“Чиглэл” компанийн ерөнхий захирал Ц.Бумцэнд: БСШУ-ны сайд Л.Гантөмөр “Сарны титэм”, “Мянган өндөр цахиур” компаниудыг л тендерт ялуулдаг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
7 минут 33 секунд
 “Чиглэл” компанийн ерөнхий захирал Ц.Бумцэнд: БСШУ-ны сайд Л.Гантөмөр “Сарны титэм”, “Мянган өндөр цахиур” компаниудыг л тендерт ялуулдаг

“Чиглэл” компанийн ерөнхий захирал Ц.Бумцэнд: БСШУ-ны сайд Л.Гантөмөр “Сарны титэм”, “Мянган өндөр цахиур” компаниудыг л тендерт ялуулдаг

 

Өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд Үндэсний аж үйлдвэрийн зөвлөл, Баялаг бүтээгчдийн холбоо хамтран Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль буюу олны ярьж заншсанаар тендерийг хуулийг шинэчлэх санал гаргаж, хэвлэлийн бага хурал хийлээ.
 
Хуралд Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Д.Жаргалсайхан, Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн гишүүн Г.Дорлиг, Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ж.Мөнхцэцэг, “Чиглэл” компанийн ерөнхий захирал Ц.Бумцэнд, Ой мод үйлдвэрлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Нямсүрэн, “Гэр групп”-ийн ерөнхий захирал Л.Гантөмөр нар оролцов.
 
Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Д.Жаргалсайхан тус хурлыг нээж “Өнөөдөр монголчуудад зайлшгүй шийдэх ёстой нэг асуудал байгаа нь ажилгүйдэл. Энэ нь гамшиг, эмгэнэл болчихоод байна. Тогтвортой үйлдвэрлэл, цалин, орлого байхгүй, улс орноосоо дайжиж зугатаасан дүр зурагтай болчихоод байгаа. Энэ нийгэмд төрийн албан хаагч, худалдаа, үйлчилгээний байгууллагын хүмүүс, малчин гурван давхарга байна. Хуучин социализмын үед 110 мянган хүнтэй ажилчин анги байлаа. Одоо энэ давхарга тендерийн хуулиас болоод үгүй болчихсон.
 
Өөрөөр хэлбэл, тендерийн будлианаас болоод 110 мянган хүний ажлын байр устаж алга болсон байдаг. Энэ тендерийн хууль үндэсний аж үйлдвэрийн салбарыг сөхрүүлж мөхөөсөн. Үүнтэй холбоотой асар их хэл ам бий. Энэ тендерийн хууль өнөөдөр ч гадаадын иргэдийн эрх ашгийг хамгаалж, төсвийн буюу монголчуудын татварын мөнгийг захиран зарцуулах төрийн албан хаагчдын эрх ашгийг хаацайлсаар байгаа юм. Тиймээс өнөөдөр энэ хуульд онцгой өөрчлөлт хийхгүй бол монголчуудын хийж бүтээх хүсэл эрмэлзлэл, эх орондоо эзэн байж амьдрах эрх ашигт сөргөөр нөлөөлсөөр байна” гэв.   
 
Социализмын үед манай улс өөрийн гэсэн үйлдвэртэй, бараа бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдвэрлэдэг байсан ч өмч хувьчлалын алдаатай бодлогын улмаас аж үйлдвэрийн салбарын уналт эхэлжээ. Томоохон үйлдвэрүүд хаалга барин, ажилчдаа цомхотгон, тоног төхөөрөмжүүдээ зарж дуссан. Энэ мэтээр сүүлийн 25 жилийн турш аж үйлдвэрийн бодлого алдагдсан байсан билээ. Харин энэ удаагийн Засгийн газар Аж үйлдвэрийн яам байгуулж, төрөөс баримтлах бодлогоо тодорхойлж, хэрэгжүүлснээр үндэсний үйлдвэрлэл сэргэж, импортыг орлох бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэж, экспортыг дэмжихээр болсон. Харамсалтай нь төрийн хууль тогтоомжийг дунд шатандаа төрийн албан хаагчид биелүүлэхгүй байгаа аж. 
 
УИХ-аас өнгөрсөн онд Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль баталж, Засгийн газрын 2015 оны наймдугаар сарын 17-ний өдрийн 336-р тогтоол батлагдсан. Үүний дагуу “Дотоодын үйлдвэрээс худалдан авах чанар стандартын шаардлага хангасан барааны жагсаалт” -ыг баталж, “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого”-ын 4.2.1,3-т .... төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр хийх худалдан авалтад дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүнийг тэргүүн ээлжинд хамруулах тогтолцоог бий болгож, хэрэгжүүлэх.. гэж заасны дагуу Аж үйлдвэрийн яам энэ оныг “Дотоодын үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих жил” болгон зарласан.
 
