Х.Бээжин: Ерөнхийлөгчөөс бидэнд хариу өгөхгүй бол хуурай өлсгөлөн зарлана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 7 секунд
Х.Бээжин: Ерөнхийлөгчөөс бидэнд хариу өгөхгүй бол хуурай өлсгөлөн зарлана

Х.Бээжин: Ерөнхийлөгчөөс бидэнд хариу өгөхгүй бол хуурай өлсгөлөн зарлана

“Босоо хөх Монгол”  бүлгэм, “Ноён уулаа аваръя” хөдөлгөөнийхөн сар шинийн баяраар өлсгөлөнгөө зогсоосонгүй.  Өчигдөр шөнө тэднийг Чингэлтэйн цагдаа, эмч нар тараахыг оролдсон ч чадаагүй аж. Энэ талаар “Босоо хөх Монгол” бүлгэмийн ТУЗ-ийн гишүүн Х.Бээжинтэй ярилцлаа.

-Та нарын шаардлагыг төр засгийнхан хүлээж авсангүй юү. Гацууртын ордын  асуудлыг түр хойшлуулсан байна шүү дээ?

-Бидний шаардлагыг хүлээж авсангүй. Гацууртын ордын 20 хувийг төр эзэмших эсэх асуудлыг хойшлуулсан нь  заль мэх гэж үзэж байна.  Энүүнийг буцаалаа гэж хуураад “Урт” нэртэй хуулийн журамд өөрчлөлт орууллаа. УИХ-ын дарга битүүний өдрийн орой энэ талаар тодорхой хэлсэн. Тэр хэлэхдээ “Урт” нэртэй хуулийг дагаж мөрдөх журмыг батлан Ашигт малтмалынхаа хуулийн дагуу тус ордоос нөөцийн ашгийн татвараа авах боллоо гэсэн. Өөрөөр хэлбэл, ингээд Гацууртын ордын үйл ажиллагаа цааш явахаар болж байна. Битүүний өдөр айл өрх бүр бөхөө үзээд сууж байх хойгуур хулгайгаар маш олон хууль баталлаа. Бидний эсэргүүцсэн хоёр хууль битгий хэл бусад бүх хуулиа 8-10 секундын дотор баталсан. Нийтдээ 53 хуулийг нэрийг  нь хэлээд  л алхаа цохиод байна лээ. Ингэж болохгүй ш дээ. Бидний өнгөрсөн хавар эсэргүүцээд байсан газрын хууль ч дотор нь цохиж л явсан.

-Та нар өдөрт 500 мянган төгрөгийн урамшуулалтайгаар өлсгөлөн зарлаад байгаа юм уу. Ийм мэдээлэл цацагдаад байх юм?

-Энэ бол худлаа. Бидний үйл ажиллагааг зориудаар харлуулах гэсэн хүн олон байна. Битүүний өдөр мөнгөө аваад өлсгөлөнгөө зогсоолоо гэсэн мэдээлэл  тараасан байна лээ. Бидэнд мөнгө өгөх хүн байхгүй. Авах ч хүн байхгүй. Бид урьдынх шиг  мөнгөөр жагсдаг, мөнгөөр өлсдөг улсууд биш. Хэн нь хэн бэ гэдгийг олон түмэн мэдэж байгаа байх. Тиймэрхүү сөрөг мэдээлэл тараасныхаа дараа урьд шөнө биднийг хүчээр буулгахыг оролдлоо.

-Олон цагдаа ирэв үү?                                                                                                                                         

-Чингэлтэйн цагдаагаас нэлээд хэдэн хүн ирсэн. Харин биднийг дэмжигч иргэд тэр үеэр хүрч ирээд тэднийг эсэргүүцсэн. Ингээд иргэд, цагдаа нарын дунд мөргөлдөөн үүсч болзошгүй болмогц цагдаа нар биднийг орхиж  явцгаасан. Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн газрын дарга нь энэ үеэр мөн бидэн дээр ирээд “Танай өлссөн долоон хүний биеийн байдал маш муу байна. Тиймээс энэ хүмүүсийн амийг аврах хэрэгтэй боллоо” гэсэн утгатай бичиг өгөх гэхээр нь бид аваагүй.

-Бичгийг нь яагаад аваагүй юм бэ?

-Өдөр нь эмч нар ирж үзээд биеийн байдал гайгүй байна гээд явцгаасан байсан юм. Гэтэл шөнө нь тийм тэс өөр дүгнэлттэй ирсэн байхгүй юу. Тараах арга нь тэр юм байлгүй.

-Өлсгөлөн эхлээд 288 цаг өнгөрчээ. Тэдний биеийн байдал одоо ямархуу байгаа вэ?

-Мэдээж бие нь сайн гэж хэлэх хэцүү ш дээ. Ерөнхийдөө бол гайгүй байгаа.

-Жар гаруй настай эмэгтэйн бие тааруу байгаа гэсэн үү?

-Тэр эмэгтэй хоёр хоног эмнэлэгт сувилуулж байгаад гарч ирсэн. Эмнэлэгээс үндсэндээ зугтааж ирээд байгаа.

-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  та нарт хэзээ хариу өгөх бол?  

-Хариу өгөөгүй л байна. Хуулийн хугацаа нь аль хэднийнээ өнгөрсөн. Бид анх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид гол найдлага тавьж энэ оны 1 дүгээр сарын 16-ны өдөр жагсаал хийхдээ түүнд шаардах бичгээ өгсөн. Хэрвээ өнөөдөр хариугаа өгөхгүй бол бид хуурай өлсгөлөн болгож тэмцлээ үргэлжлүүлнэ. Мөн жагсаал цуглаанаа ч хийнэ.

-Хэдийд жагсаал цуглаан хийх вэ?

Төв талбайд ирэх ням гарагт хийхээр төлөвлөөд байна. Энэ үеэр манай урлаг соёлынхон ирж эх орныхоо сэдэвт дуу хуурыг өргөнө. Ер нь тэр өдөр бид тэмцэлийн тайван хэлбэрийг сонгож жагсаал цуглаанаа хийнэ.  Бидний шаардлага урьдынх шигээ хэвээрээ. Ноён уулаа ухуулахгүй, “Урт” нэртэй хуулийг өөрчлөхгүй гэж  шаардаж байгаа.

Ярилцсан Б.Отгонбаяр

Эх сурвалж: Tumen.mn

“Нүүрс хөтөлбөр”-өөс их хэмжээний мөнгө идэж уусан гэх Л.Гансүх өлсгөлөн зарлана гэв
“Нүүрс хөтөлбөр”-өөс их хэмжээний мөнгө идэж уусан гэх Л.Гансүх өлсгөлөн зарлана гэв
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.