Багшийн дээдийн буудал дээр учирсан хоёр
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
14 минут 39 секунд
Багшийн дээдийн буудал дээр учирсан хоёр

Багшийн дээдийн буудал дээр учирсан хоёр

 
7c21de663901ac1512b2374ffc965dd5bigСаяхан орсон их цасан хайлж ирж яваа цагийн налгар шар өдрүүд Улаанбаатарыг минь улам л жавхаалаг, үзэмж төгөлдөр болгоод эхэлж. Ажил, гэр гэсэн амьдралын минь эгэлхэн харгуй Багшийн их сургуулийн өмнөх автобусны буудлыг өглөө, оройдоо заавал ч үгүй дайрч, түчигнэсэн олны цуваанд нийлдэг юм. Өглөөдөө ажил, сургуульдаа яарсан түмэн олны хөлд даруулдаг “Багшийн дээд”-ийн нүхэн гарц оройдоо орон гэргүй, ядарч зүдэрсэн ч халамцуухан гуйвах хүмүүсийн хөлд дайвалзана.

Улаанбаатар хотын захирагч, улсын баатар Э.Бат-Үүл “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөр хэрэгжүүлж, 2020 он гэхэд жилдээ таван сая жуулчин хүлээн авдаг болох мөрөөдлийн гэмээр, дэврүүн сайхан үйлсийг эхлүүлээд байгаа. Энэ том, гэгээн мөрөөдлийг ажил хэрэг болгоход их хотын иргэн бүрийн хүчин зүтгэл зайлшгүй хэрэгтэй. Өчигдөр их үдийн алдад тиймэрхүү л сайхан юм бодсон шиг “Багшийн дээд”-ийн өмнөх буудалд очтол нүхэн гарцны үүдний сандал дээр нэг согтуу нөхөр унтаж байна. Зүгээр ч үгүй саяхан уусан шар айрагныхаа хоосон шилийг толгойн дороо тавьчихаж.

Өмнөө гар утсаа гаргаад тавьчихсан, гэр орондоо амарч байгаа хүн шиг л тухалжээ, мань эр. Арынх нь замаар хоёр цагдаа явж байсан ч гудамжны сандал дээр согтуу унтагч, “Найрсаг Улаанбаатар”-ын иргэнийг огтхон ч хялайж харсангүй, дээгүүр хараад л өнгөрөөд явчихна лээ. Гудамжны унтагч ч яах вэ дээ, нэг тамшаалчихаад л цавиндаа хоёр гараа хийгээд дугжирч өгч байгаа юм. Мань эрийг жаал харж байгаад нүхэн гарц руу орвол өнгөрсөн өвлийг их л зутруухан давсан ч ойрноос гитар барьсан хамтрагчтай болж, сөөнгөдүүхэн хоолойгоор дуулж, өмнөө тавьсан хайрцагт нь овоо хэдэн төгрөг цуглаад байх болсон намхан хүүхэн хуучнаараа л сууж байна. Өнгөрсөн өвөл “Өнөө муу хүүхэн осгочихоогүй байгаа даа” гэж бодсоор хааяа нэг нүдээрээ хайдаг болчихсон байсан. Харин энэ удаа түүнтэй болон хамтрагчтай нь уулзаж багахан яриа өрнүүлснээ эрхэм уншигч танд хүргэж байна.

Л.ПҮРЭВСҮРЭН: ХЭЦҮҮХЭН АМЬДРАЛ ТУУЛЖ ЯВНА

-Өнгөрсөн өвлийг хэц­үүхэн давах шиг болсон. Ингэхэд өөрийг тань хэн гэдэг вэ?

Намайг Пүрэвсүрэн гэдэг. Энэ жил 42 настай, ийм нэг л ядарсан амьтан өдөр хоногийг аргацаагаад өнгөрүүлж явна даа.

-Өөрөө аль нутгийн хүн бэ. Улаанбаатарын унаган иргэн юм уу?

-Улаанбаатарт тээр хойно орж ирсээн. Би уг нь Төв аймгийн Батсүмбэр сумын хүн байгаа юм. Ээжийг минь Лхагвадулам гэдэг хүн байсан. Аав гэдэг хүнийг энэ насандаа мэдэхгүй. Ямар хүн байсан тухай ээж маань ч хэлж өгөөгүй.

