Хурц гэж хэн бэ?
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, геологич Ч.Хурц гэхээр мэдэхгүй хүн ховор биз ээ. Түүнийг сайн таних нэгэн Ч.Хурц жинхэнэ геологич хүн. Маш хөдөлмөрч, хатуу хүтүүг туулах зориг зүрхтэй, өөрөө мэргэжлийнхээ хувьд өндөр чадвартай болохоор бусдад бууж өгдөггүй тэр чанар нь мах цусанд нь шингэсэн мэт байдаг гэж хэлсэн.
Сайн хөрснөөс өвс ногоо хэрхэн ургадагийг номтой мэргэд төдийгүй жирийн малчин ардууд ч байгалийн шинжээч зөнгөөрөө мэдэхийн дээдээр мэднэ. Тэгвэл Монголын нэгэн малчин айлын хөвүүн мэргэжлийн геологич болсон нь нэгэн ёсны буян заяа гэлтэй. Ч.Хурцыг ижийнхээ гэдсэнд байхад аав нь төрсөн дүүдээ өргүүлсэн сонин намтартай юмсан билээ. Тэгээд айлын танхи ганц хүү болж өссөн ч гэлээ аргал түлш түүх, адуу малын эрэлд явах гээд хөдөөнийхний хар бор ажлын дунд эр биед хүрсэн гэдэг. Эндээс л энэ хүний амьдралд “Чи л хийхгүй бол чамд хүн хийж өгөхгүй ээ” гэсэн нэг алтан зарчим тогтож. Сургуульд орж аймгийн арван жилийг онц дүнтэй дүүргэж гадаадад суралцах эрх авсан гэх. Мэргэжлээ сонгох болоход аав, ижий нь геологич гэдэг хүн чинь газар шороо ухаж лус савдаг хилэгнүүлдэг онцгүй ажил гэж хэлж байсан ч Ч.Хурцад нэг бурхан геологич болоорой доо гэж шивнэсэн юм гэнэлээ л.
Ингээд Сүхбаатар аймгийн Халзан сумын өссөн нутгаасаа гарч нар, сарны дор нэг л олдох амьдралаа Монголын төлөө гэж эрслэн боссон хүний нэг. 1963 онд сургуулиа төгсгөж Москвагаас ирээд геологи шинжилгээний газар хэлтсийн дарга болж, таван жилийн дараа Түлш эрчим хүч, геологийн яам байгуулагдахад 30-хан настайдаа орлогч сайдаар томилогдсон. Дараа нь яам хуваагдахад жинхэнэ сайд болсон.
Дараа нь Зөвлөлт Холбоот Улсад суух Монголын Элчин Сайдын Яаманд зургаан жил уул уурхай хариуцсан мэргэжилтэн. Ирээд Техникийн Их Сургуулийн дэргэд инженерийн мэргэжил дээшлүүлэх төвийг байгуулж дараа нь Геологийн хүрээлэнд захирал болсон. Сүүлд УИХ-ын гишүүн байсан. “Дорнод, Төв Монголын цагаан тугалга, гянтболд, алтны шороон ордын байршил, зүй тогтол” гэсэн сэдвээр геологи-минералогийн ухааны докторын зэрэг хамгаалсан. Газрын баялаг гээд ярьвал ухаад дуусашгүй ихийг нээсэн, бүтээсэн гээд бичээд баршгүй баялаг намтрын эзэн хүн л дээ.
Тийм болохоор геологич Ч.Хурцын туулсан амьдрал тэр чигээрээ Монголын геологийн салбарын түүх болой.
Эрдэнийн чулуу өнгө алддаггүй гэж Хурц гуай хэлсэн. Түүн лүгээ өөрөө геологийн салбартайгаа чацуу өндөр насыг зооглосон ч идрийн золбоогоо алдаагүй геологио ярьсаар явна.
Ч.Хурцаас өмнөх үе буюу нэг дэх бүлэг
-Геологийн шинжлэх ухаан гэдэг ер нь ямар ухагдахуун юм бэ гэдгээс танаас хариулт сонсмоор байна?
