Төрийн эрхийг хуулийн аргаар булаан авах тогтоолоо амжилттай баталлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 33 секунд
Төрийн эрхийг хуулийн аргаар булаан авах тогтоолоо амжилттай баталлаа

Төрийн эрхийг хуулийн аргаар булаан авах тогтоолоо амжилттай баталлаа

Улстөрчид өөрсдөдөө ашигтай хууль, тогтоомжийг үйлдвэрлэхдээ нойр, хоолоо гамгүй зарцуулж, эгээ л эх орондоо хайртайгаа харуулдаг. Тэр тусмаа дахиад дөрвөн жилийн хугацааг өөрсдөдөө сунгах боломжийг эрэлхийлэх арга замыг бий болгоход бүр ямар ч аргыг хэрэглэхэд бэлэн байгаагаа өчигдөр дахин нотлов. Эхлээд Төрийн байгуулалтын байнгын хороон дээр санал хурааж “За ингэж батлагдах нь” гэсэн зураглал гарсны дараа хүртэл Ховд, Увс, Хөвсгөл, Өвөрхангай аймгуудад мандат нэмэх нь гэсэн таамаглал Төрийн ордноор тэнүүчилж эхэлсэн. Энэ нь ч батлагдаж “хөх өнгийн тойрог нэмэх сэм ажиллагаа” амжилттай болсон юм. Гэхдээ тэр нь хүжийн гал мэт сүүмэлзэх төдий юм шүү дээ. Учир нь сонгогчид 76 гишүүнийг сонгодгийг мартаж эгээ л аль намаас хэдэн хүн сонгож байгаа мэт дүрдээ итгэчихсэн Монгол Улсын газрын зурагийг эрх мэдлийн тулааны дайтах талбар мэт уралдан зурцгааж байсан нь эмгэнэлтэй харагдаж байлаа.

Энэ үеэр эрхэм гишүүд тойргийн мандатыг хуваарилахдаа хүн амын тоо, газар нутаг, засаг захиргааны нэгж гэхчлэн хуульд анхааруулсан зарчмуудыг мартаж шулуухан тохиролцоо хийгээд тулгалтын аргыг хослуулан ёстой л эрх барьж байгаа дээрээ гэсэн шиг завхарсан, зарчимгүй тогтоол баталсан даа.
Хэдийгээр өмнөх үдэш нь УИХ-ын дарга, АН-ын даргын өрөөний үүдэнд яагаад аймгуудын АН-ын хорооны дарга нар цугласан, СЕХ-ны хэн нь хэнтэй сэжиг бүхий сэдвээр ярилцсан гэхчлэн хар, цагаан таамаглал дэвшүүлж шударга дүр эсгэхийг оролдсон ч ард түмний нүдэн дээр ирэх сонгуулиар “Төрийн эрх мэдлийг хуулийн арга, хуйвалдааны тактикаар” авах ёс бус ажиллагаа болж өнгөрлөө.
СЕХ-ны даргын өчсөн нэр дурдсан дөрвөн аймгаас Ховд, Хөвсгөл, Өвөрхангай аймгууд тус бүр гурван мандаттай болов. Мөн энэ үеэр зарим аймгийн төв тэр чигээрээ нэг тойрог болж буйг зарим гишүүн шүүмжилж байсан. Харин “Гудамж” төслөө яриад Архангай аймгийн төвийн “гудамжинд” зогсоод л сонгогдчих магадлал өндөртэй болж авсан Н.Батбаяр гишүүн парламентын хууччуулын нэг гэхэд “Өвөрхангай нэг мандаттай байсан бол энэ удаа гурав болоо биз дээ” гэж өөрөөсөө өгч буй мэт мунхаглаж, Цэцийн даргаар өөрийгөө нэр дэвшүүлсэн УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж “Дөрөвхөн аймгийн л асуудал өөрчилсөн,бусад нь хэвээрээ шүү дээ” гэж суусан. Харин туршлагатай, тулхтай эдгээр гишүүд сонгуулийн санал хураалт эхлэхээс ямар хугацааны өмнө өөрчлөлт хийж, хууль бус үйлдэл хийж буй талаар дуугараагүй. Хууль тогтоогчид нэг иймэрхүү л маягаар сонгуулийн зарчмыг бус сонгогдох боломжоо тогтоочихоод гавьяа байгуулсан мэт өндийн ажил шуудрав бололтой. Харин тэднийг сонгох хүмүүс ямар бодолтой суугааг, өөрийг нь сонгохгүй гэж шазуур зуув уу, шударга байна гэж хайр нь хүрэв үү гэдгийг ялгах ч мэдрэмжгүйгээр өндийсөн нь харамсалтай.


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай СЕХ-ны саналыг авч хэлэлцлээ. Уг тогтоолын төсөлтэй холбогдуулж гишүүд санал хэлсний дараа санал хураалт явуулахад СЕХ-ноос гаргасан тогтоолын төслийг гишүүдийн 61,9 хувийн саналаар дэмжиж, баталлаа.

Уг тогтоолын төслийг батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөх юм. Тогтоолын төсөл батлагдсанаар Улсын Их Хурлын сонгуулийн 76 мандатын 48-ыг нь аймгуудад, 28-ыг нь нийслэлд хуваарилахаар болж байна. Үүнд:

• Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Сүхбаатар аймаг 1
• Дорнод, Завхан, Өмнөговь аймаг 2
• Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Дархан-Уул, Орхон аймаг 3 мандаттай.
Нийслэлийн тойргуудын тухайд:

• Багануур дүүргийг Сүхбаатар дүүргийн сонгуулийн тойрогтой нэгтгэж мандатын тоог 1-ээр нэмж 4 болгох,
• Багахангай дүүргийг Хан-Уул дүүргийн сонгуулийн 56 дугаар тойрогт нэгтгэж, мандатын тоог 4 байсан хэвээр нь үлдээх,
• Налайх дүүргийг Чингэлтэй дүүргийн сонгуулийн 63 дугаар тойрогтой нэгтгэж, мандатын тоог 4 байсан хэвээр нь үлдээх,
• Баянгол дүүргийн сонгуулийн тойрог 4 мандаттай, Баянзүрх,
• Сонгинохайрхан дүүргийн сонгуулийн тойргууд тус бүр 6 мандаттай байхаар болж байгаа юм.
Мөн Завхан, Ховд, Хөвсгөл зэрэг аймгийн сонгуулийн тойргуудын нутаг дэвсгэрийн хуваарилалтад зарим өөрчлөлт оруулжээ.


СЕХ-НООС ИРҮҮЛСЭН САНАЛ

Г.Сүрэн

Zaluu.com

Хонконгийн тэмцэгчидтэй албан ёсны хэлэлцээр хийхээр боллоо
Хонконгийн тэмцэгчидтэй албан ёсны хэлэлцээр хийхээр боллоо
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.