“Шийдлийн цаг”- ийн сэдэв малчдын орлогын эх үүсвэр болсон ноолуурын үнийн асуудал байлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 40 секунд
“Шийдлийн цаг”- ийн сэдэв малчдын орлогын эх үүсвэр болсон ноолуурын үнийн асуудал байлаа

“Шийдлийн цаг”- ийн сэдэв малчдын орлогын эх үүсвэр болсон ноолуурын үнийн асуудал байлаа

 

 

Ноолуур бэлтгэдэг ид үеэр эрэлт нь багасч, үнэ буурлаа. Өнгөрсөн жилийн мөн өдийд нэг кг нь 70 мянгад хүрч байсан бол кг ноолуур энэ жил 40 орчим мянган төгрөг байна.  Засгийн газар зах зээлийн энэ харилцаа руу орж, үнэ тогтоохгүй. Малчны хотонд давхиж очоод ноолуур самнаж, жигнэж, мөнгө тоолж, наймаа хийхгүй ч зах зээл, малчдын амьдрал ахуй, экспортын бүтээгдэхүүний эх үүсвэртэй холбоотой энэ чухал салбараа анхаарч ямар нэгэн зохицуулалт хийх учиртай. Нэг өнөөдөр хоёр маргаашийн үнэтэй. Алдагдсан боломжийн өртөг илүү өндөр. Ашигласан боломжийн үр өгөөж илүү өндөр учраас энэ асуудалд анхаарч ажиллах хэрэгтэй байна. Засгийн газар ноолуур үйлдвэрлэгчдээ илүү хөрвөх чадвартай, эргэлтийн хөрөнгөтэй байх боломжийг нээх шийдвэр гаргах ёстой гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэлээд яаралтай арга хэмжээ авахыг хоёр сайдад үүрэг болголоо.

 

Үйлдвэрлэгчид малчдаас ноолуур авахад мөнгө хэрэгтэй. Үл хөдлөх хөрөнгө, байр сав, тоног төхөөрөмжөө барьцаалаад зээлдэг ч хэмжээ хязгаартай. Хөдлөх хөрөнгөө баталгаа болгодог шинэ тогтолцоог Засгийн газар хөдөлгөж чадна гэж Ерөнхий сайд үзэж байна.

 

Бараа, бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх ганц нөхцөл бол өнөөдөр байгаа 300 тэрбум төгрөгийн экспортыг богино хугацаанд өсгөх.  Үүнийг арьс шир, ноос ноолуурын салбарт ачаалал өгч шийднэ. Дотоодын бараа бүтээгдэхүүний экспортод жинтэй хувь нэмэр оруулах өөр боломж ойрын хугацаанд байхгүй гэж Д.Эрдэнэбат сайд хэллээ.

 

Хөдлөх хөрөнгийн зээлийн барьцааны тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Энэ хуулийг яаралтай хэлэлцүүлэн батлуулах нь нэн тэргүүний асуудал болоод байна. Хууль батлагдах хүртэл өнгөрсөн жил гарсан экспортын үйлдвэрлэлийг дэмжих тогтоолыг үргэлжлүүлэн хэрэгжүүлье гэсэн саналыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа хэллээ. Энэ тогтоолыг үндэслэн үйлдвэрүүдийн агуулахад байгаа ноолуурыг барьцаалан зээл олгоход Засгийн газар анхаарвал ноолуурын үнэ унасан ийм нөхцөлд энэ салбарт том дэмжлэг болно гэдгийг салбарын сайд хэллээ.

 

 

Монгол Улс дэлхийн бүх түүхий ноолуурын 30 хувийг нийлүүлчихээд, 3 хувийн ашгийг нь эзэлдэг үнэ цэнэгүй байдлаас гарах шинэ шийдэл хэрэгтэй байна. “Хөдлөх хөрөнгийн зээлийн барьцааны тухай” хууль батлагдвал оёж үйлдвэрлэх ноолууран цамц, олборлож гаргах алт, ашигт малтмал, тарьж хураах буудайгаа барьцаалах үүд хаалгыг нээж, маргаашийн боломжийг өнөөдөр ашигладаг болно.

 

Засгийн газар хурдан хугацаанд зохицуулалт хийж, санаачилгатай ажиллах учиртай. Иймд хөрөнгийн эх үүсвэр олох, дээр дурдсан хуулийг УИХ-аар хэлэлцүүлэн батлуулахад сайд нарыг анхаарч ажиллахыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үүрэг болголоо.

 

Малчдаа ч, үйлдвэрлэгчдээ ч дэмжих хувилбарыг бид олох учиртай. Энэ асуудалд хоёр яам анхаарч шуурхай ажиллая гэж Д.Эрдэнэбат сайд хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 

 
Арьсны өнгөө цайруулж гэрэлтэх хялбар жор
Арьсны өнгөө цайруулж гэрэлтэх хялбар жор
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.