У.ХҮРЭЛСҮХИЙН СҮРЖИГНЭЛ 83 НАСТАЙ ХӨГШНИЙ АМЬ ҮРЭГДСЭНЭЭР ТӨГСӨВ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
8 минут 42 секунд
У.ХҮРЭЛСҮХИЙН СҮРЖИГНЭЛ 83 НАСТАЙ ХӨГШНИЙ АМЬ ҮРЭГДСЭНЭЭР ТӨГСӨВ

У.ХҮРЭЛСҮХИЙН СҮРЖИГНЭЛ 83 НАСТАЙ ХӨГШНИЙ АМЬ ҮРЭГДСЭНЭЭР ТӨГСӨВ

-ТАЛИЙГААЧ “АВРААРАЙ, БОСГООРОЙ, БИ УНАЧИХЛАА. НАМАЙГ БОСГООД ӨГӨӨЧ” ХЭМЭЭН АМЬ ТЭМЦЭН ХАШГИРЧ БАЙЖЭЭ-

Талийгаач гэрээсээ хүүгээ дагуулаад гарахдаа “Энэ жил хэдэн хүүхдүүдтэйгээ Цагаан сарын баяраа сайхан тэмдэглэнэ. Манай тойргоос сонгогдсон Ж.Ганбаатар UB palace-д уулзалт хийж, гарын бэлэг өгөх юм. Надад урилга нь ирсэн. Том дэлгүүрийн эзэн юм чинь гарын бэлгэнд тавган дээр тавих чихэр, хэвийн боов өгөх байх. Хэдэн төгрөг хэмнэнэ гэсэн үг шүү дээ” гэж хэлээд гарсан гэнэ.

83 настай ээжийгээ Ж.Ганбаатар гишүүний гарын бэлгийг авах гэж яваад харамсалтайгаар амь насаа алдчихна гэж үр хүүхдүүд нь огт бодолгүй явуулсан нь тодорхой юм. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын тойргийнхоо ахмадуудыг хүлээж авах арга хэмжээ зохион байгуулалтгүй болсноос үүдэн 83 настай М гэх буурай харамсалтайгаар амь насаа алдсан юм. Тухайн үед юу болсон талаар бид нэхэн сурвалжилж уншигч та бүхэнд хүргэж байна. Баянгол дүүргийн иргэн Л.Батнасангаас цөөн асуултад хариулт авлаа.

-Та УИХ-ын гишүүн Ж. Ганбаатарын тойргийнхоо ахмадуудыг хүлээн авах уулзалтад очсон гэсэн. Мөн 83 настай хөгшин амь насаа алдах үед ойрхон байсан гэсэн үү?

-Үнэхээр харамсалтай, эмгэнэлтэй зүйл болж өнгөрсөн дөө. Хөөрхий талийгаач Цагаан сар болох гэж байхад харамсалтайгаар амь насаа алдчихлаа. Ж.Ганбаатар гишүүний урилгыг хүлээн авсан иргэд UB palace-д цагтаа цугларсан. Бид суудалдаа суучихаад л үйл ажиллагаа хэзээ эхлэх бол гээд л хоёр цаг гаруй хугацаанд хүлээсэн. 3000 гаруй хүнд урилга тараасан боловч 4000 орчим иргэн ирсэн гэх мэдээлэл гарсан байна. Тэр нь ч үнэн байх. Танхимд багтахгүй дүүрэн хүмүүс байсан. Хөгшин настай аав, ээжийгээ хүүхдүүд нь дагуулж очоод л хамт суугаад байсан. Олон хүний амьсгаагаар дотор маш бүгчим халуун байсан. Олон ч хүний даралт ихэсч, ойр тойрныхоо хүмүүсээс даралт буулгах эм асууж, зүрхний эм ууцгааж байх шиг байсан. Миний ч гэсэн зүрхний хэмнэл алдагдаж, хүүхдээ эм аваад ир гэж дуудсан. Хоёр цаг орчим хөл толгой нь мэдэгдэхгүй бужигнасан. Ингэж байтал ашгүй Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Ж.Ганбаатар нар ороод ирсэн. Бидэнд мэндчилгээ дэвшүүлж, олон минут үг хэлсэн. У.Хүрэлсүх цөөн хэдэн настанд гарын бэлэг гардуулж өгсөн. Ингээд нөгөө урилганы тоогоор сугалаа явуулах ажиллагаа эхэлсэн. Цөөхөн хүн сугалаанд мөнгө хожсон. Сугалаанаас болоод олон хүн бухимдаж эхэлсэн. “Ийм цөөхөн хүнийг сугалаанд шалгаруулах байсан юм бол яах гэж олон хүн мөнгө хожно гэж худлаа зар тараасан юм. Биднийг энд авчрах гэж л сугалаатай гэсэн юм байна. Хурдхан гарын бэлгийг нь аваад харих минь” гэцгээж байсан. Энэ үеэр үүд хэсэгт гарын бэлэг тараах ажиллагаа эхэлсэн. Тэр зүг рүү хөгшид бүгд дайрсан. Ёстой алалцаан болсон.

-Тэгээд юу болсон юм бэ?

