Д.Батмөнх: Өвөлжилт хүндэрч болзошгүй аймгуудын малыг эдийн засгийн эргэлтэд оруулах нь зүйтэй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
9 минут 29 секунд
Д.Батмөнх: Өвөлжилт хүндэрч болзошгүй аймгуудын малыг эдийн засгийн эргэлтэд оруулах нь зүйтэй

Д.Батмөнх: Өвөлжилт хүндэрч болзошгүй аймгуудын малыг эдийн засгийн эргэлтэд оруулах нь зүйтэй

ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батмөнхөөс өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар тодрууллаа.

-Та бүхэн орон нутагт ажиллаад ирлээ. Өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын явц орон нутагт ямар байна вэ?
-ХХААХҮЯ-наас 2021, 2022 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг газар дээр нь үзэж танилцах дөрвөн баг томилсон. Нэгдүгээр ажлын хэсэг говь болон зүүн бүсийн аймагт ажилласан. Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг Өвөрхангай, Архангай, Говь-Алтай, Завхан, Увс, Баянхонгор аймагт ажиллалаа.

Миний ахалсан ажлын хэсэг Булган, Хөвсгөл, Сэлэнгэ, Дархан, Орхон аймагт өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалт, хадлан тэжээл бэлтгэлийн ажилтай танилцаад ирлээ. Энэ аймгуудад өвс, хадлан, тэжээл бэлтгэлийн ажил маш сайн явж байна. Хангайн бүсэд хамаардаг учир өөрсдөө хадлан, тэжээлээ бэлтгэх боломжтой. Малчдын түвшинд бэлтгэсэн өвс, тэжээл 70 орчим хувьтай гэсэн дүн гарсан. Эдгээр аймгуудад өвсний гарц, ялангуяа бэлчээрийн ургамлын ургалтын хэмжээ маш сайн байна. Малчид, иргэд өөрсдийн хүчээр болон холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран өвс, хадлан, тэжээл бэлтгэх ажлаа хийж байна.

-Аюулгүйн нөөц бүрдүүлэх ажил хэр хангагдаж байна?
-Аймаг, орон нутгийн аюулгүйн нөөцөд бэлтгэх өвс худалдан авах ажиллагааг тухайн аймгуудад зохион байгуулсан. аравдугаар сарын сүүлчээр энэ ажлын бэлтгэлийг бүрэн хангахаар зохицуулалтын арга хэмжээнүүдийг авсан. Өвсийг аймаг, сумын аюулгүйн нөөцөд бэлтгэх тухайд өвс бэлтгэлийн аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулж байгаа учраас бэлтгэлийн үнэ өндөр байна. Тээврийн зардал болон НӨАТ нэмэгдээд 7000-8000 төгрөгийн үнээр өвс бэлтгэж байна.
Говийн болон тал хээрийн бүсийн аймгуудад томилолтоор ажилласан ажлын дүнтэй танилцлаа. Энэ дүнгээс аваад үзвэл бэлчээрийн ургамлын ургалт тааруу байгаа Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говь-Алтай аймагт өвсийг малчдын түвшинд болон аймаг, сумын аюулгүйн нөөцөд шууд худалдан авах гэрээ байгуулах ажлыг зохион байгуулж байна. 10-р сарын сүүлчээр өвс, тэжээлийг орон нутагт буулгах зохион байгуулалтын ажил дуусна гэсэн мэдээлэл гарсан. Энэ аймгуудад худалдан авах өвсний үнэ 9500-10500 төгрөгийн үнэтэй байна.

-Аймаг, сумын аюулгүйн нөөцөд жилд хэдэн мянган тонн өвс бэлтгэдэг вэ. Одоо хэдийг нь бэлтгээд байна?
-2021-2022 оны өвлийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд малчдын түвшинд 1.2 сая тонн өвс бэлтгэхээр төлөвлөсөн. Аймаг, орон нутагтай энэ талаар зөвшилцсөн. 9-р сарын 30-ны байдлаар ойролцоогоор 800 мянган тонн өвс бэлтгэсэн. Энэ нь улсын хэмжээнд малчдын түвшинд өвс бэлтгэлийн ажил сайн явж байгаа үзүүлэлт юм. Мөн ногоон тэжээл, үйлдвэрийн тэжээл бэлтгэлийн ажил 53 хувьтай байна. Аймаг, сумын аюулгүйн нөөцийг бэлтгэх ажил ид хийгдэж байна. Орон нутгийн байгууллагаас энэ жилийн аюулгүйн нөөцөд бэлтгэх өвс, тэжээлийн зардлыг бүх түвшиндээ зохицуулах арга хэмжээг авч ажилласан нь өнгөрсөн жилээс нэлээн дэвшилттэй ажил болсон гэж дүгнэж байгаа.

skip-share

2021 оны 3-р сарын 12-нд 12 аймгийн 50 гаруй сумыг хамарсан хүчтэй шуурга болсон. Энэ шуурганы улмаас сая гаруй мал хорогдсон дүн гарсан.

