Ж.Отгонбаяр: Чадамжгүй, үрэлгэн засгийн газартай манай улс деполт зарлахад ойрхон байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
11 минут 27 секунд
Ж.Отгонбаяр: Чадамжгүй, үрэлгэн засгийн газартай манай улс деполт зарлахад ойрхон байна

Ж.Отгонбаяр: Чадамжгүй, үрэлгэн засгийн газартай манай улс деполт зарлахад ойрхон байна

-Шатахууны үнийг бууруулах нэрээр ОХУ геополитикийн дарангуйлал, хүчирхийллээ манайхаар дамжуулж хийж байна-

Парламент телевизийн захирал Ж.Отгонбаяртай ярилцлаа.

-Та Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байна вэ?

-Үнэндээ төр засгийн удирдлагууд өнгөн дээрээ төсвийн мөнгийг хэмнэх талаар ярьж байгаа боловч үйлдэл нь дандаа түүнийхээ эсрэг явж байна. Ямар нэгэн ажлыг гүйцэтгэхдээ цаг хугацааг нь төлөвлөж хэрэгжүүлдэг. Гэтэл Засгийн газраас олон томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр амласан ч түүнийгээ хийж хэрэгжүүлэх цаг хугацаагаа морь уралдуулж, бөх барилдуулж найр наадам хэсэж өнгөрүүлж байна. Ямар ч хөгжил, дэвшил байхгүй шил шилээ дарсан аймаг, сумдын ой тэмдэглэдэг л ажилтай болж. Монгол Улс өнөөдөр гадаадаас их хэмжээний инфляц худалдан авч байна. Үүнээс үүдэн ес болон 10 дугаар сард манай улсад эдийн засгийн ноцтой хямрал нүүрлэж, деполт зарлах орны тоонд орчихсон байгаа гэдгийг эдийн засагчид анхааруулж байна. БНХАУ-д инфляц 2.5 хувьтай буюу 10 мянган төгрөгийн өртөгтэй бараа 10250 байхад манайд 20000 төгрөгийн үнэтэй буюу БНХАУ-аас 50 дахин их инфляц нүүрлэчихсэн. Гэтэл үүний эсрэг авч хэрэгжүүлж байгаа дорвитой арга хэмжээ алга.

-Инфляцийн хэмжээ бодит байдал дээр 20 хувь хол гарчихсан гэдгийг эдийн засагчид хэлж байгаа. Энэ хэвээр байдал үргэлжилбэл, энэ намраас ямар хүндрэлүүд ажиглагдах бол?

-Үнэндээ олон улсын төсөл хөтөлбөрүүд дээр ажилладаг, мэргэжлийн өндөр түвшний эдийн засагчид бодит байдал дээр инфляц 35-40 хувьд хүрчихсэн гэдгийг хэлж байгаа. Энэ хэмжээгээр худалдан авах чадваргүй болно. Тун удахгүй бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагаа нээгдэхтэй холбоотой бүх төрлийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, хичээллийн хэрэгслийн үнэ, хүүхдийн формын үнэ 1-2 дахин нэмэгдчихсэн байвал гайхах зүйл байхгүй. Иргэд энэ үед Засгийн газарт бодит шаардлага хүргүүлж, огцруулах хүртэл талбай дээр жагсахыг ч үгүйсгэхгүй. Засгийн газар хандалт сайтай хэвлэл мэдээллийн байгууллагатай хаалтын гэрээ байгуулчихсан, өөрсдийгөө инфлүүсэр хэмээн нэрлэсэн олны танил хүмүүсийг бүгдийг худалдаад авчихсан. Амьдрал асуудалгүй байгаа мэтээр жүжиг тоглуулж байна. Ийм чадамжгүй, үрэлгэн Засгийн газартай манай улс деполт зарлахад ойрхон байна.

-Засгийн газраас инфляцийн эсрэг Үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлснээр тухайлбал цемнентийн үнэ буурсан шүү дээ?

-Төр хувийн бизнес эрхлэгчдийнхээ эрх ашигт халдаж, үйл ажиллагаа руу нь халддаг, нөлөөлдөг, булааж авдаг байдлаа үнэ тогтворжуулж байна, үнийн өсөлтийн эсрэг гэх мэтээр халхавчилж байна л даа. Үнийн хөөрөгдлийн эсрэг дайн зарлана гэх сүртэй мэдэгдлийн цаана төр хувийн хэвшлээ дээрэмдэж, тонож, дампууруулж, чөлөөт эдийн засгийг дампууруулах алхмууд хийж байна.

