Арбулагийн алдартнууд
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
24 минут 24 секунд
Арбулагийн алдартнууд

Арбулагийн алдартнууд

 

 

Арбулагийн сургууль -90”  эрдэм шинжилгээний онол-практикийн бага хурал өнгөрсөн бямба гаригт ХААИС-ийн эрдмийн танхимд боллоо. Энэхүү арга хэмжээг Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Нутгийн зөвлөл, Хөдөө аж ахуйн их сургууль хамтран  зохион байгуулсан юм.

 

Одоогоос 65 жилийн тэртээ мал эмнэлгийн анги  хамгийн түрүүнд  нээгдэж, анхны хичээлээ эхэлж байсан түүхтэй. Ингэж  ХААИС-ийн түүхэн замналын эхний  хуудсыг нээж, хөгжлийн шанг татсан хүн бол  Мал эмнэлгийн ухааны доктор, профессор      ЦЭВЭГЖАВЫН ЖАМЬЯНЖАВ агсан юм. Энэ хүн МУИС-аас  1958 оны 4-р сарын 15-нд Мал эмнэлэг, Мал зүй, Агрономи гэсэн үндсэн 3 салбартайгаар бие даан гарах бүхий л ажлыг удирдаж, Хөдөө аж ахуйн дээд сургуулийн  захирлаар нь тасралтгүй 25 жил ажилласан нэрт  сурган хүмүүжүүлэгч байлаа. Ямар сайндаа МУИС-аас салгаж бие даасан сургууль байгуулах гэж судалгаа хийн, тэр үеийн ЗХУ-ын мэргэжилтнүүдээс туршлага солилцон, хөөцөлдсөөр зорьсондоо  хүрч олон хүүхдийг ХААДС-д элсүүлэхэд билгүүн номч Б.Ринчен их дурамжхан аястай монгол хэлээ судлагсад  нь цөөрч, малын хошного үнэрлэгчид олшрох нь дээ хэмээн ёжилж байсан гэх. Үнэндээ  Ц.Жамьянжав агсны   нэр мартагдах шахсан хэдий  ч байгуулсан гавьяа, үлдээсэн мөр  нь түүхийн шаргал хуудаснаас хусавч  үл арилахаар тодоор бичигдсэн юм. Энэ эрхэм хүмүүнийг хүндэтгэж эрдэм шинжилгээний хурлын өмнө  Арбулагчуудын төлөөлөл, эрдэмтэн мэргэд, оюутнууд  дурсгалын самбарт цэцэг өргөн мэхийн ёсоллоо.

 

Арбулагийн сургууль -90” гэж тодотгоод байгаа нь учиртай. Энэ эрдмийн өргөөнөөс олон суутан, мэргэд, дуун хөрвүүлэгч, шилдэг зохион бүтээгч, шинийг санаачлагч, соён гэгээрүүлэгч, эрдэмтэн  төрж улсынхаа хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж нэр алдраа цуурайтуулж явна.

 Ц.Жамьянжав агсан ч  Арбулагийн бор толгод дундаас торойн тодорч, сумынхаа, аймгийнхаа төдийгүй улсдаа гайхагдсан оюутай “толгойтнуудын” нэг, Монголын сор  сэхээтний төлөөлөл юм. Тэрээр нэрт сурган хүмүүжүүлэгчээс гадна дэлхийн шилдэг эрдэмтэн байлаа. Олон улсын   мал эмнэлгийн чиглэлийн шилдэг эрдэмтэдийн бүтээлийн жагсаалтын дээгүүрт түүний туурвил  эрэмбэлэгддэг. “Сарлаг” үхрийн тархинд мэс засал хийж, эмгэгийг авч, сэргийлэх аргыг дэлхий дахинд анх удаа нэвтрүүлж   эрдмийн чансаагаа бататгасан гэдэг. Төрийн шагналт, Монгол Улсын гавьяат багш, академич Н.Эрдэнэцогт “Жамьян жав багш маань намтар баян хүн. Арбулагийнхаа арын сайхан булаг шигээ энэ салбарын  мөнхийн ундарга нь болж,одоо ч гэсэн түүний тэмүүлэл  шавь нарынх нь сэтгэлд ундарсаар, ундарсаар  байгаа” хэмээсэн юм.

