Тарьц, суулгацын үзэсгэлэн худалдаа эхэллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 49 секунд
Тарьц, суулгацын үзэсгэлэн худалдаа эхэллээ

Тарьц, суулгацын үзэсгэлэн худалдаа эхэллээ

“Тарьц, суулгац-2015” үзэсгэлэн худалдаа өнөөдөр Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд нээгдлээ. БОНХАЖЯ-наас улс орон даяар өрнүүлж буй “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ий хүрээнд энэ жилийн үзэсгэлэнг зохион байгуулж байгаагаараа онцлогтой юм. Үзэсгэлэнгийн нээлтэдБайгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны дэд сайд М.Хүрэлсүх, тус яамны Ойн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Банзрагч, Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Сумъяабаатар болон Монгол Солонгосын хамтарсан “Ногоон хэрэм” төслийн ерөнхий захирал Чой Сү Жон болон Ойн судалгаа хөгжлийн төвийн захирал С.Гантулга нар оролцлоо.

БОНХАЖЯ-ны дэд сайд М.Хүрэлсүх үзэсгэлэнг нээж хэлсэн үгэндээ “Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан манай оронд 1940-2007 онд агаарын жилийн дундаж температур 2,1 хэмээр дулаарч, хөрсний ууршилт 118,1 хувиар нэмэгджээ. Мөн жилд унах хур тунадасны хэмжээ 30-40 мм-ээр буурч байгаа нь гадаргын усны хэмжээ багасахад нөлөөлж байна. Тиймээс БОНХАЖЯ-аас өрнүүлж байгаа “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ий хүрээнд иргэн бүр хашаандаа мод ургуулах, аж ахуйн нэгж, байгууллага бүр гадна орчиндоо ногоон байгууламжтай болох, өөрийн байгууллагын нэрэмжит таримал ой сантай болох асуудлыг ажил хэрэг болгохыг та бүхнээс уриалж байна.

Энэ жилийн тарьц, суулгацны үзэсгэлэн худалдааг “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-д оролцох иргэд, аж ахуйн нэгж байгууллагыг тарьц, суулгацаар хангах, тарьц суулгац ургуулах бизнес эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж байгууллагын борлуулалтыг нэмэгдүүлж, үйл ажиллагааг дэмжих, хоорондын холбоог нь сайжруулах зорилгоор зохион байгуулж байна. Бурхан багшийн сургааль дахь “Мод их амь, хүн бага амь”, "Нэг мод тарих нэг насны буян”, “Хоёр мод тарьвал хойд насны буян” хэмээх айлдварыг ч манай ард иргэд сайн ойлгож өөрийн итгэл үнэмшлээрээ хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байна” гэлээ.

Үзэсгэлэнд төрөл бүрийн мод, цэцэг, жимс, жимсгэний тарьц, суулгац, үр тавигдсанаас гадна тэдгээрийг арчлах багаж, хэрэгсэл, бордоо гэх мэт олон нэр төрлийн бүтээгдэхүүн дэлгэгджээ. Мод, сөөгний тарьц суулгацын үнэ хэмжээ, наснаасаа хамаараад харилцан адилгүй байна.

Тухайлбал, нэг настай улиас 1500 төгрөгөөр худалдаалагдаж байгаа бол гурван настай нь 3800, 4-6 настай нь 4900-5000 төгрөгийн үнэтэй байна. Мөн үхрийн нүдний суулгац 3500-аас дээш төгрөгийн үнэтэй, чацаргана, монос, нохойн хошуу, гүйлэс, голт бор гээд олон нэр төрлийн жимсгэний мод наснаасаа хамааран үнэ нь харилцан адилгүй байна. Харин шар хуайсны гэх мэт үр 100 төгрөгөөс эхэлж байгаа бол хар мод, харганы үр нэг килограмм нь 70 мянган төгрөг, нарсны үр нэг килограмм нь 80 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна.

БОНХАЖЯ, “Ойн судалгаа хөгжлийн төв” улсын төсөвт үйлдвэрийн газар болон Монгол, Солонгосын “Ногоон хэрэм” төсөл хамтран зохион байгуулж байгаа тарьц, суулгацын үзэсгэлэн худалдаа энэ сарын 29-ныг хүртэл үргэлжилнэ.

 
 
Уналт таталтын эсрэг эмийг ЭМД-аас 100% хөнгөлдөг боллоо
Уналт таталтын эсрэг эмийг ЭМД-аас 100% хөнгөлдөг боллоо
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.