Н.Энхбаярын асуудал дуусах биш, МАН-ыг үймүүлэх нь
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
7 минут 19 секунд
Н.Энхбаярын асуудал дуусах биш, МАН-ыг үймүүлэх нь

Н.Энхбаярын асуудал дуусах биш, МАН-ыг үймүүлэх нь

Эрх баригч намын өмнө тулгамдаж байгаа нэг том асуудал үүсээд байна. Тэр нь татан буугдаад байгаа МАХН-ын данстай нөхдийг гэрээ ёсоор албан тушаалд багтаах юм. МАХН-ын дарга асан Н.Энхбаяр өнгөрөгч Ерөнхийлөгчийн сонгуульд хүчээ өгсөн дагуу Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратеги судалгааны хүрээлэнгийн захирлын суудлаар шагнуулаад байгаа. Тэр зөвхөн үүнд ханах сэтгэлтэн биш гэдгийг улстөрчид хэлж байна. Бүтэн улс орон ч хүслийг нь цатгаж чадаагүй гэдэг. Тиймдээ ч тэр олон жил өдгөөгийн эрх баригчдыг мэрсний эцэст тохиролцоонд хүрээд байгаа нь энэ.

НАМЗХ-д үүссэн маргаан ах нарын хатгалгаар өрнөж байна

МАХН-ыг татан буулгаж, Ерөнхийлөгчийн сонгуульд хүчээ өгсөн гэхээр яах аргагүй том тохиролцоо явсан байж таарна. Гэвч тэдний хэдхэн сарын өмнөх тохиролцоог эсэргүүцэж байгаа маш олон хүн МАН дотор бий болжээ. Үүнээс үүдсэн маргаан нь эцэстээ МАН дотор хагарал бий болгоно гэдгийг ч хэлж байна. Тиймээс энэхүү тохиролцоо цаасан дээр үлдэх магадлал үүссэн. Үүнээс гадна МАН-ын дэргэдэх залуучуудын байгууллага ч дотооддоо дажинтай байгаа нь залуус дундын асуудал биш, Н.Энхбаяртай хийсэн тохиролцооны маргаан хөндлөнгийн өдөөн хатгалгаар явж байгаа хэрэг. Үүний зэрэгцээ НАМЗХ дотор үүсээд байгаа маргаан нь тохиролцооны эсрэг өрнөж байгаа үйл явдал бөгөөд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг унагаахгүй шүд сугалах замаар МАХН-д сайдын суудал гаргаж өгөх яриа байгаа. Гэтэл 2017 онд У.Хүрэлсүхийн багт шахагдсан М.Энхболдын бүлэглэл тэс өөр сонирхолтой байгааг хэлсэн. Энд л хамаг учир бий бөгөөд үймээн дэгдэх бас нэгэн том шалтгаан юм.

МАХН асны өлсгөлөн нөхдөд 2024 оныг хүлээх тэвчээр байхгүй

Харин МАН-аас ийм цаг үед Засгийн газарт өөрчлөлт хийх хэрэггүй, хоёр нам нэгэнт нэгдсэн хойно шат шатны сонгуульд хамтдаа орж байж дараа дараагийн ажил явах ёстой гэх байр суурийг илэрхийлээд байгаа. Гэтэл 2024 оныг хүлээх тэсвэр тэвчээр МАХН-ын шошготой өлсгөлөн нөхдөд дэндүү хол санагдаж таарна. Одоогоор тэд МАН-ын хаяа хатавч бараадсан суудалтай байгаа ч хоймор суудал руу үг, хүслээ шидсээр байх болно.

