Баянгол дүүргийн 16-р байрны оршин суугчдыг нүүлгэн шилжүүлснээс хойш 20 хоног өнгөрчээ. Тус байрны хажууд олон давхар байшин барихаар ухсан суурь нүхний хананы шороо нурснаас 6 метрийн зайтай орших 16-р байранд цууралт өгөх аюул нүүрлэсэн юм. Иймд Онцгой байдлын газраас шуурхай арга хэмжээ авч, байрыг хамгаалалтад аван, оршин суугчдыг дөрөвдүгээр сарын 23-нд яаралтай нүүлгэн шилжүүлсэн.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хийсэн хэмжилт, шалгалтаар орон сууцны зүүн талд нүх ухсан нь тус барилгад ямар нэгэн хазайлт үүсгээгүй гэсэн дүгнэлтэд хүрч, улмаар хөрсөнд бэхэлгээ, хүчитгэлийн ажил хийснээр оршин суугчдыг байранд нь оруулахаар болсон юм. “Нурах нь ээ” гээд нүүлгэн шилжүүлчихээд удалгүй “Нурахгүй, засчихвал зүгээр болно” хэмээн тайлбарлаад буй 16-р байрныхан хэзээ гэртээ төвхнөх нь олны анхаарлыг багагүй татаж байгаа.
Тэгвэл энэхүү хариуцаж буй “Бум Од” компани өнгөрсөн долоо хоногоос ажлаа эхэлж, яаралтай дуусгахаар 24 цагаар ажиллаж байгаа аж.
Хөрсний бэхэлгээ, хүчитгэлийн ажил ямар шатанд байгаа, хэзээ дуусах талаар мэдээлэл авах гэсэн ч “Бум Од” компанийн инженер мэдээлэл өгөхөөс татгалзлаа. Тэрбээр үүнийгээ “Дээрээс ямар нэг мэдээлэл өгч болохгүй гэсэн” хэмээн тайлбарласан. Харин албаны эх сурвалж энэ сард багтааж оршин суугчдыг байранд нь оруулна хэмээн мэдээллээ.
Эх сурвалж:
