Б.Булганыг өмөөрөхдөө талийгаачийг өмгөөлөхөө мартаж боломгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
9 минут 55 секунд
Б.Булганыг өмөөрөхдөө талийгаачийг өмгөөлөхөө мартаж боломгүй

Б.Булганыг өмөөрөхдөө талийгаачийг өмгөөлөхөө мартаж боломгүй

Сонгууль дөхөхөөр л С.Зориг агсны хэрэг босч ирдэг нь уламжлал болж дээ. С.Зориг агсан 1998 онд бусдын гарт хэрцгийгээр үрэгдсэн гэхээр 2000-2012 оны хооронд дөрвөн УИХ-ын сонгууль, 2001-2013 оны хооронд дөрвөн Ерөнхийлөгчийн сонгуулиар сөхөгдөж, яригдаж, дурсагдаж байсан гэсэн үг. Харин бусад үед нь таг чиг үлддэг.

Одоо нэгэнт сонгууль дөхөж ирсэн учраас урьдын адил анхаарлын төвд орж, энэ удаад бүр түүний гэргий Б.Булганыг барьж хорьсноор бүр ноцтойд тооцогдоод байгаа нь үнэн. Гэхдээ сонгууль бүрийн өмнө баривчлагдах С.Зоригийн хэргийн буруутнууд дараа нь холбоогүй болж, хэлмэгдэж хоцорсон нь тодорхой болдог болохоор хүмүүсийн сэтгэл зүйд энэ хэрэгт холбогдсон гэдэг нь худлаа даа, дахиад л хэн нэгнийг хэлмэгдүүлж байна гэх ойлголт нэгэнт бий болжээ.

Улстөрчийг хороосон уг хэргийн дараахан улс орон даяар мөрдлөг явуулж байхад хүн бүрийн сэтгэлд хэрэгтэн удахгүй илэрнэ гэсэн итгэл дүүрэн байлаа. Батаа, Оюунаа нэртэн болгоныг шалгаж, Төв цэнгэлдэхэд шоу үзэхээр очсон ийм нэртнүүд үснээсээ зулгаалгаж сорилд орж байхдаа хүртэл итгэж л байсан. Яагаад гэвэл Монголд баргийн хэрэг илэрдэг. Тэр дундаа Төрийн сайд, УИХ-ын гишүүн, ардчилсан хувьсгалын толгойлогчдын нэгийг гэрт нь, гэрчтэй хороосон байхад илрэх нь тодорхой гэж бодож байлаа. Гэвч хэргийн эзэн тодрохгүй явсаар жил гаруйн хугацаа өнгөрөхөд эл хэрэг явдлын үеэр Цагдаагийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Д.Мөрөн ноцтой мэдэгдэл хийсэн юм. Түүний хэлсний дагуу ардчилсан намынхан Засгийн эрхэнд байхад энэ хэрэг илрэхгүй гэж бодогсод олон болсон. 2000 оны сонгуулийн үр дүнд нөгөө АН-ынхан бараа сураг байхгүй, МАН-ынхан (хуучнаар МАХН) дийлэнх олонх 72 суудлыг нь авч байлаа. Харин Д.Мөрөнгийн МАН нь гарлаа гээд энэ хэрэг илэрсэнгүй.

Бас сонгуулийн өмнө Ард хэмээх Я.Батсүхийг С.Зоригийн хэрэгт холбогдуулан АНУ-аас дуулиантайхан авчирч байсныг хүмүүс мэднэ. Тэрбээр 1998 оны аравдугаар сарын 7-нд буюу С.Зоригийн аллагаас тав хоногийн хойно хил гарч явсан учраас ноцтой сэжигтэнд тооцогдож байв. Гэвч гурван сар орчим байцаалт авалгүй хорихуудаар явуулж, жил гаруй хорьж шалгаад түүнээс юу ч гарч ирсэнгүй. Тиймээс хуурамч дипломтой гэж ял хүлээлгээд хорьсон хугацаагаа дүйцүүлээд салж байлаа.

