Шинэ сайд нар юу хийж явна?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
6 минут 29 секунд
Шинэ сайд нар юу хийж явна?

Шинэ сайд нар юу хийж явна?

Засгийн газар бүл бүтэн байдлаар өчигдөр хуралдлаа. Өнгөрсөн долоо хоногийн Мягмар гарагт шинээр томилогдсон сайд нар тун чиг завгүй, төрийн ажил эмхэлж яваа талаараа өөрсдийн нүүр номоор дамжуулан тайлагнасаар долоо хонож байна.

Сайдын ажлаа тогтоолын төсөл батлагдангуут шуудхан чуулганы танхимаас хийж эхэлсэн сайд  ч буй. Тодруулбал, шинэ сайд нарын асуудлыг чуулганаар хэлэлцэх үеэр ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн  урд хөрш рүү хийх айлчлалын нислэгийн цаг тулсан. Иймээс аргагүй байдлаар зохицуулалт хийж, Шадар сайдаар томилогдоод 20 орчим минут болоод байсан Ц.Оюунбаатар тогтоолын төсөл батлагдсаны дараа суудлаа сэлгэн суухад хүрэв.

Улмаар тэр оройдоо ерөнхий сайдыг орлон гүйцэтгэгчийн хувиар шинэ сайд нарт тамгыг нь гардуулан өгч, хариуцлагатай сайн ажиллахыг ерөөгөөд, яамд руу илгээснээ зарласан. Шинэ сайд нар яам руу явах замдаа машин дотроосоо жиргэж, замын түгжрэл энэ тэр авах юмгүй байгааг, мөн түгжрэл дунд явж байж маяак асаадаг өөр нэгэн шинэ сайдаа муулаад авахаа ч мартсангүй.

За ингээд, өрөөгөө хүлээн авч, тоосонд дарагдаж гүйцсэн ерөнхийлөгчийн зургийг арын шкабнаас олж, ханандаа өлгөх зэргээр төрийн ажил ундарч өгсөн байгаа юм. Яахав энэ хооронд илтэд халаа сэлгээний мэдээлэл явсангүй. Учир нь, дэд сайдуудын асуудал хүлээгдэж байгаа.

Басхүү учирлаж хэлэхэд, зарим сайд нар нь илтэд халаа сэлгээ явуулахгүй, дажгүй сайн журамтай ажиллана гэдгээ яамдын дарга нарт амласан сураг бий. Тухайлбал, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан МАН-аас сонгогдсон Төрийн нарийн бичгийн даргаа халахгүй, сонгууль хүртэл хамтарч ажиллана хэмээн гар хөл барилцсан аж.

Шинэ сайд нараас хамгийн сүртэй байдлаар ажлаа явуулж буй нь М.Зоригт. Тэрээр сайд болонгуутаа фээсбүүкийн чаатаар ирсэн зам  тээврийн салбар дахь иргэдийн санал гомдлыг нүүр номондоо нийтэлж, эхний өдрөө тушаал гаргаж, 23:00 цагт гэртээ харив гэдгээ мэдэгдэв.

Түүнчлэн  08:00 цагт шуурхай зарлаж, албадын дарга нараа хүлээн ганцаар шахам сууж буйгаа нүүр номын найз нартаа уламжилж, яамныхаа гаднаас мөн цагтаа твиттерээр жиргэснээ ч илтгэв. Өчигдөрхөн сайдын шуурхай дээр МИАТ-ийн онгоцоор үнэгүй зорчсон  иргэдийн нэрсийг нээлттэй зарлах үүрэг өгч, онгоц тээврийн алдагдлыг нөхөх тодорхой ажлуудыг хийхээр болжээ.

Шинэ сэргэг байна гэдэг уг нь их сайхан. Алба авсан дарга нар эхэндээ ийм л байдаг. Төсвийн байнгын хорооны дарга байхдаа векселийн асуудлаар гацаалт үүсгэж, сайд асан Ж.Эрдэнэбатыг гайгүй сайн шаглаад авсан Б.Болор сайд л гэхэд өчигдөр хоёр ч хуулийн төсөл өргөн барив. Тэдгээр нь Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны тухай болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд.

