Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар: Хотын төв рүү орох автомашинууд өндөр төлбөр төлнө, төлөхгүй бол хөдөлгөөнд оролцуулахгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
50 минут 15 секунд
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар: Хотын төв рүү орох автомашинууд өндөр төлбөр төлнө, төлөхгүй бол хөдөлгөөнд оролцуулахгүй

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар: Хотын төв рүү орох автомашинууд өндөр төлбөр төлнө, төлөхгүй бол хөдөлгөөнд оролцуулахгүй

Гаргасан шийдвэр бүр нь Монголын хүн амын тал хувьд шууд нөлөөлж байгаа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазартай ярилцлаа.

-Та бид хоёрын ярилцлага Эх орончдын баярын өдөр буюу гуравдугаар сарын 1-ний өглөө уншигчдын гарт хүрэх нь. МАН-ын хувьд ач холбогдол өгдөг том баяр байх шүү?

-Бүтэн зууны турш Монголын хувь заяаг авч яваа улс төрийн ууган хүчний хувьд чухал өдөр. Олон зуун эх орончдын эр зоригоор бий болсон энэ эрх чөлөө, энэ эх орныг бид авч яваа болохоор их үнэ цэнэтэй өдөр гэж боддог. Нийт монголчууддаа, мөн МАН-ынхаа нийт гишүүд, дэмжигчдэд Эх орончдын өдрийн баярын мэндийг эхлээд хүргэе.

-Тэгэхээр бид хоёрын ярилцах эхний сэдэв тодорхой. Яг одоо цонхны чинь цаана хангинаж байгаа энэ олон машины дуут дохио, түгжрэлээс яриагаа эхэлье. Та саяхан “Хотын түгжрэл дээр гашуун арга хэмжээ авна” гэж хэлсэн. Ямар шийдвэрүүд гаргана гэж ойлгох вэ?

-Түгжрэлтэй холбоотой асуудал бол төлөвлөлт. Анхнаасаа зөв тооцоогүй төлөвлөлт өнөөдөр нийслэлийн зам харил­цаа, зорчих урсгалыг хавханд оруулчихлаа. Гурав, дөрвөн том хавханд нийслэлчүүд бид байна.

-Гурав, дөрвөөр тогтохгүй хавханд нийслэлчүүд орчихоод байна. Гол нь таны гаргах гашуун шийдвэр нь юу вэ?

-Өнөөдөр нийслэлд бүртгэл­тэй байгаа 650 мянган машин бүгдээрээ хотын хөдөлгөөнд орвол нийслэлийн зам шууд зогсоно. Тэг зогсолт болно. Тэгэхээр шийдэмгий, хатуу шийдвэрүүд гаргах цаг болсон. Нэгдүгээрт, импортоор орж ирж байгаа насжилт өндөртэй, он хуучин, цаад газраа аваар осолд орсон, буруу рультэй зэрэг тээврийн хэрэгслүүдэд импортын хязгаарлалт тог­тооно. Цаад газраа төмрийн хог руу ачигдахад бэлэн болсон автомашинуудыг манайхан засаж, янзлаад эх орондоо зарж байгаа. Үүнийг хориглоно.

-Гэнэт, нэг амьсгаагаар бүгдийг шийдэхгүй байлгүй дээ. Үе шаттай хийгдэх хязгаарлалтууд байлгүй?

-Импортоор орж ирж бай­гаа буруу рультэй тээврийн хэрэгслийг 2022 оны наймдугаар сараас уу, 2023 оны нэгдүгээр сараас хориглох уу, энэ хооронд шийдвэр гарна. Хамгийн түрүүнд авах ёстой арга хэмжээ энэ.

-Тодорхой хариулт байна. Монголд нэгэнт ороод ирчихсэн, өнөөдөр хотод явж байгаа, буруу рультэй болон насжилт өндөртэй тээврийн хэрэгслүүдийг яах юм бол?

-Хугацаа өгнө. 2025 он хүртэл үү, 2026 он хүртэл гэдэг ч юм уу. Тэрнээс цааш бол байхгүй. Шууд хориглоно.

-Хөдөө орон нутагт яах билээ?

-Хөдөө орон нутагт бол хязгаар хориг байхгүй, явж байгаад тэгээд дуусах биз. Зөвхөн нийслэлд нэг жилд 80 мянган тээврийн хэрэгсэл нэмэгдэж байна. Тэдгээрийн дийлэнх нь стандартын шаард­лага хангахгүй, эвдэрхий, өмнө нь аваар осолд орж байсан, үйлдвэрлэгдэхээ больсон автомашинууд байгааг хүмүүс мэддэг, судалгаагаар ч тогтоогдсон.

-Өөр ямар арга хэмжээ, шийдвэрүүд авах вэ?

-Нийслэлийн нутаг дэвсгэрт явж байгаа автомашины татвар хураамжийг нэмэгдүүлнэ. Зам, тээврийн хөгжлийн яамны Авто тээврийн үндэсний төв дээр 650 мянган тээврийн хэрэгсэл нийслэлд бүртгэлтэй байна. Хот бүртгэдэггүй. Нийслэлээс замын түгжрэл, хөдөлгөөнийг зохицуулах гэж үзэж тараад байдаг, ЗТХЯ-наас дугаар, номер олгоод, машины тоог нийслэлийн хөдөлгөөнд нэмээд байдаг. Энэ их уялдаагүй, түгжрэлд нэрмээс болж байгаа үйл явц.

-Тэгэхээр Нийслэлээс машины бүртгэл, номерыг хариуцах ёстой болж байна уу?

-Хотод бүртгэх эрхийг өгөх нь зөв. Хотод машины дугаар олгох үүрэг, хариуцлага ирсэн тохиолдолд бид замын түгжрэл, ачаалалтайгаа уялдуулж номер олгохоос эхлээд зохицуулалтын эрүүл механизмыг эхлүүлнэ. Цаашлаад зогсоолуудыг тодор­хой болгоно. Төлбөрийн орчин үеийн систем нэвтрүүлнэ. Түр зогсоолууд нь хаана байх юм, огт зогсохгүй цэгүүд гээд. Жишээ нь, Улаанбаатар хотын Их тойруу дотор нэлээн олон зогсоол байгаа. Гарааж буулгалтууд үргэлжлэх учраас их зай талбай гарна. Зам нэмж өргөтгөх ажил бий. Ер нь энэ бүх ажил системээрээ явах юм.

-Зогсоолууд бүгд төлбөр­тэй шүү дээ. Тэр мөнгө нийслэлд ордог биз дээ?

-Тэр зогсоолын мөнгийг нийслэл лав авдаггүй. Одоо үүн дээр нийслэл анхаарлаа хандуулна.

-Хотын төвд зорчих машины төлбөр хураамжийг яаж нэмэгдүүлэх юм бэ?

