Л.Оюунгэрэл: Жефф хоёр хүүхэдтэй, би хоёр хүүхэдтэй болохоор заавал дундын хүүхэдтэй байх албагүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
6 минут 53 секунд
Л.Оюунгэрэл: Жефф хоёр хүүхэдтэй, би хоёр хүүхэдтэй болохоор заавал дундын хүүхэдтэй байх албагүй

Л.Оюунгэрэл: Жефф хоёр хүүхэдтэй, би хоёр хүүхэдтэй болохоор заавал дундын хүүхэдтэй байх албагүй

 

УИХ-ын гишүүн Л.Оюунгэрэлтэй хийсэн яриаг хүргэж байна.
-Таныг нийгмийн зүтгэлтэн гэж товчхон дүгнэх хүмүүс их байдаг. Өдий хүртэл хийсэн ажлаа нэгтгэн хэлбэл сонирхолтой зүйл гарах байх?
 -Би саяхан энэ тухай бодож байлаа. Ажил мэргэжлээ яаж сонгодог, ажилдаа ороод хэрхэн ажиллах вэ гэх мэт асуудлыг хөндсөн “Ажил мэргэжлээ хэрхэн сонгох вэ” гэдэг лекцээ залууст зориулж уншдаг байлаа. Энэ талын мэдлэг өнөөдрийн залууст дутмаг, ажил амьдралдаа яаж зөв сонголт хийхээ сайн мэддэггүй. Энэ бүхнийг нэгтгэж би “Ажил мэргэжлийн лавлах толь” гэж ном бичээд хэвлэлтэнд оруулахаар бэлэн болгоод байна. Би 21 жил ажиллахдаа 24-25 янзын ажил хийж үзсэн. Улстөрийн чиглэлийн 7-8 ажлаа тооцолгүйгээр 15 төрлийн асуудлын тухай нэг шинэ ном бичиж болохоор байна. Ажлын гараагаа туслах нягтлах бодогчоор эхэлж байлаа. Зүгээр л тооны машинд тоо цохиод суудаг байсан. Би өнөөдрийг хүртэл хийж байсан ажлуудаа “яаж хүнд хэрэгтэй байлгах вэ” гэдэгт гол анхаарлаа хандуулж байлаа. Цалинтай цалингүй, байнгын түр гээд ажлууд маань янз бүр байсан.
-Хорь гаруй ажил эрхлэхэд мэргэжил, мэдлэг дутах, туршлагагүйтэх зүйл тохиолдоно биз?
-Бүх ажил өөрийн гэсэн онцлогтой байлгүй яахав. Хүн болгон л өөр замаар асуудлаа шийдэх байх. Миний хувьд хүнээс асууж сурч, шинэ юм олж мэдэх замаар асуудлын ард гардаг байсан. Өнөөдөр ч гэсэн би суралцсаар л байгаа. Олон ажил хийх тусам олон зүйлд суралцах хэрэг гардаг. Суралцахаа зогсоовол л бидний карьер дуусдаг.
-Улстөр рүү яагаад орох болов?
-Хүний зөвлөгөөгөөр, мөн өөрийн хүслээр орсон. Улстөрд бидний эргэн тойрны олон асуудлыг шийдэх түлхүүр байдаг. Бид өөрсдөө гадны оролцоогүйгээр улс орныхоо асуудлыг шийддэг байхын тулд залуусаа улстөрд татан оруулахаас өөр зам байхгүй. Улстөрд орсон залуус нэг номерын хүн байна уу, арав дахь, зуу дахь хүн нь болох уу гэдэг нь хамаагүй. Гол нь монгол хүн Монгол улсынхаа тулгамдсан асуудлыг өөрийн ухаанаар шийддэг байх нь чухал байдаг. Үндэсний боловсон хүчин гэдэг хаанаас ч экспортолж болдоггүй ганцхан баялаг. Намын харъяалал хамаагүй улстөрийн кадрууд, дотоодын улстөрийн боловсрол маань бидний хаанаас ч ямар ч мөнгөөр олж авч чадахгүй зүйл.