Хуулийн төсөл батлагдсанаар төсвийн байгууллагуудын зардлыг хэмнэх, татварын зарим зардлыг Засгийн газрын нөөц сангаас санхүүжүүлэх шаардлагагүй болох бөгөөд эмнэлгийн, бүх шатны боловсролын, соёлын, биеийн тамир, спортын үйлчилгээ үзүүлдэг төсвийн байгууллагууд хандив, тусламжаа хугацаанд нь авах боломж бүрдэнэ гэж үзэж байгаа юм.

Сангийн яамны боловсон хүчний тогтолцоо илтэд муудаж байгаа шүүмжлэл сүүлийн үед яригдах болсон. Энэ талаар тус яамыг түшиж байсан гишүүд чуулганаар Б.Болор сайдад тухайлсан сануулга өгч байв. Ямартай ч энэ яамнаас халаа сэлгээ сонсогдохгүй байгааг онцлъё.

Шинэ сайд нараас хамгийн дуугүй байгаа нь З.Баянсэлэнгэ. Анхлан сайдад нэр дэвших үеэс  нь цагдаагийн хэргийн бүртгэгч төдийхөн хийж яваад Н.Энхбаярын төлөө өлсгөлөн зарласны дараа улс төрд орж ирсэн эмэгтэй гэх муу зүүсгэл дагасан. Гэсэн хэдий ч  76 гишүүнээс ганцаарахнаа гэр хороололд амьдардаг эл эмэгтэй барилгын салбарыг сайн удирдана гэж ташуур өгсөн нэгэн ч бий.

Ямартай ч байрны урьдчилгаа төлбөрийн 10 хувь, европ стандарт, сайдын гэнэтийн шалгалт гэхчлэн Д.Цогтбаатарын богино хугацаанд амжуулсан дэвшилтэт ажлуудыг зайлшгүй үргэлжлүүлэх шаардлага бийг онцлууштай.

Шадар сайд Ц.Оюунбаатарын тухайд одоогоор ямар ч халаа сэлгээ хийгээгүй байна. Шадар сайдын ерөнхий захиргаанд байдаг МХЕГ, ОБЕГ, ШӨХТГ-уудад  өмнөх сайдын сэлгээ хийгдэж, удирдлагууд нь У.Хүрэлсүхийн гарын хүмүүс байгаа. Тэрээр ажлаа авсан даруйдаа сайд нарын тамгыг гардуулах ёслолд ерөнхий сайдын орлосон Ц.Оюунбаатар сайд онцгой байдлын нэгэн арга хэмжээнд оролцсоноос өөр олны нүдэнд салбараа төлөөлж гараагүй байна.

Харин БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг ажлаа авсан даруйдаа яамны  бодлогыг орон нутагт хэрэгжүүлж буй салбарын удирдлагуудтай онлайн хурал хийгээд амжсан. Хууль тогтоомжийг хэрэгжүүлэн ажиллана гэсэн ерөнхий бөөрөнхий хариулт чуулганы танхимд өгч байсан Н.Батцэрэг сайдын хувьд салбарын бодлогыг ерөнхийд нь зангидаад явах чадалтай гэж олон нийт үзэж буй.

Сонгууль хүртэл ажил хийдэг хүнд зай ч байна. Лай ч байна. Тэднийг хэрхэн ажиллахыг цаашид харах л үлдлээ. Хамгийн тодорхой зүйл бол эдгээр яамд дээр Төрийн нарийн бичиг болоод бусад чухал албаны дарга нар солигдож байж, ажил үргэлжлэх нь тодорхой юм. 

Ж.Мядагбадам

Эх сурвалж: www.TODAY.mn
 
 
Найман сартай хүү эмчийн буруугаас болж нас барсан эсэхийг шалгаж байна
Найман сартай хүү эмчийн буруугаас болж нас барсан эсэхийг шалгаж байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.