Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн тахилгат Богдхан уулын тэнгэрийг тайх ёслолд оролцов
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
10 минут 28 секунд
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн тахилгат Богдхан уулын тэнгэрийг тайх ёслолд оролцов

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн тахилгат Богдхан уулын тэнгэрийг тайх ёслолд оролцов

http://www.tumen.mn/upload/2015/10/07/

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр Төрийн тахилгат Богдхан уулын тэнгэрийг тайх ёслол болов. Тахилгын ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг, Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд, А.Ганбаатар, Ч.Өнөрбаяр, Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга Д.Баттулга зэрэг албаны хүмүүс, Төв аймгийн  удирдлагууд, Зүүн хүрээ хийдийн лам хуврагууд, иргэдийн төлөөлөл оролцов.

Ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хишигтэн олонд хандаж хэлсэн үгэндээ “Өнөөдрийн энэ өлзийт сайн өдрийг хүлээн байж, төрийн их тахилгын ёслолд хүрэлцэн ирсэн Та бүхнийхээ түмэн амгаланг айлтган мэндчилье.

Зарлиг, заншилтай энэхүү ёслолд Та бид урьдын журмыг даган төрт ёс, түүхэн уламжлалыг хүндэтгэн түмэн олноороо хүрэлцэн ирлээ.

Та бид Богдхан уулын тэнгэрийг тайх Монгол төрийн эрхэм дээд ёслолыг улс орон маань ардчилал, хөгжлийн шинэ замыг сонгосноос хойш дөрөв дэх удаагаа үйлдэн гүйцэтгэхээр сэтгэл оюундаа бишрэл хүндэтгэл тээж хуран цуглаад байна.

Эх болсон байгаль дэлхийдээ, ээлт хайрхан Богдхан ууландаа хүндэтгэл үзүүлэн, улсын нийслэлийнхээ тэнгэрийг баясгах тахилгын ёслолыг хамтаараа эрхэмлэн гүйцэтгэе.

Монгол эх орны минь түмэн цувраа уулсын нэг Богдхан хайрханы эзэн савдаг, элин халих  жигүүртний сүр жавхлан Хангарьд, Өмнийг харагч өндөр Дүнжингаравын мөнхийн сахиул - түмэн сүүдэрт, мянган наст алиа Цагаан өвгөн нар аа,

Одон мичдийн явдал-тохиол, наран, сарны эргэл оршлыг андал үгүй танигчийн зурлагад 99 тэнгэрийн орноо хэрэн явагч буман зүйлийн сайн эрчсийн бөөгнөрөл болох нь дамжиггүй хэмээн сонгосон сарын сайныг саатан хүлээж, өдрийн сайныг өнжин уриад намрын дунд сарын 25-ны билигт өдрөө уужим эх газрын эдийг баригч, огторгуйн дайдаар оршин явагч, хамгийг эрхшээгч Та бүгдийг тайлга тахилгын орондоо урин ирүүлж, магтан залаад, амттан, үнэртний дээдээр зочлон дайлъя аа. Хишиг өглөг, өргөл барьцаа нийтээр бадраая аа. Тансаг үнэртний дээдийг дөрвөн хангайн салхи бүхний үзүүрт хүргэн, алдрын магтаал, адис жанлавын дууг хамтатгая аа.  Хүлээн авч, хүлцэлдээ багтаана уу.

Бурханы агуу их чанарыг сахин хамгаалагч, ад зэтгэрийг дарагч, догшин дүрт Очирваанийн увидсыг илэрхийлэгч Цэцээ гүн, Түшээ гүн хоёр оргилын өмнө сөгдөн мөргөе өө.  Авралдаа багтаана уу.

Улсын нийслэлийн өмөг түшиг Богдхан уулын Их, Бага тэнгэрийн ам, Залаат, Зайсан, Хүрхрээ, Хүрэлтогоот, Чулуут, Бумбат, Төрхурх, Түргэн, Зиндмана тэргүүт олон ам, оргилууд аа,

Уул, усны молхи жаахан үр сад биднийгээ ханхийх ханиадгүй, тонхийх томуугүй, ган гачиг, зуд турхан, гамшиг зовлон бүхнээс ангид байлгахыг айлтгаж буйг минь таалалдаа авна уу.