-Танд төвөгтэй хэцүү санагдах үе байдаг уу?
-Үгүй. Би өөрөө олон хүүхэдтэй айлд төрж өссөн хүн. Манай аав ээж хоёр маш их зочин гийчинд дарагддаг хүмүүс байсан. Хүүхдүүдээ газраар зулаад л, зочдоо орон дээрээ унтуулдаг байлаа. Бид өөрсдөө зочиндоо хоол цай хийж, хот хөдөөний хүмүүсийн хувцас хунарыг угааж өссөн хүүхдүүд байхгүй юу. Гэр бүлийн уламжлал гэж нэг юм байна шүү дээ. Олон хүн бужигнаж байж л манайх өөрийнхөөрөө байдаг. Хоёулхнаа үлдчихээр “Хүүш энэ чинь юу билээ, өөр хүн байхгүй юм уу” гэж их гайхдаг.
-Та гэрээ юугаар чимэхсэн гэж боддог вэ. Гэрийн чинь цуглуулга агуулсан нандин хэсэг нь юу байдаг вэ?
-Манайх олон хүн бужигнадаг айл болохоор хагарч няцрах, нүд хужирлах чамин эдлэл бараг байхгүй ээ. Үүдэндээ банз тавиад гутлын тавиур хийчихсэн байх жишээтэй. Тавилгаа ч гэсэн бид хямд борог талыг нь бодож авдаг. Олон хүн маань хүүхдүүдтэйгээ ирдэг болохоор аль болохоор аваад шидэхэд ч эвдрэхгүй, эвдэрсэн ч харамсахааргүй зүйлээр гэрээ дүүргэдэг. Хааяа нэг хаалга сав эвдэрвэл хадаад үдээд тогтоочихно биз гэсэн үзэлтэй л байдаг. Жефф бид хоёр очсон газар орныхоо онцлогийг шингээсэн гар урлал цуглуулдаг. Саяхан Тайландын гүнж ирэхэд Хөвсгөлд хамт явж байгаад цааны эврээр хийсэн цаа бугын дүрс бүхий дурсгалын зүйлс авсан. Иймэрхүү цуглуулга байдаг ч тэр маань хүн хүрэхийн аргагүй нандин зүйл биш.
-Та хоёрын дунд шашны зөрчил хэр гарах уу. Таныг буддист байхаар дургүйцдэг үү?
-Үгүй. Жефф ямар ч шашингүй хүн. 1960-аад онд шашингүйн үзлээрээ алдартай болсон Берклейн их сургуулийг төгссөн. Тэр их сургуулийн оюутнууд ямар ч шашингүй, хүний эрхийг хамгаалдгаараа алдартай байдаг. Гэхдээ намайг буддын бурхнаа залаад, хааяа нэг буддын философио ярихад хүндэтгэж үздэг.
-Ойрын үед хүүхэдтэй болох төлөвлөгөө бий юу?
-Жефф өөрийн хоёр хүүхэдтэй, би өөрийн хоёр хүүхэдтэй болохоор заавал дундын хүүхэдтэй байх албагүй л дээ.  Энэ асуудлыг бурхан л мэдэг гээд зөнгөөр нь орхисон.
-Таны амьдралын талаар хов шив ярьдаг хүмүүст хандаж юу хэлмээр байна?
Хүмүүс хэнтэй учирч, сонголтоо яаж хийх нь ээдрээтэй хувь заяа байдаг учраас бие биенийхээ сонголтод хүндэтгэлтэй хандаасай гэж хүсдэг. Ажил амьдрал хоёрыг салгаж сурах хэрэгтэй. Би өвдсөн бол эмчид ханддаг. Харин тэр эмчийн нөхөртэй эсэх, хувийн амьдрал нь ямар байх нь надад хамаагүй. Намайг эдгэрүүлэх ажлаа л сайн хийх нь чухал шүү дээ. Түүн шиг улстөрчийн хувийн амьдралыг биш, тэр хүний юу хийж чаддагийг нь чухалчлан хардаг байгаасай гэж хүсдэг. Хийж чадах ажил, мэдлэг, туршлагыг нь харж сонголтоо хийвэл улс төрчдөөр маш их ажил хийлгэж болохоор байгаа юм.
Эх сурвалж: Shudarga.mn
Эрчүүд жирэмслэлтээс хамгаалах эм уудаг болно
Эрчүүд жирэмслэлтээс хамгаалах эм уудаг болно
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.