УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Хаан” банкны хувьчлалд машид их сэтгэл чилээх болсны цаана юу байв гэдэг нь олны анхааралд нэгэнт оржээ. Тэрбээр Увс аймагт байх “Хотгор шанага”-ын уурхайн тусгай зөвшөөрлийг Солонгосын компанид ах нартайгаа зарсан шигээ өөрөө хэн нэгэнд зарах гэв үү. Эсвэл өөрөө бусадтай нийлж авах гэв үү гэх мэт олон асуудал дагууллаа.
Засгийн газрыг У.Хүрэлсүх тэргүүлж байхад тухайн үеийн Сангийн сайдаар ажиллаж байсан Ч.Хүрэлбаатар “Хаан” банкны хувьчлалтай холбоотойгоор япон эзэн Савада гэгчид хандан англи хэл дээр бичсэн захидал ил болсон. Зарим мэдээллийн хэрэгслээр захидал хэмээн цацаад байгаа болохоос биш, захидал ч биш, бүр Монгол Улсын Засгийн газрын баталгаа юм. Мөн Улаанбаатар хотын захирагчийн үүрэг гүйцэтгэж байсан Ж.Батбаясгаланд захидал бичиг илгээж байсныг уншигч та санаж байгаа байх.
Танхимынх нь тэргүүн энэ талд юу ч дуугарахгүй байхад нэг сайд нь дур мэдэхийн зэрэгцээ яаран сандарч захидал бичиг шидэж байгаагийн цаана өндөр ашиг сонирхол цухалзана. Савадад бичсэн захидлын утга нь “Хаан банкыг хувьчлах гэж байгаа юм байна. Манай банкны тухай хуульд ингэж заасан байдаг. Одоо хувьцаа эзэмшиж байгаа хүмүүст хувьчилвал Засгийн газар дэмжихгүй. Харин хувьчлалд оролцох санаатай байгаа Таван богд группын Ц.Баатарсайхан нарт өгнө гэвэл манай Засгийн газар бүрэн дэмжинэ” гэх утга бүхий зүйл байсан гэдэг. Энэ бол шууд ашиг сонирхлын зөрчил гаргаж, хууль зөрчсөн. Өөрөөр хэлбэл Монгол төрийн нэрийг барьж гадны иргэнийг дарамталж байна гэсэн үг. Хувийн ашиг сонирхлын төлөө бүрэн улсын Засгийн газрын баталгааг дур мэдэн гаргаж өгч байна гэдэг хэтийдсэн том асуудал. У.Хүрэлсүх Ерөнхийлөгч өө энэ мэт зүйл таныг Ерөнхий сайдаар ажиллаж байхад таны “шударга ёс”-ны аль талаар өнгөрөв өө.
Тэгвэл Ч.Хүрэлбаатартай хамт “Хотгор шанага”-ын уурхайг зарсан түүний ах Ч.Гантулга, Ч.Гантулга нарын нэг нь “Таван богд”-ын Ц.Баатарсайхантай хамтран компани байгуулсныг баримтаар гаргаж ирсэн. Тэгэхээр Ч.Хүрэлбаатар “Хаан” банкны хувьчлалд ахтайгаа хамтран оролцох сонирхол байжээ гэдэг нь эндээс тодорхой харагдана. Үүгээр ч зогсохгүй түүний төрөл төрөгсөд, ах дүү нар нь Монгол Улсын санхүүгийн байгууллагуудад ажиллаж, аалзны тор мэт хэрсэн гэхэд болно. Тэр ч бүү хэл эхнэрээ хүртэл Монголбанкны захирлаар тавихаар чичэрч байгааг юу гэх вэ.
Үүнээс гадна тэрбээр саяхан япончууд “Хаан” банкны эзэмшлийн хувиа худалдаж буйтай холбоотой сүртэй мэдэгдэл хийсэн. Ч.Хүрэлбаатар чухам яагаад ийн эртнээс сандарч гүйгээд байгаа нь өнөөдөр бараг ил болж байна. Ямартай ч Ч.Хүрэлбаатарын “25.01.2019 11/386” дугаартай албан бичиг нь ашиг сонирхлын зөрчилтэй гэдгийг албаны хүмүүс ч хэлж байна, түмэн олон ч хэлж байна. Ч.Хүрэлбаатар УИХ-ын гишүүний хувиар ч сайдын хувиар ч ашиг сонирхлын зөрчил гаргаж хууль зөрчсөн. Үүнийг шалгуулахаар “Шударга иргэдийн шүүх” Төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалт АТГ-т хандасныг хүмүүс дэмжиж байна. “Таван богд групп” компанид давуу байдал олгохыг зорьсон, цаашлаад үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг ч зөрчсөн гэж хэлж болохуйц албан тоот байгааг төвөггүйхэн харж болно.
Эргэн сануулахад Увс аймгийн Бөхмөрөн суманд байх “Хотгор шанага”-ын нүүрсний ордыг 26 тэрбум вон буюу 52 тэрбум төгрөгөөр Солонгосын төрийн өмчит компани болох “Korea Coal” компанид зарсаныг нотлох баримтыг ил болгосон. Энэ мэт удаа дараагийн хууль бус үйлдэл байхад Ч.Хүрэлбаатарт хариуцлага тооцохгүй байгааг хаа хаанаа гайхаж байна. Монголын баялагийг гадагшаа зардаг, ах дүү нараа аль мөнгө “хусаж” болох газарт ажиллуулдаг энэ хүний эцэс төгсгөлгүй шунал тачаалд цэг тавих цаг нь аль эрт болсон. Гэтэл АТГ болон бусад холбогдох байгууллага анхаарч шалгаж байна уу. Эсвэл тэр Монгол Улсын хууль шүүхийг бас давхар атгасан хүн үү.