-Жишээлбэл, Их тойруу руу буюу хотын төв рүү орж ирэхдээ автомашинууд тодорхой цэг дээр өндөр төлбөр төлж орж ирнэ. Тэгж хотын төвд машинтайгаа зорчих эрх нээгдэнэ. Цаашлаад Их тойруу шиг бусад тойргуудыг бүсчилж гаргана. Хөдөлгөөний нягтралаас шалтгаалаад тойрог бүрийн төлбөр янз бүр байна. Мэдээж хотын төв дотроо хамгийн өндөр төлбөр ногдох байх. Бүсчилсэн байдлаар нийслэлийн автозамын хураамжийн асуудлыг нэмэг­дүүлэх арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлнэ. Ингэж автомашины импортын хязгаарлалт, бүсчилсэн той­рог доторх машины өндөр төлбөр хураамж, зогсоолын асуудлуудыг шийдвэрлэхэд түгжрэл эрс буурах судалгаа, тооцоолол гарч байгаа. Таны асуусан түгжрэлийг бууруулах эхний алхмууд энэ.

-Хөдөө, орон нутгаас хот руу орж байгаа тээврийн хэрэгслүүд яах билээ?

-Хөдөө орон нутгийн тээв­рийн хэрэгслүүд хот руу орохдоо тогтоосон татвар хураамжийг төлнө. Төлөхгүй бол хот руу оруулахгүй. Чухам хэдийг төлөх хэмжээ удахгүй зарлагдана.

-Их тойруугаас гадна хотын зах руу гэртэй, ажил нь хотын төвд байдаг хүмүүс яах билээ?

-Судалгаа тооцоо үргэл­жилж байна. Удахгүй наад бүх асуултын чинь хариулт тодорхой болно.

-Эдгээр шийдвэр яг хэзээнээс хэрэгжих вэ. Судалгаанаас харахад иргэд замын түгжрэлд шууд болон шууд бусаар 12 их наяд төгрөгийн хохирол амсаж байна гэсэн дүн бий. Бараг улсынхаа төсвөөс давсан тоо биш үү?

-Тийм болохоор л цаг алдалгүй, эрс тэс, шийдэмгий арга хэмжээ авна. Нэгдүгээрт нийтийн эрх ашиг чухал. Нийслэлийн ИТХ-ын чуулган гуравдугаар сарын эхээр хуралдах төлөвтэй байна. Эдгээр шийдвэрийн төслүүд эхлээд ИТХ-ын чуулганаар орно. Түүний дараа Засгийн газрын хуралдаанд оруулна. Эцсийн шийдвэр УИХ дээр очно. Хориглох эсэх нь УИХ-ын эрх мэдлийн асуудал. Харин замын төлбөр, хураамжтай холбоотой асуудал бол хотын бүрэн эрхийн асуудал. Хот өөрөө шийднэ, мэдээж Засгийн газарт түүнийгээ танилцуулна. Энэ бүх шийдвэрүүд энэ хаврын чуулгандаа багтаж бараг бүгд гарна даа.

-Бүх судалгаа тооцоо нь цаасан дээр гарчихсан, алх цохиход бэлэн байгаа гэж ойлгох уу?

-Бүгд цаасан дээр буугаад дуусч байна. Засгийн газар, УИХ хэлэлцээд алх цохиод явчих байх. Тогтоол шийдвэрүүд батлагдсан өдрөөсөө эхлэн хэрэгжинэ.

-Олон шат дамжлага орохоороо цаг хугацаа алддаг урьдын практик бий дээ?

-Өмнөх шиг тийм юм байхгүй. Бид маш хурдан шийдэхийн төлөө ажиллаж байна. Та өөрөө сая хэлсэн шүү дээ, түгжрэлээс гарч байгаа хохирол 12 их наяд орчим гэж. Энэ судалгаа 2020 он хүртэлх тооцоо. Энэ хэвээрээ цааш явбал 2025 он гэхэд энэ тоо 24.2 их наяд болж магадгүй гэсэн дүн гарсан. Аймшигтай дүн биз дээ. Бодит байдал иймдээ хүрчихсэн, дээр нь нийслэлийн иргэдийн түгжрэлээс эхтэй стресс, нерв, эрүүл мэндийн асуудал гээд яривал маш их хохирол гарна. Би өөрөө түгжрэл дотор нервээ бараад явж байгаа хүний нэг шүү дээ. Нийслэлийн иргэн бүр хохирч байна. Үүний төлөө цаг алдахгүй арга хэмжээ авах ёстой. Тийм болохоор захиргааны болон эрх зүйн хатуу арга хэмжээнүүдийг зайлшгүй авна. Нөгөө талдаа иргэддээ сонголт бас олгоно. Тэр сонголт нь юу байх юм бэ гэвэл нийтийн тээвэр дээр яаралтай реформ хийх хэрэгтэй. Иргэд маань ая тухтай нийтийн тээврээр зорчих боломжийг, сонголтыг төрөөс бүрдүүлж өгөх ёстой. Тэгэхээр нөгөө тендерийн хуулиас эхлээд яаралтай зохицуулалт хийх олон ажил ундарна. Наад зах нь нийтийн тээврийн автобуснуудыг үйлдвэрлэгчээс нь шууд нийлүүлэлт хийх эрхийг хотод өгөх ёстой юм билээ.

-Нийтийн тээвэр чухал сэдэв. Олон улсын жишиг нь ямар байдаг юм бол. Хувийн хэвшил нь нуруун дээрээ үүрч явдаг юм уу?

-Дийлэнх улс оронд нийтийн тээврийг төр нь авч явдаг. Монгол Улсад ч нийтийн тээврийн ачааны хүндийг төр үүрэхээс өөр аргагүй юм билээ. Жишээ нь, Улиастайн аманд юм уу, Баянхошууны эцсийн буудал дээр зогсож байгаа Улаанбаатар хотын нэг иргэн байсан ч нийтийн тээвэр хүрч үйлчилдэг байх ёстой. Ийм л тогтолцоог энэ хотод бий болгоно. Олон улсын жишиг нь өөрөө тийм байгаа. Манайхан өнөөдөр мөнгөний урсгалаа дагаж давхилдаад, маршрутаа булаалцалдаад, түгжрэл дээр түгжрэл нэмдэг. Нийслэл дээр нийтийн тээвэрт өгөх татаас жил бүр нэмэгдэж байна. 2016 онд 52 тэрбумын татаастай байсан бол одоо 160 тэрбумын татаастай болсон. Нийтийн тээвэр яа­гаад хөгжиж дээшлэхгүй бай­на, хувийн хэвшлийнхнийг оруулаад, дэмжээд байгаа хэрнээ ийм зогсонги байна. Аль аль талдаа бодитой харах асуудал. Нийтийн тээврийн реформыг цаг алдахгүй хийнэ.

-Реформ хийхэд мөнгө хэрэгтэй, тэр мөнгө, сан­хүүгийн эх үүсвэр хаана байна?