 ХААДС-ээс олон бөх төрдөг байсны учрыг шавь нь “Мөнхөд  дурсагдах гавьяат үйлстэн”гэсэн илтгэл тавихдаа дурсана лээ. Ц.Жамьянжав багш  бөхөд нугасгүй нэгэн байж. Барилддаг, ноцолддог хүүхдийг дэмжиж, за хөө нэг сайхан дэвээд зүлэг ногоон дэвжээнээ зодоглож  нутаг орныхныгоо төдийгүй сургуулийнхаа нэрийг гаргана шүү хэмээн захидаг байжээ. Тэр үед Монгол Улсын арслан Л.Сосорбарам, Далай даян дархан аварга Х.Баянмөнхгээд ХААДС-аар овоглосон олон  хүчит бөхчүүд төрсөн юм.  Барилдах шинжтэй, сургуулийнх нь оюутан хүү омголон зангаасаа болоод төрийн цагдаатай гөжилдөж  хоригдох болоход хөөцөлдөж гүйсээр суллуулж  нэг сайн зандарч өгөөд бэлтгэлд нь гаргаж байсан гэдэг. Ийм л задарсан нэгэнд  нь эцэг шиг нь хатуухан зэмлэдэг, ядарсан нэгэнд нь  урмын үг хэлж, сэтгэлийг нь өргөдөг, тэмүүлэлтэй нэгэнд нь  дэмжлэг үзүүлж сурах жигүүр “ургуулдаг”   эгэл атлаа эрхэмсэг хүмүүн  байсан ажгуу.

 

Элэг зүрхнээс уяатай
Энхрий Монгол нутаг минь
Эцэг эхээс заяатай
Эрдэнийн алтан өлгий еэ
 хэмээх дууны ая эгшиглэхэд монгол хүнд эх нутгаа гэх үгээр илэрхийлэшгүй нандин  мэдрэмж  төрдөг байх. Төрийн сүлд дуунаас дутахааргүй түмэн олондоо түгсэн энэхүү дууг Ардын билэг зүйч, соёлын гавьяат зүтгэлтэн, их соён гэгээрүүлэгч, яруу найрагч, ардын дуу хөгжим судлаач, дуун хөрвүүлэгчЖАМЦЫН БАДРАА  агсан зохиосон юм. Ийм хүү төрүүлж өсгөсөн  ижий аав, өлгийдэж авсан газар шороо, угаасан ус,  нутаг нугынхан нь үнэхээр  гайхалтай азтай гэж бодогдном.

   “Гайхмаар аа”, “Соньхон чимэг”, “Аргалд явсан ээжий” гэх мэт сэтгэл зүрхэнд шингэсэн олон сайхан дуугаар нь Монголын ард түмэн энэ их хүмүүнийг  андахгүй. Жамц хэмээх нутагтаа алдартай бичээчийн билэг авьяас төгөлдөр хүү тухайн цаг үедээ  амьдралын хатуу нугачаанд өнчин үлдсэн дүү нараа , асралт ижийгээ  өргөх  гэж ачааны хүндийг үүрч явжээ. Аавыг нь хэлмэгдүүлж, эсэргүүний  хүүхдийг сургуульд оруулахгүй хэмээн хавчин гадуурхдаг байж. Номтой эцэг хүүдээ бичиг үсэг гэрээр зааж сургасан байв. Тэрээр үеийнх нь  хүүхдүүд ном сурч, хичээлд сууж байхад сургуулийн түлээг мөрөө зулгартал үүрдэг байж. Гэвч түүний сурах хүслийг хэн ч хязгаарлаж дийлээгүй. Ямарсайндаа л хаалганы завсараар  Шийтэр багшийн хичээлийг  сэмхэн сонсч суралцдаг байсан гэж байгаа. Хожим нь 15 нас хүрч байхад нь Рэнцэндавга хэмээх тооны  багш тааралдаж ийм хүүг зэврээж болохгүй гээд  Мөрөнгийн сургуульд  дагуулан очиж шалгалт өгүүлжээ. Шийтэр багшийн хичээлийг хулгайгаар сонсч тархиа цэнэглэж байсан хүү шалгалтыг өлхөн өгчихөөд шууд ахлах  ангид орж суралцжээ.

