Г.Батбаяр: Жастин Капла АНУ-ын иргэн гэдгээрээ давуу эрх эдлэх ёсгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
23 минут 15 секунд
Г.Батбаяр: Жастин Капла АНУ-ын иргэн гэдгээрээ давуу эрх эдлэх ёсгүй

Г.Батбаяр: Жастин Капла АНУ-ын иргэн гэдгээрээ давуу эрх эдлэх ёсгүй

 

“Саусгоби Сэндс” компанийн захирал асан Жастин Капла, Хиларион Кажуком болон Кристобал Дэвид нарыг татвараас зайлсхийсэн хэрэгт буруутган шүүхээс 5.6 жилийн хорих ял оноогоод байгаа. Хэдийгээр энэ нь эцсийн шийдвэр биш ч анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа “Саусгоби Сэндс” компани болон Монголын бизнесийн зөвлөлөөс дараалан мэдэгдэл гаргаж, шүүх буруу шийдвэр гаргасан мэтээр тайлбарлаж байгаа юм. Түүнчлэн Улаанбаатар дахь АНУ­ын Худалдаа аж үйлдвэрийн танхимаас иргэнд нь ял оноосныг буруушаасан бөгөөд шаардлагатай бол АНУ­ын зүгээс Монголд Мянганы сорилтын сангаар дамжуулан олгодог зээл тусламжийг зогсоох хэрэгтэй гэж хүртэл мэдэгдсэн тухай дуулдаж байна. Тэр ч бүү хэл, Нийслэлийн Засаг дарга Э.Бат­Үүл өнгөрсөн долоо хоногт ШШГЕГ­ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид очиж, Жастин Каплатай уулзсан гэх мэдээлэл гарсан. Манай улсын нутаг дэвсгэрт гадны компанийн удирдлагууд хууль тогтоомж зөрчин татвараас зайлсхийсэн энэ хэрэгт ийнхүү гадна дотныхон онцгойлон анхаарал хандуулж байгаа нь эрхгүй анхаарал татаж байгаа юм. Монголын шүүх энэ хэргийг шийдвэрлэхдээ хууль зөрчсөн эсэх талаар өмгөөлөгч Г.Батбаяртай ярилцлаа.
 

-“Саусгоби сэндс” компанийн удирдлагуудад ял оноосон нь араасаа нэлээд шүүмжлэл дагуулаад байна. Тухайлбал, АНУ-аас төдийгүй манай улсын зарим төрийн бус байгууллагаас хүртэл дараалсан мэдэгдлийг гаргасан. Гэтэл энэ удаагийнх эцсийн шийдвэр биш. Шүүх ажиллагаа бүрэн дуусаагүй байхад тал бүрээс мэдэгдэл гаргах нь хэр зохистой юм бэ. Шүүхэд хөндлөнгөөс нөлөөлөхгүй юү? 
 

- Мянганы сорилтын сан, түүнтэй гэрээ хийсэн эсвэл холбогдох эрх бүхий албан тушаалтан, байгууллагын зүгээс АНУ-ын иргэнийг хамгаалсан байдлаар удаа дараа мэдэгдэл гаргаж байна. Гэтэл тухайн хэргийн нөхцөл, үйлдсэн цаг хугацаа, байдал, нотлох баримт зэргийг мэдэхгүй байж хөндлөнгөөс шүүхэд шууд нөлөөлөх гэж байгаа мэт мэдэгдэл гаргаад байгаа нь буруу. Учир нь Мянганы сорилтын сан гэхэд Монгол Улсын олон улсын гэрээгээр зохицуулсан биеэ даасан гэрээ шүү дээ. Тухайлбал, тус сангаас зээл авахын тулд манай улс зээлдэгч талаас тавьсан маш олон болзол, шалгуурыг даваад түүнтэй нийцүүлж ямар нэгэн тодорхой барьцаа, батлан даалт гэх бүх бололцоо нөхцөлийг хангасан байж таарна. Үүний үндсэн дээр энэ сангийн зээлийг авч байгаа. Гэтэл аль нэг талын санаачилгаар гэрээг шууд цуцлах боломж байхгүй. Цаашлаад тухайн гэрээг ямар тохиолдолд цуцлах талаар ч гэрээнд тусгасан заалтууд бий. Үүнд юу гэж заасан нь чухал. Хэрвээ тэнд “АНУ-ын иргэн Монгол Улсын нутаг дэвсгэрт гэмт хэрэгт холбогдвол, түүнд ял оноовол энэ гэрээг цуцална” гэсэн агуулгатай зүйл тусгасан бол өөр хэрэг. Ингэж заагаагүй л бол Эрүүгийн хуулийн 13.1-д зааснаар “..Монгол Улсын нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдсэн этгээд тухайн орны хуулийн дагуу ял шийтгэл хүлээнэ” гээд заачихсан бол үүний дагуу хариуцлагаа хүлээнэ. Мөн нутаг дэвсгэрийн хууль үйлчлэх харьяалал ч гэж бий. Энэ зарчмын хүрээнд аль нэг улсын туг далбааг мандуулсан Элчин сайдын яам, мөн тухайн орны төрийн далбааг мандуулсан хөлөг онгоц, түүнтэй адилтгах буюу тухайн улсын эзэмшлийн газар гэж тооцогдож байгаа нутаг дэвсгэрт энэ гэмт хэрэг гарсан тохиолдолд л тухайн улсынхаа буюу энэ хэргийн тухайд АНУ-ын хуулиар зохицуулах учиртай. 
 

