Оросыг орос хөнөөв үү, аль эсвэл...
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
10 минут 30 секунд
Оросыг орос хөнөөв үү, аль эсвэл...

Оросыг орос хөнөөв үү, аль эсвэл...

6 минут 40 секундын өмнө

Оросын улс төрийн зүтгэлтэн Борис Немцовын үхэл дэлхий дахиныг шуугиулж байна. Улс төрийн том албан тушаал, сөрөг хүчний удирдагч, баривчилгаа зэрэг улстөрч хүний туулдаг бүхий л хүнд хэцүү замуудыг туулж өнгөрсөн Борис Немцовын үхэл Украины хямралтай холбогдсон нь тийм хачирхмаар зүйл ч бас биш аж.

Яагаад гэвэл тэрээр Украины улстөрчдийн Орос дахь томоохон холбоотон байсан юм.

2005-2006 онуудад Украины ерөнхийлөгч асан Виктор Юшенкогийн зөвлөхөөр ажиллаж байсан Немцов өнөөгийн Тимошенко, Порошенко нартай тэр үед л баттай холбоо тогтоож авсан болов уу.

Түүнийг ойрын өдрүүдэд Украины хямралтай холбоотой олон тоо баримт, үүний дотор Оросын төр засгийн зүгээс хэрхэн энэ мөргөлдөөнд нөлөөлж буйг харуулсан баримтууд дэлгэх гэж байсан хэмээн бичиж байгаа. Тиймээс түүнийг Украины хямралын золиос боллоо хэмээн хэвлэлүүд бичиж байна.

Юуны өмнө Немцовын үхэлд хэн буруутай вэ гэсэн асуултад Оросын ч тэр, барууны хэвлэлүүд ч ялгаагүй хариулт өгөхөөр дор бүрнээ таамаглал дэвшүүлж байгаа юм. Тэрхүү таамаглалуудын 70 хувь нь ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиныг чиглэж байгааг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй.

Аллагын золиос болохынхоо өмнөхөн "Собеседник" сонинд "Намайг Путин хороох вий гэхээс би айж байна. Энэ бол Путинээс айж байгаа хэрэг биш. Харин би хийж байгаа зүйлээ хийж чадахгүй болох вий, эцсийг нь үзэж чадахгүй дуусах вий гэсэн айдас” хэмээн хэлж байсан нь давын өмнө тэдгээр хэвлэлүүдийн гол баримт болж байна.

Ер нь барууныхан болон ОХУ-ын хоорондох харилцаа хурцдахад Оросын сөрөг хүчнийхнээс захиалгат аллагад өртдөг байдал ажиглагддаг. Энэ удаагийн золиос нь Немцов байсан бололтой.

Немцовын үхлийн мэдээг сонссон ерөнхийлөгч Путин тэр дор нь мэдэгдэл хийж Оросын дайснууд энэ аллагаар өдөөн хатгаж, манай орныг үймээн самуунд турхирч байна гэсэн бөгөөд алуурчдыг мөрдөн шалгаж тогтоохыг зарлигдсан юм. Тэгвэл барууны орнуудын удирдагчид ч энэ хэргийн талаар байр сууриа илэрхийлж байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Барака Обама энэ аллагыг “зэрлэг балмад явдал” гэж тодорхойлоод “Гэмт хэрэгтнүүдийг богино хугацаанд баривчилж, хэргийг ил тодоор олонд зарлаж, шүүн таслахыг бид Оросын удирдлагад уриалж байна” гэжээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри “Оросын шадар сайд байсан улстөрчийн аминд хүрсэн тухай мэдээллийг сонсоод би цочирдон, гашуудан хүлээн авлаа. Түүнийг Москвагийн төвд буудан хөнөөжээ. Энэ хэргийг хурдан илрүүлж, гэмтнүүдийг шударга шүүхээр шүүхийг би уриалж байна. Бид Оросын ард түмэн, талийгаачийн гэр бүлтэй энэ уй гашууг хуваалцаж байна” гэж мэдэгдсэн бол Их Британийн төр засгаас тус аллагын талаар мэдээлэл хийхдээ “Борис Немцовыг Москвад буудан хөнөөсөн явдалд бид эгдүүцэж, бас гашуудаж байна. Түүний гэр бүл, төрөл төрөгсөд болон найз нөхдөд нь гүн эмгэнэж буйгаа илэрхийлье. Гэмт хэрэгтнүүд шударга шүүхийн өмнө зогсох ёстой. Бид хэргийн нөхцөл байдлыг маш анхааралтай ажиглах болно” гэжээ.

