Сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсантай холбоотойгоор намууд жижиг 76 тойрогт аль ялах магадлалтай кандидатаа илгээхээр бэлтгэл базааж байна. Намууд сонгуульд нэр дэвших эрхмүүдээ маргааш гэхэд бүрэн тодруулж дууссан байх учиртай.
Тиймээс өнөөдөр намуудын удирдах дээд шатны байгууллагууд хуралдаж асуудлыг хэлэлцэнэ. Үүнээс хамгийн их сонирхол татаж буй нь АН-ын эрх барих дээд байгууллага болох ҮЗХ-ны хурал юм. Зарласан тов ёсоор бол ҮЗХ өнөөдөр 18.00 цагаас Төрийн ордонд хуралдаж нэр дэвшигчдийн асуудал болон бас бус асуудлуудаа хэлэлцэхээр төлөвлөжээ.
З.Энхболдын намын даргын хувьд зохион байгуулж чухал асуудал хэлэлцсэн анхны ҮЗХ болж магадгүй
УИХ-ын дарга З.Энхболд өнгөрсөн 2014 онд арваннэгдүгээр сард АН-ын даргаар томилогдсон. Тэр цагаас хойш ҮЗХ-г зарлаж хуралдуулахгүй байж байгаад өнгөрсөн нэгдүгээр сард Ерөнхий сайдыг огцруулах асуудалтай холбоотойгоор анх удаа намын даргын хувиар ҮЗХ-г хуралдуулахаар зарласан юм. Гэтэл "Алтангадас" тэргүүтэй АН-ын зарим фракциуд эрх мэдлийг хуваарилалтад гомдоллож, намын даргын асуудлыг булаацалдсандаа уг хурлыг бүтэлгүйтүүлсэн. Тодруулбал, намын дарга нь хоосон танхимд хоёр цаг гаруй хүлээсэн ч ҮЗХ-д саналын эрхтэй 230 орчим гишүүнээс ердөө 70 орчим нь л ирсэн. Тодруулбал, "Шонхор", "Ардчилсан хүчний холбоо"-ныхон л хүрэлцэн ирсэн. Харин "Алтангадас" тэргүүтэй "Нэг ардчилал", "Кроун", "Чандмань" гэх мэт фракцийнхан ирээгүй. Тэгвэл энэ удаагийн ҮЗХ-д сонгуульд хэн хаана нэр дэвшихээ шийдүүлэх гэж байгаа учраас ҮЗХ-г ямар нэгэн аргаар хуралдуулах нь тодорхой гэж эх сурвалжууд мэдээлж байна. Тиймээс АН-ынхан хэдийгээр намын даргаа муухай харагдуулах санаатай байгаа ч энэ нь хоосон хоцрох аюулыг араасаа дагуулж буй учир яалтчгүй цуглахаас өөр аргагүй гэнэ.
З.Энхболдын АН доторх "бяр" өнөөдөр л мэдрэгдэнэ
Өнгөрсөн хугацаанд фракциудаа "базах" тактик нь хэтэрхий чангадаж намын нөхөд нь З.Энхболд даргадаа дургүй болсон хэмээн зарим хэвлэлүүдээр бичсээр удлаа. Нээрээ ч даргынхаа шийдвэртэй АН-ынхан нууцхан тэмцсээр ирсэн. Тэгвэл энэ асуудал үнэний ортой эсэх нь өнөөдөр болох ҮЗХ-ны хурлаас тодорхой болно. Учир нь намын даргын хувиар шийдэх асуудал өнөөдөр маш олон байгаа. Хамгийн эхэнд сонгуульд нэр дэвших эрхмүүдийг хэрхэн хаана хуваарилах нь З.Энхболд даргын шийдвэрээс ихээхэн хамаарах нь тодорхой. Харин үүнийг нь бусад фракцийнхан нь хэрхэн хүлээж авах бол гэдэг нь сонирхол татаж байна. Нэн түрүүнд МҮАН-аас сонгуульд Өвөрхангайд нэр дэвшүүлнэ хэмээн амлаж авч ирсэн Н.Батцэрэгийн асуудлыг З.Энхболд дарга эцэс болгох болно. Өвөрхангайд төрж өссөн Н.Батцэрэг сайдыг МҮАН-аас сонгуульд өрсөлдөх квот өгнө хэмээн намдаа татсан ч түүнийг нь Өвөрхангай намын хороо нь эсэргүүцэж "Нутгийн буянт" ХХК-ийн захирал Л.Бат-Орших, "Масс медиа" группын захирал Ч.Даваабаяр, АН-ын бүлгийн ажлын албаны дарга С.Дэмчиг нарыг нэр дэвшүүлэхээр урдчилсан байдлаар тохирлоо. Харин энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх нь З.Энхболдын гарт байгаа юм.