-Наадхыг чинь л бид ажил болгох гээд гадна дотногүй ярьж, хөөцөлдөж байна. Гадны санхүүгийн байгууллагуудын урт хугацааны зээлийн эх үүсвэр байж болно...

-Сая нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулиар Хот бие даан санхүүгийн эх үүсвэрээ бос­гох эрх нь нээгдсэн биз дээ?

-Тендерийн хууль бол өөр. Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн хуулиар бол хотод санхүүгийн эх үүсвэрээ бие даан босгох боломж нь бүрдсэн. Төсвийн санхүүтэй холбоотой худалдан авах ажиллагаа бол Тендерийн хуулиар явна. Харин төр- хувийн хэвшлийн түншлэлээр явж байгаа бол нийслэлийн зүгээс цаад газар­тайгаа шууд гэрээгээр явчихаж болно. Ийм хоёр өөр зохицуулалт байгаа. Тэгэхээр төсөв дээр бол нийтийн тээв­рийн автобуснуудын асуудал тавигдчихсан. Тэгэхээр бид Тендерийн хуулийг яаравч­лахгүй бол компаниуд хоорондоо зодоон хийгээд эхэлнэ.

-Энэ хаврын чуулганаар хэлэлцэх хуулиудын жагсаалт дотор бий юү?

-Хаврын чуулганаар орно. Тендерийн хууль, Худалдан авах ажиллагааны тухай хууль гээд Сангийн яамнаас өргөн барьж байгаа.

-МАН-ын Их хурлаас гаргасан Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Хувийн эрх зүйн орчныг сайжруулах хуулиуд дээр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар онц­гой анхаарал тавьж байгаа бололтой, энэ нь хотод их эерэгээр тусч, урьд өмнө байгаагүй боломжуудыг хотод нээж өгч байна гэж харагдах юм?

-Ерөөсөө л тэр. Бид ерөөсөө хувийн хэвшлүүд, энэхүү компани, том жижиг бүх аж ахуйн нэгжүүдээ онцгой анхаарч, дэмжиж байж л улс орны хөгжил, нийслэлийн хөгжил цаашаа явна. Эдний нуруун дээр улс орны ачаа яваа. Хувийн хэвшлийнхний хүч, туслалцааг төр авч, харилцан зохион байгуулалтад орж явахгүй бол бүх юмыг мэддэг, шийддэг төртэй байж болохгүй. Төр нь ганцаараа бүгдийг шийднэ гэсэн улс орнууд бүгд л дампуурлын ирмэг дээр байгааг бид харж байна шүү дээ.

-Ирэх жилийн өдийд эргээд та бид хоёр уулзахад энэ бүх асуудал эмхэрч цэгцэр­сэн, дараагийн алхмуудыг ярилцаад сууж байж чадах уу?

-Үүний төлөө та бид хоёр шөнө орой ярилцаад сууж байна. Миний үүдэн дээр одоо ажил танилцуулах гэсэн хүмүүс бужигнаж байгаа биз дээ. Хамгийн гол нь цаг хугацаа алдмааргүй байгаа юм.

-Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль батлагдаж, хотын дарга бие даасан эрх зүйн чадамжтай болсныхоо дараа анхны гадаад айлчлалыг урд хөршөөс эхлүүллээ. Ерөнхий сайдын Хятад улсад хийсэн айлчлалын үеэр таны зүгээс нэлээн том оролцоотой явлаа гэж харж байгаа?

-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд БНХАУ-д өв­лийн олимпод оролцох үеэрээ ажлын айлчлал хийлээ. Богино хугацаанд цомхон бүрэлдэхүүнтэй, үр дүнтэй айлчлал боллоо гэж багт явсан хотын даргын хувьд бодож байгаа. Үр дүн нь улсын хэмжээний хоёр том төсөл, нийслэлийн хэмжээний хоёр том төсөл бодитой яригдсан.

-Нийслэлд хэрэгжих хоёр төслийнхөө талаар тодорхой мэдээлэл өгөх үү?

-Нийслэлд хийгдэх хөнгөн галт тэрэгний төсөл эхэлчихлээ. Урдаас зөвлөх үйлчилгээний мэргэжлийн баг ирчихсэн зураг төсөл дээрээ ид ажиллаж байна. Хятадын зураг төслийн хүрээлэнгээс таван хүн ирсэн. Ирэх гуравдугаар сарын 30-нд ТЭЗҮ-ийг эхний байдлаар танилцуулахаар ажиллаж байна.

-Нөгөө баганан тулгуурт галт тэрэг гэж яригдаад бай­гаа чинь одоо хөнгөн галт тэрэг нэртэй болчихсон юм уу?

-Ер нь тийм. Гүүрэн бай­гууламж, баганан тулгуурт галт тэрэг гээд байгаа юм. Бид бол Улаанбаатар хотын хөнгөн галт тэрэг гэж нэрлэж байгаа.

-Иргэд эхний байдлаар ойлгохдоо Нисэх-Яармагийн замын голын хэсгээр багана зоогоод, дээгүүр нь хөнгөн галт тэрэг явж Сансарын тунель хүрнэ гэсэн төсөөлөлтэй байгаа?

-Энэ бол эхний шугам. Эхний байдлаар төслийн санхүүжилт 2.5-3 тэрбум орчим доллар байгаа. Эхний лайн буюу эхний шугам нь 21.2 км урттай, өртөг нь 600-700 сая орчим доллар байх болов уу. Мэдээж нөхцөлөөсөө бас шалтгаална. Өртөг зардлаа хэмнэж тооцох юм бол заавал Яармагийн замын дундуур гэхгүйгээр шууд тавигдах боломж ч бас бий. Эдгээрийн ТЭЗҮ нь эхний байдлаар гуравдугаар сарын 30 гэхэд надад танилцуулагдах юм. Ер нь бол нийт 49.3 км тавигдах юм. Эхний лайн нь Морингийн даваанаас Яармаг дундуур яваад, гүүрээр гараад Гэгээнтэн хотхоны хажуугийн тэмээтэй хөшөөний уулзвараар өнгөрнө. Тэндээсээ Цэцэрлэгт хүрээлэнгээр хойшоо эргээд Сансарын тунелийн ар дээр очиж байгаа юм. Энэ бол 21.2 км. Нисэхийн цаад талын Залуус хорооллын тэнд 30 га-д депогоо байгуулах учраас тэндээс хөдөлнө. Дараагийн лайны эхний судалгаа бол Толгойтоос эхлээд нэгдүгээр хорооллын арын дэнжээр яваад, 3, 4 дүгээр хорооллын дундуур гаргаад 32-ын тойрог хүрч, улмаар Шар хадны чиглэлд хүрэх. Гурав дахь шугам нь хойд зуслангийн чиглэлээс 32-ын тойргоор дайруулаад, Төрийн ордны зүүн талаар Хүүхдийн паркийн хажуугаар орж урдаас ирсэн хэсэгтэй нийлэх. Эхний байдлаар ийм судалгаа, маршрут явж байна. Цаашлаад ондоо багтааж ажлын зураг нь эхэлнэ гэсэн төлөвлөгөөтэй, ер нь бол 2024 оны тавдугаар сар гэхэд эхний 21.2 км-ийг нь ашиглалтад оруулахаар зорьж байгаа юм.