Хүний сайн, нутгийн сайхан нь сонгон чуулсан мэт энэхүү Монгол сайхан нутаг өлгийг сонгон суурьшсан өвөг дээдсийнхээ сонгодог ухаан, алтан дурсгалыг үеийн үед хүндэтгэн зохилдуулж, үрийн үрдээ бахархан өвлүүлж үлдээхээ андгайлж буйг минь уул усны эзэн савдгууд, лусын дагинас Та бүхэн сонсох болтугай.

Наран саран наадаж, тэнгэр газар эелэлдэж, төр шашин хосолж, хүн байгаль уусан нэгдэж, эрхэт тэнгэрийн дор иргэн, төр хоёр эрх тэгш болохыг сануулсан энэхүү тахилга ёслолын ажиллагаа сайхан болж байнаа.

Энэ бол хөрст дэлхийдээ оршиж, хөх тэнгэртээ сүслэж ирсэн босоо заяат Монгол түмний сайхан уламжлал билээ. Байгаль эхээ хайрлах бодлого ухааны илэрхийлэл мөн. Нүүдэлч түмний сэтгэмжийн нэн содон заншил соёл юм.

Энэхүү агуу соёл, ёс заншлыг, өвөг дээдэс минь үүсгэн бүтээж, үеийн үедээ өвлүүлэн уламжлуулсаар иржээ. Манай ард түмэн дээлтэй өвгөдийнхөө өвлүүлсэн, дэлхийд содон энэ уламжлалт ёсыг түүхийн алсрал, цагийн догшролд алдахгүй авч ирсэн юм аа.

Хүмүүн төрөлхтөн бид зэрэгцээ орших олон ертөнцийн мөн чанарыг таньж чадалгүй, нээж амжаагүй ирсэн болохоор байгаль дэлхий, уул, усныхаа дотоод шивнээ хийгээд оршин тогтнолынх нь учир утгыг мөн л сэтгэлийн мэдрэмж, шашны зан үйлээр дамжуулан хүлээн авахаас өөр замгүй байдаг.

Чухамхүү иймээс л нүүдэлчин монголчуудын аж төрөхүйн хэв шинж, ёс зүйн хэм хэмжээ нь байгаль дэлхийгээ амь шигээ шүтдэг, байгаль дэлхийдээ эцэг, эх, үр хүүхдийнхээ халуун амьтай адил гайхалтай хүндэтгэлтэй харилцдаг бөгөөд энэ нь байгаль, хүн хоёрын нарийн нандин, тансаг сайхан харилцааны илэрхийлэл болой.

Хуран цугласан асан дүүс ээ,

Богдхан уулыг аль 1778 онд дархан цаазат газар болгон зарлигдсан хэмээн үзэх нь бий. Харин домгийн үнэнээр бол 12 дугаар зуунд буюу Тэмүжин-Чингисийг бүр хүүхэд байхад Хэрэйдийн Тоорил ван Богд уул, Туулын шугуйг дархалж, тахиж байсныг гэрчлэх хадны зургууд олноор байдгийг манай судлаачид нэгэнт тогтоожээ. Тэр үед эндээс зомгол ч авдаггүй байсан гэдэг.

Богдхан хэмээх энэхүү сүрлэг ууланд 300 гаруй төрлийн 520-иод ургамал, 120 жигүүртэн, 40 гаруй зүйлийн хөхтөн амьтан байдаг агаад, амьтан, ургамлаар ийм баян атлаа харьцангуй бага хэмжээний газар нутагтай болохоор дэлхийд хосгүйд тооцогддог болой. Тиймээс ч Богд хайрханыг 1997 онд ЮНЕСКО-гийн Хүн ба Шим мандлын асуудал эрхэлсэн хорооноос Дэлхийн шим мандлын сүлжээнд бүртгэн авсан.

