Түүхч, яруу найрагч Д.Мишулин бурханы орондоо заларч, үлдэгсэд нь буяны маань хөгжөөж 49 дэх хоногийг үдэж байна. Тэрбээр 70 насыг зооглон мөнх тэнгэртээ халин одов.
Д.Мишулин 1990 оны ардчилсан хувьсгалыг түүчээлэгчдийн нэг байлаа. Ардчилсан холбооны салбар зөвлөлийг Хэнтий аймгийн Биндэр суманд анх санаачлан зохион байгуулж, тухайн үедээ улсын хэмжээнд хөдөөгийн сумдаас хамгийн олон буюу 400 гаруй гишүүдтэй болсон гэдэг.
Д.Мишулин нутгийн анд, нэрт найрагч Нямбуугийн Нямдорж, Рэнчингийн Чойномтой нөхөрлөж, С.Есениний тансаг шүлгүүдийг өвөртлөн боловсролын салбарт 30 шахам жил зүтгэж, түүх судлал, яруу найргийн олон арван бүтээл туурвижээ. Чингис хааны мэндэлсэн газрыг өнөөгийн Хэнтий аймгийн Дадал сумын нутаг, Гурван нуурын эрэг дэх болдог толгой биш, харин Биндэр сумын урд талд байдаг Хүрээ ухаа гэдэг намхан бор толгойн өвөр буюу Онон, Хурх голын бэлчир гэж тэр чардайлаа нотолж байлаа. Тун сонирхолтой баримт, санаа дэвшүүлсэн юм. Хурхын голын уснаа тун ховор үзэгдэх нэгэн төрлийн засаг, удган мод, бяцхан Тэмүүжиний загас жараахай гөгдөж дөнгөх чадал чансааны газрын хол ойр хэмжээс гээд олон талыг хөндөж тавьжээ.
Судлаач Ч.Эрдэнэ түүхч, яруу найрагч Д.Мишулиний “Нүүдэл” хэмээх бэсрэг номын өмнөтгөлд “Яруу найраг нь зөн билгийн торгон ир болой хэмээн утга зохиол судлалын дээд түвшинд үздэг нь яруу найраг гэж юу вэ гэсэн асуултын хамгийн сонгомол хариулт юм. Зөн билэг нь зориг бадрангуй үзэгдэл. Учир нь балар эрт цагийн үүх түүхийг эдүгээ үетэй нягт холбон нэгтгэх замаар уран сайхан хээ загвар үүсгэх ба энэ үндэслэлээр бас цааш нь ирээдүй цагийн төрх төлөвийг тааж төсөөлөх увидастай. Монгол угсаатан хэн хүнд урам хайрлах сайхан найраглалыг Д.Мишулин бичжээ. Монгол үндэстний олон мянган жилийн түүхийг шүлэглэн найруулсан нь манай уламжлалт баатарлаг тууль мэт сүр хүчтэй, яруу тунгалаг сонсогдож байна. Дэлхийн яруу найргийн түүхэнд их анхдагч нь өвөг Монгол Сүмэр соёлын суут “Бильгамеш” билээ. Уугуул нэн эртний шаантаг бичээс сүмэр хэлээр судлаачдын тайлж уншсан энэ Бильга нь Билиг, Меш нь сонгодог монгол бичгийн хэлнээ сумны Мүс, эсвэл хурц ирт Мэс байна. Тиймээс сүмэр туулийн гол баатарын нэрийг зөвхөн алтай-монгол хэлээр тайлж байна. “Бильгамеш туулийг өнөөдөр үргэлжлүүлэх үүрэгтэй эзэд нь зөвхөн монголчууд юм. Анхны оролдлогыг Д.Мишулин хийлээ.” гэжээ.
“Нүүдэл” туульсын зохиолынхоо эхлэл хэсэгт Д.Мишулин “Элс нүүнэ, салхи нүүнэ
Эх дэлхий эрхэс гариг
Эрин зуун цөм нүүнэ
Эргэх хорвоод оршиж нүүнэ” гэсэн нь ертөнцийн бүх юм хувьсан өөрчлөгдөх, буурь сэлгэж үлдэх гүн ухааны тайлал, тэдгээрийн нэгэн өвөрмөц илэрхийлэл болов уу. Нөгөөтэйгүүр нүүдлийн соёл иргэншлийг мөхөж буй соёл хэмээн мэдэмхийрэх хүмүүст хариу цохилт өгсөн гэлтэй. Тэгээд ч Д.Мишулин,
“Эртний Сүмэрийг цогцлоож өгсөн нүүдэлчдийн гавъяа бүдгэрээгүй байхад
Эллин-Гректэй тулалдаж явсан өтгөсийн минь уриа замхраагүй байхад
Эзэрхэг Манжийг сөрж боссон Амарсанаа нар хөөсөрч байхад
Эцэг өвгөдийн голомт сахисан хойч үе нь өсч өндийж байхад
Аугаа түүхээ шуудайлж үүрчихээд
Ард монгол нүүж байна” хэмээн ирэн зууныг дамжин уруудаж доройтох, хөгжиж дэвжих он цагийн уртад дэлхийн түүхийн алтан аргамжийг бөхлөлцөж ирсэн аугаа ард түмний үр сад юм шүү гэдгийг дахин сануулж, нүүдэлчин монголчуудынхаа эрт эдүгээгийн түүхийг тун сонирхолтойгоор хэлхжээ.