Энэ хүний билэг авьяасыг олж харж эрдмийн их замд эргэлт буцалтгүй хөтөлсөн хөтөч нь билгүүн номч Бямбын Ринчен аж. Монгол түмний бахархал, бичгийн их хүн  “Баруун этгээдэд зорьчсон тэмдэглэл” номондоо “Хөвсгөл нутгийн Бадраа гэдэг залуу хойч үед лав эрдэмтэн болно” хэмээн 1960-аад оны эхээр  дуу алдан тэмдэглэсэн байдаг ажээ. Нээрээ  л нэрт эрдэмтэн хэдэн оны цаадахыг алган дээрээ тавьсан юм шиг зөгнөн хэлжээ.Даравч дарайх, булавч бултайх авьяас билгийг нь  бичгийн их хүмүүн  аль эрт олж харчихаад  урмыг нь  мялааж, бүтээх хүслийг “ташуурдаж ”  байсны илрэл  биз ээ.

 

Ж. Бадраа  гайхамшигтай  тансаг өгүүлэмжтэй яруу найраг бичдэг, дууны шүлгийн  нэрт мастер  төдийгүй хөгжим,  соёл урлагийн  чиглэлээр олон арван бүтээл  туурвисан юм.  “Хөгжмийн нэр томъёо” гэсэн бүтээл нь одоо ч  үнэ цэнэтэй хэвээр. Түүний орчуулсан, оноосон, зохиосон хөгжмийн нэр томъёо албан ёсоор 1957 оноос  нэвтэрч эхэлсэн юм билээ.  Хинди хэл сурч, Энэтхэгийн утга зохиолтой танилцан, “Шагундалай” жүжгийг, утга зохиолын Нобелийн шагналт Р.Таагүүрийн “Өргөлийн дуулал” хэмээх алдарт шүлгийн түүврийг эх хэлнээ  орчуулж хэвлүүлжээ.

 

ШАНЬЖИЙН ДОРЖЖАДАМБА  бол Монголын сэтгэцийн эмч нарын эцэг гэж зүй  ёсоор үнэлэгдэнэ” хэмээн анагаах ухааны доктор, дэд профессор, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал Л.Насанцэнгэл “Намтрын  товчоон” илтгэлийнхээ өмнө онцгойлон тодотгосон юм.

 Энэ эрхэм хүмүүн  сэтгэцийн эрүүл мэндийн байгууллагын суурийг тавилцсан, мэргэжилтнүүдийг бэлдсэн эрдэмтэн, сурган хүмүүжүүлэгч. Түүний бүтээн туурвисан, оролцсон бүтээлийнх тоо гэхэд л 300 хол давжээ. “Даамжрах саа өвчин”, “Анагаахын ухааны сэтгэл судлал”, “Сэтгэцийн өвчин” зэрэг номнууд нь одоо ч энэ салбарын мэргэжилтнүүд, оюутнуудын  гарын авлага болж, сургалтын чиглүүлэх  хөтөч нь  байсаар байна. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв нь 84 жилийн түүхтэй бол үүний 46 жилд нь Монгол Улсын хүний гавьяат эмч, анагаах ухааны доктор, профессор Шаньжийн Доржжадамба   хүчин зүтгэжээ.

