Ч.Болор-Эрдэнэ: Зарим хүмүүс намайг дөрвөн хүүхэдтэй гэхээр итгэдэггүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
12 минут 53 секунд
Ч.Болор-Эрдэнэ: Зарим хүмүүс намайг дөрвөн хүүхэдтэй гэхээр итгэдэггүй

Ч.Болор-Эрдэнэ: Зарим хүмүүс намайг дөрвөн хүүхэдтэй гэхээр итгэдэггүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж "Алдарт эх" одонгоор олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдийг шагнасан билээ. Тэдний нэг болох 27-хон настайдаа "Алдарт эх" одонгоор энгэрээ мялаасан үзэсгэлэнт бүсгүй Ч.Болор-Эрдэнэтэй ярилцлаа.

-Та гэр бүлээ танилцуулахгүй юу. Ханьтайгаа яаж танилцаж байв?

-Миний ханийг Э.Оюунбаатар гэдэг, хувиараа бизнес эрхэлдэг. Бид хоёр 2005 оны зургадугаар сард танилцсан. Танилцаад гурван жил үерхээд нэг гэрт орсон. Оюутны амралтаараа ажил хийдэг байхдаа танилцаж байлаа. Аав, ээж маань бурхан болоод удаагүй байсан. Тэр үед нөхөртэйгөө учирч түүнээс хойш миний дэргэд үргэлж хамт байгаа хүн. Манайх ам бүл зургуулаа. Одоо хоёр хүү, хоёр охины ээж аав болцгоосон. Том хүү маань найман настай, удаах нь дөрөв, хоёр, нэг настай.

-Ээж болох тэр мэдрэмж ямар байсан бэ?

-Би ууган хүүгээ 19-тэй, удаах хүүхдээ 22-той, гурав дахь хүүхдээ 24-тэй, бага хүүгээ 25-тай төрүүлсэн. Ээж болох үедээ хамгийн түрүүнд ээжийгээ л бодсон. Маш их хайрладаг юм байна лээ. Энэ бол маш гоё мэдрэмж байсан. Үүнийг дөрвөн удаа мэдэрсэн гэхээр үгээр илэрхийлэхийн аргагүй аз завшаан гэж боддог. Том хүү маань "Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв"-д төрж байсан. Харин гурван хүүхэд маань "Гурван гал" эмнэлэгт төрж, Т.Баатарцогт эмч эх барьж авсан. Хүний төлөө гэсэн сэтгэлтэй маш сайхан хүн шиг санагддаг.

-Олон нийтийн сүлжээгээр "Алдарт эх"-ийн одон авсан бүсгүйчүүд залуухан, үзэсгэлэнтэй байгаа нь үнэхээр бахархмаар юм гэж бичиж байсан. Та үүнийг уншсан уу. Ямар сэтгэгдэл төрөв?

-Үнэхээр сайхан санагдсан. Миний ойрын хүмүүс маш сайхан хүлээж авч байсан. Залуухан, 27-хон настай одон авч байна гээд л. Зарим хүмүүс дөрвөн хүүхэдтэй гэхээр итгэдэггүй. Өнөр олуулаа байна гэдэг үнэхээр сайхан. Одон авах тэр мөчид ээж, аав минь харсан бол хичнээн сайхан гэж бодогдож байлаа. Эгч минь ирээд уйлж байсан. Гэхдээ өөрийн минь эцэг эх шиг хадам аав, ээж минь байгаа болохоор сэтгэл дүүрэн байсан. Мөн найзуудаасаа хамгийн анхны одон авж байгаа болохоор тэд маань их баяртай байгаа.

Миний араас ч одон авах найзууд байгаа, бүгд л хоёр, гурван хүүхэдтэй. Эргэн тойрны хүмүүс тэр дундаа гэр бүл, ах дүү хамаатан садан, найз нөхөд гээд л их сайхан хүмүүс байдаг. Би өөрийгөө дандаа сайхан хүмүүсээр хүрээлэгдэж байдаг азтай хүн гэж боддог шүү.

-Залуу хүмүүс олон хүүхэд зэрэг өсгөнө гэдэг амаргүй. Хүнд хэцүү үе байсан л байлгүй.

-Бурхан хүнд даах ачааг нь л өгдөг. Бас авсан шигээ буцааж өгдөг. Ээж аавыг минь авсан шиг эргээд надад үр хүүхэд харамгүй хайрласан. Би ганцхан эгчтэй, багадаа өнчрөөд үлдчихсэн болоод ч тэр үү олуулаа байвал сайхан юм байна гэж их боддог. Тиймээс залуу байгаа дээрээ тэрсхэн олон хүүхэдтэй болчихвол эргээд манай гэр бүлд том хөрөнгө оруулалт болж байгаа юм л даа. Мэдээж хэцүү үе байдаг ч хүүхэд өөрөө аз жаргал шүү дээ.