-Одоо Батсүмбэрт ах, дүү хамаатан садан байгаа юу. Ер нь эхээсээ хэдүүлээ вэ?

Надад хэн ч байхгүй ээ. Орчлонд орь ганц хаягдсан, ийм л нэг үйлтэй амьтан энэ насыг туулж яваа минь энэ. Ээжийгээ унаад өгснөөс хойш л Батсүмбэрийн улсын асрамжийн газарт очсон. За байз намайг тавдугаар ангид байхад л ээж минь өнгөрсөн юмдаг. Тэгээд асрамжийн газар овоо хэдэн жил байж байгаад нэг мэдэхэд л хөөгдөөд ч юм уу, өөрөө ч явчихсан билүү тэгээд л хотод орж ирсэн. Түүнээс хойш л миний зовлонт амьдрал эхэлж, өнөөдөр ингээд өлбөрч үхчихэлгүй шиг нэг юм санжиганаад явж байна.

-Яг хэзээ Улаанбаатарт орж ирсэн юм бол. Багшийн дээдийн буудал дээр нэлээн хэдэн жил амьдарлаа шүү, тийм ээ?

-Өө тоогоо алдсан. Осолдохгүй л энэ жил би 42 настай юмдаг. Батсүмбэрийн асрамжинд 1989 онд очсон. Тэгээд тэндээс хэдэн онд ч явлаа даа, санахгүй байна. Маш олон жил өнгөрчээ. Түүнээс хойш Улаанбаатарыг хөндлөн гулд тэнээд дуусгасан байх шүү. Их зовлон туулсан даа. Одоо бодож байхад хүний амь мөн ч бөх юм билээ.

-Энэ залуутайгаа хэзээ танилцсан бэ. Хамтраад удаж байна уу?

-Аа манай энийг Ганчөдөр гэдэг юм. Хамтран амьдраад дөрвөн жил болж байна уу даа.

-Хамтран амьдарна гэхээр эхнэр, нөхрийн байд­лаар гэсэн үг үү?

-Ядуу, гуйлгачин, царай зүс муутай ч гэсэн бид хоёр чинь та нартай л адилхан хүн шүү дээ. Муу муухай ч гэсэн надад 11 дүгээр ангийн нэг охин бий шүү. Би чинь бас ч гэж эх хүн байгаа юм.

-Өө тийм үү. Жаахан бухимдуулчихав уу даа, та уучлаарай. Тэр охин чинь одоо хаана байдаг юм?

-Ардын багш Дүгэрийн Хүүхэд асрах төвд байдаг юм. Одоо 11 дүгээр ангийн том охин бий. Дороосоо унагасан охин үртэй болохоор хааяа сэтгэл цэлмээд л явчихдаг юм. Өөр шигээ амьдрал туучуулж, нэг насаар нь зовоохгүйн тулд болж л өгвөл уулзахгүй санаатай явдаг. Гэхдээ дотроо дандаа л бодож, бэтгэрч явах юм даа. Охиныг минь П.Энх-Амьдрал гэдэг юм. Би нэрийг нь өөрөө өгч байсан. Миний зовлон барагдахгүй юм.

-Өдөрт хэдэн төгрөг олж байна. Одоо энэ хайрцагт байгааг харвал овоо хэдэн төгрөг олчихдог юм бишүү?

-Ишш чааваас даа. Гэхдээ түмэн олныхоо буянд л төдийгөөс өдийг хүртэл үхчихэлгүй шиг нэг юм санжигнаад явж байна. Зарим нэг нь өшиглөж, хөөж тууж л байдаг юм. Гэхдээ энэ олон түмний буянд л бид мэтийн ядарсан, зовсон хүмүүс маргаашийн нарыг харж яваа болохоор гомдох юм байхгүй ээ.
Ойрдоо өдөрт 10-20 мянган төгрөгийг буянтай хүмүүс хайрцагт минь хийгээд байгаа.

-Сая та хоёр энэ цүнхнээсээ юм гаргаж идэж харагдсан. Юу идсэн юм?

