С.Сарантуяа: Энгийн хэрнээ үнэ цэнэтэй зүйлийн нэг нь хайр
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
7 минут 46 секунд
С.Сарантуяа: Энгийн хэрнээ үнэ цэнэтэй зүйлийн нэг нь хайр

С.Сарантуяа: Энгийн хэрнээ үнэ цэнэтэй зүйлийн нэг нь хайр

Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Үгүйлэгдсэн хайр” уянгын драмын жүжиг нь цаг мөч элэгдэх тусам хүний тухай, хүн хүнээ үгүйлэх, хайрлах, энэрэх сэтгэл хомсдож буйг сануулах шиг. Үзэгчдэд ухаарал, сургамж хайрласан энэхүү жүжиг УДЭТ-т нээлтээ хийв. Жүжгийн талаар Ардын жүжигчин С.Сарантуяатай ярилцлаа. 

-Юуны өмнө танд энэ өдрийн мэндийг хүргэе. Тантай уулзаж, ярилцах амаргүй юм? 

-Баярлалаа. Жүжгийн бэлтгэл, нээлт гээд ойрд их л завгүй явна. Ямартай ч танай сонины уншигчдад энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. 

-Нэгэнт уулзсаных танаас хувийн амьдрал болон уран бүтээлийн тань талаар асуух хэд хэдэн зүйл байна. Татгалзахгүй юм байгаа биз дээ? 

-Хувийн амьдралынхаа талаар нэг их ярихыг хүсэхгүй байна. Энэ удаад хоёулаа зөвхөн уран бүтээлийн талаар л ярилцъя. 

-Хайр бол мөнхийн сэдэв. Бас олон янз байдаг шүү дээ. Гэхдээ театрын уран бүтээлчдэд яг ямар хайр нь үгүйлэгдэв ээ? 

-Уран бүтээлч хүний хувьд надад нэг л зүйл бодогдож байна. Нийгэм маань асар хурдтай хөгжиж байна. Мэдээж энэ нь сайн хэрэг. Гэвч энэ их хөгжлийн дунд хүн гэдэг амьтан хамгийн ойр байдаг энгийн зүйлсээ орхигдуулсан байх юм. 

-Юуг тэр вэ? 

-Өнөөх мөнхийн сэдэв болсон хайрыг. 

-Тийм гэж үү? 

-Өнөө цагт хүн хүнээ жинхэнэ утгаар нь хайрлахаа байж. Аливаа зүйл энгийн байх тусмаа үнэтэй байдаг. Тэрхүү энгийн хэрнээ үнэ цэнэтэй зүйлийн нэг бол хайр юм. Жишээлбэл, гэр бүлийн хүрээнд, хамт олон болон найз нөхдийн дунд ямар хайр үгүйлэгдэж байна вэ. Тэр ч бүү хэл, эх үрийн дунд хийгээд эр хүн гэр бүлээ элэг бүтэн байлгахад ямар хайр үгүйлэгдэж байгааг театрын хамт олон олж харсан. Шуудхан хэлэхэд эмзэглэсэн гэх үү дээ. 

-Тэрхүү эмзэглэлээсээ үүдэж Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Үгүйлэгдсэн хайр” уянгын драмын жүжгийг тайзнаа дахин амилуулж байгаа байх нь ээ? 

-Тийм ээ, энэхүү жүжгийг гурав дахь удаагаа тайзнаа амилуулж байна. Анх 1988 онд Э.Санчигдан найруулагч УДЭТ-ын тайзнаа “Үгүйлэгдсэн хайр” жүжгийг толилуулж, мэргэжлийн судлаачдаас өндөр үнэлгээ авч байсан. Үүнээс хойш 2005 онд Соёлын тэргүүний ажилтан, найруулагч Ч.Түвшин дахин амилуулж, театрын дунд үеийнхэн тоглосон түүхтэй. Энэ удаад Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж найруулан тайзнаа дахин тоглож байна. Жүжигт өнөөгийн нийгэмд үгүйлэгдэж байгаа тэр л хайрын тухай өгүүлнэ. 

 -Үзэгчид “Үгүйлэгдсэн хайр”-аас хэзээ, хаана ч юм гээж орхисон хайраа олж авч чадах болов уу? 

-Итгэж байна. Үзэгчид маань нэгийг бодож, нөгөөг тунгаавал уран бүтээлч бидний хүсэл, зорилго биелэх нь тэр. 

-Та 2005 онд энэхүү жүжигт тоглож байсан. Энэ удаа та хоёр ч дүр дээр ажиллаж байгаа харагдлаа? 

-Би энэхүү жүжгийг 2005 онд тайзнаа тавихад Үйлдвэрчний хорооны даргын дүрийг бүтээж байсан. Энэ удаа ээж, үл таних эмэгтэй гэх хоёр дүр дээр ажиллаж байна. 

