Авто худалдааны цогцолборт эхний ээлжинд машины худалдааг төвлөрүүлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
9 минут 35 секунд
Авто худалдааны цогцолборт эхний ээлжинд машины худалдааг төвлөрүүлнэ

Авто худалдааны цогцолборт эхний ээлжинд машины худалдааг төвлөрүүлнэ

Хотын төвлөрлийг багасгахын тулд нийслэлд байгаа авто машины худалдаа эрхэлдэг захуудыг энэ сарын 26-нд нээлтээ хийх "Авто худалдааны цогцолбор" руу нүүлгэхээр болсон. Уг ажлын хүрээнд нийслэлд зориулалтын бус газарт автомашин худалдаалж байгаа 22 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас аравдугаар сарын 1-ний дотор Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, 22-ын товчооны урд байрлах "Авто худалдааны цогцолбор"-т нүүлгэн шилжүүлэх ажлыг хийж дуусгасан байхыг үүрэг болгосон шаардах бичиг хүргүүлсэн. Үүнтэй холбогдуулан бид албаны хүмүүс болон автомашины худалдаа эрхлэгчид, худалдан авагчдын байр суурийг сонслоо.

 

"Авто худалдааны цогцолбор" ОНӨААТҮГ-ын маркетингийн менежер О.Цэлмэг: 30 хувь нь худалдаалагдсан байгаа

-Авто худалдааны цогцолбор хэзээнээс ашиглалтад орох вэ. Нийт хэдэн автомашины зогсоолтой вэ?

-Авто худалдааны цогцолбор 6375 авто машины зогсоолтой. Энэ нь одоогийн байдлаар нийслэлд худалдаалж байгаа бүх автомашиныг төвлөрүүлэх хэмжээний хүчин чадалтай гэсэн үг. Бид нар энэ сарын 26-нд нээлтээ хийхээр төлөвлөж байгаа. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нар нийслэлд үйл ажиллагаа явуулдаг техникийн захуудаар явж ирэх сарын 1-нээс өмнө нүүх тухай мэдэгдэл тараасан байгаа.

-Худалдаа эрхлэгчид заасан хугацаанд багтаж нүүхгүй бол яах вэ?

-Шаардлага биелүүлээгүй иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, эсхүл түүнийг 2-3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, Албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох тухай Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас тараасан шаардлагад нь тусгасан байгаа.

-Зөвхөн машины худалдаа эрхлэгчид нүүх юм уу. Сэлбэгийн худалдаа эрхлэгчид яах вэ?

-Эхний ээлжид авто машины худалдааг төвлөрүүлнэ. Харин дараагийн ээлжид сэлбэгийн худалдаа эрхлэгчдийг төвлөрүүлэх төлөвлөгөөтэй байгаа. 

-Яг хэзээнээс сэлбэгийн худалдааг авто худалдааны цогцолбор руу нүүлгэх вэ?

-Одоогоор яг хэзээ гэдэг нь тодорхой болоогүй байна.

-Нийслэлийн хэмжээнд ил задгай автомашин худалдаалдаг хэдэн цэг байдаг вэ?

-Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар өнөөдрийн байдлаар том жижиг нийлсэн 102 авто машин худалдааны цэгүүдэд шаардлага хүргүүлсэн. 

-Худалдан авагчид Авто худалдааны цогцолбор руу яаж явах вэ?

-Хуучин 22-ын товчооноос “Авто Худалдааны Цогцолбор” руу холбогдсон 24 метрийн өргөнтэй, 1.5 км урттай авто замыг барьж ашиглалтад оруулсан. Нийслэлийн тээврийн газраас цогцолборт хүрэх нийтийн тээврийн  газраас төлөвлөлт хийгээд шинэ маршрут гаргаад автобусны эцсийн болон дундын буудлуудыг барих ажил хийгдэж байгаа. 

 

-Зогсоолын зарах үнэ болон түрээсийн үнэ хэд байх вэ?

