Б.Хурц хурандаа Д.Цогтбаатарыг эрүүдэн шүүлгэсэн үү
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 27 секунд
Б.Хурц хурандаа  Д.Цогтбаатарыг эрүүдэн шүүлгэсэн үү

Б.Хурц хурандаа Д.Цогтбаатарыг эрүүдэн шүүлгэсэн үү

Сүүлийн хоёр жил шахам тагнуулын хурандаа Д.Цогтбаатарын тухай элдэв зүйлс энд тэндгүй л бичигдлээ. Сүүлдээ аль нь үнэн болохыг таах аргагүй болж байна. Гэхдээ өмгөөлөгчийнх нь үг ортой байж мэдэх юм. Өмгөөлөгч Г.Баянбилэг нь нэлээд ноцтой мэдээлэл өгч байна. Тэрбээр, АТГ-ын дэд дарга Б.Хурц хувийн өш хонзонгийн үүднээс тагнуулын байгууллагад насаараа зүтгэсэн хурандаа Д.Цогтбаатарыг эрүүдэн шүүлгэж, ял тулгасан гэж мэдэгдлээ. Б.Хурц түүнийг “Амьд  явах эрхгүй, ямар нэгэн аргаар заавал ял эдлүүлнэ” хэмээн хорхойтсон араандаа зуусан юм байх аа, янз нь.

Өнгөрсөн сарын 23-24-нд ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангид Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын дарга асан хурандаа Д.Цогтбаатарын хэргийг шүүн тасалсан юм. Анхан шатны шүүх түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэг, 149 дүгээр зүйлийн 149.2-т заасан зүйл ангиудаар таван жил хүртэл хорих ял оноосон байна. Эрүүгийн хуулийн 87 дугаар зүйл нь “Төрийн нууц задруулах” гэсэн бүлэгт хамаардаг. Өөрөөр хэлбэл, Д.Цогтбаатар нь дээрх заалт буюу “Төрийн нууцад хамаарах мэдээ, баримт бичиг, эд зүйл, объект, үйл ажиллагааг итгэмжлэгдэн хариуцсан буюу  албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд задруулсан нь эх орноосоо урвах, тагнуул хийх гэмт хэргийн шинжгүй бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэснээр яллуулжээ. Харин 149-ийн 2 дахь заалт нь “Бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлэх” гэсэн ангиллынх бөгөөд “Энэ хэргийг давтан буюу бүлэглэж, урьдчилан тохиролцсон бүлэг, урьд нь хулгайлах, булаах, дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн, түүнчлэн их хэмжээний эд хөрөнгө авахаар далайлган сүрдүүлсэн бол гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн байдаг. Д.Цогтбаатарыг  мөн үүнд хамааруулан яллав.  

Өмгөөлөгч Г.Баянбилэг эдгээрийг тайлбарлахдаа, “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 87-ын 1-д заасан хэргийн тухайд бол Д.Цогтбаатар 2012 оны 12 дугаар сард холбогдох байгууллагаар нь шалгуулах хүсэлт бүхий иргэний гомдол мэдээлэл, өргөдлийг АТГ-ын дэд дарга Ы.Хурцын нэр дээр шилжүүлсэн байв.  Гэмт хэргийн талаарх өргөдлийг харъяаллын дагуу шилжүүлэх нь түүний үүрэг байлаа. Гэтэл үүнийг нь “Төрийн нууц” гээд ял оноочихсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149.2 дахь хэсэгт заасан, бусдыг далайлган сүрдүүлсэн гэх хэргийн тухайд бол ТЕГ-т шалгагдаж байсандаа өширхсөн Хятад улсын иргэн “эрүүдэн шүүсэн” гэдэг илт зохиомол мэдүүлэг өгөх замаар гүтгэснээс болсон юм. Тухайн хүн худлаа ярьсан нь  нотлогдсон.  ТЕГ-ын ажилтнууд  О.Цэнгэл нарын хүмүүсийг эрүүдэн шүүсэн гэх хэргийг шалгаад хэрэгсэхгүй болгосон байсан юм. Д.Цогтбаатарыг шалгах явцад хууль зөрчсөн гэх нэг ч нотлох баримт олдоогүй. АТГ-ынхан хууль бусаар шалгасан. Нийтдээ  Эрүүгийн хуулийн долоон зүйл ангиар шалгаж, гүтгэж доромжлоод, эцэст нь үндэслэлгүйгээр ял оноосон. Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах буюу Германы иргэн М.Л.Клойберын хамтран амьдрагч Ё.Гантуяаг залилсан гэх мэт хэргүүдийг анх үүсгэхдээ Б.Хурцын гаргасан гомдол, мэдүүлгээр АТГ-т татан авч Б.Хурц өөрөө хянаж шалгасан нь ашиг сонирхолын зөрчилтэй асуудал болсон. Шүүхээс ч хэт яллах талыг баримталлаа. Д.Цогтбаатарыг зохиомол хэрэгт гүтгэж байгаа нь мөрдөн байцаалтаар тогтоогчихсон байсан юм. Тэр бүү хэл Д.Цогтбаатарыг зориуд буруутгахад гадаадын тагнуулын байгууллага ч оролцсон бөгөөд миний үйлчлүүлэгчийг  300 гаруй хоног баривчлан хорьсон. Энэ бол маш ноцтой явдал. Тиймээс бид ҮАБЗ, УИХ-ын Тусгай хяналтын хороо, ТЕГ зэрэг байгууллагад хандана” гэжээ.

Эрүүдэн шүүлт гэхээр манайхан эрт дээр үеийн “Хонгор азарга”, “Есөн эрүү тулгах” зэргээр ойлгож болохгүй. Олон улсын конвецийн агуулгаар бол эрүү шүүлт гэдэгт хүний нэр төрийг гутаах, доромжлох, айлган сүрдүүлэх, удаан хугацаагаар хорих, сэтгэл зүйн дарамтанд оруулах зэрэг ёс бус үйлдлүүд багтдаг бөгөөд манайд эдгээр нь түгээмэл байгаа юм. Д.Цогтбаатарыг ч мөн эрүүдэн шүүсээр байгаад ял оноосон бололтой. Түүний өмгөөлөгч нь “Миний үйлчлүүлэгчийн хэрэг удахгүй цагаадна” гэж буй ажээ.  

Б.Отгонбаяр

tumen.mn

“Даншиг наадам-Хүрээ цам 2022”  аялал жуулчлал, эдийн засгийн салбарт эерэг нөлөөтэй
“Даншиг наадам-Хүрээ цам 2022” аялал жуулчлал, эдийн засгийн салбарт эерэг нөлөөтэй
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.