Супер азтан хэзээ ч “тодрохгүй” юу
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
6 минут 34 секунд
Супер азтан хэзээ ч “тодрохгүй” юу

Супер азтан хэзээ ч “тодрохгүй” юу

Шинэчлэн найруулсан Нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/ -ын тухай хууль энэ оны эхнээс мөрдөгдөж эхэлсэн. Энэхүү 

хуулиар иргэн төлсөн НӨАТ-ынхаа 20 буюу нийт зарлагын хоёр хувийг тухайн жилдээ буцаан авах, сар бүр сугалаанд оролцох боломж бүрдсэн. Энэ нь манай улсын татварын системийн томоохон өөрчлөлтүүдийн нэг болоод байна. Өөрөөр хэлбэл, иргэд үйлчлүүлж буй худалдааны төв, аж ахуйн нэгж, байгууллагад шаардлага тавьснаар баримт авч, түүнийгээ нэгдсэн цахим систем буюу www.ebarimt.mn сайтад бүртгүүлнэ. Ингэснээр мөн аж ахуйн нэгжийн орлого ил болж байгаа юм. 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “НӨАТ-ын урамшууллыг хэрэгжүүлснээр бүх гүйлгээ төрөөс хяналттай болж байна. Татвар дээр 1800 байцаагч ажиллаж байгаа бол өнөөдрөөс гурван сая байцаагч ажиллана гэсэн үг. Учир нь иргэд аж ахуйн нэгжүүдээс цахим бүртгэлд ор гэдэг шаардлагыг тавьж эхэлнэ. Цаашдаа бүх мөнгөний гүйлгээ ил тод болно. Бусад улс оронд энэ үйл ажиллагааг нэвтрүүлээд татварын орлого хэд дахин нэмэгддэг. Эдийн засгийг ил тод болгох, мөнгөний гүйлгээг ил болгоход ач холбогдолтой учраас иргэн бүр энэ ажилд идэвхтэй оролцохыг уриалж байна” хэмээн онцолж байсан удаатай.

Өнөөдрийн байдлаар ихэнх худалдаа үйлчилгээний газрууд татварын нэгдсэн системд холбогдож, стандартын шаардлага хангасан кассын машинтай болж, хэвлэх төхөөрөмж, хэвлэлийн хор, тасалбарын цаас, терминал машин хэрэглэдэг болсон байна. 

Иргэд ч үйлчлүүлж буй газраасаа сугалааны дугаартай тасалбараа нэхэж авдаг болж. Нэг үгээр хэлбэл Ерөнхий сайдын хэлснээр гурван сая татварын байцаагч зэрэг ажилладаг болсон байна. Аз гэдэг сохор, тэнэг хүнийг ч дайрна гэх үгийн биелэл иргэд дээр тайллаа олж сугалааны тохирол явагдах бүрт багахан хэмжээний мөнгө хожиж түүнийгээ сошиал ертөнцөөр тарааж байна.

Гэхдээ сугалааны тохирол явагдаад бараг хагас жил болох гэж байхад супер хонжворын ялагч тодорсонгүй. Мөнгөн дүн нь өссөөр дөрвөн зуун сая болж ашгүй нэг ялагч тодорлоо гэтэл нэг биш хоёр хүн гараад ирсэн.

НӨАТ-ын супер хонжворын эзэд болох хоёр иргэний тухайд: 2016 оны 03 дугаар сарын 20-ны өдөр явагдсан долоо дахь удаагийн НӨАТ-ын тохирлоор 1-р сарын 27-ны өдөр “Оргил” худалдааны төвийн Амгалангийн салбараас худалдан авалт хийсэн гэх нэр нь тодорхойгүй эрхэм 400 сая төгрөгийн эзэн болсон.

Харамсалтай нь азтан маань НӨАТ-ын баримтаа e_barimt.mn сайтад бүртгүүлээгүйн улмаас шагналын эзнийг олох компанит ажил орон даяар өрнөхтэй зэрэгцээд ялагчийг олохгүй бол тохирлыг дахин явуулна гэдгээ албаныхан нэг бус удаа мэдэгдсэн юм.