 Сэтгэцийн эмгэг судлал нь сэтгэл санаа, зан үйлийн хямралын учрыг судалдаг дэндүү чимхлүүр ажил.  Бие хүнийхээ өв тэгш чанараа алдаж, хэрэгцээ, эрх, үүргээ  ч  ойлгохгүй болсон  туйлын өрөвдөлтэй хүмүүст үйлчилдэг учраас  аргагүй л сэтгэлийн дуудлагаараа хөглөгдсөн, энэрэнгүй сэтгэлтний хийх ажил ч гэлтэй. Ш.Доржжадамба доктор орос хэлэнд ус цас нэгэн байжээ. Тиймдээ ч Пушкины зохиолыг орчуулах уралдаанд дээгүүрт  орж байсан гэдэг. Урлагийн гавьяат зүтгэлтэн, доктор, профессор, яруу найрагч Ч.Дагвадорж “Нэг удаа би Ш.Доржжадамбын гэрт очиж номын өргөөнд нь ороод өөрөөсөө ичих шиг болж байлаа. Үнэндээ манай зохиолч нарын дунд ч тийм баялаг номын сантай хүн байхгүй дээ. Маш их ном уншдаг, гайхалтай цэгцтэй яриатай, бичгийн соёл өндөртэй хүн байсан  ” хэмээн дурсаж байлаа.

 

Э.ДОНГИНОДОО  хэмээх эрдэмтэн Монгол Улсад физиологийн шинжлэх ухааны эхийг тавигч төдийгүй Монголын шилдэг  сэхээтнүүдийн нэг билээ.

“Монголын анхны физиологийн танхимын эрхлэгч төдийгүй энэ салбарийн суурийг тавьсан хүн гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй” гэж  Гавьяат багш, доктор Т.Батсүх үнэлсэн юм. “Эрүүл биеийн тамирын физиологийн үндэс”  хэмээн анхны сурах бичгийг туурвисан аж.

 

Халдвар өвчний дэгдэлтийг дарахад хувьсал хийсэн эрдэмтэн бол яах аргагүй ДОРЖИЙН ДАНДИЙ гуай. Өнөөдөр 80 нас хол давсан ч  ануухан хэвээрээ,  шинэ бүтээл үйлдвэрлэлд  нэвтрүүлэхээр шамдаж явна.

 Соц нийгмийн үед монголчууд бид дэндүү цөөхүүлээ байлаа. 500 мянгад хүрэхгүй шахам байсан нь үгүйсгэхийн аргагүй үнэн билээ.  Яр тэмбүү, заг хүйтэн гээд бэлгийн замын өвчинд идэгдэж, хамаргүй хүмүүс  олширсон байсан гэх. Тэр үед  Ардын Эрүүлийг Хамгаалах Яамны сайд Г.Туваан халдварт өвчний дэгдэлтийг  үндсээр нь устгаж, хүн амаа эрүүлжүүлэх компанит ажил өрнүүлэхээ зарлаж, 18 наснаас дээш бүх хүнээ 1-2 удаа цусны шинжилгээнд хамруулахаа мэдэгдэж байжээ.  Цус шинжлэхэд 5-6 нэрийн оношлогооны бэлдмэл шаардлагатай болж, үүнийг хий хэмээн залуу эрдэмтэн Д.Дандийд даалгаж, “Эх орны даалгавар шүү” үүрэгдэж байжээ.  Тэмбүү өвчний далд хэлбэрийг цусны шинжилгээний урвал тавих аргаар илрүүлэхэд  6 бодис шаардлагатайгаас эхний 4 бодисыг цоо шинээр хийхээр ажилдаа орж зорьсноо биелүүлжээ. Тэр үед ямаршуухан аян өрнөж хүн ардаа эрүүлжүүлж байсныг  зохиолч Б.Догмидын  “Улаан тарианы хүүхнүүд” өгүүллэгт тодорхой өгүүлсэн байдаг. Д.Дандийгийн бүтээсэн  “Эх орны эдгээр ийлдэс судлалын оношлуурууд”  үнэхээр тэмбүүг үүсгэгч цайвар шөвөг нянгийн “нууц” ул мөрийг мөшгөн илрүүлж, хэдэн чагттай хэдэн курс тарилга хийлгэх ёстойг хэлж өгдөг болсны гавьяагаар энэхүү гамшиг ихт өвчнөөс монголчууд салж, хамаргүй болсон хүмүүс харагдахаа больсон гэдэг юм билээ.