-Энэ жилийн өвөлжилтийн нөхцөл байдал ямар байх урьдчилсан дүгнэлт гарсан бэ?
-Ус, цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс ирүүлсэн мэдээллээр өвөлжилт хүндрэх төлөв байдал зарим аймагт байгаа. Ер нь олон жилийн судалгааны үр дүнгээс харвал өвөлжилт хүндрэх магадлал өндөр байдаг. Нэг жишээ хэлэхэд, 2019-2020 оны өвөлжилт хаваржилтын бэлтгэл ажил хангах хүрээнд бид Хөвсгөл, Архангай, Завхан аймагт ажиллаж байхад бэлчээрийн ургамлын ургалт маш сайн байсан. Гэвч 10 дугаар сарын сүүлээс эхлээд их хэмжээний цас орсны улмаас бэлчээр бүрэн цасанд дарагдаад хаваржилт хүндэрсэн. Тухайлбал, Хөвсгөл аймгийн Жаргалант, Шинэ-Идэр, Цэцэрлэг гэх мэт суманд өвөлдөө зузаан цас орсноос болж бэлчээрээ ашиглах боломжгүй болсон.


Мөн 2019-2020 оны өвөл, хаврын улиралд Архангай, Булган, Завхан, Хөвсгөл аймагт мал их хэмжээгээр хорогдсон. 2020, 2021 оны тухайд байгаль цаг агаарын нөхцөл байдал говийн болон тал хээрийн бүсийн аймгуудад хүндэрсэн. 2020 оны зун хур тунадас багатай байсан Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говь-Алтай, Баянхонгор зэрэг аймагт гантай байсны улмаас мал сайн тарга хүч авч чадаагүй. Иймээс зах зээлд борлуулах малын тоог ХХААХҮЯ, МҮХАҮТ, Ерөнхийлөгчийн тамгын газартай хамтран гаргаж байсан. Байгаль, цаг агаарын хүндрэлтэй байдал нь 2021 оны хавар эдгээр аймагт малын хорогдол гарах үндсэн шалтгаан болсон. Тийм учраас 2021, 2022 оны өвөл цаг агаар хүндэрч болзошгүй, их хэмжээний цас унах, хүйтэрч болзошгүй аймгуудыг цаг уурын байгууллагаас тодорхой зааж өгсөн. Эдгээр аймгууд маш сайн анхаарах ёстой.

-Яг аль аймгуудад өвөлжилт хүндрэх төлөвтэй байна. Эрсдэлийг бууруулахын тулд ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ?
-Энэ жилийн тухайд нийт нутгийн 80 хувьд маш сайхан зун болсон. Гэсэн ч Говь-Алтай, Өмнөговь, Дундговь, Дорноговь аймгийн бэлчээрийн ургамлын өвсний гарц харьцангуй тааруу байсан. Эдгээр аймагт өвс тэжээлээ бэлтгэх, хашаа хороогоо сайтар засварлах, худаг усаа өвөлд бэлтгэхэд онцгой анхаарах чиглэлийг өгч байгаа. ХХААХҮ-ийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг дээрх аймагт ажиллаад энэ чиглэлийн үүрэг даалгавар, зөвлөмжийг маш тодорхой өгсөн.
Манай орны нийт бэлчээрийн 66,7 хувь нь 2021, 2022 оны өвөл, хаврын улиралд хүрэлцээтэй гэж гарсан. Харин үлдсэн 33.3 хувь нь хүрэлцээ багатай буюу эрсдэлтэй байна гэсэн үг. Үүнд говийн бүсийн аймгууд хамаарч байгаа учраас өвс, тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх, тарга хүч багатай малыг үзлэг ангилалтад хамруулан зах зээлийн эргэлтэд оруулах ажлыг сайтар зохион байгуулах шаардлага бий. Орон нутгаас 2021, 2022 онд өвөлжих, зах зээлд нийлүүлэх, хүнсэнд хэрэглэх малын тооны судалгааг бид авч байгаа. 5 аймаг мэдээллээ ирүүлээгүй байгаа учраас ирэх 7 хоногт мэдээллээ нэгтгэн гаргана.

Зах зээлд нийлүүлэх малын тоо толгойг эрсдэл бүхий аймгуудад нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай. Нөгөө талдаа, огт эрсдэл байхгүй гэсэн аймгуудад гэнэтийн эрсдэл учрахыг бид тааж мэдэх арга байхгүй. Дэлхийн хэмжээнд ч гэсэн цаг агаарын нөхцөл байдлыг урьдчилан таашгүй гэдгийг эрдэмтэд тодорхойлоод энэ асуудлыг тодотгон ярьж байгаа. Энэ оны 3-р сарын 12-ны өдөр манай улсын 12 аймгийн 50 гаруй сумыг хамарсан их хэмжээний шуурга болсон. Дундговь аймгийн нутагт 40 метр секунд хүрч шуурснаас болж нийт мал, ихэнх өвөлжөө, хаваржаа шороонд дарагдсан гамшигт үзэгдэл болсон. Энэ шуурганы улмаас сая гаруй мал хорогдсон дүн гарсан. Тэгэхээр гэнэтийн болзошгүй эрсдэлийг даван туулахын тулд бүх аймаг, сум, малчид, иргэд өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангах шаардлагатай.

МУ-ын Шадар сайд, ХХААХҮ-ийн сайдын хамтарсан албан даалгавар гарсан. Энэ албан даалгаварт аймаг, орон нутгийн засаг дарга, орон нутгийн ХХААГ-ын дарга, Мал эмнэлгийн газрын дарга нар, малчид, иргэд өвлийн бэлтгэлийг хангах талаар маш тодорхой заавар зөвлөмжийг өгсөн. Малчид, иргэд малдаа үзлэг ангилалт хийгээд онд орохгүй буюу тарга хүч багатай малыг эдийн засгийн эргэлтэд оруулахад анхаарч ажиллахыг үүрэг даалгавар болгосон.

Эх сурвалж: ХААХҮЯ

"Хубилай сэцэн хаан ба Юань улс" эрдэм шинжилгээний хурал нээлтээ хийлээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.