Дүнгээ тавиулсан эрх баригчид 126 дээр бат зогсч чадах уу?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
6 минут 11 секунд
Дүнгээ тавиулсан эрх баригчид 126 дээр бат зогсч чадах уу?

Дүнгээ тавиулсан эрх баригчид 126 дээр бат зогсч чадах уу?

УИХ-ын даргын захирамжийн дагуу УИХ-ын гишүүд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар үндэслэл, шаардлагаа иргэдэд танилцуулахаар тойрогтоо ажилласан боловч соногчид нь 152 гэх тоог хүлээж аваагүй. Тиймээс ажлаа “муу” хийсэн гишүүд ахиад иргэддээ “загнуулахаар” энэ долоо хоногт орон нутагт ажиллана.

Зөвхөн УИХ-ын гишүүдийн тоог 152 болгох Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийг иргэд, олон нийт “дэмжихгүй” гэсэн санал гаргасан тул 126 гэдэг тоон дээр УИХ-д суудалтай гурван нам болох МАН, АН, ХҮН тохирсон. Үүнийгээ дахин иргэдэд танилцуулна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, та бүхний дэмжээгүй 152 гэдэг тоог бид бууруулаад 126 болгосон, яагаад 126 болгож байгаа үндэслэл, шаардлага, тохиролцооныхоо талаар дахин иргэдэд тайлбарлах үүрэг хүлээж буй.

Өмнөх уулзалтаар иргэдийн зүгээс Үндсэн хуулийн өөрчлөлт ярихаас илүү иргэдийн орлого буурсан, өргөн хэрэглээний барааны үнэ өссөн, тэтгэвэр тэтгэмж бага байгаад анхаарлаа хандуулахыг гишүүдэд сануулж, хатуухан үгээр тэднийг шүүмжилсэн байдаг. Тиймээс ч эрх баригчид 2023 оны төсөвт тодотгол хийж, хүүхдийн мөнгийг ялгавартай олгосон асуудлаа эргэж харах, цалин тэтгэврийн нэмэгдлийг судлахаар болсон. Иргэдийнхээ амьдралтай огт танилцдаггүй, мэддэггүй явсан улстөрчид гэнэт ухаарсан мэт Засгийн газар төсөвтөө тодотгол хийж, цалин, тэтгэвэр гээд иргэдийн тавьсан саналуудыг хийнэ, хэрэгжүүлнэ, судална гэх үгтэй хөдөөг зорьж байгаа аж. Гэхдээ одоогийн цаг үед төсөвтөө шууд тодотгол хийхэд, цалин, тэтгэврийг шууд нэмэх боломж байхгүй, Засгийн газарт. Тиймээс судална, хийнэ гэж хэлэхээс өөр гарц ч алга.

Эцэст нь эрх баригчид УИХ-д суудалтай Ардчилсан нам, ХҮН намынхан ярилцаж, тохиоллцож УИХ-ын гишүүдийн тоог 126 болгон санаачлагад нэгдсэн. Ингэхдээ одоогийн тойргийн зарчмаа хадгалж 76 нь тойргоос, 50 нь намын жагсаалтаар нэр дэвшүүлнэ гэсэн үг. Чухам 126 гэдэг тоог ямар үндэслэл, шаардлагаар гаргаж ирснээ “УИХ- д суудалтай гурван улс төрийн нам ярилцаад, АН-аас 60/40 байх ёстой гэдэг зүйлийг ярьсан. Тиймээс Ардчилсан намын саналыг хүлээн авч үзсэн. Мөн ХҮН намаас 50/50 байх ёстой гэсэн. Нэр цэвэр, шударга хүмүүсийг жагсаалтаар оруулах эрх зүйн орчныг бүрдүүлэх ёстой гэдэг саналыг хэлж буй. Бид ярилцаж байгаад УИХ-ын гишүүдийн тоог 126 болгоё, тойргоос сонгогдох нь 76 байна, хувь тэнцүүлсэн хэлбэрээр сонгогдох нь 50 байна гэдэг байдлаар УИХ-ын нэгдсэн чуулганд оруулж хэлэлцүүлэхээр боллоо. Намын бүлгүүд хуралдаж, ийм шийдвэрийг гаргасан” гэж тайлбарлаж буй. УИХ-д суудалтай гурван намын хувьд олон нийт дургүйцэж, УИХ-ын гишүүдийн тоог нэмэхийг дэмжихгүй байсан учраас ийн тоог нь бууруулж буй. Харин судлаачдын зүгээс анх боловсруулсан 152 нь шинжлэх ухааны үндэслэл, бодит тоо судалгаан дээр үндэслэж гаргаж ирсэн тоо бөгөөд олон нийтэд таалагдахгүй болонгуут шууд болгож болохгүй гэдгийг хэлж байгаа юм.