-Уучлаарай, нэг зүйлийг зориуд асуух гэсэн юм. Үнэхээр сайн жүжгийн зохиол олдохгүй байгаа хэрэг үү? 

-Ямар утгаараа билээ. 

-Яах вэ дээ, өнгөрсөн жил “Нора” жүжгийг сэргээн тоглосон. Гэтэл энэ жил “Үгүйлэгдсэн хайр”. Үзэгчдийн дунд “Сайн жүжгийн зохиол гарч ирэхгүй байгаа болохоор хуучин жүжгээ сэргээн тоглож байна” гэх яриа гарсан байдаг. Театрын ахмад уран бүтээлчийн хувьд үүнд ямар бодолтой явдаг вэ? 

 -Хоёр талтай л даа. Яах вэ, нэг талаараа тэгж ойлгож болох. Ер нь бол аливаа театрын оршин тогтнох үндэс нь сайн жүжиг л байдаг. Жүжиг, жүжиг бас дахин жүжиг гэдэг шүү дээ. Үнэхээр сайн жүжгийн зохиол байж, сайн найруулагч, жүжигчин, тайзны зураач, хөгжмийн зохиолч төрнө. Театрын бүтээл хамтын хүчээр бүтдэг. Энэ олон цогц мэргэжлийн шаардлагыг хангасан, мэргэжлийн театрын өнгө төрхийг илэрхийлсэн том хэмжээний жүжгийн зохиол үнэхээр ховор байгаа нь үнэн. 

-Тантай үзэгчид тайз болон дэлгэцийн уран бүтээлээр нь олон удаа уулзсан. Ихэнх дүрийг тань мэднэ. Гэхдээ яагаад ч юм, хамгийн сүүлд “Аав” уран сайхны кинонд “Мөөм” ээжийн дүр бүтээсэн нь үзэгчдийн сэтгэлд илүү хүрсэн юм шиг? 

-Баярлалаа. Манай театрын жүжигчид болох Г.Эрдэнэбилэг, Ц.Цэрэнболд хоёр надад санал тавьсан. 

-Уран бүтээлч хүн ямар ч санал орж ирэхэд хамгийн эхэнд зохиолтой нь танилцдаг байх. Анх зохиолоо уншиж байхад юу нь танд таалагдсан болоод “Мөөм” ээжийн дүрийг бүтээхэд хүрэв ээ? 

  
-“Мөөм” ээж гэж дүрд өгсөн нэр нь л надад таалагдсан. Зохиолоо анх уншаад сэтгэлд буусан өөрийнхөө дүрийн саналыг хэлсэн. Өөрөөр хэлбэл, “Мөөм” ээжийн дүрийг одоо дэлгэцэд байгаагаар нь гаргах саналыг хэлсэн юм. Зохиолд нь анх ингэж тусгаагүй. 

-Үнэн үү. Тэгэхээр “Мөөм” ээжийн дүр таны санаа байх нь ээ? 

-Тэгж ойлгож болно. Тэд ч маш сайхан хүлээж авсан. Миний саналыг хүлээн зөвшөөрсөн учраас би кинонд нь тоглосон. Таны хэлснээр үзэгчдийн сэтгэлд хүрсэн шиг байна лээ. Үнэхээр баяртай байна. 

-Ингэхэд театрын хамт олон хөдөө орон нутгаар аялан тоглолтоор яваад ирсэн. Энэ жил нэлээн өргөн бүрэлдэхүүнтэй явах шиг боллоо? 

-Уран бүтээлчдээс гадна арын албаныхан гээд 74 хүний бүрэлдэхүүнтэй Дархан, Сэлэнгэ, Эрдэнэт хотоор явж, соёлын үр түгээгээд ирлээ. 

-Та бүхнийг орон нутгийн үзэгчид хэрхэн хүлээж авав? 

-Маш сайхан хүлээж авсан. Үнэхээр сэтгэл хангалуун үлдлээ. Тоглолт болгон дүүрэн үзэгчтэй байлаа. Энэ удаагийн аялан тоглолт их онцлогтой л доо. Төвийн театрын тайзнаа тоглож байгаа том хэмжээний жүжгүүдээ авч явсан. Өөрөөр хэлбэл, “Тэнгэрийн хүү” түүхэн жүжгээ авч явлаа. Үүнээс улбаалан бид жүжгийн шаардлагыг хангахуйц том тайзтай газар хэзээ л бол хэзээ очиж тоглож чадах юм байна гэх бодол төрсөн. Нөгөөтэйгүүр, ийм том хэмжээний жүжгээ аль болох хөдөө орон нутгаар авч явж байх хэрэгтэй санагдсан. 
 

А.Энх-Aмгалан: Бид залууст хандсан нэвтрүүлэг түлхүү хийхээр арга барилаа өөрчилж байгаа
А.Энх-Aмгалан: Бид залууст хандсан нэвтрүүлэг түлхүү хийхээр арга барилаа өөрчилж байгаа
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.