Тухайлбал, Хөтөлийн цементийн үйлдвэрийг төр булааж авсан. Хувийн болон төрийн хэвшлийн цементийн үнэ зах зээл дээр яг ижил байгаа. Энэ бол хэлбэр төдий, хоосон уриалга лоозон төдий зүйл. Нөгөө талд нь төр хувийн хэвшлээ дэмжинэ гэж итгээд зээл авчихсан ААН олон бий. Үүрэн телефоны компаниуд шударгаар өрсөлдөж хэрэглэгчдээ урамшуулах замаар өрсөлдөж байна. Яг үүнтэй ижил бизнес зах зээлийн зарчмаараа л явах ёстой. Төр ямар нэгэн байдлаар оролцоод эхлэхээрээ л хувийн хэвшлээ дампууруулж, эргээд тухайн эрэлтээ хангаж чадахгүй нөхцөл байдал үүснэ. Засгийн газрын барьж байгаа бодлого нь иргэдийнхээ амьдрал, амьжиргааны эсрэг л байна. Тухайлбал,АИ-92 шатахууны үнийг он дуустал тогтворжуулахын оронд дизель түлшнийхээ үнийг бууруулах хэрэгтэй байна.

Нөгөө талаас саяхан ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров айлчлах үеэр манайхаас АИ 92 шатахуун авах 100 гаруй сая ам доллар урьдчилж өгөх санал тавьсан. Харин С.В. Лавров зөвшөөрөөгүй. Харин зөрүүд нь манайд ОХУ шат дараатай стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн ажлууд хийхээр тохиролцсоны үндсэн дээр зөвшөөрсөн байх. Энэ ажлын хамгийн эхнийх нь ОХУ манайд цэргээ оруулж ирсэн явдал.

-Гадаад харилцааны сайд өчигдөр энэ талаар хэлэхдээ хамтын ажиллагааны хүрээнд хамтарсан бэлтгэл хийж байгаа хэмээн мэдэгдэж байсан. Түүний мэдээлэл танд итгэл төрүүлэхгүй байна уу?

-Би иргэн хүнийхээ хувьд хардах эрхтэй. Цэргийн хамтын ажиллагааны хамтарсан бэлтгэлийг хийгээгүй бол манай АИ 92 шатахууны үнийг бууруулах саналыг Оросын тал хүлээж авахгүй л байсан болов уу. ОХУ шатахууны хэрэглээгээр манай судсыг барьчихсан. Тийм учраас шатахууны үнийг бууруулах нэрээр ОХУ геополитикийн дарангуйлал, хүчирхийллээ манайхаар дамжуулж хийж байгаа. Тухайлбал, дэлхийн улс орнууд сургууль, цэцэрлэг, эмнэлгийн байгууллагыг хайр найргүй бөмбөгдөж, гэмгүй олон мянган хүүхэд багачууд, иргэдийн амь насыг хохироож байгаа хүйтэн дайныг эсэргүүцэж, энх тайвныг уриалж ОХУ-ыг Украинтай хийх дайнаа зогсоохыг шаардаж байна. Цаашлаад эдийн засгийн болон олон төрлийн хориг арга хэмжээ авч байна. Гэтэл манайх хамтарсан сургуулилтыг ийм цаг үед хийж байгаа нь дайныг дэмжиж байгаа мэтээр дэлхий даяар эвгүй харагдаж байна. Энэ үйлдлийнхээ төлөө дэлхийн эдийн засгийн томоохон хоригуудад ороход бэлэн болчихлоо. ФАТФ-аас ирэх есдүгээр сард манайх руу хандсан анхааруулгууд ирэх байх хэмээн таамаглаж байна. Хоёрдугаарт, ОХУ болон Казахстаны асуудал хурцадмал байгаа. Учир нь Казахстаны ерөнхийлөгч ОХУ-ын ерөнхийлөгч В.И.Путины улаан нүүр рүү харж байгаад дайнаа зогсоохыг шаардсан. Энэ цаг үеэс Оросууд Казахстанд тааламжтай хандахаа больсон. Иймээс ОХУ Беларусьд цэргээ байршуулсантай ижил Казахстантай маш ойрхон хиллэдэг манай улсад цэргээ оруулж ирэх замаар тэдэнд сануулга өгөхийг оролдож байна. Танай улс руу монголоор дамжаад ороход ойрхон гэдгийг сануулсан цэргийн стратеги, геополитикийн л асуудал. Түүнээс огтхон ч Орос, Монгол цэргийн хамтарсан бэлтгэл огт биш. Засгийн газар АИ92 шатахууны үнийг бууруулах нэрээр улс орноо ОХУ-д тавиад туух биш ОХУ-аас санал болгосон үнээр нь авчихаад эдийн засгаа сэргээх хувийн хэвшлүүдээ тултал дэмжих ёстой. Тэгэхгүй он дуустал гал унтраах шийдвэр, хүүхэд чихрээр хуурч байгаа мэт бодлого бидэнд хэрэггүй.

