Ерөнхий сайд Ч.Сайханбилэг зөвлөхүүдийн багыг бүрдүүлж байна. Түүний ахлах зөвлөхөөр Сингапурт Элчин сайдаар сууж байгаа Банзрагчийн Дэлгэрмаа ирж ажиллахаар болжээ. Ардчилсан хувьсгалд анхнаас нь идэвхтэй оролцож явсан улс төрч эмэгтэй гэдгээр нь түүнийг хүмүүс андахгүй биз. Тэрбээр Сингапурт гурван жил ажиллажээ. Элчин сайдыг онцгой шаардлага гарвал хугацаанаас нь өмнө татаж болдог бөгөөд Ч.Сайханбилэг түүнийг ахлах зөвлөхөөрөө ажиллуулахыг хүссэн тул ийнхүү эх орондоо ирэх аж. Хуульч мэргэжилтэй, аливаад шулуун шударга ханддаг энэ эмэгтэй Азийн бар гэгддэг Сингапурын хөгжилд хүрсэн арга туршлагыг энэ хугацаанд сайтар мэдэрсэн болов уу. Манайханд тэндээс сурах юм их бий. Тиймээс Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Б.Дэлгэрмааг урьж ирүүлэхээр болсон байх гэж эх сурвалжууд хэлж байна.
Б.Баяр
Эх сурвалж: Tumen.mn