-18м2 зогсоол 4 сая, 72м2 хэмжээтэй хүнд даацын тэрэгний худалдааны зогсоол нэг нь 9 сая төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байгаа. Одоогийн байдлаар зогсоолыг түрээслэнэ гэсэн тогтоол гараагүй байгаа. Тийм учраас бид нар зогсоолыг зөвхөн худалдаж байгаа. Худалдаж авсан зогсоол маань тухайн худалдаж авсан иргэнийхээ өмч нь болно гэсэн үг.

-Энэ их хямралын үед бэлэн мөнгө төлөөд зогсоол худалдаж авах боломжтой хүн цөөхөн байгаа байх?

-Энэ нь шууд бэлэн мөнгө гаргаад зогсоол ав гэж байгаа юм биш шүү дээ. Хэрэв 3 зогсоол авах гэж байгаа бол нэг зогсоолоо бэлэн мөнгөөрөө аваад 2 зогсоолынхоо мөнгийг банкны лизингт хамрагдаад төлөх боломжтой. 10 жилийн өмнө "Өгөөмөр" зах байгуулагдахад сэлбэгийн контейнер 3 сая төгрөг байсан. Харин одоо 30 сая болчихсон байгаа. Тэр бол үл хөдлөх хөрөнгө биш. Тэгсэн хирнээ үнэ цэнэ нь маш хурдан өссөн. Харин манайх бол үл хөдлөх хөрөнгө гэдэг утгаараа тэр хүний насан туршийн ажлын байр, амьдралын баталгаа, үр хүүхдэдээ өвлүүлэх өв хөрөнгө болно гэдэг утгаараа жилээс жилд үнэ цэнэ нь өснө гэдгийг сайн ойлгох хэрэгтэй.

-Одоогоор авто зогсоолын хэдэн хувь нь худалдаалагдсан бэ?

-Бараг 30 хувь нь худалдаалагдсан байгаа.

            "Да хүрээ" захын машины худалдагч Б.Сүхбаатар: Худалдаачид их дургүй байгаа

Машины худалдаачдад ирэх сарын 1-нээс өмнө нүү гэсэн мэдэгдэл хүргүүлсэн гэсэн танд тийм мэдэгдэл ирсэн үү?

-Ирсэн. Гэхдээ зөвхөн автомашин худалдаалдаг хүмүүст л мэдэгдэл ирсэн.

-Таны хувьд заасан хугацаанд нүүх боломжтой юу?

-Хаалга үүдийг нь бариад хөөвөл нүүх л байх даа. Гэхдээ хөөлөө гээд шууд тийшээ очих хүн ховорхон доо. Би ч гэсэн шууд очихгүй.

-Яагаад?

-Миний хувьд сэлбэгийн худалдаатайгаа хамт нүүсэн нь дээр гэж бодож байгаа. Учир нь зөвхөн машиныг нь явуулаад дараа нь сэлбэгийг нь явуулбал нэг хэсэгтэй зүгшрэхгүй, ашиггүй ажиллан гэсэн үг. Худалдан авагчдад ч гэсэн машин авах гэж тийшээ оччихоод дахиад сэлбэгээ авах гэж хотын нөгөө зах руу явна гэдэг хүндрэлтэй шүү дээ. Ядаж зун байсан бол өөр шдээ. Одоо хүйтэрч байхад нүү гээд байгаа болохоор худалдаачид их дургүй байгаа. 

            "Да хүрээ" захын машины худалдаачин Г.Мөнх-Од:  Манай захыг нүүлгэвэл дагаж нүүх боломжтой хүн ховорхон

-Техникийн захуудыг ирэх аравдугаар сарын 1-н гэхэд нүүх мэдэгдэл өгсөн гэсэн. Энэ хугацаанд нүүх бүрэн боломжтой юу?

