АРВАН НАЙМТАЙ МОНГОЛ НИСГЭГЧ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 39 секунд
АРВАН НАЙМТАЙ МОНГОЛ НИСГЭГЧ

АРВАН НАЙМТАЙ МОНГОЛ НИСГЭГЧ

Монголын нисэх хүчин байгуулагдсан түүхт 90 жилийн ой энэ онд тохиож буй. Бараг бүтэн зууны буурал түүхтэй энэ байгууллагад тоотой хэдэн эмэгтэй нисэгч төржээ. Анхдагч нь С.Ичинхорлоо, Б.Цэрэндолгор, Б.Цэвээндулам, Б.Надя нар. Тэд 1934 онд “ПО-2” онгоцоор анхны нислэгээ үйлдэж байжээ. Тэднээс хойш 1960 онд Ч.Дашдорж, Л.Гуахүү нар нисэгчдийн эгнээнд орж ирсэн бол тэдний араас Т.Осоргарав, Т.Сумъяа, хожим нь Л.Энхтуяа, Б.Энхмаа, Б.Солонго нарын бүсгүйчүүд нисэхийн салбарт нэрээ үлдээжээ. Тэгвэл сүүлийн 25 жилд төрөөгүй эмэгтэй нисэгчдийн халааг авахаар нэгэн монгол охин хилийн чанадад мэргэжил эзэмшиж байна.

Батбилэгийн Бат-Амгалан хэмээх энэ охин өдгөө 18 настай. 2011 онд ахлах сургуулиасаа АНУ-ын Калифорни мужийн Голета хотын Дос Паблос  ахлах сургууль руу шилжсэн тэрээр өнгөрсөн оноос ирээдүйн мэргэжил-Монголын нисэх хүчинд хүчний хаалгыг нээх алхмаа хийжээ.  Б.Бат-Амгалан охин өнгөрсөн оны наймдугаар сараас АНУ-ын Аризона мужийн Прескотт хотын Эмри-Риддийн нисэхийн сургуульд элссэн байна. Арван найман нас хүрээгүй, машин ч барьж үзээгүй хэрнээ яагаад агаарын хөлөг жолоодох сонголт хийчихэв гэдэг асуултыг түүний ойр тойрныхон байнга тавьдаг гэнэ. Гэвч охин шазруун зан гаргаж “Нисэгч бол ганц эрчүүдийн ажил биш” гэж хариулдаг аж. Одоо тэрээр Сесна-172С (Cessna 172S) онгоцыг нисэгч багшийн удирдлага дор хөөргөдөг. Ирэх аравдугаар сард бие дааж нисэх эрхээ авах гэнэ.

                                     “Алтан бүргэдүүд”-ийн нэг

 

 

Нисэх хүчин бол тэр бүр хэн нэгний эзэмшээд байх мэргэжил биш. Олон улсад энэ мэргэжлийг хамгийн өндөр үнэтэйд тооцдог аж. Тухайлбал, ОХУ нэг нисэгчийг 10 мянган ам.доллараар бэлтгэдэг бол АНУ 80-90 мянган ам.доллар зарцуулдаг судалгаа байна. Тэгвэл дэлхийд хамгийн үнэтэй мэргэжилд тооцогдох нисэгчдийг бэлтгэх АНУ-ын Эмри-Риддийн нисэхийн сургууль улсдаа хамгийн нэг хүндтэй бөгөөд 1926 онд байгуулагджээ. Тус сургуулийг төгссөн 40 мянга гаруй боловсон хүчин АНУ-ын болон гадаадын авиа компанид амжилттай ажиллаж байна. Тус сургууль шилдэг оюутнуудаас бүрдсэн “Алтан бүргэдүүд” нислэгийн багтай. Багийнхан хичээлийн болон хичээлээс гадуур зохиогдох төрөл бүрийн олон нийт, сургалт сурталчилгааны ажлыг удирдан явуулдаг бөгөөд гишүүддээ өндөр шалгуур тавьдаг юм байна. Манай охин ч тус багийн гишүүн болж чаджээ. Б.Бат-Амгалан энэ тухай “Багийн гишүүн болсноор миний нисэгч болох мөрөөдлийн нэг хэсэг биеллээ олсон. Учир нь “Алтан бүргэдүүд” баг хүүхэд бүрт нээлттэй ч маш их тэвчээр, хатуужил, мэдлэг чадварыг шаарддаг. Хувийн зардлаараа сурч байгаа миний хувьд тоо болон физикийн хичээлээ ахлах сургуульдаа урьдчилж судалснаараа хоёр хичээлийн төлбөрөө хэмнэж чадсан.  Мэдээж энэ мэргэжлийг хямд үнээр хялбар эзэмших боломжгүй тул би өөрийгөө дайчлан суралцаж, эх орныхоо нэрийг сургуульдаа үлдээхээр хичээж байна. Сургуулиа нэр төртэй төгсөөд Монголдоо очиж ажиллах чин хүсэлтэй” хэмээн хүүрнэж байна.

                                     Удам дамжсан нисэгчид

 

Хар залуугаараа харийн оронд хүнд мэргэжил эзэмшиж байгаа Б.Бат-Амгаланы хувьд нисэгч мэргэжил бол “удамшил” аж. Учир нь түүний өвөөгийнх нь аав Санжмятавын Лхагважав гэж Монгол Улсын гавьяат нисгэгч юм. С.Лхагважав гуай нисэгч, багш, онгоцны дарга, нислэгийн байцаагч, нисэх эксадриль болон хорооны дарга, дивизийн улс төрийн орлогч, нисэх төв буудлын дарга, Батлан хамгаалах яамны харьяа 109 дүгээр ангийн захирагч зэрэг нисэхийн салбартаа нэр хүндтэй албыг 40 гаруй жил хашиж явжээ. Тун удахгүй гавьяат нисэгчийн ач охин, Монголын нисэгчдийн эгнээнд удам дамжсан залуу эмэгтэй нисгэгч орж ирэх нь ээ.

 

 

Г.Зориг 

Ирэх хичээлийн жилд их, дээд сургуулиудын сургалтын төлбөр нэмэгдэхгүй
Ирэх хичээлийн жилд их, дээд сургуулиудын сургалтын төлбөр нэмэгдэхгүй
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.