-Эдийн засгаа сэргээхийн тулд гадаадын хөрөнгө оруулагчдыг олноор нь оруулж ирэх шаардлагатай байгаа гэдгийг хаа хаанаа хэлж байна. Харин орчин нөхцлөө ойлгомжтой болгож чадаж байна уу?

-Гадаадын хөрөнгө оруулалтын орчин нөхцлийг одоо болтол нээлттэй, ил тод болгож чадаагүй байна. Гадаадын хөрөнгө оруулагчид манайд хөрөнгө оруулъя гэхээр татварын олон шатлалууд бий. Яг аль шатлалаар нь явах нь тодорхойгүй. Нэг цонхны бодлого байхгүй. Хөрөнгө оруулагчдаа дээрэмдээд буцаагаад хөөгөөд явуулчихдаг хүмүүс нь одоо ч төрд байна. Тухайлбал, Хотын дарга байсан одоо Шадар сайдын алба хашиж байгаа С.Амарсайхан гадаадын хөрөнгө оруулалтын компанитай хамтарч төсөл хэрэгжүүлэхээр тохирчихоод төслийг нь худалдаж аваад, нөгөө хөрөнгө оруулагчаа хөөгөөд гаргачихсан асуудал арбитрын шүүх дээр хянагдаж байгаа юм билээ. Түүнчлэн манайх үргэлж хэлснээсээ буцдаг. Монгол төр нь эрсдэл хүлээх чадваргүй. Нэг талаас Оюутолгойн өрийг тэглэсэн нь сайн мэдээ мэт боловч нөгөө талаас гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээсэн үйлдэл.Энэ бол тэнэг хүүхдийн араншин. Манай улс гадныхны нүдэнд яах гээд байгаа нь тодорхойгүй, ойлгомжгүй хэвээр л байна. Хөрөнгө оруулалтынхаа орчин нөхцлийг тогтвортой, тодорхой болгож, гадаадын хөрөнгө оруулалтыг татаж чаддаг чадварлаг баг хамт олныг бүрдүүлэх ёстой. Монгол Улсад хэрэгжүүлэх томоохон төслүүдээ олон улсын зах зээлд шударгаар гаргаж ч тавихгүй бол хэн нэгэн дарга нь өөрийн эрх ашгаа гүйцэлдүүлэхийн тулд дараад хэвтчихдэг. Хоёрдугаарт, дундаж давхаргыг бүрдүүлж байгаа бизнесийн түүхтэй, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд Засгийн газар ямар ч эргэлзээгүйгээр бизнесийн зээлийг нь олгох хэрэгтэй. Тэгэхгүй бол хэн эрх мэдэлтэй нь бүх төрлийн зээлийг авдаг. Та бүхэн санаж байгаа бол хоёр жилийн өмнө УИХ-ын гишүүд болон тэдний хамаарал бүхий компаниуд ЖДҮХС-ийн зээлийг цөлмөсөн. Хөгжлийн банкнаас хэн зээл авав бас л мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүс л авсан. Жирийн нэг бизнес эрхлэгч, ААН-үүдийн төлөөлөл тэнд алга. Ийм байхад яаж хэрэглэгчээс үйлдвэрлэгч орон болох юм бэ. Ийм шударга бус тогтолцоог халах цаг болсон. Манай улсын эдийн засаг МАН-ыг тойрсон бүлгийг л тэжээдэг болчихлоо. Хаана ч МАН-ын угшил, гаралтай хүний тендер шалгарч, МАн-аас угшилтай хүмүүс ажилтай, орлоготой байна. Сүүлдээ зам барьсан ямар ч туршлагагүй цаасан дээрх компани замын тендерт шалгарснаас барьсан зам нь 10 минутын борооны ус даахгүй урсчихаж байна. Энэ бүхний цаана авлига, эрх ашиг л бий. Өнөөдөр улс эх орноо яаж хөгжүүлэхэд анхаарах биш Хэнтий аймгийн Бэрх тосгоныг хөгжүүлэхийг л зорьж байгаа нь эмгэнэл биз дээ.

“THE VOICE OF MONGOLIA” шоуны тайзан дээр ээжүүдийг төлөөлөн өрсөлдөх Б.Оюуг дэмжээрэй
“THE VOICE OF MONGOLIA” шоуны тайзан дээр ээжүүдийг төлөөлөн өрсөлдөх Б.Оюуг дэмжээрэй
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.