-Товчхондоо, Монгол Улсын хуулийн дагуу ял ногдуулсанд хууль зөрчсөн үйлдэл гараагүй гэж ойлгож болох нь ээ? 
 

-Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын хөрөнгө оруулалттай компанийн захирал гэмт хэрэгт холбогдлоо гэхэд АНУ-ын хууль ёсны язгуур эрх ашгийг хөндсөн мэтээр манай улсын төрийн болон төрийн бус байгууллага, албан тушаалтнууд шүүрч авч дэвэргэх нь хууль бус үйлдэл. Нийтийн албаны болон нийтийн эрх ашгийг зохицуулах тухай хуульд аливаа эрх бүхий албан тушаалтан өөрийн ашиг сонирхлыг хөндсөн, өөрийн албанд харьяалагдахгүй зүйлээр бусадтай хувийн харилцаанд орохыг хориглоно гээд заагаад өгчихсөн байгаа. 
 

-Гэтэл Хотын дарга нь хүртэл яваад оччихож байгаа нь зүй ёсны хэрэг биш болж таарах нь ээ? 
 

-Э.Бат-Үүл дарга очиж уулзсан гэсэн. Үнэн бол ингэж болохгүй шүү дээ. Шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх гээд байгаа юм уу. Үндсэн хуулийн 14.1-д “..Монгол Улсад суугаа хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй” гээд заагаад өгчихсөн. Гэтэл тухайн иргэн гадаадынх байхаас үл хамаараад Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд дагаж мөрдөж байгаа хуулиар л түүний эрх зүйн байдлыг зохицуулах учиртай. Энэ нь Монголд болсон бүх асуудлыг манай хуулийн дагуу шийднэ гэсэн үг. Хэрвээ ингэхгүй бол Эрүүгийн хуулийн 5.1 “Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд түүний үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, шашин шүтлэг, үзэл бодол, хөрөнгө чинээ, гарал үүсэл, боловсрол, албан тушаалыг үл харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”. Мөн хуулийн 9.1 дэх “..гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага заавал хүлээлгэнэ.” гэсэн хууль ёсны заавал биелэгдэх агуулгатай зарчим бүгд алдагдана. Э.Бат-Үүлийн энэ үйлдэл нь Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийг зөрчиж байгаа явдал. Энэ талаар Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийн 9.1-т Э.Бат-Үүл даргынх шиг үйлдэл илэрвэл шууд АТГ шалгана гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, тухайн этгээд Монгол Улсын хуулийн дагуу шүүхээс ял шийтгэл авчихаад байна. Шүүх хараат бус байдлаа хэрэгжүүлээд гадны нөлөөнд үл автаад шүүгдэгчид ял оногдуулсан тохиолдолд тухайн этгээд ялтан гэж явна. Гэтэл хотын дарга нь өөрөө очоод ялтантай уулзаж байгаа үйлдэл нь хууль бус болоод хувирчихаж байгаа юм. Нэг ёсондоо сэжигтэн, яллагдагчийг цагдан хорих тухай журмыг зөрчиж байгаа юм. Мөн урьдчилан хорих төвийн дотоод журмыг зөрчсөн үйлдэл. Хэргийн оролцогч биш ялтантай шууд очоод уулзчихаж боломж хуульд байхгүй. Угтаа бол тухайн ялтантай өмгөөлөгч нь болон чухал шаардлагатай үед тухайн хэргийн оролцогчдоос уулзах ёстой. Нэгэнт ялаа авчихсан тохиолдолд прокурор хүртэл очиж уулзах ёсгүй. Хэрэв уулзвал ашиг сонирхлын зөрчил буюу ЭБШХ-ийн 49.1.5-д заасан нөхцөл үүссэн эсэх асуудлыг ярина.
 