Улмаар 03 дугаар сарын 30 өдөр Дорноговь аймгаас азтан тодорсон тухай Гааль, татварын ерөнхий газраас мэдээлсэн. Гэтэл Баянгол дүүргийн 8 дугаар хорооны иргэн Ц нэгдүгээр сарын 27-ны өдөр Ботаникт байдаг хамаатныдаа очихоор Оргил супермаркетаар үйлчлүүлсэн бөгөөд 400 саяын тохирлын азтан мөн л өөртэй нь нэг өдөр Оргилоор үйлчлүүлсэн гэдгийг дуулаад интернетээр азтан тодруулсан бичлэгийг нөхөж үзсэн аж.

Гэтэл азтангийн дугаар өөрт нь байсан баримтын дугаартай яг таарсан тул даруйхан цахимд бүртгүүлье хэмээн e-barimt.mn сайтад ортол алдаа заагаад нэвтэрч чадаагүй байна. Иргэн Ц тэр даруй албаны хүмүүсээс тодруулахаар ГТЕГ-ын НӨАТ-ын урамшууллын сангийн төслийн нэгжийн захиралтай уулзаж, азтан болсноо мэдэгдтэл “Таны баримтын бар код балартчихсан байна. Бид даруйхан шалгачихаад эргээд хариу хэлье, та хэд хоногоос ир” гэж хэлээд буцаасан аж.

Тодорхой хариу өгөөгүй татварын ажилтнууд хэдхэн хоногийн дараа бөөнөөрөө 400 саяын азтан Дорноговь аймгаас тодорлоо хэмээн хэвлэлийн хурал хийсэн байна. Гэтэл өөрийгөө азтан хэмээн төсөөлж явсан БГД-ын 8 хорооны иргэн Ц Нийтийн эрхийг хамгаалах холбоонд хандаж, өөрийгөө Гааль, татварын ажилтнуудад мэхлэгдсэн тухайгаа мэдээллээ. 

Аливаа зүйл шударга явагдах хэрэгтэй. Тэрхүү сугалааны мөнгөн дүн өссөнөөр дөрвөн зуун сая төгрөг болсон байна. Тэр мөнгийг хожиж азтан болохыг хүссэн иргэд өдөр шөнөгүй баримтаа бүртгүүлж суухад бүртгүүлээгүй иргэдийн баримт супер азтан болж байх гэж. Бас болоогүй хэзээ бүртгүүлэх, хаягдсан эсэх нь эргэлзээтэй сугалааны эздийг хайж сүржин жүжиг тавьж байтал нэг дор хоёр ялагч гарч ирээд хэрэг буруугаар эргэж байна. Энэ хонжвортоо зөвхөн баримтаа бүртгүүлсэн иргэдийг хамруулж болдоггүй юм уу. Супер азтан хоёр тодорч аль нь жинхэнэ эсэхээ мэдэхгүй эргэлзэж байхад зуун мянгыг хэдэн хүн, хорин мянгыг хэдэн хүн хожлоо гэсэн хийсвэр тоонд итгэх нь зөв үү. Баахан сугалаа тодруулаад байдаг, гэтэл бүртгүүлээгүй баримт нь мөнгө хожсон хэрэг гарч байгаа юм биш биз дээ.

Эсвэл хэзээ ч хэнд ч өгөхгүй супер шагнал нь зөвхөн бүртгүүлээгүй баримт дээр тодроод байдаг юмуу. Үнэхээр шударгаар хэнийг ч ялгахгүй азтан болгох гэж байгаа бол зөвхөн сугалааны дугаараа бүртгүүлсэн хүмүүсийн дунд тэр азтан шалгаруулах тохирлоо явуулж байгаа ч.

                                                                                                                                О.Анирзун /Amjilt.com/

ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРЫНХАН БАЙНГЫН БЭЛЭН БАЙДАЛД АЖИЛЛАЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРЫНХАН БАЙНГЫН БЭЛЭН БАЙДАЛД АЖИЛЛАЖ БАЙНА
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.