-Боломжгүй. Би “Да хүрээ” захад есөн жил ажиллаж байна. Энэ зах бидний амьдралын эх үүсвэр учраас хотын зах руу нүүлгэхийг дэмжихгүй. Бид эндээс нүүвэл ашиггүй ажиллана. Таван төгрөгийн ашиг харж л энд зогсдог. Иймээс өдрийн турш хүн хүлээж суух бодолгүй байна. Манай захыг нүүлгэвэл дагаж нүүх боломжтой хүн ховорхон байх. Тиймээс олон хүн ажлын байргүй болж болзошгүй. Бас манай машины худалдаачдад бэлэн мөнгө төлөөд зогсоол худалдаж авах боломжтой хүн цөөхөн шүү дээ. 

-"Авто худалдааны цогцолбор"-ын удирдлагуудаас та нартай уулзаж, энэ талаар зөвлөлдсөн үү. Зогсоолын асуудлыг яаж шийдвэл аль аль талдаа ашигтай гэж үзэж байна вэ? 

-Үгүй. Уг нь бидэнтэй уулзаж энэ талаар ярилцах хэрэгтэй л дээ. Гэтэл хэн ч бидний саналыг асуугаагүй. Энэ чиглэлийн бизнес санхүүгийн хувьд эрсдэл өндөртэй. Засгийн газраас хэрэгжүүлж буй татварын бодлого, эдийн засгийн үзүүлэлт, иргэдийн худалдан авах чадвар болон валютын ханшийн өсөлт зэрэг нөлөөлдөг. Ченжүүд зарим сард орлого сайн байхад зарим сард огт орлогогүй байх жишээтэй. Тиймээс зогсоолын төлбөрийг багасгах аль эсвэл урт хугацааны хүүгүй лизингээр зарах хэрэгтэй. Ингэж болохгүй гэвэл түрээсээр ашиглуулах тал дээр ярилцах хэрэгтэй байна. Энд байгаа худалдаачдын 90 гаруй хувь нь түрээсээр зогсдог. 

"Да хүрээ" захын худалдан авагч Т.Алтанабагана:

-Энэ бодлогыг дэмжиж байна. Хотын ачаалал багасаад түгжрэх нь ч бага болно шүү дээ. Машин авах хүсэлтэй хүмүүс нь зорьж очоод,  сонголтоо хийсэн нь илүү дээр. Тэгээд ч нэг газраа төвлөрвөл худалдан авагчдад сонголт ихтэй болно. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад ч яг ийм аргаар замын ачааллаа багасгадаг. Тиймээс манай улс ч гэсэн энэ бодлогыг хэрэгжүүлэх нь болохгүй гэх зүйлгүй гэж бодож байна.

"Да хүрээ" захын ойролцоо амьдардаг Б.Баттулга: Нэг газраа төвлөрчихвөл ийш тийшээ явахгүй амар санагдаж байгаа

-"Да хүрээ" захаас болж орой ажлаа тараад гэртээ харихад хэцүү байдаг. Хэдэн цаг түгжирч байж гэртээ харина. Манай гэр Да хүрээ захын хажууханд байдаг. Хүүхдээ сургууль, цэцэрлэгээс нь аваад харих замд ачаалал нь эхэлдэг. Нөгөө худалдаачид нь ажлаасаа буух үе, худалдан авагч нар нь захаас гарах үе бүгд зэрэгцдэг учраас тэр. Машины сэлбэгийг ч гэсэн нэг дор байлгасан нь дээр. Нэг сэлбэг авах гэж хотыг бүтэн тойрох хэрэг гардаг. Авто плазад ирээд байхгүй бол өгөөмөр орно. Бас байхгүй бол Шархад орно гээд энэ тэрүүгээр их явна. Харин нэг газраа төвлөрчихвөл ийш тийшээ явахгүй амар санагдаж байгаа.

Т.Болормаа

Сар бүрийн 9-нд их цэвэрлэгээ зохион байгуулна
Сар бүрийн 9-нд их цэвэрлэгээ зохион байгуулна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.