Хуучин кадрууд МАН-ын удирдлагуудад захидал хүргүүлжээ

МАН-ын удирдлагад ажиллаж байсан зарим нөхдөөс өдгөөгийн дарга нарт захидал, хүсэлт иржээ. Түүнд өгүүлэхдээ “МАХН-ын дарга асан Н.Энхбаярын эрх ашиг хэзээ ч хэнтэй ч нийлж байгаагүй. Тэр бүхнийг өөрийнхөөрөө шийдвэрлэхийн төлөө ажиллаж амьдардаг хүн байсныг бид мэднэ. МАН 2012 оны УИХ-ын сонгууль, 2013, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд тус тус ялагдал хүлээхэд Н.Энхбаяр онцгой үүрэг гүйцэтгэсэн хүн. Энэ мэт хорлох ажиллагаа том жижиг талбарт олон өрнөсөн дөө. Тэгээд Н.Энхбаяр намаа арав гаруй жил хорлосон болохоос гавьяа байгуулаагүй. Түүнд квот өгч хоймроо залахгүй байхыг хүсэж байна. Намын төлөө нэгэн насаараа үнэнч зүтгэсэн хүмүүсээ яах юм. Гэтэл сүүлийн олон жил хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан нөхрийг тахин шүтэхдээ тулж байгаа нь буруу. Хэтдээ намд задрал ч явагдаж магадгүй нөхцөл үүснэ. Н.Энхбаяр ба түүний нөхөд зөвхөн эрх ашгийн төлөө улс төр хийсэн. Эргээд хэзээ ч улстөржинө. Нам дотор талцал бий болгоно. МАХН хэмээх дөрвөн үсэгний цаана улстөржиж, наана нь эх орон гэж худлаа залсан нөхөд шүү дээ. Өөр юу ч байхгүй. Ганцхан удаа Засгийн газарт багтахдаа сайдуудаа шантаажилж, үүнээс үүдэн шоронгийн хаалга хүртэл татаж байсныг бид мэднэ. Нэг сонгуулийн настай үерхлээс үүдэж юу үүсэх вэ” гэх агуулга бүхий хүсэлт захидлыг хүргүүлжээ. Үүнээс харвал арав гаруй жил туурга тусгаар явж, нэг нэгнээ хялайн харж байсан нөхдийг ямар ч зам хүлээж байхыг үгүйсгэхгүй. Н.Энхбаяр өнгөрөгч тавдугаар сард МАХН-ыг татан буулгах хүсэлтээ өгчихөөд мэдэгдэл хийсэн. Ингэхдээ “Хоёр нам нэгдэж байгаа нь Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах зүтгэлийн эхлэл гэж үзэж байна. Оюутолгой, Дубайн гэрээтэй холбоотой шүүмжлэлүүдийг өнөөгийн МАН-ын удирдлага ойлгож, энэ талаар алхамууд хийж эхэлсэн” гэж байв. Улс төрд зөвхөн эрх ашиг л гэж байдаг учраас Н.Энхбаяр ба түүний нөхөд эрх ашгийнхаа төлөө хэнтэй ч бөөрөө нийлүүлж, хэнтэй ч МАНАН үүсгэж чадна. Ерөөсөө улс төрд анх МАНАН үүсгэсэн хүн нь Н.Энхбаяр өөрөө ч байх магадлалтай.

МАХН аснаас 2200 хүн албанд очно гэдэг хэтэрсэн хэрэг

Тэр МАХН-аа татан буулгаж, МАН-тай нэгдэхээр ярьж явах үедээ “Намын албан тушаалд 30 орчим хувийн квот өгсөн. Жишээлбэл, МАХН-ын гишүүдээс Удирдах зөвлөлд найм, Бага хуралд 110 хүн, нийслэл, аймаг, намын хорооны тэргүүлэгч гишүүнээр зургаан хүн гэх мэтээр ярилцсан зүйл бий. Улсын хэмжээгээр МАХН-ын төлөөлөл 2200 орчим хүн намын албан тушаалд очно. Төр засгийн албан тушаал дээр бид Үндсэн хууль өөрчлөх, намынхаа зорилтот хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд МАХН-ын гишүүд оролцоод явах бөгөөд тухай бүрт нь хоёр талын ажлын хэсэг гарч ажиллахаар ярилцсан. Цаашид боловсон хүчний бодлогоо ярилцаж, ажлын хэсэг байгуулж, ажиллана. МАХН бол 52 мянган гишүүнтэй учраас боловсон хүчний хувьд хангалттай байгаа” гэснээс харахад чамгүй том тохироо хийсэн нь харагдана. Гэвч энэ бол цаасан дээр л байгаа тохиролцоо төдийгүй санаанд багтамгүй тоо. Үнэн хэрэгтээ эрх ашгийн төлөө нэгдсэн хэдхэн урваач шарваач байгаагаас цэвэр үзэл баримтлал дор нэгдсэн нөхөд огт байхгүйг хэн ч мэднэ.

Tumen.mn

БНСУ-ын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, татвар төлөгчдөд татварын сургалт зохион байгууллаа
БНСУ-ын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, татвар төлөгчдөд татварын сургалт зохион байгууллаа
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.