-Өө энэ жаахан цүнхэнд бид хоёрын амьдрал тэр чигээрээ явж байгаа. Энд өчигдөр авсан хуушуурын үлдэгдэл байна. Сая үүнийгээ л идсэн. Энд бас халбага, шүдэнз энэ тэр гээд хэрэгцээтэй юмнууд минь цөмөөрөө байгаа.

-Та хоёр хаана хонодог юм?

-Зун бол тааралдсан газраа л унтаад өгдөг. Энэ өвлийг энүүхэн хойно “Билиг” дээд сургуулийн хажуугийн байрны орцонд л өнгөрүүллээ. Зарим хүмүүс өшиглөж зодоод, дээрээс ус энэ тэр цацаж л байдаг юм. Гэхдээ өөр очих газаргүй болохоор яая гэхэв дээ. Шүдээ зуугаад л, хөлдөж үхчихэлгүй шиг нэг юм үүр цайлгадаг юм.

-Та хоёроос сүрхий архи үнэртэж байна. Өдөр болгон уудаг уу?

-Өө тэгэлгүй яах вэ. Тэр гашуун усны чинь хүчинд л нэг юм салгалаад яваа ухаантай. Бидний ходоод ч “чонын ходоод” л гэсэн үг. Өдөрт 5000-ын үнэтэй 0.33-ын “Стандарт” хоёрыг уучихна шүү. Заримдаа түүнээс ч ихийг.

-Ямар нэгэн тусламж, буяны байгууллагууд та хоёрт хувцас, хоол хүнс өгч байсан уу?

-Өө мэдэхгүй болохоор тийм газар хандаж үзээгүй. Би уг нь группын хэдэн төгрөг авдаг байсан юм. Бичиг баримтаа хаячихсан болохоор сүүлийн хэдэн жил авч чадахгүй л яваад байгаа.

-Дууны үг сайн мэддэг юм байна. Дуулсаар байгаад цээжилчихсэн үү?

-Би чинь 1999 онд байгуулагдсан, Монголын одойчуудын анхны хамтлагийн гишүүн байсан. Тэнд дуулж байлаа шүү дээ. Тарваган Бадарч ах, Ганбаатар, Ижилсүрэн, Оюумаа гээд бид нар чинь олуулаа бужигнаж байлаа шүү дээ. Тэр үеэс л жаахан архи уудаг болчихсон юм. Бид нар чинь тухайн үедээ 18 аймгийг тойрч тоглодог байсан. Бүрхүүлтэй машинтай гараад л давхичихдаг байлаа шүү дээ. Тэр үе л амьдралын минь гэгээн дурсгалтай, хамгийн сайхан цаг үе байж дээ.

Д.ГАНЧӨДӨР: ГАНЦ ДҮҮТЭЙГЭЭ Л ҮЛДСЭН

-Гитар сайхан тоглодог юм байна. Урьд нь ямар ажил хийж байсан бэ?

-Өө багаасаа л сурсан юм. Соёлын төв өргөөнд хөгжимчин хийж байсныг минь хүмүүс ерөөсөө үнэмшдэггүй юм. Нийтийн бүжиг явуулаад шуугиулж явсан үе бас бий шүү. Гэхдээ одоо тэр бүхэн өнгөрч дээ.

-Хэдэн настай, нутаг ус хаанахых вэ?

-Би Говь-Алтай аймгийн Халиун сум гэж сайхан нутагт 1973 онд төрсөн.

-Ах дүү, хамаатан садан байдаг л байх даа?

-Өө ганц дүү л үлдсэн. Бүгд өнгөрөөд дууссан даа. Аав, ээж өнгөрснөөс хойш л гудамжаар гэр хийж, өнөөдөртэй золгоод явж байна.

-Говь-Алтайн Халиун сум чинь “Олон булаг” гээд сайхан зүлэг, ширэгтэй мөн ч сайхан нутаг шүү дээ. Одоо тэнд ганц ч төрөл садан үлдээгүй хэрэг үү?

-Уг нь ганц эмээ маань байх л учиртай. Очиж чадахгүй, өнөө маргаашаа аргацаасаар л хорвоог барж явна даа.

