Төсвийг тодотгож, Төрийн хэмнэлтийн тухай хуультай болов
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 30 секунд
Төсвийг тодотгож, Төрийн хэмнэлтийн тухай хуультай болов

Төсвийг тодотгож, Төрийн хэмнэлтийн тухай хуультай болов

Өнгөрсөн баасан гаргийн нэгдсэн хуралдаанаар төсвийн тодотгол болон Төрийн хэмнэлтийн тухай хуулийг баталснаар төрийн тусгай чиг үүрэг хэрэгжүүлдэг Засгийн газрын агентлаг, ажлын алба, УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллага, эмнэлэг, төрийн өмчийн оролцоотой нээлттэй компаниас бусад этгээдийг тэргүүн дэд, дэд, орлогч даргатай байхыг хориглолоо. Мөн нийслэлийн Засаг дарга хоёр, аймаг, дүүрэг, сумын Засаг дарга нэгээс илүү орлогч даргатай байхааргүй болж байна. Түүнчлэн төсвийн захирагч, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 3.1.3, 3.1.4-т заасан этгээдийн гүйцэтгэх удирдлага болон холбогдох албан тушаалтан үйл ажиллагаандаа санхүүгийн сахилга бат, хэмнэлтийн горим мөрдөж ажиллаагүй нь тогтоогдсон бол ажлаас халах үндэслэл болох нь.

Гэхдээ төр үрэлгэн байна, бүтэц нь данхайж байна гэх шүүмжлэлийг үгүй хийхийн тулд Төрийн хэмнэлтийн тухай хуулийг анх удаа баталж, төр тансаглалаасаа татгалзах гэсэн санаачилгыг парламентын зарим гишүүн хэрэндээ эсэргүүцсэнийг зориуд тэмдэглэе. Энэ нь ч нэлээд шүүмжлэл дагуулсан юм. Тухайлбал, агентлаг, төрийн өмчит компаниудын орлогч, дэд дарга нарыг цөөлөх заалт оруулсныг зарим гишүүн буруутгаж байв. Жишээ нь, УИХ-ын гишүүн Г.Ганболд “Нийслэл, аймгийн хүн амын тоо өөр. Нийслэлийн Засаг дарга машин унадаг зургаан орлогчтой ч ажил явдаггүй. Одоо явган хоёр орлогчтой ажил нь бүр явахгүй болох нь. Аймгуудын Засаг дарга хоёр орлогчтой байхгүй бол ажил нь дийлддэггүй. Ерөнхий сайд аа, 20-хон хүний асуудал шүү дээ” гэхэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Би дүүрэг, аймгийн удирдлагын түвшинд ажиллаж байсан. Орон нутагт тулгардаг зовлонг мэднэ. Одоо аймгийн Засаг дарга нар хоёр орлогчтой болсон байна. Зарим нь гурав, дөрөв дэх орлогчоо ч томилж буй. Нийслэлийн Засаг дарга зургаан орлогчтой. Энэ нь яваандаа 11 болж нэмэгдэнэ. Яагаад нэг орлогчтой ажиллаж болохгүй гэж. Өмнө нь болдог л байсан. Энд улс төрийн томилгоо байгаа нь үнэн шүү дээ. Төрийн өмчийн компаниудын дарга нар орлогчтой болъё гэсээр зарим нь бүр 11 орлогчтой болсон байна.

Тэдний доор газар, хэлтсийн дарга нар бий. Нэг үүргийг гурван хүн хувааж хийх хэрэггүй гэж л хэлэх гээд байгаа юм. Ажлаа сайн мэддэг, зангарагтай дарга нар нь байг. Тэд ажлаа хийгээд л явна. ИТХ ч дэргэдээ ажлын албатай болсон байна лээ. Ингэж явсаар төрийн алба данхайж, цалинг нь нэмэхэд ч төвөгтэй болсон байна. Үүнийгээ хуульчлаад явсан нь зүйтэй. Нэг орлогчийг нь хаслаа гээд тэнгэр нийлж, галав юүлэхгүй. Ажил явдгаараа л явна. Өөрчлөлт эхлээд “өвтгөнө”. Зарим агентлагийн дэд дарга, төрийн өмчит компанийн орлогч дарга нар УИХ-ын гишүүдэд хандаж лобби хийхээ больчих. Засгийн газрын харьяа байгууллагууд ёс суртахуунтай, дэг журамтай байх ёстой. Ерөнхий сайдын хувьд би энэ саналаасаа ухрахгүй. Хэрэв энэ саналыг УИХ унагавал Төсвийн хүрээний мэдэгдлийн төсөлд дахин тусгаад оруулж ирнэ. Үүнийг том агуулгаар нь харах хэрэгтэй. Автомашины асуудал ч адил. Цахим системээр дамжуулан ашиглалтыг нь сайжруулах гэж байгаа болохоос би машинтай, тэр машингүй байна гэдэг хандлагаа өөрчилмөөр байгаа юм. Ил, далд лобби хийхээ боль, дарга нар аа. УИХ, Засгийн газар, шүүхийн харьяа байгууллагууд бүгд тэгш зарчмаар шинэчлэлээ хийх ёстой” гэж байв.

Эдгээртэй хамт өргөн мэдүүлсэн Хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолоор хүртээмж багатай, төрийн өмчийн цэцэрлэгт нэмэлт элсэлт авах боломжгүй байршилд төрийн бус өмчийн цэцэрлэг ажиллуулж, хамран сургах тойргийн хүүхдийг элсүүлсэн тохиолдолд нэг хүүхдэд ногдох хувьсах зардлыг хоёр дахин нэмэгдүүлсэн дүнгээр хүүхдийн хоолны зардлын хамт санхүүжилт олгохоор боллоо. Үүнээс гадна Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсөлд Шүүхийн сахилгын хорооны урсгал зардлыг 425.5 сая төгрөгөөр нэмэгдүүлэх, гадаадын зээл, тусламжийн ашиглалтын зардлыг 16.4 тэрбум төгрөгөөр бууруулах, улсын төсвийн хөрөнгөөр 2022 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтад холбогдох өөрчлөлтийг хийлээ. Ингэснээр зарлагын болон алдагдлын дүнг нэмэгдүүлэхгүй байх хуулийн шаардлагыг хангаж байгаа гэнэ.

Цэнхэр хадагны ёслолын Морин жилийн онцлох алдартнуудын жагсаалт
Цэнхэр хадагны ёслолын Морин жилийн онцлох алдартнуудын жагсаалт
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.