Дараагийн нэг асуудал нь С.Баярцогтыг нэр дэвшүүлэх эсэх асуудал юм. Хэдхэн хоногийн өмнө З.Энхболд дарга "оффшор данстай хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй" хэмээн намуудад уриалга тараасан. Тэгвэл "Алтангадас"-ын хүн гэгддэг С.Баярцогтыг Сэлэнгэчүүд лхагва гарагт намын хороогоо хуралдуулаад 100 хувийн саналаар нэр дэвшүүлэхээр болсон. Эцсийн шийдвэрийг ҮЗХ-ны хурлаас гаргана. Харин өнөөдөр ҮЗХ-ны хурал дээр З.Энхболд даргын үг ямар үнэ цэнэтэй болох нь харагдах болно. Ер нь л өнөөдөр З.Энхболдын үүрэг, нэр нөлөө "бяр" намдаа хэр хэмжээнд байгаа нь мэдрэгдэнэ.
Урд хожид байгаагүй хамгийн их "бужигнаантай" ҮЗХ-ны хурал болно
Өнөөдрийн ҮЗХ-ны хурлыг нэлээд ширүүн болно гэдгийг эх сурвалжууд бүгд нэгэн дуугаар хэлж байна. Учир нь сонгуулийн өмнө зохиогдож нэр дэвшигчдийг тодруулах ажиллагаа хэлэлцэх учир дотоодын тэмцэл нь туйлдаа хүрч болзошгүй аж. Хаалттай үргэлжлэх уг хурлын дараа АН-ынхан нэг бол эвлэрч асуудлыг эвээр шийднэ. Эсвэл фракци хооронд нь "гал дүрэлзэж" тал бүр тийшээ тарж одох магадлалтай. Гэхдээ сонгуулийн өмнө гэдэг утгаараа намын дарга нь аль болох асуудлыг эвээр шийдэх зарчим баримтлахыг намын гишүүддээ анхааруулсан гэнэ. Мөн үүний хажуугаар фракциуд нь өөрсдийн хүссэн тойрогтоо мандат олж авахын тулд их багагүй намын удирдлагууддаа шахалт үзүүлж яваа. Тиймээс энэ удаагийн ҮЗХ-ны хурал магадгүй АН-ын бүх цаг үеийн хамгийн бужигнаантай, сенсаацитай хурал болох бололтой.
МАХН-ын сайд нарыг "хөөж" гаргахаар болсон Ерөнхий сайдын шийдвэрийг хэлэлцэнэ
Ерөнхий сайд өнгөрсөн даваа гарагийн ЗГ-ын чуулганы ээлжит хуралдааны үеэр МАХН-аас засагт байгаа сайд нарыг гаргах болсоноо зарласан. Үүний маргааш нь УИХ-ын даргын зөвлөл хуралдаад чуулганыг ирэх сарын 23-ыг хүртэл хойшлуулсан. Чуулган хойшлуулах болсон олон шалтгаан бий. Тэднээс хамгийн том нь МАХН-ын сайд нарыг чөлөөлөх асуудал юм. Тэгвэл өнөөдрийн ҮЗХ-ны хурлаар хэлэлцэх бас нэг чухал асуудал нь энэ юм. Хамгийн сонирхолтой нь эх сурвалжуудын мэдээлж буйгаар МАХН-ын сайд нарыг чөлөөлөх асуудал дээр намын дарга З.Энхболд болон Ерөнхий сайд нар зөрчилдөөд байгаа билээ. Хэрвээ чуулганаар уг асуудлыг хэлэлцсэн бол ганцхан МАХН-ын сайд нарын асуудал биш засгийн асуудал бүхэлдээ яригдаж ч болзошгүй болсон тул З.Энхболд дарга самбаачилж чуулганыг сэм хойшлуулсан гэх.
Дээрхтэй холбоотойгоор З.Энхболд болно Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хоёрын харилцаа улам л "хүйтэрсэн". Өнөөдөр тэд зөрчилөө шийдвэрлэсэн үү, үгүй юу гэдэг нь харагдана.
Г.Лхагваа
Zaluu.com