У.Хүрэлсүх: Цаашид ч бид задарсаныг засагладаг, ядарсаныг хайрладаг төртэй байх болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
11 минут 24 секунд
У.Хүрэлсүх: Цаашид ч бид задарсаныг засагладаг, ядарсаныг хайрладаг төртэй байх болно

У.Хүрэлсүх: Цаашид ч бид задарсаныг засагладаг, ядарсаныг хайрладаг төртэй байх болно

УИХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн сурталчилгаа өнөөдрөөс албан ёсоор эхэлж байгаа билээ. Тэгвэл МАН "Тусгаар тогтнолын ордон"-д сонгуулийн сурталчилгааныхаа нээлтийг албан ёсоор хийж,  намын дарга У.Хүрэлсүхэ 76 нэр дэвшигчдээ үнэмлэхийг нь гардуулж, амжилт хүсэлээ. Түүний дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх ард иргэд болон нэр дэвшигчиддээ хандаж үг хэллээ. 

Тэрбээр "Монгол ахан дүүс ээ. Та бид туурга тусгаар Монгол Улсынхаа төр барих дээд байгууллага болох УИХ-ыг сонгон байгуулах хариуцлагатай цаг үетэй учран золгож байна. Миний бие одоогоос 3 жилийн өмнө Ерөнхий сайдаар томилогдож байхдаа "Би зорьсоноо хийж, хэлснээ хэрэгжүүлдэг Ерөнхий сайд байна. Би шударга ёсны төлөө тууштай тэмцдэг Ерөнхий сайд байна. Би улсынхаа унасан эдийн засгийг хөл дээр нь босгож, улс үндэстнээ хөгжил, дэвшилд хөтөлсөн Ерөнхий сайд байна" гэж хэлж байсныг та бүхэн санаж байгаа.  

Өнгөрсөн хугацаанд энэхүү зарчим, байр сууринаасаа нэг ч алхам ухралгүй, чанга хатуу байж, бүхий л боломж, бололцоогоо дайчлан ажиллаж ирлээ. Одоогоос 4 жилийн өмнө манай улсын амьдрал ямар байсныг бид мартах учиргүй. 2016 онд Монгол Улс дэлхий нийтэд дампуурлаа зарлах хэмжээнд очсон, зүйрлэж хэлбэл, улсын эдийн засаг сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт хэвтсэн.  Төр засаг нь талцан хямарсан, орд баялаг, өмч хөрөнгөө олигархи бүлэглэлүүдэд алдсан. Өөрсөддөө зориулж Өршөөлийн хууль баталсан. Төр засагтаа итгэх олон түмний итгэл алдарсан. Төрийн сүлд бөхийж түмний нуруу хотойсон хүндхэн цаг үе байсныг та бид бүгдээрээ санаж байгаа. 

Ийм хүнд нөхцлөөс ямар аргаар гарах, ард иргэдийн амжиргааг хэрхэн яаж өөд нь татах цалин мөнгө, тэтгэвэр тэтгэмжийг яаж нэмэх, эдийн засгийн уналтыг яаж зогсоох, гадаад улсуудаас авсан асар их өр, шир, бондыг яаж төлж барагдуулах вэ. Төсөв, санхүүгийн сахилга батыг яаж сайжруулах, нийгэмд шударга ёс, дэг журмыг хэрхэн тогтоох вэ гэх мэт олон арван асуудалтай Ерөнхий сайд, Засгийн газар, манай нам нүүр тулж байсныг би тод санаж байна. Тэгвэл өнөөдөр шударга ёсыг бэхжүүлэх. Төрийн албаны бүх шатанд сахилга, хариуцлагыг тогтоох. Төсөв санхүүгийн чанга хатуу бодлого явуулсны үр дүнд эдийн засгийн өсөлт 6 дахин нэмэгдэж, 7.3 хувьд хүч өслөө. 

