ-ын нутаг дэвсгэрт мөрдөн шалгах болон бусад чиглэлээр ажиллагаа явуулах боломж байхгүй. Харин тухайн хүнийг санхүүжүүлж байж болзошгүй гэх асуудлыг шалгаж байна. Хаана байрлаж, амьдарч байгаа талаарх мэдээллийг иргэдээс хууль сахиулах байгууллагад ирүүлж байгаа. АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд болон албаны хүмүүстэй нэлээд хэдэн удаа уулзалт хийсэн. Өмнөх болон шинээр томилогдон ирсэн Элчин сайдтай уулзсан. Бид хүнээ авъя гэсэн нэг хүсэлт тавьдаг. Тухайн улс орон манай иргэнийг гаргаж өгөх үйлдэл хийхгүй тохиолдолд бид хүч хэрэглэж, албадан ирүүлэх эрх зүйн ямар ч боломжгүй. Харин "Тавантолгой төмөр зам" компанийн гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргалын тухайд Малайз улсад байгаа гэдэг нь үндсэндээ батлагдсан. Мөн нүүрсний хэрэгт шалгагдаж байхдаа оргон зайлсан н.Наранхүү гэдэг хүнийг Өмнөд Солонгоос авчрах бэлтгэлийг хангасан. Хууль сахиулах байгууллагууд руу нь холбогдох баримт бичгээ хүргүүлээд ажиллаж байна. Энэ мэдээллийг тухайн хүмүүс үзэж байхыг ч үгүйсгэхгүй. Тиймээс нэг зүйлийг хэлмээр байна. Гэм буруугийн асуудлыг бид шийдэхгүй. Хэргээ үнэн зөвөөр нь шийдүүлэх үүднээс ирж шалгуулах нь зүйтэй.

-Сайн дураараа ирж шалгуулах нь ялыг хялбаршуулах шалтгаан болох уу?

-“Шувуу” ажиллагааны хүрээнд тодорхой хэмжээний зардлууд гардаг. Үүнийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс шийдэж байна. Сайн дураараа ирсэн хүмүүсийн хувьд Эрүүгийн хэргийн зүйлчлэлээс хамаарч ял хялбаршуулах асуудал яригдана. Харин авлига албан тушаалын гэмт хэрэгт шалгагдаж байгаа хэрэг дээр ял хялбаршуулах асуудал огт байхгүй. Оргон зайлсан үйлдэл дээр тусад нь хариуцлага тооцно. Гол нь хүмүүсийн гэм буруугийн асуудлыг бид шийдэхгүй. Тэд хэргээ үнэн зөвөөр, шүүхээр шийдвэрлүүлэх эрхтэй.

-Энэхүү ажиллагааг зохион байгуулахад ямар асуудал гарч байна вэ?

-"Шувуу" ажиллагаа манайд анх удаа хийгдэж байгаа. Өмнө нь гаднаас оргон зайлсан хүмүүсийг авчрахаар явж байсан төлөвлөгөөт ажил хийгдэж байгаагүй. Нэг удаа Францаас иргэн Д.Энхбатыг авчирсан үйлдэл нь хууль бус үйл ажиллагаа байсан нь хожим тогтоогдсон. Мөн АНУ-аас иргэн н.Батсүх гэж хүнийг авчирсан үйлдэл бий. Хууль бусаар авчирсан гэж тухайн үедээ асуудал болж байв. Одоо бол бид эрх зүйн талаар харилцан туслалцаа үзүүлдэг орнуудтайгаа тэр улсад байгаа тохиолдолд гэрээнийхээ дагуу, байхгүй бол хамтран ажиллах хүрээндээ, интерпол, гадаад харилцааны шугамаар улс орнуудтай хамтын ажиллагаа өрнүүлж байгаа. "Шувуу" ажиллагааны хүрээнд авчирсан анхны хүн нь Т.Бадамжунай юм. Түүний хэрэг удахгүй шүүхэд шилжинэ.

-АНУ-аас Ч.Сайханбилэгийг авч ирэхэд эрх зүйн хувьд хүндрэлтэй байна гэлээ. Ер нь улс орнууд эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэхэд хэр нээлттэй байна вэ?

-Гадаадаас авчирсан хүмүүсийн 50 хувь нь эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээтэй орноос ирсэн. Үлдсэн нь гэрээгүй орноос ирж байгаа. Эрх зүйн харилцан туслалцах гэрээгүй орноос интерполд нэгдэн орсон болон хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд авчирсан. Тухайлбал, Филиппин улстай манай улс эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээгүй. Бид Манилад буугаад хууль сахиулах байгууллагуудын удирдлагуудтай уулзан хүсэлтээ тавьснаар иргэнээ авчирсан. Европын холбооны улс орнууд, Вьетнам, Тайланд улстай эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээ байгуулах шаардлага их байна. Манай иргэд эдгээр орон руу зорчих урсгал, гэмт хэрэгт холбогдох нь их болсон. Энэ жилийн төлөвлөгөөнд гэрээ байгуулахаар тусгасан боловч Зүүн Өмнөд Азийн хэд, хэдэн орны хууль сахиулах байгууллагын сайд нартай уулзах урилгатай ч очиж амжихгүй байгаа тал бий. Казахстан, Узбекстан, Киргизстан руу манай улсын иргэд зорчих нь нэмэгдсэн. Сүүлийн үед Киргизид манай ААН, байгууллагуудын хөрөнгө оруулалттай компаниуд олноор байгуулагдаж байна. Эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээ нь зөвхөн гэмт хэрэгт холбогдсон иргэдийг шилжүүлэн авахаас гадна ялтан солилцох, Арбитрын шийдвэрийг харилцан хүлээн зөвшөөрөлцөж биелүүлэх зэрэг агуулгатай байдаг. Тиймээс Монгол Улсын ААН, иргэдийн хууль ёсны эрх ашиг, сонирхлыг хамгаалах нөхцөл ч бүрдэх юм.

Т.БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Х.Болортуяа: Багш маань сэтгэл зүйг минь засч өгсөн нь ялалтад хүргэсэн
Х.Болортуяа: Багш маань сэтгэл зүйг минь засч өгсөн нь ялалтад хүргэсэн
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.