Улс орны эдийн засаг өдөр өдрөөр муудаж, түүнийг дагаад ард түмний амьдрал доройтсоор байна. Ийм цаг үед л улстөрчдийн сонгуулийн сунгаа эртнээс эхэлдэг юм байна. 2016 оны УИХ-ын сонгуулийн сунгаа аль хэдийнэ эхэлж улстөрийн намууд төдийгүй улстөрчид хаанаас нэр дэвшихээ бодоод, шаналаад эхэлсэн нь нууц биш. Ялангуяа 2016 онд намын жагсаалтаар орох “шаанс”-гүй гишүүд сандарч буй. УИХ-ын гишүүн О.Баасанхүү гэхэд 2015 он гараад Чингэлтэй дүүрэг рүү гүйдэлтэй болов.
УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга болсон нь иргэдээс өргөдөл ирсэн нэрийдлээр зарим Засаг даргатай тооцоо бодох тухай сэдлийг нь өгсөн бололтой. Хэн ч уриагүй, гуйгаагүй байхад УИХ-ын гишүүн Г.Уянга, Г.Баярсайхан нартай мөчөөрхөж Чингэлтэй дүүрэгт ажиллаж цэцэрлэг, сургуулийн ажилтнуудтай нь хүчээр шахам уулзалт зохион байгуулсан гэдэг. Дараа нь, дүүргийн Засаг дарга Д.Ганболдыг Төрийн ордонд дуудаж сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ муу байна гэж томорсон сурагтай. Нөгөөх нь ч мөчөөгүй өгөөгүй бололтой “Та манай дүүргээс сонгогдоогүй байж иргэдтэй уулзаж бужигнуулах хэрэггүй. Бид асуудлаа таньгүйгээр шийдчихнэ. Дүүргийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэг барих эрх хуулиар хомс. Гэвч бид болмжоороо ажлаа хийж байна” гээд хэлчихсэн юм даг уу. Энэ нь эрхэмгишүүний гэдэнг хөдөлгөжээ. Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 2012 оны сонгуулиар ганцхан Чингэлтэйд л Монгол Ардын Намаас нэр дэвшигчид Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 35 суудлаас 22-ыг нь авч засаглах эрхтэй болсон. АН-аас 11, МАХН-аас хоёр төлөөлөгч сонгогдсон. Тиймээс Чингэлтэй дүүрэг сэтгэлд нь багтаж, Засаг даргыг нь “шалгалт оруулна” хэмээн гоочлоод эхэлж. Тэрээр саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “ Чингэлтэй, Баянзүрх, орон нутгийн сургуулиудаас өргөдөл ирсэн.
Улмаар тухайн өргөдлүүд дээр ажиллаж байхад Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ганбат хариуцлагагүй хандсан. /Уг нь Ганбат биш Ганболд/ Та Чингэлтэйд битгий ажиллаад байгаач. Манай тойргоос гараагүй байж” гэх зүйл ярьсан. Би ийм хариуцлагагүй ярьдаг Засаг даргыг анх удаа харж байна.Бид иргэдээс ирсэн өргөдлийн дагуу Хан-Уул, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг дарга дээр шалгалт оруулна” гэжээ.
Хэдэр, ёдроороо алдартай УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нэгэнтээ “ З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү нар пропорцианоль тогтолцооны том алдаа” гэсэн нь худлаа онош биш гэдгийг өөрсдөө нотолсоор өнөөг хүрсэн. 2016 онд О.Баасанхүү УИХ-д жагсаалтаар сонгогдох боломжгүй учраас Чингэлтэй дүүргээс нэр дэвшихээр эртнээс тандаж буй нь энэ. Чингэлтэй дүүргийн Шадивлингийн аманд Мод тарих үндэсний өдрөөр 1000 гаруй хүнийг 10 гаруй автобусаар зөөвөрлөн мод тариад. Миний Чингэлтэй, Манай Чингэлтэйчүүд хэмээн саймшран гүйгээд байгаагийн цаад шалтгаан 2016 оны УИХ-ын сонгууль.
Ч.Дорж