Бөх тайлбарлагч Б.Цогтбаатар: Хамгийн цэцэн цэлмэг нь Ц.Бадамсэрээжид, хамгийн мэдрэмжтэй нь Ш.Чанарав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
17 минут 10 секунд
Бөх тайлбарлагч Б.Цогтбаатар: Хамгийн цэцэн цэлмэг нь Ц.Бадамсэрээжид, хамгийн мэдрэмжтэй нь Ш.Чанарав

Бөх тайлбарлагч Б.Цогтбаатар: Хамгийн цэцэн цэлмэг нь Ц.Бадамсэрээжид, хамгийн мэдрэмжтэй нь Ш.Чанарав

Бямбадоржийн Цогтбаатар бол үндэсний бөхийн тайлбарлагч, судлаач төдийгүй алдартай цуглуулагч, арвин баялаг архивтай хүн юм. Сонины хайчилбараар эхэлсэн түүний цуглуулга өдгөө монгол үндэсний бөхийн хамгийн баян сан хөмрөгтэй судлаач болтол өргөжөөд байна.

-Бөх тайлбарлагч гэдэг хүн хэдий үед монгол бөхөд орж ирсэн юм бэ?
-Дээхэн үед бөх барилдаж байх үед “Бөхчүүд гараарай, бөхчүүд зодоглоорой” гээд хашгирч зарлаж, явж сануулдаг хүмүүс байсан шиг байгаа юм. Яармагийн дэнжээр ч гэсэн морь уначихсан майхнуудын хаяагаар явж “Одоо бөхчүүд бүртгүүлээрэй, барилдаан эхэллээ шүү” гээд явдаг байсан гэдэг. Засуулууд нь бас бөхчүүд гараарай гээд л наана цаана болдог байсан байж таараа. Энэ мэт байдлаас л болж тайлбарлагч бий болсон байх. Радио гэдэг зүйл чинь Оросоос орж ирсэн. Шугамын радиотой болж байна гэсэн үг. Хуучны кинон дээр гарч байдаг даа. Далбагар хар. Үүнийгээ наадмын талбай дээр зоогоод, зарлаад. Үүн дээрээ нэг зарладаг хүн томилоод л тайлбар үүссэн болов уу.

-Саяхны цаг хугацаа болох гээд байна. Анхны тайлбарлагч ер нь хэн байв?
-Ахмадуудын тэмдэглэл дээр бол Шагдар гэж хүний нэр нэлээд гардаг. Монгол хэлний тайлбар толь бүтээсэн Я.Цэвэл гуай бас тайлбарлаж байсан юм билээ. Ш.Ванчинхүү арслан, зохиолч Дашзэвэгийн Сэнгээ, бас нэг эмч хүний нэр бий. Тавиад оноос Ц.Бадамсэрээжид гуай тайлбарлаж эхэлсэн.

Арслангийн үеэс л бөхийн тайлбарлагч хүний дүр тогтож төлөвшсөн байх. 1958 онд Спортын төв ордон, 1959 онд Төв цэнгэлдэх хүрээлэн ашиглалтад орчихоор уралдаан тэмцээн тогтмолжиж, тайлбарлагчийн үүрэг оролцоо ихэссэн. Хөвсгөл аймгийн харьяат Галягийн Бямбажав гэж эмч мэргэжилтэй хүн бас тайлбарлаж байсан. Жараад оноос Г.Баярцэнгэл гуай тайлбарлах болсон. 1961 онд Биеийн тамир спортын дээд зөвлөлийн шийдвэрээр бөхийн засуул, шүүгч нарт улсын цол зэрэг олгосон байдаг. Энэ анхны үндэсний бөхийн улсын шүүгч гэдэг цол олгосон хүмүүсийн нэрс дотор Ц.Бадамсэрээжид, Г.Бямбажав гуай хоёрын нэр байдаг. Энэ хоёр хүн тайлбарлагчаараа улсын шүүгч цол авсан.

