МАН-ыг шалбаагт булхуулах шаварчны ажлыг түүнд үлдээ...
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
6 минут 8 секунд
МАН-ыг шалбаагт булхуулах шаварчны ажлыг түүнд үлдээ...

МАН-ыг шалбаагт булхуулах шаварчны ажлыг түүнд үлдээ...


Манай Монгол чинь жижиг эдийн засагтай, ордог, гардаг хэдхэн төгрөгтэй, тэр эргэлт дээрээ бүжиг эргэдэг нэг намтай. Энэ улсын эдийн засгийн гол судсан дээр хануур хорхой шиг халбайтал сууж аваад, цаг мөч тутам цадахаа мэдэхгүй сордог тэр намыг бараадан тендэр авч, тэрэг түрж амьдардаг баахан үндэсний нэртэй компанитай. Хамаг мөнгө нь төрөө тойронхон эргэлдэж, төр барьдаг МАН-аа тордонхон оршдог хялбар тогтолцоотой. АН хааяа ялсан нэртэй хавсраад ороод ирэнгүүт МАН нь мутацлаж залгиад МАНАН гээчийг үүсгэчихсэн. Тэгэнгүүт МАНАН задалдаг хүн болоод Женко жирийлгээд орсон, шунал нь хэтрээд шургаад уначихсан. Унахдаа АН-аа тэврээд ойчсон, ойчихдоо МАН дээр тэгнэсэн гэж байгаа. Дахиад л нөгөө үхдэггүй, сэхдэггүй МАН чинь мангас царайлаад үлдсэн. МАН нь улс доторх улс болж мангар хурдан томорсон, 300 мянга хол давсан гишүүнчлэлтэй, орон даяар ууш идэшний сүлжээтэй, ууталдаг шингээдэг ходоодтой, бирд цаашаа, бэтгэ наашаа шинжийг олсон. Дотроо цус холилдож, цуг залгидаг садан төрлийн саажилттай. Үр хүүхдээ хүртэл үндэс нялхаас нь МАН-д шургуулж, мананд төөрүүлж, дарга нарынхаа үүдийг сахиулж, далбаа тугнийхаа тоосыг арчуулдаг бүхэл бүтэн бүлэгтэй. Н.Энхбаяр, Ц.Нямдорж, М.Энхболд нарын эрчүүд нь хүүхдүүдээ хөндлөн хэвтэж, хөмсгөө атируулж байгаад албан тушаалд алаан болж уядаг. Эмэгтэй гишүүд нь арай өөр аргатай. Охидоо сургууль хичээлээс нь чөлөө авхуулж байгаад аль нэг даргынхаа үүдэнд ашигтай байрлал сахиулдаг зуршилтай. Ингээд бүх мөнгөний эзэн, бүх эрх мэдлийн эзэн, бүх албан тушаалын эзэн, бүх тендерийн эзэн МАН гэдэг мангар том бүлэглэлд харъяалагдаж чадвал од, хамрагдаж амжвал тод гэж мэд. МАН-ын гишүүн Хаянхярваа авилга авбал 40 саяар торгуулаад л боллоо, одоо гэртээ шүдээ чигчлээд сууж байгаа. Гэтэл МАН-ын гишүүн бус эгэл эр хонь хулгайлбал найм хүртэл жилийн ялтай. Ингээд хүссэн, хүсээгүй улс оронд МАН ба түүнээс бусад гэсэн хоёр ангилал, хошоод кастын систем, нийгмийн ялгаа, нийтийг ангилан ялгаварлах хандлага бий болж, өдгөө өндрийн дээд цэгтээ хүрч байна. МАН-ынхан дотооддоо жаргалтай, мөнгөтэй, хуйвалдаантай, хүнд сурталтай, хуримтай, бүжигтэй, зээлтэй, төсөвтэй. Тэднийхээр бол улс хөгжиж, иргэд жаргаж байгаа юм гэсэн. Тэрбум, тэрбумаар ярьдаг байснаа болиод одоо их наядаар инээлддэг болсон. МАН-аас гадуур хаягдсан ард түмний амьдрал Манжийн дарлалын үеийг санагдуулж, бөглөрөлтэй, ядууралтай, бухимдалтай, ханшийн уналттай, боловсролын хоосролтой нүүр тулсан. Хүүхдүүд цэцэрлэггүй, эхчүүд эмнэлэггүй, аавууд амжиргаагүй байхад хөшөө барих гээд хөндлөн дайраад байдгийн цаана МАН ба бусад гэсэн манай гаригаас том ангал оршоод байгаа юм л даа. За гэтэл яав. МАН том байх тусмаа том ялзарсан, тэр ялзралаа тонгойж харах чадваргүй болсон. Бүдүүн гэдэснийхээ дор бөлдөг нь үмхийрсэн. Энэ ялзралын оргил үеийг Оюун-Эрдэнэ авчирсан, яамдыг толгой баячуудад хуваарилж, төсвийг төрөл дагуулан цацаж, төр дэх кастын системийг богино хугацаанд тордсон. Энэ залуу ч бас тонгойж мэдэхгүй, тонтойж бол мэднэ. Ингээд том ярьдаг нялх дарангуйлагчтайгаа хамт МАН илүү хурдтай унаж эхэлдэг юм байгаа биз дээ. Эл уналтыг мэдэрсэн зарим нь даргаа солъё, Ерөнхий сайдаа өөрчилье гээд энд тэндээс эрээвэр хураавар дуугарч эхэлдэг нь жам. Даанч МАН-ын ялзрал дундаас маналзсан шинэ залуу үе төлөвшин бойжсонгүй. Тиймдээ ч дарга хийх хүнгүй болтлоо даржин болж дээ. Баян байтлаа ядуу, том байтлаа жижиг...уналтын өмнөх дамжлага ийм л байдаг. Амарбаясгалангийн нэр аман дээр сонсогдоод, Оюун-Эрдэнэ нь түүний таагүй бичлэгийг түрийвчээрээ даллаад олчихсон учраас таг сууж нам гацсан гэх. Тийм ээ, МАН унаж байна, унаж байгаагаа ухаартлаа дахиад хэсэг хугацаа өнгөрнө, энэ уналтыг хувийн шалихгүй шинжүүдээрээ хурдасгаж байгаа хүн нь Оюун-Эрдэнэ. Одоо энэ бацааныг яагаад болиулахгүй байгаа юм бэ гэж олон хүн гайхдаг. Дахин босохгүй болтол нь даамай чанга унагаахын тулд болиулахгүй байгаа юм. Түүнд баярлах хэрэгтэй, тэр МАН-ыг үүнээс ч илүү хурдтай, үүнээс ч илүү хорлонтой унагаах болно. МАН-ыг шаварт живүүлж, шалбаагт булхуулах шалихгүй шаварчны ажлыг түүнд үлдээ. Харин 3.3 сая монголчуудын 10 хувийг эзэлдэг гишүүнчлэлтэй, унаж байгаа МАН-ын сүүдэрт улс орноороо бүсээ чангалж, бөөрөө бэгнэж байгаад тэсч үлдэх юм шүү. Монголд намын ялгаа шашны ялгаанаас ч илүү хурцадсан гэдгийг бас санаарай. Доргино шүү, доргино. Нүсэр юм чинь нүүдлийн дайтай, нүглийн даавартай унаж таарна.

Эмүжин

   ӨНӨӨДӨР: Маршал Чойбалсангийн мэндэлсний 120 жилийн ойн өдөр
ӨНӨӨДӨР: Маршал Чойбалсангийн мэндэлсний 120 жилийн ойн өдөр
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.