-Таныг зав чөлөөгүй үед нөхөр тань хүүхдээ хардаг уу?

-Нөхөр маань хараад үлддэг. Хүмүүс ганцхан хүүхэд харахад хэцүү байхад, дөрвөн хүүхэд харна гэдэг бас амаргүй байх, яаж харж байна гээд л асуудаг. Манай нөхөр ер нь түүртээд байдаггүй шүү. Хүүхдүүдтэйгээ бужигнаад, шуугилдаад байж байх дуртай. Анхны хүүхэд гарахад ямар хайр халамж гаргадаг байсан, дөрөв дэх хүүхэд дээрээ яг л тийм байсан. Шөнө хүүхэд уйлахад хамт босож ирээд хуурайлаад хөхүүлэхэд бэлэн болгоод л өгдөг. Намайг завгүй үед хүүхэд өвдвөл өөрөө үзүүлнэ, эмнэлэгт хэвтвэл аваад л хэвтдэг. Тийм болохоор олон хүүхэд төрүүлэхэд, өсгөхөд хүндрэлтэй байх нь бага байдаг. Хань ижил маань тусалдаггүй, халамжилдаггүй байсан бол олон хүүхэдтэй болъё гэж зориглохгүй байсан болов уу. Дөрвөн хүүхэдтэй болохоор эхнэр нь байнга гэртээ байх хэрэгтэй гэж тэр хүн боддоггүй. Зав чөлөөтэй үедээ хүүхдүүдээ хараад надад зав чөлөө их олгодог шүү. Таньдаг хүмүүс "Болороогийн нөхөр үнэхээр мундаг, халамжтай сайн аав" гэж ярьдаг. Хараад байхад зарим хүмүүстэй харьцуулахад миний хань шал өөр хүн болох нь мэдрэгддэг. Тийм болохоор ч ханиа магтаж ярих их дуртай. Мөн нөхрийн минь аав, ээж үнэхээр сайн хүмүүс, үргэлж надад тусалж, дэмжиж өөрийн хүүхдээс дутахааргүй хайрладаг. Би боддог юм, энэ сайхан хүмүүсийг ээж, аав минь надруу явуулсан байх гэж. Тэд байдаг учраас ээж, аавын минь дутуу орон зайг нөхөж өгдөг. Хүмүүс "Болороо хадам аав, ээждээ хир халдаадаггүй, үнэхээр сайн" гэдэг. Би хэзээ ч хир халдааж чадахгүй, үнэхээр алт шиг хүмүүс. Хадам бол хүний хүн гээд л хүмүүс ярьдаг миний хувьд тийм биш. Бараг хүүгээсээ илүү намайг хайрладаг.

-Хүүхдүүдээ төлөвлөж төрүүлсэн үү, бурхны өгсөн хайр хишиг байсан уу?

-Том хүүгээ их сургуулиа төгсөөд гаргасан. Хоёр дахь хүүхдээ төлөвлөөгүй, ёстой л бурхны хайр хишиг байсан. Харин хоёр багыгаа тэрсхэн өсгөчихье гэж бодоод жил дараалан гаргасан. Хүүхэд тэрсхэн өсчихвөл зүгээр санагддаг. Эгч минь аав, ээжийг минь байх үед хүнтэй суугаагүй байсан болохоор надаас зээгээ харна гэж их ярьдаг байлаа. Бас дээрээс нь эмч хүмүүс байсан болохоор миний хоёр охин хэзээ ч, ямар ч үед үр хөндүүлж болохгүй шүү. Хүүхэдтэй болбол ээж, аавдаа авчраад л өгчих, "Хүнд хүн илүүддэггүй юм" гэж их захиж хэлдэг байсан. Тиймдээ ч 18 настай, юугаа ч мэдэхгүй жаахан охин ээж болно гээд л явж байлаа. Одоо хүү минь сургуульд орчихсон, ээждээ туслаад л дүү нараа саатуулаад л том ах болчихсон явж байна. Хүн "Бурхны өгсөн хайр хишгийг буцаах эрх байхгүй" л гэж боддог. Одоогийн жаахан охид маш их үр хөндүүлж байгаа нь үнэхээр харамсалтай санагддаг. Хяналтад орох гээд эмнэлгээр явах үед үр хөндүүлэх гээд дугаарлаж байгаа охидыг хараад сэтгэл маш их эмзэглэдэг. Хүн тэр бяцхан сахиусан тэнгэрийг гараад ирснийх нь дараа л ямар буруу зүйл хийх гэж байснаа ойлгох байх.

-Дахиад хүүхэд төрүүлэх бодол байгаа юу?