 -Таны хувьд шүүхийн гаргалгааг хэлж байгаа ч энэ олон байгууллага мэдэгдэл гаргаад Хотын дарга, шийдвэр гаргадаг том албан тушаалтан байтлаа өөрийн биеэр очиж уулзаад байгаа энэ үйл явц нийгэмд эргэлзээ төрүүлээд байна. Манай улс гадны компанийн удирдлагуудыг үнэхээр шүүхийн тулд шүүгээд ял оноочихсон юм биш биз дээ? 
 

-Өөрийн ажилтан эсвэл захирлыг өмгөөлж мэдэгдэл гаргах нь тухайн байгууллагын эрх. Гэхдээ энэ нь заавал хууль тогтоомжийн хүрээнд байх ёстой. Өөрөөр хэлбэл, мэдэгдэл гаргах нь тухайн байгууллагын эрх ч гэлээ энэ үйлдэл нь манай улсын хууль тогтоомжийг зөрчиж болохгүй. Жишээлбэл, Шүүхийн хараат бус байдлын тухай болон ЭБШХ байна. Гэтэл үнэндээ эдгээр хуулийг зөрчөөд хөндлөнгөөс нөлөөлөх гэж байгаа мэтээр мэдэгдэл гаргаад байна шүү дээ. Ингэснээрээ нийгэмд буруу ойлголт түгээх, бусдад нөлөөлөх гэж оролдож байгаа нь өөрөө гэмт хэрэг. Иргэдийн дунд үймээн самуун дэгдээж, олны дунд үл ойлголцол үүсгэж, олон нийтийг төрийнх нь эсрэг турхирч байгаа юм шиг нөхцөл байдал үүсгээд байна. Энэ чинь өөрөө хууль бус үйлдэл учраас үүнийг ч бас шалгах ёстой. 
 

-Мэдэгдэл гаргаад байгаа компани, төрийн бус байгууллагуудыг гэмт хэрэг үйлдлээ гэж та хэлэх гээд байна уу?
 

 -Энэ бол гэмт хэрэг. Жастин Капла нарын хувьд Эрүүгийн хуулийн 166.2 зүйл ангиар ял шийтгэл хүлээсэн. Энэ нь 5-8 жилийн хорих ялтай гэмт хэрэг. Харин энэ хүмүүст тухайн зүйл ангийн ялын хамгийн доод хэмжээг оноосон байгаа юм. Нөгөө талаас энэ хэрэгт 55-ын штрикийг хэрэглэж болох байсан. Өөрөөр хэлбэл, гуравны нэгийг нь оногдуулсан ялаас хасч болно гэсэн үг. Гэхдээ тухайн этгээд хохирол буюу нийгмийн хор уршгаа арилгаагүй бол хэрэглэж болохгүй. Нэг ёсондоо шүүх хуулийн дагуу буюу ЭХ-ийн 54 дүгээр зүйлд заасан эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргасан байна. Түүнээс биш АНУ- ын иргэн гээд өөр байдлаар хандах хуулийн зохицуулалт байхгүй. Гадаадын иргэдийн эрх зүйн байдлыг зохицуулсан зохицуулалтаар л явах ёстой. Хуульд зааснаар “..Гадаадын иргэн Монгол Улсын хууль тогтоомжийг дээдлэн, чанд дагаж мөрдөнө. Хууль тогтоомжид нийцүүлэн үйл ажиллагаа явуулна. Хэрвээ зөрчвөл тухайн улсын хууль тогтоомжийн дагуу ял шийтгэлээ хүлээнэ..” гээд заагаад өгчихсөн байгаа. 
 

-Манай улсад амьдарч байгаа гадаадын иргэд шүүхээс ял авч байгаа тохиолдол хэдэн арваараа мөн гардаг. Гэтэл АНУ-ын иргэн Монголоос ял сонсч болохгүй юм шиг тал бүрээс анхаарал хандуулаад байгаа нь сонирхол татаад байна. Эсвэл асуудлын гол нь уур уурхайн том компанийн удирдлага гэдэгтээ байна уу. Та үүнийг хэрхэн харж байна вэ?
 