-Монголчууд бидэнд нөөц маш их байна. Жишээ нь Монголын говьд, ээрэм талаар 420 км төмөр замын суурь бүтцийг бид өөрсдийн хүчээр барьчихлаа. Тэр төмөр замыг очиж үзсэн хүмүүсийн хувьд “Ийм урт төмөр замыг, ингэж хурдан барьж чадаж байгаа монголчуудад 200 км Дарханы зам тавих ер нь юу байсан юм бэ” гэж бодогдоно байх. Тэгэхээр ээрэм говьд барьсан 420 км төмөр замын дэргэд наад 21.2 км баганан тулгуурт зам ер нь юу байхав дээ. Ингэж өөрсөндөө итгэх цаг одоо болсон шүү дээ?

-Бидний тавих гэж байгаа 21.2 км баганан тулгуур бол 200 км биш, 2000 км бүр ч биш. Үнэндээ инээдтэй юм байхгүй юу. Зүүнбаян-Хангийн 200 км төмөр зам бас өнөөдөр явчихсан, бараг 700 км төмөр замыг Монголын компаниуд говьд барьчихсан шүү дээ. Энэхүү хөнгөн галт тэрэгний бүх дэд бүтэц нь бэлэн байгаа. Миний хувьд хүмүүсийн амнаас гардаг чадахгүй, бүтэхгүй, боломжгүй гэсэн үгний эсрэг байгаа. Гол нь бидний зохион байгуулалт маш чухал, их нөлөөлнө. Өмнөх муу практикууд бий. ТЭЗҮ нь явцын дунд хоёр, гурав солигдож болохгүй. Нэг л сайн ТЭЗҮ батлагдсан бол яг тэрүүгээрээ шуурхайлж, хугацаа хэмнэх ёстой. ТЭЗҮ-ийг дагаж бүх захиалга хийгдэнэ. Вагон нь ямар байх юм, Монголын эрс тэс цаг агаарт тохирсон байхаас эхлээд. Өвөл нь хөлдөөчих шахсан юм байвал хэн суух юм. Энэ мэтээр бодож тооцох ажил их шүү.

-Хөнгөн галт тэрэг ашиглалтад орсон үед хотын түгжрэл хэдий хэмжээнд буурах урьдчилсан тооцоо гарч байгаа вэ?

-Нэг шугаман дээр гэхэд нэг цагт 12-15 мянган хүн зорчих тооцоотой масс транцит. Гурван шугамаа нийлүүлээд тооцох юм бол доод тал нь 50 мянган иргэн зорчино гэхээр нийслэлийн түгжрэлээс ямар их хөнгөрөх нь тодорхой.

-Тэгээд энэ төсөл дээр урд хөршийн зүгээс бодитой яаж хамтарч ажиллана гэсэн бэ?

-БНХАУ-ын Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайд нь, Хятадын коммунист намын Гадаад харилцааны дарга нь, Хятадын хөгжил шинэчлэлийн хороо... гээд шийдвэр гаргадаг дээд шатнаас бүгдээрээ санал нэгтэйгээр Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, автозамын урс­галыг эрчимжүүлэх, дэд бүтцийг сайжруулах тал дээр онцгой дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн. Хятадын тал ийм төслүүд дээр амжилттай ажилладаг, туршлагатай том компаниудаа дуудаж уулзсан. Өнөөдрийн байдлаар манайд ажиллахаар санал өгсөн нь “SRSS” буюу Хятадын төмөр замын 6 дугаар компани байгаа. Азарбайжанд, Москвад, Ханой гээд олон оронд метро барьсан компани. Мөн “SRRS” компани гэхчлэн Хятадын дэд бүтцийн даацтай, Олон улсын хэмжээнд ажилладаг 4-5 компани Улаанбаатар хотод баганан тулгуурт хөнгөн галт тэргийг богино хугацаанд барина. Одоо бол зураг, ТЭЗҮ дээр Хятадын “SRIS” гэж хот доторх хөнгөн галт тэрэг тавих ажлыг голдуу хийдэг туршлагатай компани ажиллаж байна. Маргааш өглөө 5 цагаас бид зам тавигдах маршрутын дагуу явах гэж байна.

-Монголын компаниуд хэрхэн оролцох юм?

-Манай талаас юу хийх, яах ийх бүх ажил тодорхой байгаа. Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын зураг төслийг хийсэн Монголын компани ажиллана. Эрч хүчтэй сайхан залуучууд бий. Ер нь бол үндэсний компаниуд маань орж байгаа, цаашид ч оролцоод явна. Бүтээн байгуулалтын контентын хамгийн багадаа 50 хувь нь Монголын компаниуд байх ёстой. Энэхүү хөнгөн галт тэрэгний төсөл таван жилийн хугацаатай, гурван чиглэлд хийгдэх, 49 км зам учраас үндэсний компаниуд маань энэ хугацаанд багагүй хөгжөөд, туршлагатай болоод авна.

-Нэг хардлага байна. Явцын дунд санхүүжилт нэмж нэхдэг, өгөхгүй бол ажлаа зогсоодог... гээд Монгол дахь бүтээн байгуулалтын зовлон их шүү дээ?

-Наадхыг чинь бас тооцно оо, тооцолгүй яахав. Тийм болохоор олон улсын түншлэлийн хэлбэрээр хийе гэж байгаа юм. Энэ нь юу гэхээр дундын хувилбар. Айлын тал, манайх хоёр нийлж хийх юм. Энэ нь эрсдэл багатай, цаг хугацаа хэмнэх, зардал мөнгөө хэмнэх сайн талтай. Манайхан баганан тулгуурт замыг тавьж суралцаг, орчин үеийн технологиуд энд явна, дохиолол хамгаалалтын систем, аюулгүй байдлын технологиуд гээд олон талын ажил хийгдэнэ. Тэр бүгдээс манайхан юм сурна, авч үлдэнэ. Ашиглалтад орсны дараа ажлын байрууд их нэмэгдэнэ. Ер нь үндэсний компаниудын зүгээс хийх ажил их гарна.

-Урд хөрштэй хамтрах эхний төсөл энэ юм байна. Хоёр дахь том төслийн хар зураг юу вэ?

-Нийслэлд баригдах тойрог замын төсөл. Хоёр талдаа гурав, гурван урсгалтай 71.3 км зам. Энэ том бүтээн байгуулалт. Төв замын ачааллыг эрс бууруулна. Туул голын дагуух хурдны зам гурав, гурван эгнээгээр орж ирэх юм. Үүний 35 км замын ажлын зураг, ТЭЗҮ нь бэлэн. Түүнийг тодотгох ажил хийгдэж байгаа. Дахиад хойгуураа 36.7 км зам тойрно. Тэр ажлын зураг орно, газар чөлөөлөлтийн ажил хийгдэнэ.

