Намууд нэр дэвшигчдээ тодруулж дууссантай холбоотойгоор манай сайт хэн, хэн хаана нэр дэвшихийг уншигчиддаа багцлан танилцуулж буй. Бид энэ удаад Хан-Уул дүүргээс УИХ-д нэр дэвшигчдийн танилцуулгыг уншигчиддаа хүргэж байна.
УИХ-ын 55 дугаар тойрог:
Хан-Уул дүүргийн 1, 2, 3, 12 дугаар хороо энэхүү тойрогт багтаж байгаа. Тус тойрогт МАН-аас УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, АН-аас Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг, МАХН-аас Шадар сайд Ц.Оюунбаатар, Тусгаар тогтнол эв нэгдэл эвслээс Д.Энхболд нар өрсөлдөж тэднээс нэг нь УИХ-ын гишүүн болох эрхээ авна. МАН-аас “сойж” буй Д.Сарангэрэлийн тухайд телевизийн салбараас амжилтын гараагаа эхэлж улмаар 2012 онд УИХ-ын гишүүн болсон. Тэрээр өнгөрсөн дөрвөн жил парламентад суухдаа хүүхэд, эмэгтэйчүүд, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хүчтэй дугарч, хүүхэд харах үйлчилгээний хуулийн ажлын хэсэгтбагтан амжилттай батлуулсан. Харин АН-аас өрсөлдөж байгаа Ж.Ганхуягийн тухайд тус дүүргийн Засаг даргаар найман жилийн турш ажиллаж дүүргийнхээ асуудал, иргэдийн амьдралыг багагүй мэддэг болсон нэгэн. Өнгөрсөн хугацаанд Зайсан орчмын хууль бус газар олголттой багагүй нэр холбогдож асуудал дэгдээснийг эс тооцвол дүүргийнх нь иргэд түүнд ам сайтай байдаг юм билээ. Шадар сайд Ц.Оюунбаатарын хувьд Өмнөговь аймагт нэр дэвшихээр өнгөрсөн хугацаанд сэтгэл шулуудан тойргоо усалж байсан ч гэнэтийн шийдвэр гарч Хан-Уул дүүрэгт нэр дэвшихээр болсон. Сонгуулийн сурталчилгаагаа вакцин тарилга, гал, үерийн ослоос урьдчилан сэргийлэх зэрэг ажлыг далимдуулан тунчиг овжин хийгээд байгаа улстөрч гэх хүн цөөнгүй байна.
УИХ-ын 56 дугаар тойрог:
Хан-Уул дүүргийн 11, 13, 15 дугаар хороо, Багахангай дүүрэг энэхүү тойрогт хамаарч байна. Тус дүүрэгт МАН-аас УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, АН-аас УИХ-ын даргын зөвлөх, Барилга хот байгуулалтын дэд сайд асан Г.Байгальмаа, МАХН-аас Б.Хэрлэн, Тусгаар тогтнол эв нэгдэл эвслээс Х.Амарсайхан нар өрсөлдөнө. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Г.Байгальмаа нарын хооронд гол өрсөлдөөн болно гэж улстөрийн хүрээнд харж байна. Ц.Нямдорж гишүүний хувьд парламентад тасралтгүй 26 жил сонгогдон суусан хашир туршлагатай улстөрч. Удаа дпараа унаган нутаг болон Увс аймгаас сонгогдсон тэрээр өнгөрсөн 2012 оны сонгуульд жагсаалтад багтан УИХ-ын гишүүн болсон бол энэ удаад хамгийн анх гишүүн болгож сонгож байсан гэгдэх Хан-Уул дүүрэгтээ нэр дэвшихээр болсон байна. Сөрөг хүчний эсрэг зөв цагт нь даацтай, хатуухан үгийг хэлж чаддаг цөөн хэдэн гишүүний нэг тэрээр яаахын аргагүй мөн юм. Г.Байгальмаагийн хувьд Барилга хот байгуулалтын дэд сайдаар ажиллах хугацаандаа Шинэчлэлийн засгийн газраас хэрэгжүүлсэн найман хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээлийг ярьж олны танил болсон, одоо ч энэ сэдвээ атгаж улстөрд орох гол хөзрөө болгож яваа нэгэн.
УИХ-ын 57 дугаар тойрог:
Хан-Уул дүүргийн 4, 5, 6, 7, 8-дугаар хороо хамаарч байгаа энэхүү тойрогт МАН-аас МАН-аас тус намын удирдах зөвлөлийн гишүүн С.Оюунбилэг, АН-аас УИХ-ын гишүүн Л.Болд, МАХН-аас Эрүүл мэнд, спортын сайдад горилогч Ц.Лхагвасүрэн, Тусгаар тогтнол эв нэгдэл намаас Ц.Өлзийтогтох нар нэр дэвшжээ. МАН-аас нэр дэвшиж байгаа С.Оюунгэрэл нь “Хаан Бууз” сүлжээ рестораны ерөнхий захирлаар 2007-2009 он, “Май Грийт” ХХК-ийн ерөнхий захирлаар 2009-2012 оноос тус тус ажилласан. “Май Грийт” ХХК-ийн зөвлөхөөр 2012 оноос эхлэн ажиллаж байгаа бүсгүй юм. Мөн МАН-ын Хан-Уул дүүргийн НАМЭХ-ны дарга, МАН-ын удирдах зөвлөлийн гишүүнийн сонгуульт ажилтай.
УИХ-ын гишүүн Л.Болдын тухайд 1996-2000 онд мөн 2008 оноос УИХ-д сонгогдож Батлан хамгаалахын сайд, Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан улстөрч. 2000-2005 онд Монголын банкны холбооны ерөнхийлөгч, 2000-2005 онд Голомт банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, Бодь группын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан гээд түүний бизнесийн салбарын амжилт ч мөн адил хөвөрнө.
МАХН-аас нэр дэвшсэн Ц.Лхагвасүрэнгийн хувьд найман сарын турш эзэнгүй шахуу байсан Эрүүл мэнд спортын яамыг толгойлохоор зүтгээд үзсэн ч олонхийн саналыг авалгүй, “унасан”.
УИХ-ын 58 дугаар тойрог:
Хан-Уул дүүргийн 9, 10, 14, 16 дугаар хороо тус тойрогт хамаарч буй бөгөөд МАН-аас НИТХ-ын төлөөлөгч Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Г.Батхүү, МАХН-аас Х.Оюунцэцэг, Тусгаар тогтнол эв нэгдэл эвслээс Б.Одончимэг нар өрсөлдөхөөр болсон. Б.Энх-Амгалангийн тухайд НИТХ-ын төлөөлөгчөөр өнгөрсөн дөрвөн жил ажилласан, “Мишээл” группын эзэн гэдгээр иргэд андахгүй. УИХ-ын гишүүн Г.Батхүү нь 1999-2000 онд Дэд бүтцийн хөгжлийн сайд, 2002-2004 онд “АПУ” ХК-ийн гүйцэтгэх захирал, 2004-2008 онд УИХ-ын гишүүн, 2004-2006 онд Зам тээвэр, аялал жуулчлалын сайд, 2008 оноос өнөөг хүртэл УИХ-д сонгогдсон туршлагатай улстөрч юм.
МАХН-аас нэр дэвшиж байгаа Х.Оюунцэцэгийн тухайд хадгаламж зээлийн хоршооны хохирогч, Хохирогчдын нэгдсэн холбооны тэргүүн гэдгээрээ олонд танигдсан. Тэрээр саяхан МАХН-д гишүүнээр элсч ийнхүү төвийн дүүрэгт нэр дэвших мандатын эзэн болсон.
Д.Сүрэн