-Н.Жанцанноров гуай хөгжмийн зохиолчдоо “Хамгийн мэдрэмжтэй нь З.Хангал, хамгийн авьяастай нь Б.Шарав, хамгийн чадвартай нь Х.Билэгжаргал...” гээд нэрлэдэг шүү дээ. Таны хувьд тайлбарлагчдын хамгийн, хамгийн нь?
-Бодож харьцуулж байсангүй. Хэлэхэд хэцүү юм. Хамгийн мэдрэмжтэй, урлагийн түвшинд хүртэл хөгжүүлж чадсан хүн бол Ц.Бадамсэрээжид, А.Ганбаатар багш хоёр л байх болов уу. Сэлэнгийн бөхийн алдартай цуглуулагч Д.Далантай гуай Ц.Бадамсэрээжид гуайн тайлбарлаж байсныг бүр цээжилчихсэн ярьж байдаг юм шүү дээ. ...Баянмөнх аварга өмссөн далбаанаасаа ч илүү өнгөтэй байна даа... гэж байсан юм гэдэг.

Баянмөнх аварга өмссөн далбаанаасаа ч илүү өнгөтэй байна даа... гэж байсан юм гэдэг. 

Ингэхээр Ц.Бадамсэрээжид гуай цэцэн цэлмэг үг хэллэгтэй, хүмүүсийн сэтгэл зүрхэнд хоногшиж үлдтэл тайлбарлаж байсан болов уу гэж төсөөлөгддөг. Өөрөө сайн бөх учраас, талбайд өрнөх гэж байгаа барилдааныг сайн мэдэрдэг, үзэгчдэд ч ихээхэн сонирхолтой байсан байх. Энэ нь үзэж байгаа сонсч байгаа хүмүүст таатай ч, барилдаж байгаа бөхчүүддээ бас халгаатай байсан хэрэг.

Жишээ нь П.Дагвасүрэн арслан 1976 оны наадмаар Д.Хадбаатартай үлдэхэд Хадаа гуядаж эргүүлээд тавихад давах боломжтой гэж тайлбарласан гэдэг юм. Үнэхээр л Д.Хадбаатар зайгүй дүүгүүрдэж гуядаад хаячихсан. Тэр жил Дагваа арслан хийх мэхээ ихээхэн чамбай бэлдэж, начин И.Найдан гуай дээр олон давтаж бэлтгэлээ базаажээ.

Наадмаар мэхээ хийж амжилгүй унасан ч дараахан нь болсон НАХЯ-ны баяр дээр нөгөөх мэхээрээ тун хялбар давсан гэж байгаа. Мэх барилдааныг мэдрэх тал дээр хамгийн гэвэл Ш.Чанарав гуай гайхалтай. Хоолойгоо шахаж барьсан юмгүй, өөрийн хоолойгоор ярьчихна. Мэдрэх талаасаа бол агуу л даа. Өөрөө багш дасгалжуулагч хийчихсэн, бөхийн олон төрлөөр хичээллэж байсны үр дүн болов уу. Ямар барьц, байрлалаас мэхний ямар хувилбар гарах вэ гэдгийг нэвт сайн мэддэг байсан.

-Бөхийн барилдаан задгай газраас заал танхимд шилжихэд хүндрэл үүссэн үү?
-Үзэгчдэд тулахаас эхлээд л тухайн үед хүндрэлүүд гарч л байсан байх. Танхимд шилжсэн цагаас л барилдааны янз бүрийн хэлбэрүүдийг туршиж эхэлсэн байдаг. Засуулгүй барилдуулж, савхин гуталтай барилдуулж, сугалаагаар барилдуулж, шатарчилсан барилдаан гээд л. Тавиад оны сүүлээр тойргийн барилдаанууд ихээхэн зохиогдох болсон юм билээ. Булган аймгийн харьяат улсад хоёр удаа дөрөв давж байсан Чанчирын Даваасүрэн гуай тухайн үед олон тийм барилдаанд хүч үзэж явсан талаараа сонирхолтой яриа өрнүүлдэг байлаа.