-Газар чөлөөлөлт дээр, зам тавихаас чинь илүү зардал гарна байх даа?

-Мэдээж хотоос зардал гарна. Тэр зардлыг хот өөрийн нөөц боломжид тулгуурлан шийдчих бүрэн боломжтой гэж харж байгаа. Энэ 71.2 км бол Улаанбаатар хотын гол тойрог зам. Ачааллыг хоёр тал руугаа авах, хотоор дайран өнгөрч байгаа тээврийн хэрэгслүүдийн урсгалыг хоёр талдаа шингээх. Дээр нь зам дагаж хөгжил гэж хойд гэр хороолол дундуур хурдны зам ороод ирэхээр гэр хорооллын хөгжил эрс өөрчлөгдөнө. Дээр нь Аюулгүйн гарц гэж том асуудал байна. Манай хот гуравхан аюулгүйн гарцтай. Эрсдэлээ л бодож байна шүү дээ, газар хөдөлбөл, төмөр зам дагасан шатах тослох материалууд, химийн бодисууд, сав нөөцийн агуулахууд эрсдэлд орвол яах юм. Аюул тохиолдоход бүгдээрээ одоо энэ түгжирсэн зам руугаа орж ирнэ. Өөр хаачих билээ. Тэгэхээр аюулгүйн гарцуудаа нэмэх, сайжруулах зайлшгүй шаардлагатай. Тийм ч учраас энэхүү тойрог замын асуудал Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр гарцаагүй яригдана. БНХАУ-тай ярьсан хоёр дахь том төсөл маш товчхондоо ийм. Үүн дээр нэмэгдэх нэг том ажил бий. Тэр бол дэлхий нийтээр ярьж байгаа смарт хотын хөгжил байна. Одоо дэлхийн хотууд смарт хотоос дижитал шилжилт гэдэг дэвшил рүүгээ орчихсон байна. Монголын хувьд платформ нь Улаанбаатар хот юм. 1.5 сая хүн амын хөдөлгөөн, дататай холбоотой асуудал. Бид нийслэл гэсэн нэг том төвлөрсөн дата баазтай болж байж смарт хотын иргэд болно. Салбар бүрийн холболтуудыг хийж, нэгтгэж, нэг багц дата бүрдүүлэх ёстой. Нийслэл дэх машины бүртгэлээс эхлээд замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдийн өдөр тутмын тоонууд, хөдөө орон нутгаас ирж байгаа автомашины тоог хүртэл маш богино хугацаанд бодож, нэгтгэнэ гэсэн үг. Дээрээс нь гэрлэн дохио, зогсоол... замын хөдөлгөөнтэй холбоотой бүх урсгал, бүх асуудал нэг системд орно. Дарханаас нийслэл рүү орж байгаа машин өөрийн мэдрэгчээ хотын захад уншуулаад системд автоматаар холбогдоно. Машин бүрийн номер, хөдөлгөөний оролцоог хянадаг хүчтэй камерууд ажиллаж биг дата центрт мэдээллүүдээ өгч, зохицуулалтууд автоматаар хийгдэх юм. Энэ төвийг “Ухаалаг Улаанбаатар” гээд байгаа юм.

-Ажил хэрэг болох үйл явц ямар шатандаа байна?

-Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газарт хэд хэдэн ажлын хэсгүүд гарсан одоо ажиллаж байна. Багцалж хэлэхэд LRT буюу хөнгөн галт тэрэг, Тойрог хэлбэрийн хурдны зам, энэ хоёрын малгай төсөл болох “Ухаалаг Улаанбаатар” буюу смарт хот нь нийлээд нэгэн цогц төсөл, том арга хэмжээ болно.

-Энэ төслийн өртөг зардал хэд байх вэ?

-Энэ төсөл одоогоор 200 сая орчим долларын төсөвт өртөгтэй. Эхний ээлжийн 20 сая доллар хотод байгаа. 30 сая орчим доллар нь ХЗДХ-ийн яаманд байна. Гадны компаниуд саналаа өгч байна. Солонгосын, Хятадын гэх мэт компаниуд эхний байдлаар оролцъё гэсэн. Ер нь бол энэ бүх ажлын эцсийн зорилго бол Улаанбаатар хот дэг журамтай, цэгцтэй, ажиллаж хөдөлмөрлөх орчин сайн, амарч зугаалахад таатай, ая тааваараа, амгалан тайван иргэдээ амьдруулахад чиглэсэн. Утаснаасаа хамгийн ойр байгаа сул зогсоолыг дор нь хараад машинаа тавьчихаад явна. Бүтэн өдөр болбол тэдэн төгрөг, гурван цаг болбол тэдэн төгрөг гэсэн мэдээлэл утсанд тань ирнэ гэдэг ч юм уу, аль болох л иргэдийнхээ цаг завыг хэмнэсэн, амар хялбар хотыг бүрдүүлэх нь бидний зорилго. Заавал удаан зогсоод байх ч шаардлагагүй, гялс зогсоод хүнээ буулгаад яваад байх түр зогсоолууд ч тодорхой байх ёстой. Сингапур жишээ нь тийм шүү дээ. Бүх зам нь тойрог хэлбэрийн байдаг учраас зогсоод буулгаад л яваад өгдөг. “Ухаалаг Улаанбаатар” гэсэн малгай төсөл дотроо шинээр хийгдэх бүх төслүүд нэгтгэгдээд цааш явна. Явган хүний замаас эхлээд, аюултай эрсдэлтэй орчнууд, хулгай дээрэм, халтиргаа гулгаатай олон газрын мэдээллийг энэ системдээ нэгтгэнэ. Ингэж байж л энэ хот эмх цэгцэндээ орно. Энэ төслийг хэрэгжүүлэхэд ХЗДХЯ-тай маш сайн хамтарч, уялдаж ажиллах ёстой юм билээ. Иргэдийн бүртгэлийн асуудал, Аюулгүй байдлаа яаж зохицуулах гээд. Хамгаалалтын системээ сайн хийх кибер аюулгүйн байдлын асуудал хамгийн чухал. Тийм болохоор энэ төсөл Монгол Улсын Засгийн газрын хяналт дор хэрэгжинэ. Тэр дотроо ХЗДХЯ-ны шууд хяналт дор явагдах онцгой төсөл мөн. Дэлхийн бүх хотууд ийм байна, ийм болж байна. Олон улсын энэ жишиг рүү бид орохоос өөр гарц байхгүй.

-Иргэдэд сонголт өгөх тухай түрүүний яриа, энэ сэдэв дээр үргэлжлэх ёстой юм шиг байна?