-Би ЗТЯ-нд Далайн захиргаанд Хөлөг онгоцны бүртгэл хариуцсан мэргэжилтнээр ажилладаг. Одоогоор жирэмсний амралт маань дуусаагүй байгаа. Ажилдаа эргэж ороод хэдэн жил ажилласныхаа дараа хоёр хүүхэдтэй болно гэж боддог. Ер нь өнөр өтгөн байна гэдэг үнэхээр сайхан. Эгч маань одоо гурван хүүхэдтэй. Би эгчтэйгээ хоёулхнаа байсан бол одоо долоон хүүхэдтэй болоод улам олуулаа болсон байна. Үнэхээр сайхан.

-Гадаад, дотоодын сургуулиудад мэргэжил дээшлүүлсэн гэсэн. Энэ бүхнийг яаж амжуулж байна вэ?

-Би зургаан настайдаа сургуульд ороод 15-тайдаа ерөнхий боловсролын сургуулиа төгссөн. Дараа нь эрх зүйч мэргэжлээр 18-тайдаа их сургуулиа төгссөн. Эрт сураад төгсчихөөр давуу талтай юм байна лээ. Сургуулиа төгсөөд 19-тэй байхдаа том хүүгээ гаргачихаад Сингапур луу сурахаар яваад ой гарантай байхад нь ирсэн. Хүүг маань хадам аав, ээж маань өсгөж өгсөн. Ирээд гурван жил гаран ажиллаж байтал "Дэлхийн далайн хуулийн сургууль"-д явах урилга ирсэн. Явахаар бэлдэж байхдаа охиноо олсноо мэдсэн. Харин жирэмсний амралттай байх үедээ магистрийн зэргээ тээврийн удирдлагын чиглэлээр хамгаалсан. Хоёр дахь хүүхдээ гаргачихсан, охиноо дөрөв, тавхан сартай байхад нь дипломын ажлаа хийгээд л шөнө нойргүй хонож байж амжуулдаг байсан. Одоо Удирдлагын академид сурч байгаа. Миний юм юмыг амжуулж байгаа минь нөхөртэй минь л холбоотой. Бүх зүйлийг минь дэмждэг.Тэр хүний хайр халамж байгаа учраас л энэ бүхнийг амжуулж байна даа.

-Бүсгүйчүүд дөрвөн удаа төрсөн байж яагаад жин нэмэхгүй гоёороо байгаад байна вэ гэж асуудаг биз?

-Төрөөд нилээн жин нэмдэг шүү, өндөр учраас таргалахаараа маш том биетэй болчихдог. Анхны хүүгээ төрүүлсний дараа хүмүүс "Ямар их таргалаа вэ" гэж байсан. Хүмүүс тэгж хэлээд байхаар их сонин санагддаг юм байна лээ. Жингээ хасах тийм амар байгаагүй, дэглэмээр л турсан. Хоолоо тохируулаад зөв хооллоно, гурилан бүтээгдэхүүн, давс бага иднэ, гэртээ бас хүүхдээ салхилуулахдаа дээс их үсэрдэг байсан. Гэхдээ хөхөөрөө хооллож байгаа болохоор хамаагүй хоолоо сойж чаддаггүй. Сүүлдээ олон хүүхэдтэй болохоор зав чөлөө багатай, ийш тийшээ гүйсээр жин хасах асуудалгүй болчихдог юм байна лээ. Хүмүүс хүүхдээ хүнээр харуулаад зав чөлөөтэй, боломжтой болохоор өөртөө анхаарал тавиад гоё байдаг байх гэсэн хандлагатай байх шиг байдаг. Миний бодож явдаг нэг үг байдаг. "Хайраар усал, би цэцэглэе" гэж энэ бол үнэхээр үнэн үг. Хажуудах хүний хайр, анхаарал халамжаас хамгийн их шалтгаалдаг. Хэрвээ хажуудах хань ижил нь зовоогоод байвал бөөн стресс болсон хүн л байна байх.

-Зорилго, мөрөөдлөөсөө хуваалцахгүй юу?

-Залуу гэр бүлийн хувьд бодож, төлөвлөж зорьж байгаа зүйлүүд бий шүү. Олон үр хүүхэдтэй болохоор тэднийхээ төлөө л их зүйлийг сурч, мэдэж, бүтээхийг хичээж байна даа. Хүний амьдралын хамгийн чухал, юугаар ч орлуулшгүй нандин зүйл нь гэр бүл. Тэр дундаа халуун дулаан уур амьсгалтай, хүүхдийн инээд цалгисан гэр бүл байдаг. Тиймээс амьдралын минь утга учир болсон үр хүүхдүүд минь эрүүл саруул, аз жаргалтай байгаасай гэж байнга залбирдаг. Монголын нийт бяцхан үрс үргэлж ээж, аавтайгаа хамт байж инээд хөөрөөр бялхаж явах болтугай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна.

О.Ариунцэцэг

Эх сурвалж: Өдрийн сонин

Бусдын машиныг эвдэх шахсан шатахуун түгээх газруудын цаад эзэд хэн бэ
Бусдын машиныг эвдэх шахсан шатахуун түгээх газруудын цаад эзэд хэн бэ
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.