-Геологи гэж улс орны газар зүйн тогтоц үе, үүсэл түүнтэй холбогдож болох өөрчлөлтүүдийг судалдаг маш том нийлмэл шинжлэх ухаан юм. Ойролцоогоор нийт 60 орчим салбар аргачлалтай гэж болно. Түүнээс хэн хүнгүй мэдэх нь геофизик, геохими, гидрогеологи, геодиз гэж бий. Цаашлаад палентологи, стратеграфи, геотектоник, геодимамик гээд бие даасан шинжлэх ухаан хөгжиж байна. Шинжлэх ухаан техникийн дэвшилтэй уялдаад газар нутгийн гарал, үүслийг маш нарийн судалдаг шинэ салбарууд гарч ирж байна. Геологийн судалгааны ажлын эцсийн үр дүн нь ашигт малтмалын ордын нөөц байдаг.
Геологи гэж ямар ухагдахуун юм бэ гэж өөрөө асуусан. Тэгвэл хамгийн ойлгомжтой хэлбэрээр хэлэх юм бол Монгол нутаг ер нь ямар баялагтай юм. Үүнийг ашиглавал ашиг нь юу юм, тэр нь улс орны эдийн засагт хэр өгөөжтэй байх юм. Байгаа нөөц нь ямар байна. Түүнийг хэдэн жил ашиглах боломжтойв. Энэ бүхнийг геологийн шинжлэх ухааны хүчээр тооцоолж гаргадаг.
-Тийм бол энэ шинжлэх ухааныг хөдөлгөгч хүч нь геологичид гэж болноо доо.
-Өөрөө геологичид гэж хэн бэ гэж асуухнээ дээ янз нь. Энд би нэг сонин тайлбар хэлье.
Геологич хүн гэж гээсэн юм байхгүй мөртлөө нар мандахаас үдшийн бүрий болтол алхаж явахдаа тувт юм эрж хайж явдаг гэдэг. Сонирхолтой нь өнөөдөр маршрутаар явахдаа өчигдөр олсон чулуутайгаа тааралдахгүй огт өөр олдоц олно.
Тэгэхээр геологич хүн мэргэжилдээ яагаад сонирхолтой байдаг юм бэ гэдэг нь үүгээр харагддаг. Дандаа шинэ юм олж, шинэ мэдээлэл цуглуулж явдаг болохоор бас шинэ нээлт хийх юмсан гэсэн бодол геологичдод байдаг юм. Геологийн мэргэжил хүний сэтгэхүйг их дайчилдаг. Хүнийг хөгжүүлдэг ч гэж болно. Тиймээс энэ шинжлэх ухааныг эзэмшсэн хүн тэндээсээ холдох дургүй болдог. Насан туршдаа мэргэжлийнхээ төлөө явна гэсэн үг. Тухайлбал мань мэтийн хүмүүс.
-Геологич хүн улс орныхоо хөгжлийг олон арван жилээр урьдчилан хардаг гэдэг. Тэгэхээр их өргөн мэдлэгтэй байх шаардлагатай гэсэн хэрэг үү?
-Бүхнийг мэддэг гэсэн үг биш л дээ. Харин жаахан цартайгаар сэтгэдэг. Нэг үгээр хэлбэл төмрийн хүдэр оллоо гэе. Тэгвэл төмрөөр юу юу хийж болох тухай бодож таарна даа. Цаашлаад төмрөө сайжруулахын тулд марганц, гянтболд, хром, молебдин гээд ховор элементүүдийг олох хэрэгтэй болно. Тэгээд олсон ашигт малтмалаа орд болгохын тулд маш өргөн судалгааны ажилдаа орно.
Монголд байхгүй ашигт малтмалын төрөл гэж бараг л үгүй дээ. Энэ нь геологчдод улс орны хэмжээнд нөлөөлөх сайхан боломж. Гэхдээ аль нэг ашигт малтмалын гүн боловсруулах үйлдвэртэй болсон тохиолдолд геологичдын хөдөлмөрийг төр засаг ч, жирийн иргэд ч үнэлдэг болно л доо.
-Монголын геологийн салбарын 80 жилийн ой энэ онд тохиож байна. Тэгэхээр 1930-аад онд эхлэл нь тавигдсан байхнээ?