 -АНУ-ын иргэн гэхээр л ганцаараа давуу эрхтэй байна гэж юу байх вэ. Энэ чинь олон улсын хооронд үл ойлголцол үүсгэнэ. АНУ-ын иргэн гэмт хэрэг үйлдэхээр манай улсын эрх бүхий албан тушаалтнууд яахаараа сандарч гүйлдээд л түүнийг нь сонин хэвлэлээр дамжуулаад байдаг юм. Олон улсын гэрээ конвенциор зохицуулсан зээл тусламжийн гэрээг татаж авчраад “..Одоо гэрээний үүргийн гүйцэтгэлийг зогсоох гэж байна” гэж нийтэд мэдээлээд байгаа нь буруу юм. Хэрвээ зээл тусламжийг зогсоовол манай улс тухайн гэрээг нэг тал дангаар цуцалснаас болж учирсан гэрээний хохирлын асуудлаар олон улсын шүүхэд хандах боломжтой. Үүнээс үүдэн гарсан гэм хорын хохирол гээд бүгдийг нэхэмжилнэ. Бид нэг зорилгод хүрэхийн тулд тухайн зээлийг авах шаардлага шалгуураа хангачихаад байхад нөгөө тал гэрээнд хамааралгүй нэг хэргээс болж зээлийн гэрээгээ яахаараа бүдүүлгээр зөрчдөг юм. Үнэндээ Америкийн тал мэдэгдэл хийснээрээ өөрийнхөө иргэнийг хамгаалахын тулд манай улсын тусгаар тогтносон бүрэн эрхт байдлыг зөрчиж байгаа юм. Манай улсын хууль дүрмийг хүндлэхгүй ямар байх ёстойг заах гэж оролдох нь Монгол Улсын бүрэн эрхт байдалд халдаж байгаагийн илрэл. Тэгэхээр ийм зүйл байж болохгүй. Шүүхийн хараат бус байдал гэж бүхэл бүтэн том хуулийн зохицуулалт байна шүү дээ. Эдгээр байгууллага мэдэгдэл гаргаж, олон нийтэд буруу ойлголт төрүүлснээрээ шүүхийн хараат бус байдалд нөлөөлөхийг оролдож байна. 
 

-Дэлхийн том гүрний зүгээс хоосон мэдэгдэл гаргахгүй байх. Манай улс Жастин Капла нарыг шүүхдээ ямар нэгэн байдлаар алдаа гаргасан юм болов уу?

 
-Шүүх үнэхээр буруу шийдвэр гаргасан бол өөрөөр хэлбэл, нотлох баримтын хэмжээнд үнэлж дүгнэж чадаагүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарласан бол давж заалдах шатны шүүх нь хянаад л буцаачихна. Энэ эрх нь нээлттэй. Энэ хэргийн тухайд ийм тохиолдол нэгдүгээрт гараагүй байна. Хоёрдугаарт, хэрвээ Дээд шүүх ялыг хэвээр баталсан ч хуулиа л дагах ёстой. Нөгөө талаас ял сонссон этгээд Эрүүгийн хуулийн 13.1-д зааснаар“.. дипломат эрхтэй, дархан эрх ямба эдэлж байгаа, олон улсын хуулиар тухайн орны эрүүгийн хэргийн талаар харъяалагдахгүй этгээд..” биш байхгүй юү. Зүгээр л манай улсад ажиллаж, амьдарч байгаа хүн. Тусгай эрх ямбыг хэн эдлэх вэ гэдгийг хуульд заагаад өгчихсөн байна. Үнэндээ Жастин Капла гэдэг хүн манай улсад ашиг олох зорилгоор ирсэн гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийн захирал шүү дээ. Хэрвээ бид энэ асуудлыг хэтэрхий дэвэргэвэл хоёр хөршийнхөө дунд эвгүй байдалд орно. Дараа нь солонгос, япон, хятад улсын иргэнийг ч шийтгэж чадахаа болино. Ингэж сүржигнээд Хотын дарга нь хүртэл гүйж очоод байвал бид гадаадын иргэдийг яаж шүүх юм. Хуулийн иргэн бүрт тэгш үйлчлэх зарчим алдагдана шүү дээ. Цаашлаад ялгавартай хандсан гэдэг шүүмжлэлд өртөнө. Мөн гадны иргэн манай улсад гэмт хэрэг үйлдэхийг зохицуулсан хуулийг цаашид зөв, оновчтой хэрэгжүүлж чадахгүй болно. 
 