Галзуугийн вакцин хийж  халдварладаг  айхтар аюулаас хүн зоноо  богино хугацаанд  сэргийлж чадсан гээд түүний зохион  бүтээсэн болгоныг дурдвал дэндүү их учраас товчлохоос аргагүй юм. Нэгэн насанд ахдам ихийг амжуулжээ.

 

Цус бол амьдралыг тэтгэгч.  Эхийн эхсээс  иммуноглобулин, альбумин зэрэг уургын биобэлдмэл гарган авч эмнэлэгийн практикт нэвтрүүлснийг нь үнэлэн 1990 онд төрийн шагнал хүртээсэн билээ. Түүний бүтээл Москва, Пловдив, Пехьняны олон улсын үзэсгэлэнгүүдээс хэд хэдэн шагнал хүртэж байжээ.Арьс цайх өвчнийг бүрэн анагаах эм бэлдмэл  одоо болтол  дэлхий дахид нэвтрээгүй  л байна. Монголд л гэхэд Д.Дандийн зохион бүтээсэн шингэн, тосон түрхлэгийг түрхэж, эмчилгээнд  ашиглаж байгаа билээ. “V-5"  элэгний В, С вирусын үүсэлтэй архаг болон идэвхждэг үрэвслийн үед хэрэглэдэг биологийн идэвхт бvтээгдэхүүн бүтээсэн Анагаах ухааны доктор Б.Алдар "Миний багш тєрийн шагналтан Д.Дандий "V-5"-ыг үндэс суурийг тавьсан хүн” гэж онцолж байсан удаатай.   Энгийнээр хэлбэл, амаар уудаг вакцин бүтээсэн гэсэн үг. “Монгол Улсын хүн ам өнөөдөр 3 сая хүрэхэд үнэлж баршгүй хувь нэмрээ оруулсан шилдэг эрдэмтэн,  зохион бүтээгч бол Д.Дандий гэж ” гэж  Гавьяат багш, анагаахын доктор, Г.Жамба онцолсон  юм.  



Хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор ЛХАМСҮРЭНГИЙН ХҮРЭЛБААТАР  монгол, төвд, санскрит, орос, англи зэрэг хэлээр судалгаа шинжилгээ, эрдэм судлалын ажлаа хийдэг манай нэртэй монголч эрдэмтний нэг байлаа. Ардын уран зохиолч, академич Ц. Дамдинсүрэн энэ хүнийг гарынхаа шавь болгосон нь билгийн мэлмийг нь  шинжиж, итгэл хүлээлгэсний илэрхийлэл гэлтэй.  Л.Хүрэлбаатар эрдэмтэн “Монгол зохиолчдын төвдөөр бичсэн уран зохиолын дээжис - Алтан хүрдэн” ,  “Зуун билгийн баяжмал шинэ судрын чуулган , “Огторгуйн цагаан гарди” , “Бакүла ринбүчи Түвдэнчогнор, “Эсэруагийн эгшиг дуун”, “Анхдугаар Богд” , “Судар шастирын билиг”, “Дуун утгын яруу зохист”, “Аварга могойн зулайн чандмань”, “Огторгуйн цагаан гарди - II” , “ “Дорно Цаст” зэрэг утга зохиол судлалын бүтээл, уран зохиолын дээжис цоморлигуудыг эмхтгэн гаргасан билээ.