-1939 он бол Монголын хувьд асар их онцлогтой жил. Халхын голын дайн болж байлаа. Энд би геологид хамаатай жишээ яръя. 1945 он эх орны дайны жил. Хоёр өндөр хөгжилтэй улс дайтсан. Герман гэхэд цөмийн зэвсэг үйлдвэрлэх түвшинд хүрсэн улс байлаа. Тухайлбал нүүрснээс тос гарган авч хоригдлуудыг тэжээж байж. Үйлдвэрлэлийн техник, технологиор дэлхийд өрсөлдөхүйц орон байв. Энэ нь Гитлерийн хүч биш геологи, уул уурхайг хөгжүүлэх шинжлэх ухааны эрдэмтдийн том бүлгүүд бий болжээ тэнд. Тэгвэл ийм хүчтэй улсыг ЗХУ яагаад ялсан бэ гэвэл барс ирвэс гэдэг танк бий болгосон нь хүчийг нэмэгдүүлсэн. Чи яагаад дайн яриад ойчив оо гэвэл уул уурхайг хөгжүүлэх нь улс орныг хүчирхэг болгодог юм шүү гэдгийг хэлэх гэсэн минь энэ. Оросууд ДТ-54 тракторыг танк болгож өөрчлөхдөө хуягийг нь гянтболд агуулсан гангаар хийсэн. Тэр нь барс ирвэс. Энэ нь Герман танкнаас илүү гарч ирсэн. Ялалтанд ч нөлөөлсөн гэдэг. И.В.Сталины өгсөн үүрэгт Стратегийн түүхий эд гянтболдыг /Вольфрам/ хаа байгаа газраас нь өртөг үнэ харгалзахгүй ав гэсэн байжээ. Мөн үед Оросын геологичид Сибир, Байгалийн чанд руу зүүн тийм Чита өнгөртөл гянтболдын эрэлд гарсан байв.
Одоо гэхэд бууны гол төмөр, төмөр замын рейс, вагоны дугуйг марганцаар хулдсан гангаар хийж байна. Энэ бүхэн геологичдын ажлын үр дүн юм даа.
-Та Монголын геологийн салбарын үндэс суурь хэзээ тавигдсан бэ гэсэн асуултад хариу өгсөнгүйеэ дээ?
-1939 оны наймдугаар сард Уул уурхайн үйлдвэрийн яамны дэргэд геологийн тасаг байгуулсан. Үүнийг Монголын геологийн салбарын үүсэл гэж үздэг. Түүнээс хойш 80 жил өнгөрч. Би ч геологийн салбартайгаа чацуутан юм байна шүү дээ.
-Өнөө үед геологичдын судалгааны гол чиглэл юу байна вэ?
-Сүүлийн үед хамгийн сонирхол татаж байгаа нэг зүйл бол нүүрснээс гаргаж авах хий. Тиймээс геологичид нүүрсний атомын бүтцийг задлах тийм элементийн эрэлд гарч байна.
Нүүрсийг түүхийгээр нь хэрэглэх хэрэгцээ бараг дуусч байна. Тэгэхээр 21 дүгээр зуунд нүүрсийг боловсруулаад хий болгоод, ус болгоод бас бордоо, шатахуун гаргаж авах юм. Энэ талаар Монголын эрдэмтэд ажиллаж эхэлж байна.
Геологичдын нээлт, судалгааны бүтээл улс орны хөгжилд хөтөч болно. Тиймээс геологичид сайн ажиллах ёстой. Ер нь сайн геологич гэж хэн бэ гэвэл номтой хүнийг л хэлнэ. Төгссөн сургуулиас авсан суурь боловсрол маш чухал л даа.
Өнөөдөр дэлхийн чөлөөт зах зээл ноёрхсон үед шинжлэх ухааныг загварчлах хандлага их байна. Энэ нь хялбарчилж байгаа хэдий ч судалгааны бүтээл бүхэн нээлт болж чадахгүй ээ. Монголын амьтан судлалын эрдэмтэд дэлхийд 20 гаруй динозаврын төрлийг нээгээд байна. Тэр ч байтугай динозаврынхаа генетикийг судалж байна. Геологичид чулуулгийн насыг тогтоох шинэ нэр томъёо ашигладаг болсон.
-Монголын нутаг дэвсгэрт хийсэн хайгуул, судалгаанд Оросын геологичдын хувь нэмэр ер нь их биз?
-Ер нь Монголын нутагт анх ашигт малтмал дуугарсан хүмүүс бол Оросын геологичид юм шүү дээ. Жишээлбэл 1932 онд Оросоос хоёр том экспедиц орж ирсэн байдаг юм. Баруун Монголын чиглэлээр Баян-Өлгийн Цагааннуурын Заставыг дамжаад 160-аад хүнтэй, Хиагт чиглэлээр 50-60 хүний бүрэлдэхүүнтэй экспедиц ирсэн.