-Тэгэх байх. Иргэдэд сонголт өгөх ёстой. Хүний эрхийг дээдэлсэн ардчилсан нийгэмд бид амьдарч байгаа. Иргэдийн сонголт дээр наад захын нэг жишээ хэлье, хот руу орж ирлээ, бүх мэдээллээ хараад өндөр төлбөр төлөөд түгжрэлгүй замаар давхих, эсвэл бага төлбөртэй түгжрэлтэй замаар явах хоёр сонголт хувь хүнд нээлттэй бий. Энэ бол иргэн таны сонгох эрх. Бүх зүйл дээр иргэдэд маань ийм сонголт бий.

-Эдгээр төслүүд дээр гадны хөрөнгө оруулагчид манайд ямар нөхцөл, санал тавьж байгаа вэ?

-Гадны хөрөнгө оруулагчид нэн хөнгөлөлттэй зээлийн нөхцөлөөр хийж болно гэж байгаа. Нөгөө талдаа бид хөрөн­гөө гаргая, танайх баталгаа гаргаж өг гэж байгаа. Нийслэлийн удирдлагын зүгээс энэ хоёр төсөл дээр хот санхүүгийн эх үүсвэрээ бүрдүүлээд явъя гэсэн чиглэлтэй байгаа. Ерөнхий сайдын зүгээс хот бие даасан эдийн засагтай болох эхний алхмууд дээр Засгийн газраас дэмжлэг үзүүлнэ гэдгээ хэлсэн. Улаанбаатарын эрх зүйн байдлын тухай хуулиар хот бие дааж бонд гаргана, концесс зарлана, Олон улсын санхүүгийн бүх байгууллагуудтай шууд харилцах эрхтэй. Хамгийн гол нь энэ бүгдийг эргэн төлөх нийслэлийн санхүүгийн чадвар сайн байх ёстой.

-Тэгээд нийслэлийн сан­хүүгийн чадвар ямар түвшинд байна. Хамгийн том асуудал энэ байх?

-Нийслэлийн 1.5 сая иргэн бол бидний зах зээл. Нэг иргэн ч гэсэн нийслэлийн эдийн засаг байхгүй юу. Энэ 1.5 сая иргэний хэрэглээ, үйлчилгээ, эрэлт нийлүүлэлт бол төлбөрийн чадвар юм. Хот өөрөө төс­вийн орлогоо бүрдүүлээд, хөрөнгө оруулалтаа хийж цааш явна. Жишээ нь, гадны байгууллагуудтай хамтран хоёр том төслөө хот өөрөө хэрэгжүүлээд явна гэвэл надад дор хаяж 10 жилийн хотын орлогын тооцоо хэрэгтэй бол­но. Арван жилийн орлогын тооцоогоо гаргачихаад урд хөршүүдтэйгээ ярих болох нь. “Би бол ийм хэмжээний орлоготой хотын дарга юм аа” гээд. Та нарын оруулж байгаа хөрөнгө оруулалт 10 жилийн дотор ийм үе шаттайгаар, ингээд төлөгдөөд явах бүрэн боломжтой гэж хэлэх хэрэгтэй биз дээ. Ерөөсөө л энэ. Тэгэхээр надад хамгийн сайн нөх­цөл тавьж байгаа гадны компаниудтай хамтарна. Урт хугацаатай, бага хүүтэй, тааламжтай нөхцөлийг миний бие хотын иргэдийнхээ өмнөөс хүлээж авна. Энэ тооцоонуудыг Ерөнхий сайд, Сангийн сайд хоёр маш их дэмжиж байгаа. Энэ төслүүдээ хот өөрөө хариуцаад явна шүү гэдгийг тэд хэлцгээсэн. Тэгэхдээ 2024 он хүртэл гэрээ хийе гэвэл гадныхан итгэхгүй. Дараагийн сонгуулиар хэн гарч ирээд, яаж ч бужигнуулах юм гээд...Манайхыг мэддэг болчихсон шүү дээ. Тэгэхээр тогтвортой байдлын гэрээг 10 жилээр нь УИХ эцэслээд батлаад явах байх. Мэдээж гэрээний хэрэгжилт шилэн явна. Засгийн газар, УИХ-ын зүгээс хяналтаа хатуу тавина. Нийслэлээс энэ бүх ажлыг эрчимтэй, хариуцлагатай, хуулийн хүрээнд цаг алдалгүй хэрэгжүүлэх үүрэгтэй.

-Тэгэхээр ажлын эцсийн үр дүн, хэрэгжилтийг 10 жилийн циклээр тооцож байгаа юм байна?

-Арван жилийн циклээр ярина. Төслийн хугацааг таван жилийн хугацаанд шахаж хийнэ, ер нь түлхүүр гардаж авах эцсийн зогсоолтойгоор ажиллана. Харин гарах үр дүн бол 10 жилийн дотор яригдана. Практикаас харахад таван жилээс цааш төсөл хэрэгжинэ гэдэг тэгэсгээд үлгэр болдог юм билээ.

-Энэ бүгдийг ажил хэрэг болно гэдэг итгэл байна. Харагдах байдлаараа та хотын даргын ажлыг хүлээж авснаас хойших нэг жил гаруйн хугацаанд Нийс­лэлийн “Үндсэн хууль”-ийг батлууллаа. Нийслэлд 420 тэрбум төгрөгийг нь үлдээхээр боллоо. УИХ дахь Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн түр хороо 26 гишүүнтэй байгуулагдлаа. Энэ бол хууль тогтоох засаг­лал дахь том лобби бүлгэм. Шулуухан хэлэхэд, та Их хурал дотор сайн л хор найруулж байна. Дээр нь та нийслэлийн МАН-ын хорооны дарга. Танд улс төрийн дэмжлэг 100 хувь байна. Ингэхээр танд эргэлзэх зүйл алга, ажлын үр дүн л танаас ард иргэд хүсч, хүлээж байна даа?

-Системийн хувьд нийслэл нэгдсэн удирдлага, нэг шугаман дээр гарч зогсож чадлаа, нэгдсэн бодлоготой явж байна. Өмнө нь байгаагүй зүйл. Тухайлбал, Э.Бат-Үүл дарга улстөрчийнхөө хувьд маш их капиталтай, хүндлэхээс аргагүй хүн. Гэвч Бат-Үүл даргын систем нь, баг нь сайн ажиллаж өгөөгүй. Засгийн газар, Их хуралтайгаа сайн ойлголцож чадаагүй. Энэ нь надад том кейс. Ер нь бол Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын дэмжлэггүйгээр хотын ажил урагшаа яагаад ч явахгүй. Өнөөдрийн хотын даргад тийм бэрхшээл алга. Тэгэхээр ажлын ард гарч, үр дүнг нь үзэх л үлдсэн.

-Нийслэлийн ирэх 10 жилийн орлогын тооцоолол хэр өөдрөг гарах бол?