Мөн Украины Ерөнхийлөгч Петр Порошенкомэдэгдэл хийлээ. “Шооконд орчихлоо. Борисыг хөнөөчихжээ. Тэр бол миний анд найзаа гэж боддог хүмүүсийн минь нэг байсан” гэж тэрээр цохон тэмдэглэсэн байна.

Немцовын өмгөөлөгч Вадим Прохоров Оросын хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Немцовын амьдрал сүүлийн хэдэн долоон хоногийн турш түгшүүртэй байсан. Түүнийг нийгмийн сүлжээнд байнга сүрдүүлж, аюул занал дор амьдарч байсан” гэжээ.

Оросын дотоодод сөрөг хүчнийхэн ерөнхийлөгч Путины эсрэг барууны хэвлэлүүдтэй ам нийлүүлэн дайрцгааж байна. Алдарт хоккейчин А.Яшин, шатрын дэлхийн аварга Гарри Каспаров нар Путин руу чичлэж байна. Яшин “Би түүнийг хэн алсныг үнэхээр мэдэхгүй юм. Гэхдээ улс төрийн аллага гэдэг нь тодорхой байна” гээд “Би Засгийн газар, Путин үүнд хариуцлага хүлээх хэрэгтэй. Тэд байнга өөрсдийнх нь замыг дэмжихгүй, өөрөөр сэтгэж боддог хүмүүсийг үзэн ядах үзлийг дэлгэрүүлжирсэн” гэжээ.

Каспаров ОХУ-ын Ерөнхийлөгчийн шууд оролцоо энэ аллагад байхгүй байлаа ч энэ бүхэнд Путинийг буруутай хэмээн хэлсэн байна. Тэрээр “Немцовыг алах захиалгыг Путин өгөөгүй байлаа ч тэр үүнд буруутай. Энэ бол Путины дарангуйллын үр дүн юм. Үзэн ядалт, хүчирхийлэл, хилийн чанадад болон ОХУ-д цус урсгаж байгаад Ерөнхийлөгч та буруутай” хэмээн хэлжээ. Үнэхээр оросууд оросыгоо хөнөөсөн гэжүү. Аль эсхүл...

Немцов ОХУ-ын ерөнхийлөгчийн эсрэг байр суурьтай байсан нь үхлийн ганц шалтгаан болж буй бололтой хэмээн АР мэдээлсэн байна. Харин ВВС агентлаг “Уг аллагыг Немцовын улс төрийн үйл ажиллагаатай холбоотой, эсвэл өмнөх бизнестэй нь холбоотойгоор түүнд өстэй этгээдүүд үйлдсэн” гэж таамаглажээ.

Дээрх аллага, Немцов ОХУ-ын эдийн засгийн хямрал, Украины эсрэг дайн болон галзуу түрэмгий үхлийн аюултай бодлого барьж буй Путины эсрэг тэмцэж, ням гаригт жагсахыг Москвагийн оршин суугчдад уриалсан радио ярилцлага өгснөөс хэдхэн цагийн дараа болсон байна.

Түүнийг олонтаа буудуулж амиа алдсаны дараа ням гаригт болох эсэргүүцлийн жагсаалыг цуцалжээ. Оронд нь гашуудлын жагсаал хийхийг уриалж, улмаар Москва хотын захиргаанаас сөрөг хүчнийхэнд зөвшөөрлийг нь даруй өгсөн мэдээлэл байна.

Хэдийгээр ОХУ-д эдийн засгийн хямрал нүүрлэж, инфляци өссөн ч сүүлийн саруудад Путиныг дэмжих ард түмний дэмжлэг 80 хувиас буухгүй байгаа юм.

- See more at: http://dnn.mn/%D0%B1%D0%BE%D1%80%D0%B8%D1%81-%D0%BD%D0%B5%D0%BC%D1%86%D0%BE%D0%B2%D1%8B%D0%B3-%D1%85%D1%8D%D0%BD-%D0%B1%D1%83%D1%83%D0%B4%D0%B0%D0%B6-%D1%85%D0%BE%D1%80%D0%BE%D0%BE%D0%B2/#.dpuf

Немцов тэртээх 90-ээд онд Ардчиллын буянаар төрд гарсан залуусын нэг байсан хэдий ч Ерөнхий сайд Черномырдины нэгдүгээр орлогч гэсэн албан тушаал хашиж байснаас хойш өнөөг хүртэл улс төрд тийм ч амжилттай яваагүй. Түүний рейтинг буурч сөрөг хүчнийхний зохион байгуулсан жагсаал цуглааны индрээс л хааяа ард түмэн хардаг болсон юм.