Тэд Төв Азийн геологийн тогтоцын зангилаа нь Монгол байна гэж тогтоосон байдаг. В.А.Обрачёв гуай хэлэхдээ Төв Азийн Алтай, Тынь-шин, Урал Памирын уулархаг нутгийн үргэлжлэлийг судлах асуудал зайлшгүй шаардлагатай юм гэж байж. Тэгвэл алс Дорнодод ажиллаж байсан геологчид нь ашигт малтмалын хоёр том бүтэц Монголын нутагт уулзаж байна гэж түүний үгийг баталсан байдаг. Бас Монголын нутагт байгаа чулуулгийн нас 1,1 тэрбум жил, тэр нь далайн ёроолын чулуулгаас үүсэлтэй гэжээ.
Тэгвэл бас С.С.Смирнов –Оросын алс Дорнодын бүс буюу агнуурын тэнгис орчмын алтны хүдэржилт Монголын нутагт 400-гаад км үргэлжилж байна гэсэн байдаг. Энэ нь одоогийн Заамар мэтийн алтны ордууд үүссэн түүх.
-Тэр 1930-аад онд Монголд ажилласан Оросын геологичид янз бүрийн ашигт малтмалын орд нээсэн л байдаг биз?
-1932 онд Хиагтаар дамжиж орсон ирсэн экспедицийг Үсува гэдэг эмэгтэй геологич ахалж байсан. Тэр хүн геологийн судалгааны түүхэнд Шарын гол, Төмөртэй хоёрыг нээснээр тэмдэглэгдсэн. Харамсалтай нь геологийн тайландаа Сайры го, Төмөру гэж бичсэн учир өнөөдөр өнөөдөр тэдгээр газрыг нээсэн хүнийг тэр хүн гэж тодорхойлж өгөөгүй. Нарийн үзвэл өөр хүн нээсэн тухай бичигдсэн байгаа байлгүй дээ.
-Тухайн үед Монголд геологич мэргэжилтэй хүн байсан болов уу?
-Монголын анхны геологич хэн бэ гэвэл Ж.Дүгэрсүрэн гэж хүн байсан юм. Тэр хүн Москвад сургууль төгсөөд 1939 оны дундуур ирсэн гэдэг юм. Харин түүнийг энд тэндхийн тагнуул туршуул гэж өөлж хэлмэгдүүлж үйлийг нь үзсэн юм билээ. Гадаад оронд сургууль төгсгөсөн мэргэжил эзэмшсэн болгон шахуу л ийм замаар орж байсан цаг.
Дараа нь Цэвэл гуай, Нацаг-Юм, Лувсанданзан гээд хэд хэдэн геологич эрдэмтэн байсан юм билээ. Гэхдээ тэр үед манай эрдэмтдийн хийсэн нээлт гэж байхгүй.
-Геологичдыг яг системтэйгээр бэлдсэн үе гэж байна уу?
-1960-аад оны эхээр 25 хүн мэргэжлээрээ төгсөж ирсэн нь геологичдын бүхэл бүтэн арми бий болсон цаг юм. Чех, Оросоос тус бүр долоо, Хятадаас нэг, дотоодын сургуулиас 11 хүн төгсөж ирээд ажилд хуваарилагдаж байсан. Тэдний нэг нь би. Яаманд хэлтсийн дарга болж байлаа.
Бидний өмнө Москвагийн геологи хайгуулын дээд сургуулийг Р.Барсболд, Ж.Лхамсүрэн болон өрмийн ангийг Цэвээнжав, гидрогеологийн ангийг Цэрэнжав, Лувсандорж, Ойдов нарын нөхөд төгсгөөд ирсэн юм.
Ч.Хурцын үе буюу хоёр дахь бүлэг
-Та уул уурхайн яаманд хэлтсийн дарга болоод ажлаа юунаас эхэлсэн бэ?