Академич Ц. Дамдинсүрэн “Цахар гэвшийн хийсэн “Субашид” бол чухамдаа орчуулга биш, “Субашид”-ыг дуурайлган монгол зохиол болсон өвөрмөц байдлыг олон баримтаар гарган нотолсон нь гагцхүү Л. Хүрэлбаатарын гавъяа болно” гэж тэмдэглэсэн байдаг. Монгол уран зохиолыг дорно дахины, бүр цаашилбал дэлхийн утга зохиолын нийт урсгалд оруулан судлах их ажлын эхлэлийг тавьсан энгүй их эрдэмтэн мэргэн, Монголын шинжлэх ухааны “Огторгуйн цагаан гарди” явсан гэдгийг  хэл шинжлэлийн эрдэмтэд хүлээн зөвшөөрдөг юм. Хаалттай, хориотой нийгэмд их баривчилгаанаас зүсээ хувирган үлдсэн цөөхөн  номтой хуврагууд байдаг. Тэдний нэг болох сумандаа мужаан хийж байсан  Жалцав гэдэг хүнээс төвд хэлний аман орчуулгын арга барилаас  суралцснаа хожим . Л.Хүрэлбаатар эрдэмтэн  дурсан ярьдаг байлаа. Нутгийнхаа  өвгөдийн оюун санаа, ухааныг таслалгүй өвлөн авч  үргэлжлэл нь  болсон нэрт  эрдэмтэн билээ.

 

Хотгойдын түүхийг нэгтгэн судалж дорвитой нэгэн сэдэвт бүтээл нийтлүүлсэн хүн бол нэрт  түүхч  болС.ПҮРЭВЖАВ юм.  Тэрээр 1970 онд олны хүртээл болгосон “Хотгойдын угсаа гарал ба түүхийн асуудалд” (XVI-XIX зуун) бүтээлдээ Хотогойдуудын түүхийг нарийвчлан судалж Хойд аймгаас хэрхэн улбаалж ирсэн түүх, хэдий үед бүрэлдэн тогтсон, тэдний аман аялгуу, түүхэн нутагшилт, улс төр тэмцлийн түүхийг тусган харуулсан байдаг.

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Ж.Болдбаатар “Сайн багш хэмээх газарчгүй бол уулын орой хүрэх байтугай   бэлд нь очихгүй. Миний багш  С.Пүрэвжав бол  XX зууны  Монголын түүх судлалын тэргүүлэх эрдэмтэн. Жинхэнэ эх сурвалжийг түүхийн архивтай  тулган нягталдаг онцгой хүн байлаа. Монгол, ЗХУ-ын архиваас нэг нэгдгүй тулган шүүсэн ховорхон түүхчийн нэг. Намайг анх оюутан болоод ирэхэд “Балдан зангийн хошууны данс” уншуулаад суулгачихаж билээ. Би 3 цаг гаруй суусны дараа энэ овоо тугалган бөгстэй хүү байна, түүхч хүн  сууж сурах  нь чухал хэмээн  шавиа болгож байлаа. Өнөөдөр би Шинэжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, академич болсон нь  энэ хүний гавьяа” хэмээн дурсан өгүүлж байлаа.

 

 “Будантай юу буурал хорвоодоо
Бүүвэйлж өсгөсөн ээж минь дээ хөө
" гэж дууны эхний мөрийг сонсоод л  ижийгээ санадаггүй хүмүүн үгүй биз ээ.  Ая, үг нь  аяндаа л сэтгэлээс  хөглөсөн мэт мэдрэмжийг төрүүлдэг болохоор ээжийн тухай дуунуудын ноён оргил болсон гэдэгт итгэнэм.