Түүний үхэлд ардчиллынхан буруутай гэдэг “зэвсэг”-ээ МАН-ынхан байнга ашиглаж байсан. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Даргагүй нам сонгуульд яаж оролцохыг хараарай” гэж хэлж байсан нь М.Энхсайхан даргатай АН-ынханд хэлсэн үг байв. М.Энхсайхан 2003-2005 онд намын даргын алба хашиж байсан гэхээр 2004 оны сонгуульд зориулсан шоу л даа. Дараа нь “Центрпоинт”-ийн хэргээр шоронд хоригдож байсан “Цагаан шонхор”-ын Ч.Энхтайван шоронгоос бичсэн захидалдаа энэ талаар дурсч, С.Зоригийн аллагын захиалагчаар М.Энхсайханыг тодруулж бид хоёрыг цаазлаад ирэх хэдэн сонгуульд АН-ыг өөд гаргалгүй, МАХН үнэмлэхүй ялалт байгуулах төлөвлөгөө хэрэгжүүлэх гэж байсан хэмээн бичиж байлаа.

Хамгийн ноцтой нь Дамирангийн Энхбатыг С.Зоригийн хэрэгт буруутгаж Францаас авчирч, тэрбээр хоригдож байх хугацаандаа амь насаа алдсан хэрэг болсон юм. С.Зоригийн хэрэгт буруутган түүнийг авчрахдаа хулгайлан авчирч, улмаар буруутай нь тогтоогдохгүй байхад хорьсоор байгаад үхэлд хүргэснийг олон нийт буруушаадаг. Одоо түүний эхнэр, хүүхэд нь эцгийнхээ амийг нэхэн, Монголын төрийг яллаж байгааг буруутгахын аргагүй. Хэдийгээр тэр өөр хэргээр буруутаж, ял шийтгэл хүлээж, алдаж онож явсан эр ч гэлээ түүнийг аанай л яригддаг ч эзэн нь олддоггүй хэргийн ээлжит эзнээр тодруулж, тэгээд буруутай нь тогтоогдоогүй атлаа шоронд амиа тавьсан нь дэндүү харамсалтай. Мөн түүний өмгөөлөгч түүнд өмгөөлөл үзүүлсэндээ буруутаж яллагдаж байв. Бурханы оронд очсон хүмүүс өөр хоорондоо юу болсныг хэлцэн сууж, бас буруутай хийгээд санаатай, санаагүй хэлмэгдүүлсэн тэр хүмүүст үйлийн үр нь ирэхийг тааварлан ярьцгааж байхыг үгүйсгэхийн аргагүй. С.Зориг агсан таалал төгсөөд 18 жил болох гэж байна. Төр, түмний төлөө зүтгэж явсан хүн бусдын гарт амь насаа алдсан энэ хэрэг байтугай гудманд хөлдөөд үхсэн энгийн нэг иргэний амь ч бидэнд үнэтэй. Гэм буруутай нь цээрлэгдэж гэсгээгдэх ёстой. Гэвч С.Зориг агсны хэргийн буруутан хэзээ ч олдохгүй шигээ хэрэгтэн сэжигтэн нь дуусдаггүй ийм нэгэн хэрэг болж хувирчээ. Улс төрийн эрх мэдэлтнүүд хэн нэгнийг хашрааж, хэн нэгэнд өсөрхөөд ирэхээрээ С.Зоригийн хэрэгтэй холбоод эхэлдэг болж. Урьд урьдын сэжигтнүүд нь хэлмэгдэж байсан болохоор дараагийн сэжигтнийг ч бас тийм гэж хүлээж авах нийгмийн сэтгэл зүй бий болжээ. Удаа дараагийн хэлмэгдүүлэлт нь хэрэгт сэжиглэгсдийг өмөөрөх синдром болж хувирав. Энэ нь цаашлахаараа бараг С.Зориг алагдсан нь зөв байсан юм шигээр тайлагдах хийрхэл боллоо. С.Зориг агсны гэргий Б.Булганыг баривчлагдах үед хүмүүс янз янзаар тайлбарлаж тайлцгааж байсан. “Энэ олон жил хэргийн цорын ганц гэрчийг нарийн шалгаж байгаагүй нь алдаа байсан”, “Б.