-Манай улсад “Саусгоби сэндс”-ийн адилаар уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг, тэр дундаа татвараас зайлсхийсэн тохиолдол олон гарч байсан. Гэтэл энэ удаагийнхыг онцолж шуугиад байгаа нь ямар учиртай юм бол. Эсвэл америк хүн ийм үнэ цэнэтэй байдаг хэрэг үү?
 

 -Гэмт хэрэг үйлдсэн этгээд зохих ял шийтгэлээ авах л ёстой. Манай улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулсан атлаа татвараас зайлсхийсэн. Энэ нь гэрчийн болон хохирогчийн мэдүүлгээр нотлогдож л байвал зохих ялаа хүлээх ёстой. Гадны аль нэг компани манай улсаас ашиг олох гэж ирж болно. Энэ эрх нээлттэй. Хамгийн гол нь тухайн үед явсан үйл ажиллагааныхаа оногдсон татвараа үг дуугүй төлж байх үүрэгтэй. Төлөхгүй бол шийтгэлээ хүртэж л таарна. 
 

- Энэ байдлаар үргэлжилбэл Жастин Капла нар ял завшиж болзошгүй нь харагдаад байгаа юм. Ер нь ийм нөхцөл үүсч магадгүй гэдэг болгоомжлол нийгэмд бий болчихлоо? 
 

-Хэрвээ шүүх зөв шүүсэн бол ял завших боломжгүй. Ийм тохиолдолд ганц л боломж бий. Тэр нь Эрүүгийн хуулийн 166 дахь энэ заалт нь Эдийн засгийн өршөөлийн хуульд хамрагдаж байгаа тул өршөөгдөнө гэсэн үг. Түүнээс биш АНУ-ын албан тушаалтнуудын зүгээс нөлөөлж байгаа тул ял оноож болохгүй гэдэг байдлаар хандан Жастин Капла нарыг ялгүй үлдээвэл энэ нь олон улсад маш том сөрөг хандлагыг авчирна. Монгол гэж авлига, хээл хахуульд идэгдсэн, хууль хэрэгжүүлэх чадваргүй орон юм байна гэдэг мессежийг олон улсад хүссэн хүсээгүй төрүүлнэ. Ингэвэл АНУ-ын өөрийнх нь яриад манай оронд хэрэгжүүлэхийг хүсээд байдаг ардчилал, шударга ёс, хүний эрх, хууль ёсыг дээдлэх зарчим бүгд алдагдана шүү дээ. Тэгээд ч ямар нэгэн хүсэл зорилго үр дүнд хүрэхээр бусдыг хүч хэрэглэхээр дарамтлах, айлган сүрдүүлэх, гэмт хэргийн хэв шинжийг агуулсан хууль бус үйлдэл юм. Яагаад гэвэл “.. зээл, тусламжийг зогсооно..манай хүнд ял оноосон байна..” гэж байгаа нь өөрөө шүүн таслах ажиллагаанд саад учруулж байгаа үйлдэл. Ингэж хэлснээрээ тэд шүүхийг гүтгэх, доромжлох гэмт хэргийг үйлдэж байгаа юм. Ингэж хэлснээрээ эдийн засгийн хувьд хүч хэрэглэхийг завдаж байна шүү дээ. “Та нарт мөнгө өгөхгүй шүү.. манай хүнийг ялгүй гарга..” гэж байна. Угтаа гэмт хэрэг үйлдсэн л бол заавал эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гээд хуульд заачихсан. Ингэж мэдэгдэл хийснээр гэмт хэрэгтэнд ял завших боломжийг олгоод байгаа юм. Энэ үйлдлээрээ тухайн этгээд гэмт хэргийг нуун далдлах, хаацайлах үйлдэл гарган бусдыг гүтгэх, доромжлох, дураар аашлах, шүүн таслах үйл ажиллагаанд саад учруулах, шүүгч, прокурорыг гүтгэх зүйл ангиудаар ял авах боломжтой. Уг нь хуулиа ягштал дагаж, мөрдвөл янз бүрийн мэдэгдэл хийсэн этгээдүүд бүгд ял авах бүрэн боломжтой. 
 