-Үндэсний бөхийн цуглуулга ер нь хэдэн төрөл байна вэ?
-Бөхийн цуглуулга төд гээд хэлчих тоонд багтамгүй олон. Монголчууд өөрсдөө монгол бөх, наадмаа шүтдэг учраас бөхийн холбогдолтой хөрөг зурагнаас эхлээд олон төрлийн эд эдлэл бий. Марк ил захидал, шуудангийн карт, сугалаа, тасалбар, ном, сонин, сэтгүүл гээд үргэлжилнэ. Ханын том календариас халаасны жижиг календарь хүртэл байх жишээний. Тамхи, шүдэнзний хайрцаган дээр хүртэл морь бөхийн зураг байна ш дээ.

Орчин үед бол бүр ч цуглуулга нь төрөлжөөд, олдоц боломж нь ч өргөн болжээ. Бөхийн зураг цуглуулахдаа зөвхөн хуучны фото сонирхдог хүмүүс байна. Нэг хүнд бол ахадсан том ажил. Хажуугаар нь зүй зохистой хадгалах гэдэг том асуудал байна. 500 ном гэдэг таван номноос өөр арчилгаа, байр савыг шаардана шүү дээ. Тэгэхээр төрөлжүүлж цуглуулбал л арай үр дүнтэй юм болов уу гэж бодогддог.

-Монголд бөхийн чиглэлээр бол та магнайлах хэмжээнд цуглуулгатай хүн. Өвлөх хүнээ бас давхар бэлдэнэ биз?
-Би хоёр хүүтэй хүн. Нөгөө хоёр чинь яг над шиг бол дурлаж сонирхохгүй юм. Би бол энэ хоёрын насан дээр, түүнээс ч бага насан дээр л сонирхоод явж байсан. Үндсэндээ бичиг үсэг сураад л сонирхож цуглуулж эхэлсэн. Тэр үеийн цуглуулга чинь ерөөсөө сонины хайчилбар байлаа л даа. Зураг бараг олдохгүй. Манай аав бас дүйз тэмдэглэж хөтөлдөг хүн байсан. Дагаж бичиж үзнэ.

Би өөрийнхөө сумаас л гэхэд олон ховор зураг олж байсан.

Аав маань намын гишүүн учраас “Үнэн”, “Хөдөлмөр”, “Тоншуул”, Өвөрхангай аймгийн “Хөдөлмөрийн төлөө” гэдэг дөрвөн сонинг заавал захиалах үүрэгтэй байсан байх. Олон ч сонин, хэвлэл захиалж уншдаг байлаа. Энэ сонинууд дээр бөхийн холбогдолтой юм гарвал цээжилчихнэ. Намхай аваргын талаар 1980 оны “Шинэ хөдөө” сонинд Дашцэрэн гэдэг хүн бичсэн юм. “1887 оны улаагчин гахай жилийн зуны тэргүүн сард Зая гэгээний наадамд явж байгаа хэсэг бөхчүүдийг хул үрээ унасан хүүхэд дагаад салахаа больжээ...” гэдэг ч юмуу. Тухайн үед уншиж байсан зүйлс одоо ч цээжинд үлдэж.

-Монголд ер нь хоёр гурван үе дамжсан цуглуулагч байдаг болов уу?
-Би ер сонсоогүй юм байна шүү. Манай аав бөх сайхан л ярьдаг байснаас айхтар шимтэж цуглуулж байгаагүй.

-Таны бөхийн холбогдолтой зургийн тоо хэд хүрч байна?
-Нарийн тоолж үзсэнгүй ээ. Арав гаруй мянган юм бий байхаа. Жинхэнэ эх зураг ч байна, хуулбар ч бий, принтерээр хэвлэчихсэн тааруухан ч бий. Сонин сэтгүүлийн зураг ч тэр дотор байна. Нийлээд л тийм багцаа тоо гарч байгаа юм. Засаж сайжруулаад авсан, хуулбарлаад муутгасан, өөр хүнд байхгүй ховор оригнал эх гээд олон янзын л зураг бий дээ. Хөдөө орон нутагт айлын жаазаар зураг их байдаг юм шүү дээ. Би өөрийнхөө сумаас л гэхэд олон ховор зураг олж байсан.