Ер алив зан үйлийн чиг нь цагаан байваас үйлдэл нь зөв байдаг, аливаа үгийн утга нь зөв байваас үйл нь цагаан гардгийг бүү мартагтун. Басхүү сануулахад, аливаа соёлт хүмүүний үйлдэл, хөдлөлийн илэрхийлэл нь олны дунд байхдаа ч, орь ганцаар суухдаа ч нэг л байх учиртай. Зүйрлэвээс, хүмүүн бид хайрхан ууландаа байхдаа ч, хажуу хормойд нь оршихдоо ч түүнд зөв хандах хэрэгтэй. Байгаль орчноо хамгаалах талаар хийх ажил бидэнд их байна.

Аливаа газрын уул хангай, тал говь, тэнгэрийг тайх үйл нь газар лусын эздээ баясган хүндлэл, дээдлэл үзүүлэх билэгдлийн зэрэгцээ, хүн зоны сэтгэлийн гүн дэх итгэл бишрэл, сэрэл мэдрэмжийг дэвжээх далд увидастай байдаг билээ. Өнөөдрийн энэхүү тахилгын ёслол ч гэсэн нийслэлчүүд болоод Төв нутгийн иргэдийн эх оронч үзлийн онгодыг хөглөн төрөлх газар шороогоо хайрлан хамгаалах сэдэл, үйлдлийн эрч хүчийг нэмэгдүүлж, байгаль орчноо гэх сэтгэл зүтгэлийг улам хөгжөөн бадраахад оршино хэмээн бодож байна.

Дахин онцлоход, уулын тэнгэр тайх ёслол нь ирээдүй хойчоо байгаль дэлхийгээ хайрлах, хүрээлэн байгаа орчиндоо нандин хайраар хандах монгол өвгөдийн маань дэг сургуулийн нэгэн өдрийн мэт боловч мянган зууны хичээл юм шүү.

Монголчууд бид уул, усны эзэн лус савдгийг аргадан тахиж нөхөрлөвөөс нас дэлгэр, идээ ундаа элбэг дэлбэг, ажил үйлс арвин, амжилттай сайн байдаг гэж үздэг.

Нийслэлчүүд, болон манай Төв сайхан нутгийнхан Та бүхэн өнгөрсөн жилүүдэд нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлээр хот, нутгийнхаа дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг 8-10 хувиар өсгөж улс орныхоо хөгжил дэвшилд томоохон хувь нэмэр оруулжээ.

Богдхан уулынхаа буян хишиг, сүр хүчинд залбиран амьдрах, Улаанбаатарчууд, төв аймгийнханы ажил үйлс улам өөдрөг, бүтээлч, өнгө жавхаатай байгаа нь Монгол төр түмний нэгэн их бахархал юм.

Хүмүүний бүтээлч үйлс дэмжигдэж амьдарч ажиллах орчин сайжрана гэдэг газар газрын иргэдийн хүсэл, баясал билээ. Энд эзэн хүний хичээл зүтгэлээс гадна байгаль дэлхийн ивээл бас бий. Хүн байгалийн амин холбоо, шүтэн барилдлага амьдралын нэг эх үндэс гэдгийг ухаант дээдэс минь учирлан сургаж ирсний учир энэ буюу.

Эрхэм хүндэт иргэдээ,

Тэнгэрээс бууж, газраас өргөгдсөн лугаа сүр бараа сайхан, нөмөр нөөлөг ихт Богдхан уулын маань төрийн их тайлага тахилга сайхан болж байна.

Уул уулын хан - үзэмж төгөлдөр Богд хайрхан минь Монгол түмнээ үеийн үед ивээж дүнхийн ханхайн орших болтугай.

Богдхан хайрханы өндөр дээд энэ оргилоос нийт ард иргэддээ хотол олноороо үргэлжид  амар амгалан, аз жаргалтай байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Мөнх тэнгэрийн хүч, уул усны эзэд монгол хүн бүрийг тэтгэж, хийморь лундааг нь улам бадраах болтугай!

Хурай Хурай Хурай” гэлээ.

Би халуухан байна уу?
Би халуухан байна уу?
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.