-Өө тэр үед геологийн ийм тийм нээлт, судалгаа гэж нэг их юм байгаагүй ээ. Уран, болорын хайгуул л хийгдэж байсан үе. Тиймээс өнөөгийн Монголд ийм юмаар оролдох цаг биш. Уран гэдэг чинь асар их радиац үүсгэдэг, буруу ашиглавал хамгийн аюултай эд. Яагаад гэвэл ураны хаягдлыг хадгалах метрийн зузаантай цементийн сав хэрэгтэй. Энэ нь манайд байхгүй. Хоёрдугаарт уран ашигладаг орнуудын хооронд байгуулсан конвенц гэж байна. Үүнийг баримтлах учиртай. Иймээс би ураны хайгуулыг зогсоох нууц захидлыг Намын Төв Хороонд бичиж байлаа.
Бас даралттай болорын хайгуулыг ч манайд хэрэггүйг хэлсэн. 1975 онд ЗХУ өөрийн хүч хөрөнгөөр Мардайн ураны ордыг нээгээд байсан юм. Нээсэн геологич нь Түдэв гэдэг монгол хүн одоо байгаа. Ганцхан Мардай биш Дорнод нэг, Гурванбулаг гэсэн ордууд байсан. Гэхдээ манайд хэрэггүй юм л даа. Тиймээс би эдгээрийн хайгуулыг зогсоосон. Уг нь социалист орнуудын хэмжээнд бол Атомын цахилгаан станц барьж эхэлсэн гээд ураны эрэлт байсан л юм.
-Уран үнэнхүү хортой л гэдэг…
-Ураны хорын тухай ярьвал хэцүү эд шүү дээ. Шар нунтгийг гаргаад ирэхэд агаарт ради гэдэг туяа үүснэ. Энэ туяа нь 3, 8 хоногийн дараа газрын гадарга дээр цацраг идэвхт тундас болж хөрсөнд суудаг.
Энэ нь асар олон жил хадгалагддаг. Тухайлбал Сүхбаатар аймгийн Өлзийтийн хүрэн нүүрсэнд ураны агууламж асар их байгаад хаагдсан удаатай. Түүнээс 50 жилийн дараа хор уршиг нь төрсөн хүүхэд генийн өөрчлөлттэй байсан гээд боддоо.
Даралтат болорын хувьд долоон тоннын ганцхан том талст байсан юм. Түүнээс арай бага гурван тонн нь 1966 онд Геологийн яам байгуулагдахад үүдэнд нь байсан. Одоо алга болсон.
-Та зогсоох юмаа зогсоож л дээ. Харин шинэ юм олох, нээх талаар хэрхэн ажилласан бэ?
-Юуны өмнө өнгөт металийг илрүүлэх, орд нээх нь чухал гэж би үзэж байлаа. Иймээс геологичиддоо хаанаас юу олно. Надад шууд мэдэгд гэсэн чиглэл өгч байлаа. Тиймээс ч Хурцын үеийн геологчид хамгийн олон орд нээсэн байдаг юм л даа. Намайг Уул уурхай, геологийн яаманд ажилласан хугацаанд Монголын геологичид 1500-гаад тайлан, 1200 орчим төсөл боловсруулсан байдаг юм.
-Та өөрөө геологичийн хувьд асар олон орд нээсэн бас нээлцсэн баялаг намтартай хүн шүү дээ.
-Би 1960-1990 оны хооронд хийсэн бүтээснийхээ төлөө Хөдөлмөрийн баатар боллоо гэж боддог. Эрдэнэт, Цагаан суварга, Цайрт менираль, Бор-Өндөр, Хар-Айраг, Заамар, Бороогийн алт зэрэг бүлэг ордуудыг миний үед нээсэн дээ. Монголыг өнөөгийн хөгжилд хүргэсэн, нийгмийг тэжээж байгаа салбар бол геологийн салбар мөнөөс мөн.
-Таны геологич болсноор анхны нээлт чинь юу вэ?
-1963 оны VIII сард Дорноговь аймгийн Мандах сумын Насандэлгэр гэдэг хүн надад Цагаан суваргын ордын тухай хэлж өгсөн. Энэ үед би геологи шинжилгээний газар хэлтсийн дарга байсан юм. Тэр өвгөнд байсан нэг чулууг үзлээ. Бас гайгүй сонирхол татсан. Гэтэл бас Цагаан суваргыг зарж “Хоньчин” хийдийг бариулсан юм “Би тэгэхэд жаахан хүүхэд байв. Тэндээс шороон будаг авч байсан гэдэг юм. Тэгээд л нөгөө өвгөнтэй чинь явлаа. Цагаансуваргад очлоо. Үзвэл чулуу болгон зэсийн илрэцтэй гоё гоё эрдэнийн чулуу жалга дүүрэн. Зүүн овоо руу гарсан бас зөндөөн. Тэндээс авсан чулууны олдворуудаа авчраад Оросын геологчдод үзүүлсэн чинь зэсийн орд байна гэж олзуурхсан.