-Мэдэгдэл гаргасан хүний эсрэг АНУ-д гомдол гаргах боломж бий юү. “Танай хүн манай улсын шүүхэд нөлөөлөөд мэдэгдэл хийгээд байна. Шүүхийн эцсийн шийдвэр гараагүй байна” гэж болох уу? 
 

-Ийм боломж бий. Тухайн орны хууль цаазыг үл хүндэтгэн улс орны нэр барьж өөрт хамааралгүй гэрээг таслан зогсоохыг оролдсон, улс орны найрамдалд харилцаанд сэв суулгах үйлдэл гаргасан.. гэх зэргээр АНУ-ын Элчин сайдын яам болон гадаад харилцааных нь яам руу албан тоотоор гомдол гаргаж хариуцлага тооцуулж болно. Монгол Улсын бүрэн эрхт, аюулгүй байдалд заналхийлж байгаа явдал байхгүй юу энэ чинь. Манайхаас ядуу буурай орон хүртэл Америкийн зарим иргэний хууль бус үйлдлийн эсрэг тэмцэж л байна шүү дээ.
 

 -Манай улсаас гомдол гаргах хуулийн этгээд нь хэн байх вэ? 
 

-Энэ хэрэгт ажилласан прокурор, шүүгч түүний харъяалах байгууллагын зүгээс өргөдөл, гомдол гаргаж болно. 
 

-Манай улсын иргэн аль нэг улсаас ял сонссон тохиолдолд бид тухайн улсад хандан мэдэгдэл гаргаж, эсвэл илт өмөөрч байсан тохиолдол ер нь гарч байсан юм уу? 
 

-Байхгүй. Тийм боломж ч байхгүй. Тухайн орны хууль тогтоомжийг хүндэтгэн үзэх үүднээс хөндлөнгөөс оролцохгүй байх зарчмыг баримтална. Зөвхөн тухайн орны хуульд заасан манай улсын иргэний хууль ёсны эрх ашгийг зөрчсөн эсэх, мөрдөн байцаах үйл ажиллагаа хуулийн дагуу явсан уу үгүй юү, эрүү шүүлт тулгах үйлдэл гарсан эсэх, хуульд заасан зүйл ангийн хэмжээнд ял оноож байна уу үгүй юу гэх мэтчилэн хүнийхээ эрхийг хамгаалах үүднээс дипломат ёсны хүрээнд ерөнхий нийтлэг эрхийг хамгаалах талаас оролцдог. Тиймээс хэргийг эцэслэн шийдээгүй байхад хэн дуртай нь мэдэгдэл хийгээд түнийг нь хэсэг бүлэг нь дэмжээд аль нэг дарга нь хүртэл сандарч гүйлдэж байсан тохиолдол байхгүй . 
 

-АНУ-ын зүгээс дипломат журмаар ч юмуу танай улс манай иргэнийг хууль бусаар хорьж цагдаад байна гэж гомдол гаргавал бид унах юм биш биз дээ? 
 

-Тийм зүйл гарах боломжгүй. Тухайн этгээдийг эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж байхдаа эсвэл шүүн таслах ажиллагаа явуулж байхдаа эрүү шүүлт тулгах гэх мэт байдал гаргаж байсан эсэхийг л шалгаж болно. Тухайлбал, хуурч мэхлэх, даажигнан тохуурхах, хүч хэрэглэх, заналхийлэх гэх мэт байдлаар шүүх хуралдааныг явуулсан байна уу. Эсхүл шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох эрхийг нь хязгаарласан, хуульд заагаагүй ял оногдуулсан эсэх гэх мэт хүний эрхийн нийтлэг эрх ашгийн хүрээнд л АНУ-ын зүгээс гомдол гаргана уу гэхээс яг ял оногдуулах, оногдуулсны дараа хорих явцад оролцож гомдол гаргах эрх байхгүй. Ял эдлүүлэх, цагдан хорих ажиллагаанд хөндлөнгөөс оролцож гомдол гаргах боломжгүй. 
 

М.ӨНӨРЖАРГАЛ

Эх сурвалж: Монголын үнэн

 

 

 ӨМНӨГОВЬ АЙМАГТ ХАЛДВАР ХАМГААЛАЛТЫН ДЭГЛЭМ САХИГДАХГҮЙ БАЙНА ГЭЛЭЭ
ӨМНӨГОВЬ АЙМАГТ ХАЛДВАР ХАМГААЛАЛТЫН ДЭГЛЭМ САХИГДАХГҮЙ БАЙНА ГЭЛЭЭ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.