-Бие биенээсээ бэлэг өрсөж авахын тулд хөгшчүүд ухаан мэдрэлгүй л дайрсан. Бие биенийгээ араас нь түлхээд л урагшаа зүтгээд байсан. Амар тайван зогсох ямар ч боломжгүй болчихсон. Арынхаа хүнд шахагдаад хөл ч газар хүрэхгүй шахам урагшилж байгаа юм. Энэ үеэр нэг настай хүн газар уначихсан байсан. Хүмүүсийн түлхэлцээнд босч чадахгүй хашгираад байгаа сонсогдсон. “Авраарай, босгоорой, би уначихлаа. Намайг босгоод өгөөч” гээд л амь тэмцэн хашгирах дуу сонсогдоод байсан даа. Талийгаач хөгшний дээр хүмүүс гишгэлсэн. Ингээд арай гэж хүн уначихсан байна гэж хашгирч байж үймсэн олныг зогсоосон. Харамсалтай нь талийгаач ам нь ангалзаж байгаад тэндээ амьсгал хураачих шиг болсон. Хөөрхий минь хүүгийнхээ нүдэн дээр газар унаж, бусдад толгой түрийгүй гишгүүлээд л байсан. Үүнээс болоод зүрх нь хаагдчихсан байх гэж бодоод байгаа. Монголчуудын амьдрал ямар дорой, ядуу байгаа нь эндээс харагдаж байгаа шүү дээ.

-Саяхан цахим орчинд хөгшчүүд дэлгүүрийн лангуун дээр байгаа амттан хараад шүлсээ залгиад зогсож байна гэх мэдээлэл гарсан. Хөгшчүүд уг нь тэтгэвэр авдаг биз дээ?

-Тийм ээ, тэр үнэн шүү. Тэтгэврийнхээ хэдэн төгрөгийг авсан ч амттай зүйлс аваад идэх мөнгөгүй л байна шүү дээ. Тэтгэвэр авч байгаа хүмүүсийн 80 гаруй хувь нь тэтгэврийн зээлийг хэдэн жилээр авчихсан. Үхэх, өвдөх ч эрхгүй явж байна. Дандаа үр хүүхдүүд нь тэтгэврийн зээлийг нь тултал авахуулчихсан байна шүү дээ. Ядаж байхад тэтгэврийн зээл авахад хүү нь маш өндөр. Ахмадын чөлөөт холбооны Г.Баасан уг нь энэ талаар овоо ярьдаг байсан. Сүүлийн үед таг чиг болсон байна. Тэтгэврийнхээ зээлнээс болоод Сар шинийн баярыг ч хийж чадахгүй олон хүн байна даа гэв.

2019 оны 01.26 UB palace-ийн үүдэнд яаралтай түргэн тусламжийн эмч байгаа нь

У.ХҮРЭЛСҮХ“АВЛИГАЧДЫГ ШОРОНД СУУЛГАНА. УУЛ УУРХАЙН БАЯЛГИЙГ ХУРААН АВЧ, ТА БҮХНИЙ ӨМЧ БОЛГОНО” ГЭЖЭЭ

Өнгөрсөн амралтын өдөр буюу бямба гаригт UB palace-д болсон ахмадын уулзалтад У.Хүрэлсүх оролцож үг хэлснийг товчилж хүргэе. Тэрбээр ахмад настнуудын амар мэндийг мэдчихээд “Би тэмцэл хийж байгаа. Улс эх орны баялгийг идэж байгаа бүлэглэл гэмт хэрэгтнүүдтэй тэмцэж байна. Би зарим үедээ хүчгүйдэж байгаа. Энэ үед иргэн та бүхний тус дэм итгэл чухал хэрэгтэй шүү. Газар доорх байгалийн баялгийг хэдэн гэр бүл хуваан идэх биш, жирийн иргэн та бүхэн ашиг хүртэх ёстой. Үүний тулд Салхит, Асгатын мөнгөний ордоос ажиллагаагаа эхэлсэн. Ажлын байрыг нэмэгдүүлж, иргэдийнхээ амьжиргааны түвшинг сайжруулах дорвитой ажил хийгдэнэ” гэх утга бүхий зүйлийг иргэдэд ярьжээ. Ёстой л сүржигнэж өгсөн гэнэ. Бас болоогүй Ж.Ганбаатарыг шударга сайн улстөрч гэх нэр хүндийг нь өргөх пиарыг ч бас хийгээд авчээ. Дөрвөн мянга орчим өндөр настан цуглуулчихаад У.Хүрэлсүх, Ж.Ганбаатар нар ингэж л хийрхэж, улс төржиж, попорсон байдаг. Тэд тэтгэврийн хэдэн хөгшнийг мөнгөн шагналтай сугалааны хонжвороос гадна гарын бэлэг өгнө хэмээн UB palace-д цуглуулж, улс төрийнхөө нэр хүндийг өсгөх үйл ажиллагаа хийсэн нь энэ юм. Үүний төлөөсөнд 83 настай иргэн харамсалтайгаар амь насаа алдлаа. Хэрэв Ж.Ганбаатар гишүүн настнуудад нэг кг гурил, нэг уут чихэр, дурсгалын сувинер өгөх гэж урилга тараагаагүй байсан бол өдийд 83 настай эмээ Сар шинээр ах, дүү хамаатан садан үр, ачаа тойруулан суугаад жарган цэнгэх байлаа. Учир нь ядарсан хөгшид маань “Оргил”-ын Ганбаатар овоо “юм” өгөх байх гэж л горьдож очсон байгаа шүү дээ.

Э.БААТАР

Эх сурвалж: Өдрийн сонин

Хотын дарга Д.Сумъяабазар “Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмыг зохион байгуулах хороог тэргүүлнэ
Хотын дарга Д.Сумъяабазар “Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмыг зохион байгуулах хороог тэргүүлнэ
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.