Улс төр судлаач Д.БУМЬДАРЬ:

-Ямар үндэслэлээр 126 байх ёстой талаар шинжлэх ухаанч тайлбар байхгүй байна. Нэг ёсондоо бид нар бодлого, шийдвэр гаргахдаа ямар байр суурь барьдаг, хөөсөрдөг эсэх нь харагдаж байна.Үнэхээр нийгмийн амьдрал, инфляци үнийн өсөлт иргэдэд дарамт болж байгаа нь бодит үнэн. Засахын тулд бид цаашдаа ямар хэлбэрээр засаглалыг үргэлжлүүлэх ёстой юм бэ. Ямар байдлаар иргэд хяналт тавих ёстой юм бэ гэдгийг бодитоор харах ёстой. Тэгтэл “иргэд дургүйцэж байгаа болохоор, манай тойргийнхон дургүй байна” гэх тайлбар харамсалтай сонсогдлоо. Тиймээс дараа, дараагийн шийдвэрийг гаргахдаа яагаад нийгэмд энэ асуудлыг зөвшилцөж чаддаггүй юм гэдгээ өөрөө, өөрсдөөсөө хариулт нэхэх цаг үе ирсэн байна. Шинжлэх ухаанчаар хандаж ирсэн улс орны хөгжил өөр байдгийг бид бүгдээрээ мэдэж байгаа. Магадгүй гишүүд тайлбарлахаас илүүтэй судлаачид, нийгмийн асуудалд чин сэтгэлээсээ санаа зовдог хүмүүс дуу хоолойгоо илэрхийлэхгүй бол өнөөдрийн нийгэм гаргаж ирсэн асуудлыг нэг бол дэмжих, нэг бол эсэргүүцэх гэсэн хоёр вариантаар хувааж байна. Ажлын хэсгийн хувьд 152-оос 126 руу “унагаж” байгаад бага зэргийн санаа амарч байна. Гэхдээ 60:40 гэдэг харьцаа илүү аюултай.

Дээгүүрээ тохирсон, тохиролцсон байж болох ч мэргэжлийн судлаачид олон нийт энэ удаад 126 гэдэг тоог нь хүлээж авах эсэх нь бас эргэлзээтэй байна. Таалагдахгүй, хүсэхгүй байна гэдэг шүүмжлэл ирвэл дахиад 126 гэх тоогоо 108, 99 дээр буулгах уу гэдгийг энэ долоо хоногийн гишүүдийн хийх уулзалтаас харагдана биз ээ. Гэхдээ тойргоо зорьсон гишүүд тооныхоо учрыг, шинжлэх ухаанч тайлбараа олигтойхон хийхгүй бол ахиад "зандруулаад", галын хайч ч үгүй буцаж ирэх вий!

News.mn

Ц.Элбэгдорж: “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбогдуулан надад ял тулгаж, яллах дүгнэлт үйлдлээ
Ц.Элбэгдорж: “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбогдуулан надад ял тулгаж, яллах дүгнэлт үйлдлээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.