-Бөх судлаач гэж хэнийг хэлж байна вэ?
-Сонирхоод явж байгаа хүн бүрийг судлаач гэж нэрлэвэл жаахан өрөөсгөл болно. Манай холбооноос томьёолоод бөх судлаач хүн гэж ямар хүн байх вэ, хэн хэнийг хамааруулах вэ гээд дөрөв таван тодорхойлолт гаргаж ирсэн. Бөхийн чиглэлээр судалгааны ажил хийгээд магистр, докторын зэрэг хамгаалсан, бөхийн сэдвээр дагнан судалгааны чанартай гурваас илүү ном бичиж хэвлүүлсэн, эрдэм шинжилгээ судалгааны чиглэлтэй өгүүлэл нийтлэл хэвлүүлсэн, ЭШ-ний хуралд илтгэл тавьж хэлэлцүүлсэн хүн гэх мэтээр томьёолсон байгаа. Судлаачдын түвшинд илүү гүнзгийрүүлж судална уу гэхээс, сонирхогчийн түвшинд юм өөр л дөө. Яахав сонирхол нь яваандаа судалгаа руу хөтөлнө.

-Шинээр архивын баримтаас, бусад эх сурвалжаас чухал чухал мэдээллүүд гарч ирэх юмаа. Үүнийг зарим судлаачид маань ашигладаггүй юмуу, эсвэл ашиглаж мэддэггүй юмуу. Буруу номноос хуулаад явчих тохиолдол байх юм?
-Судалгааны эргэлтэд оруулна гэдэг чухал. Ганц жишээ авъя л даа. Миний “Өнгө шинжсэн барилдаан” гэдэг ном бий. Сар шинийн барилдаанаар дагнасан ном өмнө нь хэвлэгдээгүй байсан. Түрүү үзүүр бөхчүүдийн жагсаалт төдий л байлаа. Чамгүй олон хүнтэй уулзаж, хувь хүмүүсийн тэмдэглэлийг үзэж, харьцуулж, өөрийн тэмдэглэлийг сөхөж, холбооны архивыг шүүрдээд 2008 онд хэвлүүлж байлаа. Тэнд миний ганц залруулсан зүйл бол Ж.Мөнхбат, Х.Баянмөнх аваргууд ижилхэн долоон түрүүтэй байсныг, Х.Баянмөнх нь найм түрүүлсэн юмаа гэдгийг баримтаар тодруулж гаргаж ирсэн. Ер нь баримт л чухал л даа. Яахав сар шинийн барилдааны эхний үеийн доод даваануудын оноолт олдоогүй л байна. Гараад ирэх бололцоотой л юм.

-Аймгуудын наадмын судалгааны ном бас байдаг даа?
-Өөрөө үндэсний бөхийн холбоонд ажиллаж байгаа болохоор орон нутгийн холбоодын бөх хариуцсан хүмүүстэй холбогдоод, аймаг бүрийн номтой тулгаад, архив, сонин шүүрдэж байгаад л хэвлүүлсэн дээ. Бас нэлээд юм зөрдөг юмаа. Ерэн оноос урагш бол голдуу л үзүүр түрүү байгаа. Одоо нэлээд нягтлаад, зөв бурууг нь тунгаагаад, ядаж шөвгийн дөрвөн бөхийн нэр усыг оруулаад ном гаргачих болгочих бодол бий.

-Судлаачид маань тодруулчихсан баримтыг ашиглалгүй, буруу зүйлээс сурвалжаа аваад байгааг яаж цэгцлэх ёстой юм бэ?
-Үүн дээр л би эхнээсээ шүүмжилж ирсэн. Эрдэм шинжилгээний хурлын илтгэл дээр хэлж л байсан, сонин дээр ч бичиж л байсан. Шинэ баримт нотолгоотой гаргаад ирж байгаа тодруулгыг өөрийн бүтээл юманда тусгахгүй бол урьдын буруу юмаа хуулаад байж болохгүй л дээ. Бас орон нутагт бага судлагдсан бөхчүүдийн талаар сайн ном хэвлэгдвэл орон зай байна, цаашдаа ч хэрэгтэй юм. Одоо бол бөхийн тухай ном их олон боллоо.

