Ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс 100 сая төгрөгөөс дээш хадгаламжтай иргэдээс хүүгийн татвар авч эхэлнэ. Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд зарим хэсэг, заалтад нь энэ тухай нэмж оруулсан ч тухайн үед УИХ-ын гишүүд энэ зохицуулалтыг 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл түр хойшлуулах хүсэлт гаргаад байсан билээ.
Хуулийг хэлэлцэх үед зарим гишүүд энэ заалтыг эсэргүүцэж “Эхлээд монголчууд маань мөнгөө хадгалуулаад сураг. Дараа нь ийм зохицуулалт хийе”, “Цөөн тооны их хадгаламжтай харилцагчдаас татвар аваад эхэлбэл тэд мөнгөө банкнаас татаж банкны үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй” хэмээн үзэл бодлоо илэрхийлж байсан юм.
Манай улсын хувьд нийт хадгаламж эзэмшигчдийн гуравхан хувь нь л 100 саяас дээш төгрөгийн хадгаламжтай. Хэрэв ийм хууль хэрэгжиж эхэлбэл 100 саяас дээш төгрөгийн хадгаламжтай иргэд хүүгээсээ 10 хувийн татвар төлнө.
Хууль санаачлагчид их хэмжээний хадгаламжтай иргэдээс татвар авах нь тэдэнд ямар нэг хүндрэл учруулахгүй гэж үзэж, татварын энэ шинэчлэл нь эргээд банкуудыг урт хугацааны нөөцтэй байлгах боломж бүрдэнэ гэж тайлбарлаж байгаа. Харин банкуудын хувьд нөхцөл байдал хүндэрч эхэлнэ. Ялангуяа эдийн засаг хумигдаж, хямралтай тэмцэлдэж байгаа энэ үед ийм маягаар их хэмжээний хадгаламжтай иргэдийнхээ халаасыг тэмтрэх нь туйлын буруу гэдэгтэй эдийн засагчид санал нэгджээ. Угтаа ийм зохицуулалтыг эдийн засаг тэлсэн үед хэрэгжүүлдэг гадны туршлага байдаг ч манайд үнэндээ цагаа олоогүй бололтой. Хэрэв ийм хуультай болчихвол 100 саяас дээш төгрөгийн хадгаламжтай иргэд мөнгөө хувааж, өөр банкинд байршуулах, эсвэл гэр бүлийнхээ гишүүдийн нэр дээр хуваан банкинд хадгалах зэргээр аль болох татвар өгөхгүй байх аргаа олно. Мөн үүнийг дагаад мөнгө хүүлэгчид гарч ирж элдэв гэмт хэргийн гаралтыг нэмэх аюултай. Өндөр хүүтэй гэдгээр нь ББСБ-уудад ч данс нээлгэх гарц бий. Түүнчлэн төгрөгөө валют руу шилжүүлээд гадны банкуудад ч хадгалуулна.
Монгол Улсын хувьд 1990-ээд оны дундуур ийм хуулийн зохицуулалт хийсэн нь банкны салбарыг унагаж ББСБ-уудыг борооны дараах мөөг шиг олшроход нөлөөлсөн гэж үздэг.
УИХ-ын гишүүдийн дунд “Хэдхэн хүнд Монголын хөрөнгө мөнгө төвлөрчихсөн байгаа. Тэднээс л татвар авах гэж байна гэж ойлгож болно” гэсэн байр суурьтай нь бий. Харин үүнийг хүнийг хөрөнгө мөнгөөр нь гадуурхаж, Үндсэн хуулийг зөрчсөн ноцтой явдал гэж үзэгчид байна.
Онолын хувьд эдийн засгийн тэлэлтийн үед уг татварыг авч болно гэдэг ч манай эдийн засгийн төлөвийг ажиглахад хямрал гүнзгийрвэл энэ татвараас болж банкнаас мөнгө их хэмжээгээр гадагшлах хандлагатай. Манай банкнуудын хувьд системийн тогтолцоо нь арван жилийн өмнөхтэй харьцуулбал харьцангуй найдвартай, тогтвортой болсон болохоор хүүгийн татвараас болоод хүчтэй ганхахгүй байх магадлалтай юм. Орлого олсон бол Орлогын албан татвар төлөх ёстой. Хадгаламжийн хүү гэдэг нь орлогын нэг төрөл учраас яалт ч үгүй татвар өгөх хэрэгтэй болно. Хэрэв үнэхээр ийм зохицуулалт хийгдээд их хэмжээний төгрөгийн хадгаламжтай иргэд банкнаас мөнгөө татаж эхэлбэл тэдэнд өөр нэг гарц бий. Тэр нь үнэт цаасны зах зээл рүү орох, хувьцаа худалдан авах. Энэ хувилбарыг зарим эдийн засгийн шинжээчид их хэмжээний хадгаламжтай иргэдэд санал болгож байгаа аж. Иргэд болоод эдийн засагчдын зүгээс гарч буй үзэл бодол, тайлбар ерөнхийдөө иймэрхүү байгаа юм. Харин банкны диллер, ажилтнуудаас энэ талаар тодруулахад “Яг ийм хуулийн талаар тодорхой уншиж судалсан зүйл алга. Бусад хүмүүстэй л адил мэдээлэлтэй байна. Хэрвээ их хэмжээний хадгаламжтай иргэдийн хүүнээс татвар аваад эхэлбэл банкны хувьд алдагдалд орох магадлалтай. Хадгаламж гэдэг чинь иргэдэд зээл болж очдог мөнгө шүү дээ. Энгийнээр ингээд ойлгох хэрэгтэй. Тэгэхээр банкнуудын хувьд зээл олгох чадамжаа тодорхой хувиар алдана. Одоогоор ийм зүйл болбол банкны салбар хүлээж авах чадамжгүй. Тухайн иргэн мөнгөө банкнаас татаад гэр бүлийнхээ гишүүдийн нэр дээр өөр банкуудад данс нээлгэж байршуулбал бас алдагдалтай. Хадгаламжийн хэмжээ өндөр байх тусмаа хүртэх хүүгийн хэмжээ ихэсдэг. Ингэхээр энэ зохицуулалт ямартай ч эдийн засаг хямарчихсан байгаа үед тохиромжгүй, цаг үеэ олоогүй явдал болох байх. Гэхдээ яг ямар нэртэй хууль, зүйл заалт ингэж яригдаад байгааг сайн мэдэхгүй юм. Энэ талаар сайн мэдээлэл байхгүй байна” гэсэн нийтлэг хариулт өгч байлаа.
Д.САРУУЛ