Булган баривчлагдана гэдэг их ноцтой шүү. Энэ хэрэг одоо шийдэгдэх нь”, “Сонгууль бүрийн өмнө С.Зоригоор шоу хийх юм. Одоо бас энэ эхнэрийг нь хэлмэгдүүлэх нь” гэж өөр, өөрийнхөөрөө ярьцгааж байлаа. Гэхдээ энэ хэргийн буруутан болж баривчлагдаж байсан хүмүүсийн буруутайг баталж чаддаггүй, тэднийг хэлмэгдүүлэн хилсдүүлсэн нь тодорхой болсоор ирсэн учраас Б.Булганыг баривчилсан хэргийг бас нэг шоу гэж үзэх хүмүүс олон байна. Тэр сэтгэл зүйгээрээ алагдсан С.Зориг агсан “буруутах” гээд байдаг болжээ. Бараг Б.Булган баривчлагдаад зовж байгаад С.Зориг агсан буруутан мэт хэлэгдэх болов. Ийм нэг хийрхлийн сэтгэл зүй бидэнд бий болчихлоо. Мэдээж, шалгагдаж байгаа хүний эрх, эрх чөлөө нь зөрчигдөж байгаа бол өмөөрөхөөс яах вэ. Тэгээд урьдын адил хэлмэгдүүлж, хилсдүүлж ээлжит баривчилгаа хийсэн бол бүр аймаар. Гэхдээ Б.Булганыг өмөөрөхдөө С.Зоригоо өмгөөлөх ёстой юм шүү. Эл хэргийн гүйцэтгэгч байсан байж магад гэж сэжиглэгдэж байгаа Эрдэнэтийн хүмүүсийг хамгаалахдаа С.Зоригийг давхар буруутгаж болохгүй. Түүний үхлээр шоу хийж, сонгууль болгоны өмнө алба мэт хэн нэгнийг баривчилдаг байсан улстөрчдийн аяглал нь сүүлдээ түүнийг үхэх ёстой байсан мэт санагдахад хүргэлээ гэж үү. Түүний үхэлд сэжиглэгдэж баривчлагдсан бүрийг өмөөрөх нийгмийн сэтгэл зүй эргээд С.Зориг агсныг буруутан мэт болгож байна. Гэтэл тэр хэн нэгнийг алаагүй харин өөрөө алагдсан. Ажлаа тараад гэртээ ирэхэд нь түүнийг алуурчид угтаж авсан. Энэ бүгдийг мартах учиргүй. Сонгууль, сонгуулиар шоудсаар байсаар ийм байдалд хүргэжээ. Хэдхэн хоногийн өмнө С.Зориг агсны мэндэлсэн өдөр тохиов. Тэр 1962 оны дөрөвдүгээр сарын 20-нд төрж, 1998 оны аравдугаар сарын 2-нд таалал төгссөн. Ердөө 36-хан настайдаа бусдад хорлогдсон. Одоо байсан бол 54-тэй байх байлаа. Саяхан түүний төрсөн дүү УИХ-ын гишүүн С.Оюун “Ахын минь хэрэгт сэжиглэгдэж байгаа хүмүүсийг л өмөөрөх юм даа” гэж ярьж байсан. Үнэндээ ёгхийтэл хэлнэ лээ.

С.Зориг агсны хэрэг илрэх ёстой. Илэрнэ гэдэг цаг хугацааны л хэрэг. Гэхдээ илрүүлэх хүсэлгүй, илрүүлэх бодолгүй бол илрүүлнэ гэж улс төрийн, сонгуулийн шоу хийхээ болиорой. Өнгөрсөн цаг үед хийж ирсэн шиг ийм шоуг хүмүүс хүлээж авахаа байжээ. Бүр сүүлдээ жинхэнэ буруутныг нь гаргаж ирсэн ч өмөөрөх нийгмийн синдром үүссэн байна. С.Зоригийн хэрэгт сэжиглэгдэж байгаа хүмүүсийг өмөөрөхдөө талийгаачийг өмгөөлөх, түүний төлөө өмрөх сэтгэлээ гээж болохгүй юм шүү.

Эх сурвалж: Өдрийн сонин

Осолд орсон дөрвөн хүүхдийг эмчлэх түргэний эмч байсангүй /видео/
Осолд орсон дөрвөн хүүхдийг эмчлэх түргэний эмч байсангүй /видео/
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.