“Аэро Монголиа”-гийн нислэгт аюулгүйн баталгаа байна уу
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 49 секунд
“Аэро Монголиа”-гийн нислэгт аюулгүйн баталгаа байна уу

“Аэро Монголиа”-гийн нислэгт аюулгүйн баталгаа байна уу

 

 

10-14-3_700x700

С.УЯНГА

Өнгөрсөн бямба гаригт Өмнөговь аймгийн Ханбумбат руу ниссэн “Аэро Монголиа” компанийн “Фокер 50” онгоц ослын буулт хийв. Тус компанийн Оюутолгойн ажилчдыг зөөдөг гэрээт онгоц энэ сарын 11-нд буюу ням гаригт Ханбумбатаас ажилчдыг очиж авах байсан ч онгоц Улаанбаатарт ослын буулт хийснээр буцах хүмүүс “МИАТ” компанийн онгоцыг дуудуулсан байна. Энэ талаар Зам тээврийн сайд М.Зоригт “Буулт хэвийн. Манай хүмүүс шалтгааныг тодруулахаар ажиллаж эхэллээ. Онгоцонд 48 зорчигч байсан. Өглөөний 10:25-д буулаа” хэмээн цахим хуудсандаа бичжээ. Гэхдээ энэ асуудлыг хэвийн буулт гээд орхих асуудал огт биш ажээ. Бүхэл бүтэн 48 хүний эрдэнэт амь насыг хариуцаж явсан онгоцны  хөдөлгүүрт гэмтэл гарч, ослын буулт хийнэ гэдэг аюултай явдал. Онгоц агаарт нисч явахдаа хөдөлгүүр нь гэмтэж нэг хөдөлгүүрээрээ бууна гэдэг унаж байгаагаас өөрцгүй. Эх сурвалжийн хэлж буйгаар “Аэро Монголиа” компанийн JU8250 дугаартай “Фокер 50”  онгоцны зүүн хөдөл­гүүрт гэмтэл гарч бямба гаригийн өглөөний 10:24 цагт ослын буулт хийсэн байна. Зүүн хөдөлгүүрийн маслын даралт унасан гэнэ.

Олон хүний амь насны асуудал яригдаж,  “Аэро Монголиа”  компанийн онгоц ослын буулт хийгээд хоёр хонож байхад  ИНЕГ-ынхан ямар ч мэдээлэлгүй сууж байна. Бямба гаригт ослын буулт хийсэн мэдээллийг даваа гаригт  ИНЕГ-аас тодруулахад “Манай байгууллагад ямар ч мэдээлэл ирээгүй. Даргын ширээн дээр мэдээлэл ирсэн байж магадгүй” гэсэн тайлбар өгч байна. Авиа компаниудынхаа нислэгт хяналт тавьж, хариуцаж байх үүрэгтэй ИНЕГ асуудалд иймэрхүү байдлаар хойрго хандаж байна.

Ер нь “Аэро Монголиа”  компанийн хариуцлагагүй үйлдэл ганц энэ удаагийнх биш.  Тус компанийн онгоц ослын буулт хийж, зорчигчдын амь насаар дэнчин тавьсан үйлдэл цөөнгүй бий. Хоёр жилийн өмнө Улаанбаатар-Говь-Алтай чиглэлд ниссэн “Аэро Монголиа” компанийн 8250 дугаартай “Фокер 50” онгоцны цонх цуурснаас  эргэн газардаж ослын буулт хийсэн. Гэтэл тус компаниас цонхонд цууралт гарах тохиолдол ямар ч авиа компанид байдаг л зүйл гэж тайлбарлаж байсан.

Мөн Ханбогд-Улаанбаатар чиглэлийн нислэг үйлдэх байсан “Аэро Монголиа” компанийн “Фокер 50” онгоц хөөрч байхдаа салхинд цохигдож, хажуу бөөрөөрөө унасан гэх мэдээлэл ч байна. 2010 онд “Аэро Монголиа” компанийн Улаанбаатар-Мөрөнгийн чиглэлд нислэг үйлдэж байсан “Фокер-50”  онгоцонд эвдрэл гарсны улмаас агаарт зургаан цаг эр­гэлдсэний эцэст арайхийн газардсан талаар мэдээлэл гарч байсан.

Одоогоос есөн жилийн өмнө Чойбалсангаас Улаанбаатарын чиглэлд нисч байсан “Аэро Монголиа” компанийн “Фокер- 50” онгоцны битүүмжлэл алдагдаж агаарын даралт тогтворгүй болсны улмаас 70 орчим настай иргэн онгоцонд амиа алдсан гэх ноцтой мэдээллийг ИНЕГ-ынхан тав хоногийн турш нууцалж байсныг тухайн үед хэвлэлүүд мэдээлж байсан. Тус компанийн зөрчил, алдаа, дутагдлыг  нууцалж байдаг ИНЕГ-ынханд ч хариуцлага бий шүү гэдгийг сануулах цаг болжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

УИХ-ын дарга З.Энхболд Оросын сэтгүүлчдэд ярилцлага өгөв
УИХ-ын дарга З.Энхболд Оросын сэтгүүлчдэд ярилцлага өгөв
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.