Төв Ази, Монголын тал нутагт Африкаас нүүдэллэн ирсэн хүн сүрэг жаахан тэнхэрч дараагийн том нүүдэл, угсаатны шилжилт хөдөлгөөн эхэлсэн байхаас зайлахгүй. Бидний өвөг Аляск, Берингийн хоолойгоор дамжин Америк тивд хүрсэн нь нүүдлийн нэг л хэсэг нь байлаа. Японы умард хэсгээс олдсон Араяа хэмээх чулуун зэвсгийн үеийн олдворууд 15 мянган жилийн тэртээд хэрэглэгдэж байсан гээд бодохоор нүүдэл нь Дорнод Памир, умард Якут, Японыг зорьж байсныг илтгэнэ. Ер нь ЕвроАзи тэр чигээрээ Монголчуудын нүүдлийн үр дүнд хөгжсөн түүхтэй.
Монголчуудын дэлхийд тогтоосон дэг журмыг түүхчид, ромын энхтайвны эрин, Монголын энхтайвны эрин, Британийн энх тайвны эрин, хүйтэн дайны харьцангуй тогтвортой үе, Америкийн энх тайвны эрин гэж ангилдаг ажээ. Монголчуудын тогтоосон дэг журмын үед хүн төрөлхтөний хөгжилд мэдээлэл солилцоо, техник технолог, эдийн засаг цэргийн талаар ихээхэн амжилт олж, энэ бүгдэд монголчууд өөрсдөө томоохон хувь нэмэр оруулсныг түүхчид хүлээн зөвшөөрч байна.
13-14 зуунд хүн төрөлхтөний түүхэн дэх хамгийн том эзэнт гүрнийг байгуулсан нүүдэлчин монголчуудын удирдагч Чингис хааныг Карнегийн хүрээлэнгийн Дэлхийн эколог судлалын төвийн судлаачид бүх цаг үеийн хамгийн ногоон удирдагчаар тодруулсан нь ч санаандгүй явдал биш юм. Америкчууд Чингис хааныг мянганы лидер гэсэн нь бас зүй ёсны өргөмжлөл байлаа.
Иймээс Д.Мишулин “Нүүдэл” туульсынхаа төгсгөлд:
Хүн төрөлхтөний надин бүхэн
Гүн эртнээс хэвлийд нь соёолж
Орчлон дэлхийн өмч болсныг
Омог бардам тунхаглаж байна” гэжээ.
Д.Мишулин хэдийгээр өндөр насны тэтгэвэрт гарсан ч гэсэн нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэх, ялангуяа нийслэлийн Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны иргэдийн нийтийн хурал, иргэний төлөөллийн болон шууд ардчиллыг хөгжүүлэхийн төлөө ихийг хийж бүтээжээ. Талийгаачтай салах ёс гүйцэтгэх тэр өдрүүдэд хорооны иргэд, Нийслэл, дүүргийн удирдлага, хамт олон нь түүний зүтгэлийг өндөр үнэлж байлаа. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Баттулга, Ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасан, ИЗИС-ийн захирал Н.Ням-Осор гээд олон хүн талийгаачийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж, үйл хэргийг нь дурсан өгүүлж, сэтгэл зүрхэндээ мөнхлөн үлдлээ.
Д.Мишулиний бурханы оронд заларсанаас хойш 49 дэх хоногийн босгон дээр түүний бүтээл, нөр хөдөлмөр, хүнлэг энэрэнгүй, гэгээн тунгалаг сэтгэл, оюуны их бяд, сэтгэлгээний өвөрмөц чанарыг журамт нөхдийнх нь нэгэн адил бахдан дурсахын учир энэ буюу.
Б.Отгонбаяр
Эх сурвалж: Tumen.mn