-Хотын даргын зүгээс биз­несийг чөлөөтэй бол­гож эхэлсэн, 74 тусгай зөв­шөөрлийг цуцаллаа. Цагийн хязгаарлалтуудыг чөлөөллөө. Сарын эхний өдрийн хоригийг байхгүй болголоо. Энэ бүгд эхлэл. Цаашлаад бизнесийг бүх талаар дэмжинэ. Хувийн хэвшлийнхэн маань хэвийн, нөөц боломжоо дайчлан, орлоготой ажиллах бүх сувгийг нээнэ. Ямагт тэдний талд зогсоно. Том, жижиг гэхгүй бүх аж ахуйн нэгжүүд энэ улс орныг авч яваа. Тэдэнд төрөөс, нийслэлээс өчүүхэн ч саад, дарамт болохгүй. Үүний төлөө өөрөөс шалтгаалах бүхнийг хийнэ.

-Харин аж ахуйн нэг­жүүдээсээ та эргүүлээд юу хүсч байна вэ?

-Татвар нэхнэ. Том жижиг, их бага нь хамаагүй, ямар нэг аж ахуй эрхэлж, орлоготой байгаа бол хуульд заасан татвараа л хугацаанд нь төл. Та бүхэн заавал татвар төлөгч байх ёстой. Нийслэлийн зүгээс 100 тэрбумын эх үүсвэр авчраад эхний 30 тэрбумыг жижиг бизнес эрхлэгчдэдээ зориулна. Үүний хариуд татвар төлөгч байгаарай гэсэн ганцхан шаардлага тавьж байгаа. Миний зүгээс хийх ёстой ажлаа хийж, эхлүүлж байгаа, та нар маань бас хичээгээрэй гэж хэлье. Би хичээгээд байдаг, татвараа төлөхгүй бол энэ бүх ажил бүтэхгүй болно.

-Нийслэлийн нэг иргэн ч гэсэн хотын эдийн засаг шүү гэдгийг үүгээрээ илэрхийлж байна уу?

-Тэгж байна. Ирэх 10 жилийн орлогын хар зургаа бодитой гаргасан хойно гадна талд маш их найдвар байна. Гадаад ертөнцөд мөнгө байна. Ганцхан өмнөөс нь үзүүлэх бодитой орлоготой баймаар байна. Энэ нь явж явж эцэстээ татвар төлөгчид юм. Хот бие даасан эдийн засагтай болох баталгаа нь нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль гэдгийг бас бүгдээрээ ойлгоцгоох хэрэгтэй.

-Энэ хууль өөрөө Улаанбаатар хотын хувьд реформ гэж харж байгаа?

-Гарцаа байхгүй реформ, хөгжлийн том хөдөлгүүр.

-Хотын газрын асуудал гэж ёстой нэг дампуурсан сэдэв байна. Ярихаас дургүй хүрмээр. Газрын харилцаан дээр чинь л жинхэнэ утгаараа реформ хэрэгтэй дээ?

-Газрын харилцаа бол нийслэлийн шүдний өвчин. Үүн дээр реформ хийхээр бэлдэж байна. Хойш тавих боломжгүй асуудал.

-Одоо урин цаг ирж байна, Улаанбаатарын гудамжинд үсэрч гараад “Алив наад хашаагаа буулга, тийш нь замын транс гарга” гээд ори­лоод зогсдог, эсвэл гараажнуудын дунд зогсож байдаг ажилдаа Та хэзээ орох вэ?

-Удахгүй орно. Хотын гудам­жаар явж хэрүүлээ хийнэ. Хэрэлдэнэ, хэлэлцэнэ, ойлголцоно, зохицоно. Байнга хэрүүл бас болоод байдаггүй юм. Ухаалаг сайхан хүмүүс олон таарна. Миний ажлыг ойлгоно. Өнгөрсөн жил гэхэд Улаанбаатар хотын хэмжээнд зориулалтын бус нийтийн эзэмшилд барьсан 1000 гараажийг буулгасан.

-Та чинь хотын даргын ажлыг аваад жил хагас болж байна уу?

-Жил гарантай л болж байна.

-Та ч тэгвэл сайн л түй­вээсэн юм байна. Мянган гарааж газрын хөрснөөс арчиж...

-Түйвээх ч юу байхав, хууль журмын дагуу л хийгдэж байгаа ажил. Өмнө нь жилд 100 гарааж л буулгаж байсан юм билээ. Одоо 4700 гарааж буулгана, газрыг нь чөлөөлнө.

-Сайн түйвээх нь ээ...

-Та чинь одоо түйвээх л гээд байх юм, өмнөх нийгмээс эхлэлтэй, хууль дүрэмгүй газар олголтыг цэгцэлж бай­гаа ажил. Ингэснээр энэ хотод маш том орон зай гарна. Хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж, замын өргөтгөл гээд. Энэ бол манай хотын өнгө үзэмжийг нэмнэ. Хашаа арга хэмжээг үргэлжлүүлнэ. Би компанийн захирлуудтай уулзахдаа хэлж байгаа. “Тэртэй тэргүй кадастрынхаа зургаар байгаа газрыг юунд нь хашаалдаг юм бэ, үүнийхээ оронд зүлэгжүүлж, ногоон зурвас болго л доо” гэж. Янз бүрийн энэ хашаа сараалжуудыг буулгахаар орон зайн өөрчлөлт гарна. Явган хүний зам талбай, зүлэгжүүлэлт хийгдээд ирэхээр Улаанбаатар огт өөр дүр зурагтай хот болж харагдана. Миний хувьд хотын даргын ажлыг аваад эхний ээлжинд Улаанбаатар хотын төсөв санхүүгийн асуудлыг харсан. Ер нь юу байна гэж. Тэгсэн 29 тэрбумын хөрөнгө оруулалтын ажилтай, 198 тэрбум төгрөгийн тулсан өртэй, урт хугацаанд тавьсан зээлийн эх үүсвэрүүдийн зарим нь өр шир болж, тэр нь 1.5 их наяд төгрөг болсон ийм хотыг хүлээж авсан. Энэ бүгдийн ард гарахын тулд эхний шатанд хууль эрх зүйн реформоо хийлээ. Улмаар үе шаттайгаар санхүү, хөрөнгө оруулалт татах үүд хаалгуудаа нээсэн. Өнөөдрийн байдлаар 2022 онд улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 880 тэрбумтай сууж байна. 29 тэрбум байсныг шүү...

-Та мөн муухай том байна аа...