Тэгээд 1964 онд уг ордод судалгаа явуулах ажлын төлөвлөгөөг 31 сая төгрөг зарцуулахаар хийж яаманд өглөө. Ийм юм байхгүй ээ. Зардлыг хас гэж байна. Арга ч үгүй байх тухайн үед геологид зарцуулах төсөв 9,2 хон сая төгрөг байсан юм чинь. Дараа нь Цайрт менеральд Унгарын геологчид ажиллаж байхад ба дэргэд Салхитын ордыг олсон юм. Эрдэнэт, Бор-Өндөрийн баяжуулах үйлдвэрийг байгуулах үед би энэ салбарыг удирдаж байсан.
-Эрдэнэт дээр гадаадын геологичидтой нэлээн юм болж зөрөлдсөн гэдэг биз?
-Тиймээ. Тэнд ажиллаж байсан Чехийн геологчидтой санал сүрхий зөрөлдсөн.
Тэд 135 метр тус бүрт өрөмдлөг хийнэ гэсэн юм. Тэгэхээр нь би. Үгүй ээ. 800 метрийн зайтай эгнээ шугам тавья. Нэг шугам дээр 400,400 метрийн зайтай 3-4 цооног өрөмдөе гэлээ. Чехийнхэн зөвшөөрсөнгүй. Тэгэхээр нь “За тэгвэл та нар буц даа, миний аргачлалаар хийвэл хий, үгүй бол ажлаа зогсоо” гээд тавьчихсан. Сүүлд нь минийхээр л болсон доо. Чехийн геологичид яамны орлогч сайдаа хүртэл дуудаад миний саналыг няцааж чадаагүй юм. Эцэст нь би хайгуулын ажлын явцад гарсан зардлыг эрсдэл гарвал өөрөө хариуцна гэсэн протоколд гарын үсэг зурж маргааныг дуусгасан. Миний дэвшүүлсэн санаа зөв нь хожим нь батлагдсан л даа. Эрдэнэтийг жилд 16 сая тонноор 40 жил ажиллана гэж тооцоолсон. Одоо 40 жил нь болчихлоо. Гэтэл дахиад 60 жилийн нөөц байна гэж байгаа шүү дээ. Эхлэл нь зөв юм ингэж амжилтад хүрдгийн жишээ энэ. Дараа нь Зүүнцагаан дэлийн форфорын гурил үйлдвэрлэдэг ашигт малтмалыг олсон. Тэнд хайгуулын ажил эхлүүлэх үеэрээ Оросоос форфорын мэргэжилтэн урьдаг юм.
Намаржин л ажил болов. Гэтэл Оросын геологичид хэлж байна аа. Бид Хөвсгөл дэхь ордыг сонирхмоор байна гэв. Тэр дагуу экспедиз зохион байгуулж явуулсан. 1965 оны сүүлчээр Бүрэнхаан, Жанхай, Майхан давааны гээд гурван орд нээлээ гэлээ. Очиж үзлээ. Тэгээд л тэнд дэд бүтцийн ажил эхлүүлэхээр болж байлаа.