-Гитар чинь цоо шинэ юм байна. Хэдэн төгрөгөөр хаанаас авав даа?

-Аа энэ гитарыг гурав хоногийн өмнө Нарантуулаас 40 мянгаар авсан юм. Хятад гитар тэгээд дорхноо ямбийчихдаг юм даа.

-Тамхи нэлээн татах юм. Өдөрт нэг хайрцаг тамхи хүрэх үү?

-За даа, бараг л хоёр хайрцгаас наашгүй. Хямдхан Монгол тамхи татдаг л даа.

-Хайрцган дотор чинь хоёр гурван 1000-тын дэвсгэрт харагдаж байна. Зарим хүмүүс гар татдаггүй бололтой?

-Өө нэг удаа 20 мянган төгрөг ч хийсэн хүн бий шүү. Тэгээд 5000 хүртэл хийдэг л юм. Буянтай хүмүүс олон байна аа, хөөрхий минь.

-Цагдаа нар харин та хоёрыг төдийлөн хөөдөггүй юм уу даа?

-Өө хөөлгүй яах вэ. Зарим нь өшиглөнө, бороохойгоороо цохино. Янз бүрийн юм болно оо болно.

-Гитараа орцондоо тэврээд унтдаг юм уу?

-Үгүй, үгүй. Энэ нүхэн гарцныхан бид хоёрыг андахгүй болохоор гитараа аль нэг лангууны буланд нь л тавьчихдаг юм. Тэгэхгүй бол орцонд унтаж байгаад хуга, нуга дарчихна шүү дээ.

-Хотод сураглаад очих ганц ч хамаатан садан байхгүй юу?

-Уг нь Кино үйлдвэрийн тэнд “Сутай” дээд сургууль дээр нэг эгч маань байдаг л юм. Олон хүүхэдтэй болохоор очиж дараа болоод яахав гээд л зовлонгоо өөрөө үүрээд явдаг ухаантай. Тэр эгч маань “Сутай” дээд сургууль дээр байдаг сүмийн номлогч байгаа юм.

-Өөрийн чинь хоолой төрөлхийн ийм сөөнгө юм уу?-Үгүй ээ. Байнга даараад, дээрээс нь архи уусаар байгаад л ийм сөөнгө болчихсон. Архи ууж энэ зовлонгоосоо түр ч болтугай салахгүй гээд ч яах билээ дээ. Дороосоо даараад, гар чичрээд тэгээд л нөгөө гашуун усаа уухгүй бол болохгүй. Би дуулдаггүй юмаа. Энэ маань л дуулмар болдог ухаантай. Харин багаасаа сурсан болохоор гитарыг гайгүй шиг хангинуулчихна шүү.

-Та хоёр хамгийн сүүлд хэзээ хамгийн их баярлаж, сэтгэлээ онгойтол инээсэн бэ?

-Бүхэл 20 мянгат өгсөн өдөр, бас нэг хүн баахан хувцас хунар, хоол өгсөн өдөр жигтэйхэн их баярлаж байсан юм байна. Тэгээд хүмүүс өдөр болгон л баярлуулах юм даа.

-За та хоёртой танилцаж, илэн далангүй яриа өрнүүлснийх би ч гэсэн хайрцганд чинь халаасандаа байгаа 3000-аасаа 2000-ыг нь хийчихье. Одоо урин дулаан болж байна. Алзахгүй биз дээ?

-За маш их баярлалаа. Бид хоёрыг муухай царайтай, гуйлгачин гэж голж шилэлгүй сэтгэлээсээ ярилцсан танд маш их баярлалаа. Харин маргааш сониноо авчирч өгөөрэй.
Бид хоёр чинь гаднаасаа ийм харагдаж байгаа ч бусдын л адил дунд сургууль энэ тэр төгссөн хоёр шүү.

Эх сурвалж: “Өглөөний сонин”

Shuurhai.mn

Төмөр замын маргаан, шийдвэргүй байдлууд үргэлжлэх үү
Төмөр замын маргаан, шийдвэргүй байдлууд үргэлжлэх үү
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.