Шинжлэх ухааны доктор, утга зохиол судлаач С.Байгальсайхан “Ижийг хайрлах ухаарлаас хорвоог хайрлах ухаарал залгагдан холбогдож, ээж, хорвоо хоёрыг  хайрлах ухаарлаас энэрэхүй асрахуй буюу хүн чанар төгс болох, ухаарал бүтэх энэхүү үйлийн сэтгэлийн зураглал бол өгчээ” хэмээн дүгнэж байлаа.

Ээжийнхээ дурсгалд зориулж өвөөлжөөнийхөө тэндэх есөн метр орчим ургаа хадан дээр долоон метр ор­чим өндөртэйгээр дүрийг нь сийлүүлсэн.  Цээж дүрийнх нь доор "Ээж минь дээ" дууныхаа эхний бадгийг, ноттой нь  бичиж суварга босгосон найрагч билээ.

 Нэрт яруу найрагч, утга зохиол судлаач, шүүмжлэгч доктор ЧОЙСҮРЭНГИЙН ДАВГАДОРЖИЙН  эхийнхээ гэгээн дүрийг мөнхжүүлсэн    Ямаатын өвөр дэхь “ЭЭЖ ХАД” нь Арбулагийнхны  төдийгүй холын хүнд түр үдлэн буугаад, бишрэн дээдлээд буцдаг газар болжээ. “ Ижий  нь их намхан хүн байсан даа, гэвч агуу сэтгэлтэй, гайхмашигтай авьяастай  хүн төрүүлж, бүтээлийн хөшөө босгуулсан азтай эмэгтэй” гэж нутгийн хөгшчүүл дурсдаг нь энэхүү сурвалжлага тэрлэж суухад санаанд тодхон буух юм. Ч.Давгадорж найрагчийн бүтээлээс хотгойдын гэгэлгэн дууны өнгө аяс нэвт “үнэртдэг” гэхүү дээ. Түүний шавь, утга зохиол судлаач С.Байгальсайхан ч энэ бодлыг минь бататгахаар үг хэлсэнд олзуурхан шүүрч авч нийтлэлдээ шигтгэсэн хэрэг.

“Хотгойд түмний аман билэг Ч. Давгадоржийн бүтээлээр илэрдэг “ гэж дүгнэсэн байлаа. Яах аргагүй л буурал Дагваа багш ардын аман билэг, хотгойд дууны өлгий нутагт өсч төрсөн хүн болохоор түүн шиг бүтээлдээ шингээх нэгэн ховорхон байх бизээ.  

Эр хүн болгон тэрэг хөтөлж

Эрээлэх орчлонг туулдаг юм болохоор бусдын тогтоосон жишгээс  гажилгүй,

Буурь сэлгэх хөсгөөн би хөтөлсөн

Ачсан болгон минь алт байгаагүй

Аянд хамт гарсан болгон минь нөхөр байгаагүй

Тэнхлэг гол нь харин минийх байсан

Тэрэг нэрэндээ зохицохоор эд байсан

Сагсуу залууд тэрэг минь доргиж донслохыг үзсэн

Сайхан тогтсон насанд минь тэрэг минь хурдалж жигдэрсэн

Эхнэр тавар хүүхдээ энэ тэргэн дээр суулгачихаад

Исгэрч дуудаж хөгжүүхэн явсан... хэмээх шүлгээс Ч.Дагвадорж найрагчийн амьдралын замнал   тодрох  мэтээ.

 

Монголын нэвтэрхий толь, Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь бүтээх үйлсэд  хүчин зүтгэсэн, утга зохиол судлалд үнэтэй хувь нэмэр оруулсан эрдэмтэн билээ.