-Таны шийдвэрээр баруун Монголд геологийн том экспедиц байгуулсан гэдэг байхаа
-Тиймээ. Миний нээсэн гурав дахь том орд бол /1980 онд/ алсдаа баруун Монголын хөгжлийн хөтөч Чарганц дахь марганцын орд. Тэндхийн 64 цэгээр орж үзлээ. Экспедиц байгуулах газраа ч аймгийн дарга нартай зөвшилцөж товлосон. Тэгээд геологчиддоо сануулга өгсөн “За та бүхэн хайгуулаа зөв хийгээрэй. Ийм ордын аргачлалыг өрмөөр хийж болдоггүй юм шүү, зөвхөн уурхайгаар хийдэг юм гэж захиад тооцоог нь хийж үзэхэд 7.4 сая тонн марганцын нөөцтэй гэж гарсан. Марганцын орд сая тонноос давбал том ордод тооцдог дэлхийн жишиг байдаг юм. Уг төслийн дагуу 1916 оноос хойш Баярсайхан гэдэг залуу хайгуулын ажлыг удирдаж дуусгахдаа хоёр ордыг нэмж олоод нөөцийг 8.2 сая тонн гэж тооцоолсон байналээ. Тэгэхээр миний хувьд эх суурийг нь тавьсан энэ ажлаа үр дүнд хүргэчих юмсан гэж бодож байна. Энэ гайхамшигтай ордыг ашиглаад эхлэвэл баруун бүс нутаг хөгжинө. Уг ордоос переселкон, перемарганц гэх хоёр түүхий эд гарна. Хамгийн сайн чанарын гангийн эх үүсвэр энэ л дээ. Тийм болохоор геологич Ч.Хурц гэдэг хүний Монголын геологид зүтгэсний нэг гол үр дүн болох юм.
Ингээд баруун Монголоос иртэл 1980 оны зургадугаар сарын 25-нд намайг “Үндэсний үзэлтэн, хүний үг хүлээж авдаггүй зөрүүд, Монгол Зөвлөлтийн найрамдлыг үгүйсгэгч” гэсэн хоч зүүгээд сайдын албанаас халчихсан. Гол учир нь Зэсийн үйлдвэр байгуулах талаар Намын Төв Хорооны нарийн бичгийн даргатай хэрэлдснээс л болсон юм билээ л дээ. Түүнээс биш Монголын геологийн салбар хөгжлийн шатандаа орсон, социалист хамтын нөхөрлөлийн орнууд өөрийн хөрөнгөөр олон улсын экспедиц байгуулах ажлаа эхэлчихсэн, урьд нь геологийн салбарт 9.2 сая төгрөгийн төсөв өгдөг байсан нь 100 сая гаруйд хүрээд байлаа.
Уул уурхай дагасан олон хот тосгон ид баригдаж бүх аймаг нүүрс түлштэй устай, барилгын материалтай болсон байсан юм. Бас 130-аад мянган баганат өрөмдлөг, 70 гаруй тууш цохилт өрмийн алтны хайгуул хийх ангиуд бий болсон тийм л байсан юм шүү.
-Танаас болж ЗХУ-ын болон гадаадын олон арван геологич, мэргэжилтэн нутаг буцсан тухай яриа гарсан гэдэг…?
-Уран, даралтат болорын хайгуулыг зогсоосноос болж Зөвлөлтийн олон геологич буцсан л даа. Тэгээд л Ч.Хурцыг ирснээс хойш гадаадын геологичид ажиллах боломжгүй байна гэсэн яриа гарсан байх. Би улс орныхоо язгуур, эрх ашгийн үүднээс бусадтай зөрөлддөг, маргалддаг л байсан. Тэрнээс биш юуны нь үндсэрхэх үзэлтэн, Монгол-Зөвлөлтийн найрамдалд тэрслэгч байхав. Геологийн салбарыг өөд татахын төлөө ёстой өдөр шөнөгүй л зүтгэж явсан даа. Үүнийг маань төр засаг болоод хүмүүс одоо л ойлгож байх шиг.
Ч.Хурцаас хойших үе буюу гурав дахь бүлэг
-Та сайдаас буугаад ямар ажилд очсон бэ?
-Монгол Улсаас ЗХУ-д суух Элчин Сайдын Яаманд мэргэжилтнээр очиж тэнд зургаан жил болсон. Зөвлөлтийн геологийн яамны сайд хүртэл намайг элчинд томилж өгөөч гэж санал гаргасан юм билээ л дээ.
Түүнээс биш манайхан надад сайндаа тийшээ явуулаагүй байх. Элчингээс ирээд Техникийн Их Сургуульд инженерүүдийн мэргэжил дээшлүүлэх тэнхим байгуулахад тэнд очсон. Нэг удаадаа 300-400 хүн суралцах боломжтой инженерийн сургалтын төв бий болгосон.
Тэгээд 1989 онд геологийн эрдэм шинжилгээний хүрээлэн байгуулагдахад тийшээ очсон. Захирал нь боллоо. Дараа нь Ардын Хурлын депутат болж Үндсэн хууль батлалцаад 1992 онд Сүхбаатар аймгаас нэр дэвшиж УИХ-ын гишүүн болсон. Эргээд ирэхэд геологийн хүрээлэнг тараачихсан Монголын геологи уналтад орчихсон, геологичид ажилгүй болсон байлаа.