1980-аад оны сүүлчээр экологийн хөдөлгөөнд нэгдэн Горькийн дулааны хангамжийн атомын цахилгаан станц бариулахыг эсэргүүцэж эцсийн дүнд уг хөдөлгөөн зорьсондоо хүрсэн нь түүний анхны амжилт байсан юм.

“Атомын аюулгүй байдлын төлөө” хөдөлгөөн түүнийг ЗХУ-ын Дээд зөвлөлийн сонгуульд 1989 онд дэвшүүлсэн боловч бүртгээгүй юм. Тэрээр Нижегород хотын “Ардчиллын төлөөх нэр дэвшигчид” гэдэг улс төрийн хөдөлгөөнийг 1990 онд байгуулахад оролцсон ба энэхүү хөдөлгөөнөөс Зөвлөлт Оросын холбоот улсын Дээд зөвлөлд сонгогджээ. 1993 он хүртэл депутатаар ажиллаж байлаа.

Зөвлөлт Оросын холбоот улсын ерөнхийлөгчийн сонгуульд 1991 онд Борис Ельцин нэр дэвшихэд Борис Немцов түүний бие төлөөлөгч байв. Борис Ельцин сонгуульд ялсныхаа дараа 1991 оны арваннэгдүгээр 28-нд өөрийн зарлигаар Борис Немцовыг Нижегород мужийн захиргааны тэргүүнээр томилжээ. 1991 оны арванхоёрдугаар сард захиргааны тэргүүнийг мужийн захирагч гэх болсон юм.

1995 оны арванхоёрдугаар сард 58,37 хувийн саналаар мужийн захирагчаар Борис Немцов дахин сонгогдсон. Захирагчийн хувьд тэрээр ОХУ-ын Холбооны Чуулганы гишүүн байв. 1996-1997 онуудад Холбооны чуулганы Нийгмийн бодлогын хорооны орлогч даргаар ажиллажээ.

Ерөнхийлөгч Борис Ельцины 1997 оны гуравдугаар сарын 17-ны өдрийн зарлигаар ОХУ-ын ерөнхий сайд Виктор Черномырдины нэгдүгээр орлогчоор Борис Немцов томилогдов. 1997 оны дөрөвдүгээр сарын 24-нөөс арваннэгдүгээр сарын 20 хүртэл тэрээр Түлш эрчим хүчний яамыг давхар хариуцжээ. Ерөнхий сайдын нэгдүгээр орлогчийн хувьд ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн бөгөөд шуурхай асуудлын комиссын орлогч дарга байлаа.

Сергей Кириенкогийн засгийн газарт тэрээр 1998 оны дөрөвдүгээр сараас наймдугаар сар хүртэл ерөнхий сайдын орлогч хийж санхүү-эдийн засгийн блокыг хариуцаж ирсэн. 1998 оны наймдугаар сарын 17-ны дефолтын дараа түүнийг огцруулжээ.

2005 - 2006 онуудад Украины ерөнхийлөгч Виктор Ющенкогийн зөвлөхөөр ажиллажээ. 2007 онд СПС түүнийг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлсэн ч 2008 онд өөрөө татгалзаж Михаил Касьяновыг дэвшүүлжээ.

Мөн тэрээр бүртгэгдээгүй Ард түмний эрх чөлөөний намын (ПАРНАС) дарга нарын нэг байж, 2011-2012 онуудын сөрөг хүчний олон нийтийн жагсаалуудад оролцож иржээ.

2012 оны зургадугаар сарын 16-нд тэрээр Оросын бүгд найрамдах нам-Ард түмний эрх чөлөөний намын (РПР-ПАРНАС) дарга нарын нэгээр сонгогдлоо. РПР-ПАРНАС намаас Ярослав мужийн думд 2013 онд сонгогдсон байв.

Н.Төгс

Эх сурвалж: Bataar.mn

О.Цогтгэрэлтэй АН ч хууль бус Н.Алтанхуяг ч өөрөө хууль бус
О.Цогтгэрэлтэй АН ч хууль бус Н.Алтанхуяг ч өөрөө хууль бус
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.