Энэ мэтээр төр засгаас хууль, эрх зүйн орчин бүрдүүлсэн боловч дээрх хууль, тогтоол, шийдвэрийн хэрэгжилтэд төр хяналт тавьж ажиллаагүй нэг дутагдал бий. Тиймээс үндэсний үйлдвэрлэгчид хөнгөлттэй зээл авч, үйлдвэрийн барилга барьж, тоног төхөөрөмжөө худалдан авч, үйлдвэрлэлээ эхлэн зах зээлд импортыг орлох бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэсэн ч дунд шатны түшмэдүүд уг асуудалд ашиг сонирхлын зөрчилтэй хандаж байгаа аж.
 
Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ж.Мөнхцэцэг “Манай холбоонд маш олон баялаг бүтээгч, жижиг, дунд үйлдвэрлэгчид бий. Энэ хүмүүс маань зарлагдсан тендерт оролцох эрх нь нээлттэй боловч шалгарах нь бага байдаг. Яагаад гэвэл, тендерийнх нь хуульд үндэсний үйлдвэрлэгчдийг бүдрээж унагах заалт маш их бий. Тиймээс энэ хуулийг цогцоор нь өөрчлөхгүй бол үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдээ дэмжинэ гэж яриад бүтэхгүй.
 
Гэтэл манай өмнөд хөршид импортын бараанд 50-аас дээш хувийн татвар ногдуулдаг. Дээрээс нь гадаадын хөрөнгө оруулагчдыг дотоодынхоо ашигтай ажиллаж байгаа салбар руу хэзээ ч оруулдаггүй. ОХУ-д гэхэд дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжээгүй, ямар нэгэн байдлаар импортын худалдан авалтыг дэмжсэн хүнийг төрийн албанд ажиллах эрхийг нь тав хүртэлх жилээс хасч байна шүү дээ” гэлээ. Өөрөөр хэлбэл, баялаг бүтээгчдийн төлөөлөл Монголын төр засаг тэдэн шиг ажиллаасай гэж хүсч байна.
 
“Чиглэл” компанийн ерөнхий захирал Ц.Бумцэнд “Манай компани 2012 оноос эхлэн БСШУЯ-аас зарласан худалдан авах ажиллагаанд жил бүр оролцож ирсэн ч шалгуур үзүүлэлтийг хангаагүй гэдэг үндэслэлээр байнга хасагддаг. Бид сургууль, дотуур байр, цэцэрлэгийн гал тогооны тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг юм.
 
Гэтэл мэргэжлийн бус, өөрийн гэсэн үйлдвэр, засвар угсралтын газаргүй “Сарны титэм”, “Мянган өндөр цахиур” компаниудыг БСШУ-ны сайд Л.Гантөмөр, төрийн нарийн бичгийн дарга Ш.Булга-Эрдэнэ шалгаруулдаг уламжлал тогтоочихлоо. Үнэндээ эдгээр компани 2013-2015 онд тендерт ялсан. Гэвч бараагаа нийлүүлэхдээ техникийн тодорхойлолтод заасан; барааг нийлүүлдэггүй зуршилтай. Бүр чанар, стандартын шаардлага хангаагүй, зах зээлийн үнээс хямд барааг 2-5 дахин өндөр үнээр удаа дараа нийлүүлж байгаа” гэв.
 
“Чиглэл” компани нь “Чингис” бондын хөнгөлттэй зээлд хамрагдан, өөрийн үйлдвэрийн барилга байгууламжаа барьж ашиглалтад оруулахдаа шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдан авч суурилуулан 2015 онд үйлдвэрийн нээлтээ хийсэн юм байна. Тус үйлдвэр нь 100 литрийн багтаамжтай нэгдүгээр хоолны тогоо, шарах шүүгээтэй дөрвөн ширэмтэй цахилгаан зуух, нержэн бэлтгэлийн ширээгээр дотоодынхоо хэрэгцээг 100 хувь хангах хүчин чадалтай аж.
 
Мөн Ой мод үйлдвэрлэгчдийн холбоо сүүлийн найман жил БСШУЯ-ны зарласан ширээ сандлын тендерийн ажлыг үндэсний үйлдвэрлэгчдээрээ хийлгэхээр хөөцөлдсөн ч бүтээгүй байна. Сүүлийн дөрвөн жилд зөвхөн “Батмон” болон “Анун” компаниас л авдаг тогтсон уламжлалтай болжээ. Гэтэл тэд ширээ сандлаа импортоор оруулж ирдэг юм байна.   
 
Г.Ганчимэг
Төрд шургасан гадна дотны луйварчид, өмнийн говийг хүн ардтай нь золиосолохыг тэвчихгүй!!!
Төрд шургасан гадна дотны луйварчид, өмнийн говийг хүн ардтай нь золиосолохыг тэвчихгүй!!!
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.