Өртэй хүн өөдөлдөггүй, өттэй мал таргалдаггүй гэдэг манай ардын сургааль бий.  Үртэй хүн жаргалтай, өргүй хүн баян гэж ардын сайхан үг ч байдаг. Өнгөрсөн хугацаанд "Чингис", "Самурай", "Дим сам" зэрэг бондын 8.5 их наяд төгрөгийн өр, ширийг дарж барагдууллаа.  Үүний зэрэгцээ Монгол Улс анх удаа уул уурхайн орлогоосоо ирээдүй үе, хойчдоо өвлүүлэх 1.2 их наяд төгрөгийн хуримтлалыг "Ирээдүйн өв сан"-д бий болголоо. Бид үр хүүхэддээ өр биш өв үлдээхийн төлөө ажиллаж байна.  Улсын эдийн засаг ч гэсэн өндийж босож байна.  2019 онд 3.5 их наядын хөрөнгө оруулалт хийсэн нь Монгол Улсын түүхэнд хамгийн өндөр үзүүлэлт боллоо. Манай гадаад худалдаа нэмэгдэж, тэр дундаа экспорт 2018, 2019 онуудад дээд хэмжээндээ хүрлээ. Гадаад худалдаа 4 дахин нэмэгдэж, 4.2 тэрбум ам.долларт хүрлээ. Бизнес эрхлэгчид, татвар төлөгчиддөө гүн талархал илэрхийлье.

Баялаг бүтээж, бизнес эрхэлж байгаа бүх үйлдвэрлэгчиддээ монгол төр дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах болохоо илэрхийлж байна. Манай Засгийн газар энэ хугацаанд газрын тосны, гангийн үйлдвэр, шинэ нисэх онгоцны буудал, дулааны цахилгаан станц, цахилгаан дамжуулах шугам сүлжээ, усан цахилгаан станц, цэвэрлэх байгууламж, сайжруулсан түлш, саарал усны үйлдвэр, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, номын сан, музей, орон сууцны хороолол, дэд бүтэц, инженерийн байгууламж, авто зам, хурдны зам, төмөр зам зэрэг их бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлж, амжилттай хэрэгжүүлж байна. 

Мөн 30 жил яригдсан, манай улсын эдийн засагт үр өгөөжөө өгөх Орос, Монгол, Хятадын хамтарсан хийн хоолойн бүтээн байгуулалтын ажил ч эхэллээ. Ингэснээр манай улс мөнхийн хоёр хөрштэйгээ эдийн засгийн хамтын ажиллагааны бас нэгэн шинэ хуудсыг нээж байна. Өнгөрсөн хугацаанд Үндэсний аюулгүй байдлын гурван гишүүн, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч нар улс эх орныхоо язгуур ашгийг нэн тэргүүнд тавьж, бүтээн байгуулалтын томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нэгдмэл байр суурьтай байж, нэгэн үзүүрт сэтгэлээр хамтран ажиллаж ирснийг төрийн сонгууль эхэлж буй энэ өдөр би онцлон тэмдэглэхийг хүсэж байна. 

Улс орны эдийн засагт ахиц дэвшил гарч байгаа хүүхэд, залуус, залуу үеэ соён гэгээрүүлэх ажлыг сүүлийн хэдэн жил орхигдуулжээ. Өнгөрсөн хугацаанд манай Засгийн газар ард түмнээ соён гэгээрүүлэх ажилд онцгой ач холбогдол өгч ажиллалаа. Үндэсний урлагийн их театр, Чингис хааны музей, Байгалийн түүхийн музей, Төв номын санг шинээр барьж байгуулах ажил эхэллээ. Цаашид ч бид төр ёсны түүхэн уламжлал, эх оронч үзэл, үндэсний урлаг, хэл соёл, түүх шастир, үнэт зүйлээ хайрлан хамгаалж ажиллахаар Соёлын яамыг шинээр байгуулахаар Сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгалаа. 

Нийгмийн хамгааллын чиглэлээр багагүй ажлыг хийлээ. 2014 оноос хойш нэмэгдээгүй байсан Хүүхдийн мөнгө, цалин тэтгэвэр, тэтгэмжийг үе шаттайгаар нэмэгдүүллээ. Алдагдсан байсан "Салхитын орд"-оо улсдаа эргүүлэн авч, эдийн засгийн эргэлтэд оруулж, эх орныхоо төлөө залуу, халуун насаа зориулсан азай буурал ахмадуудынхаа тэтгэврийн зээлийн өрийг ч тэглэлээ. Энэ бол монгол хүн эх орондоо баялагтаа, газар нутагтаа эзэн болж байгаагийн эхлэл юм.  Сүүлийн 20 жилд улстөржиж хийрхсэн, олон арван хүүхэд залуусын эрүүл мэнд, улсын эдийн засгийг авч одсон Улаанбаатарын утааг бид өнгөрсөн жил 50 хувь бууруулж чадлаа.  Энэ жил "Сайн түлш"-ний хоёр дахь үйлдвэрийг барьж, ашиглалтад оруулснаар ирэх жил Улаанбаатар хотын утааг 80-90 хувь бууруулна. 