 

 Гавьяат багш ХАШБАТ  мал ахуйн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх  чиглэлээр доривтой бүтээл туурвисан хөдөө аж ахуйн салбарын тэргүүлэх эрдэмтдийн нэг. Мөн Монгол адуу судлалын чиглэлээр мэргэшсэн цөөхөн эрдэмтдийн нэг нь Д.МЯНГАНЦЭВЭР доктор юм. Олон жил судалсаны эцэст 2003 онд “Тэс нутгийн омгийн адуу, түүний зарим биологийн шинж чанар, цаашид сонгон үржүүлэх нь”  гэдэг сэдвээр Ph докторын зэрэг хамгаалсан аж. Монгол дахь улс төрийн хэлмэгдүүлэлтийн талаар голчлон судалдаг, түүхий ухааны доктор  Д.ӨЛЗИЙБААТАР “МОНГОЛЧУУД”   хэмээх сонсдог түүхийн ном туурвин олны хүртээл болгоод байгаа. Арбулаг сумаас төрж гарсан эрдэмтэн, доктор, профессорууд гээд оюунлаг хүмүүсийг бүгдийг энэ нийтлэлдээ   багтаах боломжгүй юм. Цөөн хэдэн төлөөллөөс цухасхан дурдахад ийм ажгуу. МУБИС-ийн багш, доктор Д.ОДГЭРЭЛ  л гэхэд Япон улсад цол хамгаалан шинэлэг санаа дэвшүүлэн эрдэмтдийн анхаарлыг татаж буй. Мөн ХААИС-йн багш, докторД.ДЭЛГЭРЖАРГАЛ “Богино эргэлттэй улиас моддын анхдагч бүтээмж тооцоход математик загвар ашиглах нь “ гэсэн бүтээл төрүүлж, алс холын Америкт цол хамгаалж нутгийнхаа нэрийг дуурсгаж явна. Ш.БАТ-ӨЛЗИЙ, И.ОТГОНЖАРГАЛ  гээд олон залуус  Арбулагаас гаралтай  Монголынхоо  сор болсон оюунлагчуудын  “шийрийг  хатаах”   чансаатай эрдэмдийн буухиаг  үргэлжлүүлж байна.

Зарим сумд бөхчүүд, хөдөлмөрийн аваргуудаараа  бахархдаг бол Арбулагийн сургууль  яах аргагүй оюунлагчуудыг төрүүлдэг  өлгий гэдгээрээ   бусдаас онцгойрч тодордог юм.

  Хөвсгөл аймгийн Арбулаг сум  бусдаас бузгай содонгоороо ялгараад байхааргүй ч  бор толгодын сүүдэрт нь бодол эгшээдэг,  тарган нуурынх нь  хөвөөнд тухлан суугаад алжаалаа тайлдаг, Цагаан чулуутын овоонд гарч хийморио сэргээдэг байгалийн өвөрмөц тогтоцтой, энергийн урсгал ихтэй газар билээ. Магад ч үгүй  Хотгойдын шадар ван Чингүнжавын эрхий хурууг оршуулсан, хотгойд түмний сэтгэлгээний эрч хүч хуримтлагдсан  газар болохоор тэмцэгч шинж чанар цусанд шингээстэй, тэмүүлэл, зорилготой ихтэй байдаг ч  байж  мэднэ. Ийм л нэг буйдхан  газраас Монголдоо төдийгүй дэлхийд данстай эрдэмтэд төрөн гарсан билээ.

Сургууль гэдэг эрдэм сурах ундарга нь болж олон хүүхдийг оюунлаг замнал руу хөтөлдөг их өргөө билээ.  Ч.Дагвадорж найрагчийн нүдэндээ нулимс цийлэлзүүлэн “Арбулагийн оюунлагчуудын “Толгой, цээж, сүүл” тасрах учиргүй. “Сүүл” нь  улам урт байгаасай гэж эрдэм шинжилгээний хурлыг хааж хэлсэн  үгээр энэхүү нийтлэлээ өндөрлөе.

 

Сэтгүүлч Дугарын Доржпагма 2015.04.27

Шөвгийн дөрвөн бөх нь тодорхой болсон гэх зэрэг асуудал гарчээ
Шөвгийн дөрвөн бөх нь тодорхой болсон гэх зэрэг асуудал гарчээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.