Засгийн газрын номын санд орж сонин ухаж байгаад 1938 оны наадамд шөвгийн дөрөвт үлдсэн бөхчүүдийн нэрийг олсон. Олгосон цол чимэгтэй нь баримтаар баталсан.

Б.Ерэнтэй судлаачийн хэлснээр шөвгөрсөн бөхчүүд нь тодорхой болчихоод байхад хажуугаар нь зэрэгцүүлж туг тойруулаад байдаг нэг гэм бий. Жишээ нь 1933-1937 оны улсын наадамд шөвгөрсөн бөхчүүдийн нэр архивт тодорхой байхад л огт нэр цуваанд байхгүй бөхийг цол авсан юмаа гээд бичээд байдаг. 1927, 1929, 1930, 1931, 1932, 1938 оны наадам гээд тодорхой хэдэн онд л цөөн хэдэн хүний нэр тодорхойгүй байгаа юм. Баримтаар нотлогдоогүй боловч бараг шөвгөрсөн хүмүүсийн нэр бол гарчихсан байдаг.

-Архив ухаж байхад бөхөөс гадна морь, сурын холбогдолтой баримтууд гарч ирнэ биз?
-Олдоноо. Эхэндээ ч яахав тоодоггүй байсан. Морь сурын олдсон баримтыг дэлгэж байвал хүнд хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон. Урьд сурыг товчоолсон номнуудад дурдагдаж байгаагүй архивын баримтууд олсон. Сурынхан нэг ном гаргах гэж байгаа юм билээ. Эрхэлж байгаа Батмөнх гуайтай холбогдож хэлсэн.

-Социалзмын үед ном гэдэг ихээхэн цензуртэй байжээ. Бөхийн чиглэлийн ном 1990 оноос өмнө 24 байсан ч гэж тоо байдаг. Ном бичнэ гэдэг тийм ч амаргүй даваа байсан байх. Ардчилсан хувьсгалын дараа юм бүхэн ил тод нээлттэй сайхан болсон. Харамсалтай нь нөгөө номны маань чанар ямар болчихов оо?
-Тийм зүйл байгаа л даа. Сайн сайн номнууд ч олон гарсан. Сумаасаа тодорсон бөхчүүдийн тухай номууд бичиж байгаа нь ихээхэн ач холбогдолтой. Цаашид сумын үндэсний спортын түүх үнэн мөнөөр явахад хэрэгтэй.

-Хамгийн сүүлд та судалгааны тал дээр ямар “нээлт” хийв?
-Засгийн газрын номын санд орж сонин ухаж байгаад 1938 оны наадамд шөвгийн дөрөвт үлдсэн бөхчүүдийн нэрийг олсон. Олгосон цол чимэгтэй нь баримтаар баталсан. Өмнө нь Б.Төрбат гуай түрүүлсэн гэдэг нь үнэн байх, Ц.Банди гуай үзүүрлэсэн. Я.Дорлиг заан дөрөвт үлдээд Ц.Банди гуайд булхайдуулж унасан гэсэн яриа л байлаа шүү дээ. Үүнийг албан ёсоор баримтуулж энэ дөрвөн бөх түрүүлж, үзүүрлэж, шөвгөрсөн нь баараггүй юм байна гэдэг нь батлагдаж байгаа юм.

Гэрэл зураг дуу авианы баримтын төвөөс Оросуудын хийсэн “Орчин үеийн монгол” баримтат киноноос 1940-1943 оны наадмуудын үзүүр түрүүний бөхчүүдийн дүрсийг олсон. Өмнө нь хэн ч олж үзээгүй байсан. Яахав кино байдгийг бол мэднэ. Дотор нь ийм чухал баримтууд байгаа гэдгийг л мэдээгүй байсан гэсэн үг. Буур Н.Жамъяан гуай дэлэн дэвж гарч байгаа нь одоо энэ Өсөхөө аваргатай хачин адилхан байна лээ.

О.Наранбаатар

SPS

Хичээл эхлэхээс өмнө бүх сургуулийг сүнстэй эсэхийг “шалгана”
Хичээл эхлэхээс өмнө бүх сургуулийг сүнстэй эсэхийг “шалгана”
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.