Эрхэм хүндэт иргэд, сонгогчид оо. Улаанбаатарын утаа, манан сарниж байгаатай адил улс төрийн МАНАН ч сарниж эхэллээ. Нам дамжсан улс төр, бизнесийн олигархи бүлэглэлүүдтэй бид тэмцэж байна. Энэ бол ард түмний захиалга, улсын аюулгүй байдал, шударга ёсны төлөөх тэмцэл гэж би ойлгодог. Энэ тэмцлийг иргэд уухайлан дэмжиж, тэсгим хүйтэн өвөл 30 мянгуулаа Сүхбаатарын талбайд цуглаж, шударга ёсны төлөө тэмцсэн. Тэд ганцхан зүйлийг шаардсан, энэ бол шударга ёс.  Тэд ирээдүйд үр хүүхэддээ шударга төрийг үлдээхийг хүссэн юм. Энэ хүслийг биелүүлэх нь монгол төрийн эрхэм үүрэг байх ёстой.  Цаашид ч бид задарсаныг засагладаг, ядарсаныг хайрладаг төртэй байх болно. 

Энэ удаагийн сонгууль амаргүй, онцгой хүнд үед болж байна. Харин бид дэлхий дахиныг айлгаж түгшээсэн цар тахлын халдварыг дотооддоо алдалгүй барьж, ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалж чадаж буй цөөн улсны нэг болж чадлаа. Энэхүү ажлыг зохион байгуулж, цаг наргүй, өдөр шөнөгүй хичээн зүтгэж буй эмч, эмнэлгийн ажилчид, цагдаа, онцгой байдлынхан, халдвараас хамгаалах нарийн дэглэмийг барьж байгаа ард иргэддээ талархал илэрхийлье. 

Иргэд ээ, бид өнгөрсөн хугацаанд хэт их улстөржиж, ард түмнээ туйлдууллаа. Энэ дэлхий дээр ганцхан Монгол Улс бий. МАН-ын Монгол Улс, АН-ын Монгол гэж байхгүй. Улс орны эрх ашгаас давсан намын эрх ашиг гэж байхгүй. Бидэнд Монгол Улс гэсэн нэг л эрх ашиг бий. Улс орны эрх ашгийн төлөө хамтран ажиллах нь улс төрийн намууд, улстөрчдийн нэн тэргүүний зорилго гэж миний бие үзэж байна.  Эвдэрч хагаралдах, эсэргүүцэн тэмцэлдэх бус харин эвлэлдэн нэгдэж, эдийн засгаа сэргээж, эх орондоо шударга ёсыг бэхжүүлэх, иргэн бүрийн ажил амьдралыг дээшлүүлэхийн төлөө хамтдаа зүтгэхийн ууган намын дарга, улсын Ерөнхий сайдын хувьд нийт ард иргэд, сонгогч түмэндээ уриалж байна. 

Намууд нь зөв бодлоготой, улстөрчид нь зөв сэтгэлтэй, сахилга хариуцлагтай, ёс зүйтэй, иргэд олон түмэн нь ирээдүйдээ итгэлтэй, өөдрөг сайхан байж, Монгол Улсынхаа төлөө хамтдаа хүчээ нэгтгэе.  Эх орон маань хөгжил дэвшлийн гараанд зогсож байна. Ирэх дөрвөн жил монголчууд бид хийж хэрэгжүүлсэн ажлаа дуусгасан, алдаа дутагдлаа зассан, эдийн засгаа өсгөсөн, ажилгүйдэл ядуурлыг бууруулсан, ажлын байрыг шинээр нэмэгдүүлсэн, эрх чөлөө, шударга ёсыг бэхжүүлсэн шинэ сэргэлтийн он жилүүд байх болно. Эхлүүлсэн тэмцлээ үргэлжлүүлж, эхэлсэн ажлаа дуусгахад надад цаг хугацаа, ард түмний өргөн дэмжлэг хэрэгтэй байна. Энэ удаагийн УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшиж байгаа 76 нэр дэвшигч бол миний багийн нөхөд, миний журмын нөхөд юм аа.  Та бүхэн энэ багт итгэл хүлээлгэж, дэмжээрэй" хэмээлээ.  

М.Бадамсүрэн: Халх гол бидний мэдлээс нэгэнт гарчихсан
М.Бадамсүрэн: Халх гол бидний мэдлээс нэгэнт гарчихсан
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.