-Томроод байх ч юу бай­хав. Энэ тоог илүү дээш нь ахиулах юм. Нөгөө хашаа арга хэмжээ, газар чөлөөлөлтүүдээ үргэлжлүүлэхээр мэдээж цаана нь хүний өмчтэй холбоотой асуудал босно. Гараажийн эздийг өчүүхэн ч буруутгаж болохгүй, ихэнх нь соц нийгмийн үеэс эхлэлтэй асуудлууд. Манай нэг найзын ээж нь Сансарт гараажтай байсан юм билээ. Хууль номынхоо дагуу бүх төлбөр хураамжаа төлж ирсэн байдаг юм. Тэгээд гараажийг нь буулгах болсон хүүгээсээ “Одоо яадаг юм бол доо” гэж асуусан байгаа юм. Улсаас буулгана гэж шийдвэр гаргасан бол одоо буулгалгүй яахав дээ, ээж минь гэж. Үг дуугүй л “За” л гэсэн. Энэ ажлыг хариуцаж байгаа Нацагдорж даргад би үүрэг өгчихсөн байгаа. Нэг талаасаа наад гараажуудын эздийг хоосон орхиж, иргэдийг хохироож бас болохгүй ээ. Яг “Наадам центр” шиг дулаан, дотроо үйлчилгээнүүдтэй, харахад давхар барилга шиг зогсоолуудыг хэд хэдэн газар барих ёстой гэж. Тэнд зогсоол өгнө. Түүнийгээ яах нь хувь хүний асуудал. Өөр арга одоохондоо алга. Цаг тухай бүрт нь төлбөр хураамжаа төлөөд явж байсан иргэдэд ингэж хандана. Тэрнээс ямар ч зөвшөөрөлгүй, төлбөр хураамжаа төлдөггүй хүмүүсийн хувьд ямар ч арга байхгүй. Энэ бүхэн газрын реформдоо ороод явж байгаа ажлууд. Одоо нийслэлийн зүгээс УИХ-аар хоёр гурван хуулийн төсөл орохыг харж байна. Тэдгээр хуулиудын дараа Улаанбаатар хот дахь газрын реформын ажил системтэй явна. Мэдээж хууль хүлээлгүйгээр хот бие даан зохион байгуулах ажлууд энэ мэтээр үргэлжлээд явна. Миний гаргаж байгаа шийдвэрүүд хотын даргын зүгээс гарч байгаа юм огт байхгүй. Шийдвэр бүрийг хотын иргэдийнхээ өмнөөс гаргаж байгаа. Иргэний хувьд би яах байсан бол гэж бодож шийдвэрүүдийг гаргаж байгаа. Бизнесийн байгууллагуудын оронд өөрийгөө тавьж, би аж ахуй эрхэлж байсан бол яг ямар шийдвэр хотын даргаас хүсэх байсан бол гэж бодож шийдвэрийг гаргаж байгаа. Том даргын байр сууринаас шийдвэрт хандмааргүй бай­гаа юм. Иргэд маань өөр өөрийнхөөрөө аж ахуй, ажил амьдралаа болгох гээд явцгааж байна, ямартаа ч нийслэлээс тэдэндээ саад тотгор болохгүйг хичээнэ. Олон сайхан залуучууд бидний ажлыг дэмжиж байгаа нь сайхан. Эдгээр залуучууд маань бид уриалъя, бас оролцъё, хамтраад зүтгэе гэж байгаа. Харвардыг төгссөн, Монголдоо ирж ажиллаж бай­гаа мэргэжлийн залуучууд хотын төлөвлөлт дээр анхаарч, зөвлөхийн багт ажиллая гэсэн. Тэгж ажиллах нь нээлттэй. Нийслэл дээр хууль, эрх зүйн боломж нь нээгдэж, санхүүгийн эрх мэдэл нь нэмэгдсэн энэ үед потенциалуудыг ашиглалгүй яахав. Үүн дээр энэ тэр нам эвсэл, тэр энэний хүн гэж хандаад байх шаардлага байхгүй. Хотын хөгжлийн төлөө гэсэн хүн бүхэнтэй хамтарч ажиллана. Энд нэг зүйлийг онцлон хэлэхэд, Засгийн газ­рын түвшинд нийслэл рүү чиглэсэн Түгжрэлийг бууруулах үндэсний хороо, Хот, хөдөөгийн тэнцвэрийг хадгалах үндэсний хороо, Цахим шилжилтийн үндэсний хороо гэж гурван нэгж байгуулсан. Энэ маш их ач холбогдолтой. Урьд нь Улаанбаатарт байгаагүй дэмжлэг. Энэ гурван Үндэсний хороо бол Улаанбаатар хотын амин судаснууд.

-Та тэгвэл УИХ доторх Хотын хөгжлийн хороогоо өргөжүүлээд Засгийн газ­рын түвшинд Үндэсний хороо­нуудтай болжээ. Мэдээж лобби бүлэг л дээ. Нийслэлийн шинэ хуулиар та одоо Засгийн газрын хуралдаан, УИХ-ын чуулганд ямар статустай оролцож байна вэ. Өмнө хотын дарга нар бол гишүүдийн асуултад хариулах үүрэгтэй л ордог байсан даа?

-Өмнөхөөс өөр болсон. Хотын даргын зүгээс Засгийн газрын хуралдаанд асуудлаа танилцуулдаг, хэлэлцүүлдэг болсон. Хуулийн дагуу яамдын зүгээс нийслэлтэй холбоотой шийдвэрүүд дээрээ хотын даргаас заавал санал авдаг болсон. УИХ-ын чуулганд мөн адил асуудлаа танилцуулна, хэлэлцүүлнэ. МАН-ын Их хурлаас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-той энэ бүх төсөл, реформууд агаар ус мэт холбогдож байгаа. Улаанбаатар хот хөгжиж байж л улс орны хөгжил цааш явна. Үүнийг Ерөнхий сайд маш сайн мэддэг. Ерөнхий сайд чинь өөрөө Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга байсан хүн шүү дээ. Тэгэхээр хотын ажлыг мэдэхийн дээдээр мэддэг хүн. Дэлхийн том хотууд бүгдээрээ улсынхаа нийт эдийн засгийн 70-75 хувийг үйлдвэрлэдэг гэдгийг бүр ч сайн мэддэг хүн.

-Улаанбаатар хот маань тэгээд эдийн засгийн хэдэн хувийг үйлдвэрлэж байна вэ?

-Улаанбаатар хот 70 хувийг үйлдвэрлэж байгаа. Тэгэхээр олон улсын жишгээр уул уурхайгаас олж байгаа орлогынхоо тодорхой хувийг хот руугаа оруулах ёстой юм билээ. Энэ нь өөрөө хөдөлмөрийн бүтээмжийг дэмжиж байгаа хэлбэр. Хөдөлмөрийн бүтээм­жийг дэмжинэ гэдэг нь угтаа уул уурхайгаас үл хамаарсан эдийн засгаар хот босч ирнэ гэсэн үг. Та бидний хоорондын худалдаа арилжаа гээд бүх өрнөлийн хүчээр эдийн засаг маш тогтвортой болох байхгүй юу. Нүүрсний үнэ, зэсийн үнэ уналаа гээд савлаж байдаг эдийн засгаас Монгол Улс сална гэсэн үг. Ингээд яриад байвал хотын ажил, аж ахуйн яриа дуусахгүй үргэлжилнэ. Цаг орой ч болж, одоо хоёулаа яриагаа өндөрлөе дөө.

-Цаг гарган ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: Баабар.мн

Хүүхэддээ өгч болохгүй 9 төрлийн эм
Хүүхэддээ өгч болохгүй 9 төрлийн эм
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.