Сэхээтэн дүүрэгт нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 5 секунд
Сэхээтэн дүүрэгт нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ?

Сэхээтэн дүүрэгт нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ?

Д.Цогтбаатар VS Б.Мэдрээ

Сүхбаатар дүүргийн 59 дүгээр тойрогт энэ жил МАН-аас Барилга хот байгуулалтын сайд асан Д.Цогтбаатар нэр дэвшээд байна. Харин түүний  өрсөлдөгчөөр АН-аас Худалдаа хөгжлийн банкны захирал Б.Мэдрээ тодров. Амьдралынхаа 29 жилийг банкны салбарт зориулсан Б.Мэдрээ өнгөрсөн удаагийн сонгуулиар жагсаалтад багтсан ч яг гишүүн болдгийн даваан дээр түүний өмнө хаалга хаагдсан. Ард түмний дэмжлэгийг хүлээж чадах аваас Б.Мэдрээд УИХ-д суух шаанс олдож магадгүй. Гэвч түүний өрсөлдөгч чанга улстөрч гэдгийг хэрхэвч мартаж болохгүй.

Ц.Мөнх-Оргил VS Х.Тэмүүжин

Сүхбаатарын 60 дугаар тойрогт Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин МАН-ын бас нэгэн шилдэг хуульчдын нэг болох Ц.Мөнх-Оргилтой "нэгийгээ үзэхээр" болоод байна.

АН, МАН-ын адилхан хуульчдын хэнд нь энэ удаад сонгогчдоос итгэл хүлээлгэхийг тааварлашгүй. Тэд хоёул сайд байсан, мөн хоёул хэрэгт холбогдож байсан гэдгийг олон түмэн андахгүй биз.

Нэгэн цагт Хууль зүй, дотоод хэргийн сайд байсан Ц.Мөнх-Оргилын тухайд 2008 оны долдугаар сарын 1-ний эмгэнэлт жүжгийн гол дүрийн жүжигчин гэлцдэг. Мань Мөнх-Оргилын хувьд Долдугаар сарын 1 хэмээх Тэр эмгэнэлт жүжгийн тайзан дээр ямар ч рольгүй, хөдөлгөөнгүй байсан галт зэвсгүүдийг үндсэндээ "сумла, бууд" гэж амь оруулсан хүний нэг гэж байгаа. Амьдрал баян. Хүний намтар ч баян. Ц.Мөнх-Оргилын намтарт ч бас баян бөгөөд бараан үйл мундахгүй их.

Харин Х.Тэмүүжингийн тухайд хийсэн юм бий, хий алдсан үе ч байсан. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин бол улс төрийн амьдрал, хэлсэн үг, хийсэн үйлдэл нь олны өмнө байдаг ч хувийн амьдралаа бусдаас харамладаг улс төрч байв. Гэвч нэг л өдөр түүний нэр "Сайн ах" болж, хувийн амьдралынх нь зах зух дэлгэгдсэн. Энэ бүхэн түүнийг сайд гэх эрхэм сэнтийнээс буухад хүргэсэн. МУИС-ийн хууль зүйн багш, судлаачаас бусдыг бодвол "шалдан" шахуу УИХ-д нэр дэвшин сонгогдсон түүний хувьд энэ удаад улс төрд гарч ирвэл юу хийх бол. Ард түмэн дор бүрнээ үнэлэмжээ өгчихсөн л яваа биз ээ.

Сү.Батболд VS М.Батчимэг

Сүхбаатар дүүргийн 61 дүгээр тойрогт МАН-аас УИХ-ын гишүүн Сү.Батболд нэр дэвшихээр болсон. Харин түүний өрсөлдөгчөөр АН-аас "Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүн" хэмээгддэг М.Батчимэг тодроод байна. Хэдийгээр М.Батчимэгийг Эрдэнэт хотын АН-ынхан анхан шатны хороон дээрээ унагасан ч Р.Амаржаргал түүнд боломж олгосоноор УИХ-д нэр дэвшиж байгаа нь энэ.

Тэдэндтэй хамт МАХН-аас И.Энхтүшиг, Тусгаар тогтнол эв нэгдэл эвслээс Б.Энхмаа нар өрсөлдөх юм байна. Мэдээж хэрэг гол өрсөлдөөн М.Батчимэг, Сү.Батболд нарын дунд гарах нь дамжиггүй. Сүхбаатар бол хэзээнээсээ сэхээтэн дүүрэг гэдгээрээ алдартай. АН, МАН-аас нэр дэвшиж буй дээрх хоёр эрхэм төрд хэрэгтэй сэхээтнүүд гэдгээ өнгөрсөн хугацаанд аль аль нь харуулцгаасан гэхэд хилс болохгүй. Тэгэхээр сонголт их л хэцүүхэн болж таарах нь.

Л.Гантөмөр VS Ц.Цогзолмаа

Сүхбаатар дүүргийн 62 дугаар тойрогт АН-аас БСШУ-ны сайд Л.Гантөмөр, МАН-аас НАМЭХ-ны ерөнхийлөгч Ц.Цогзолмаа, ТТЭНН-аас Н.Наранцэцэг, МАХН-аас Ц.Баярхүү нар өрсөлдөх нь.

Сонгууль бүрт "Үхлийн" гэж нэрлэгддэг дээрх тойрогт энэ удаад хүч тэнцвэргүй тулаан болох нь бараг л тодорхой байна. Гэсэн хэдий ч Л.Гантөмөр Ц.Цогзолмаа нарын хооронд гол өрсөлдөөн явагдах биз. Л.Гантөмөрын хувьд тус дүүргээс хэдэнтээ сонгогдсон бөгөөд энэ удаад ч дахин сонгогдох магадлал хамгийн өндөр.

Түүний гол өрсөлдөгч Ц.Цогзолмаа өмнөх сонгуулиар маш бага хувийн саналаар ялагдал хүлээсэн нэгэн. Энэ удаа намдаа эмэгтэйчүүдээ төлөөлж томоохон байр суурь эзэлдэг түүнд сонгогчид итгэл хүлээлгэх боломж их байгааг дурьдах нь зүйтэй.

Харин Н.Наранцэцэг, Ц.Баярхүү нарын хувьд намдаа өнгөлдөг шинэ залуу боловсон хүчин хэдий ч "акул"-уудыг энэ удаад барж идэж чадахгүй болов уу. Өмнөх сонгуулиар Сүхбаатар дүүрэг хоёр мандаттай байсан бөгөөд Р.Амаржаргал, Л.Гантөмөр нар УИХ-ын гишүүнээр сонгогдсон юм.

Х.Онон

ЭМЯ: Ковидын 69 тохиолдол бүртгэгдэв
ЭМЯ: Ковидын 69 тохиолдол бүртгэгдэв
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.