-Өнөөгийн Оюутолгой, Тавантолгойн нөөц тогтоох, ажил мөн л таны үед хийгдсэн гэдэг байхаа?
-Тавантолгойг чинь бүр 1943 онд анхны геологич Дүгэрсүрэн гуай Марынов гэдэг хүн хоёр очиж коксжих нүүрсний том орд байна гэдэг үгээ хэлсэн байдаг юм.
Харин дараа нь бидний хийсэн хайгуул судалгаагаар 200 жилийн нөөц байна гэдгийг тогтоосон. Тэгвэл Оюутолгойг 1953 онд Оросын геологич Петрович гэдэг хүн анх нээж зэсийн илрэл найдвартай байна гэж үзсэн. Тэр хүн Хар толгойн полиметалийн ордыг нээсэн юм.
-Та 1990-ээд онд геологийн салбар уналтад орсон гэж хэлсэн. Ер нь одоо ч гэсэн геологи, уул уурхай хоёроо ялгахаа байсан юм биш үү?
-Геологи гэдэг үгээ өнөөдөр дутуу ойлгож байна л даа. Өнөөдөр манай энэ яаманд гэхэд сайн чадалтай геологич бараг алга. Яахав Эрдэмтэн Алтанхуяг гэж сайн геологич байх, ахлах геологич Баярхангай бас геологийн хэлтсийн Санчигдорж гэж нэг залуу байна. Өөр бусдыг геологич гэж би хэлж чадахгүй. Тиймээс Монголын геологичдын хийж буй ажлын үр дүн гэж алга. Геологийн алба үндсээрээ сөнөжээ. Ер нь Монголын хэдэн мянган геологичдын ажил хийх эрхийг С.Жасрайн Засгийн газрын үед үгүй хийсэн. Тухайн үед геологийн судалгааны ажилд мөнгө хаяхгүй бол цаашаа явахгүй гэдгийг ойлгох хүн тэр үед байсангүй ээ. Мөнгө байхгүй нэрээр геологичдоо ажилгүй болгоод томоохон ордуудаа гадныханд муугийн муу гэрээ хийсэн болж зүгээр шахам өгсөн.
-Манай ашигт малтмалын хуульд дэлхийд байхгүй нэг заалт бий. Энэ нь уул уурхайгаас олборлосон бүтээгдэхүүнийг зөвхөн тухайн лиценз эзэмшигч нь борлуулах эрхтэй гэж
-1994 онд Монгол Улсын ашигт малтмалын тухай хуулийг Б.Чимэд гуай бидний зургаан хүн хийсэн. Энэ хуулийн гол агуулга нь юу байсан бэ гэхээр ашигт малтмалын орд бол Монголын ард түмний өмч мөн гэдгийг баталгаажуулсан. Энэ өмчөө бусдад эзэмшүүлэхгүй гэсэн заалттай. Гэтэл уг хуульд манай төр, засгийнхан, зарим ажилтнууд тусгай зөвшөөрлийг эзэмшигч гэсэн үгийг орд эзэмшигч болгон засч будилуулсан. Түүний эзнийг нь ч би нэр зааж хэлж чадна. Хамгийн сүүлд Оюутолгойн гэрээ шиг юмыг батлах үед телевизэд би ярилцлага өгөхдөө –Өнөөдөр Оюутолгойг Монгол өөрөө эзэмших эрхгүй боллоо. Зургаан Эрдэнэт, дөчин Бороотой тэнцэх ордоо гадаадын зальжин нөхдөд зүгээр өгчихлөө. Айвенхоу Майнзын гэрээний дагуу Оюутолгойг ашиглах юм бол Монгол улс эдийн засгийн тусгаар тогтнолоо алдана. Ийм ордыг зөвхөн түрээслүүлдэг юм гэж хэлсэн бий. Яг л тийм болсон.
-Монгол Улс зөвхөн баяжуулах үйлдвэрлэлийн чиглэлээр ажиллах бодлоготой юм шиг байдаг. Энэ зөв үү?
-Эцсийн бүтээгдэхүүн хийх тухай ярих цаг болсоон. Гүн боловсруулах үйлдвэртэй болох шаардлага бий. Одоо Дорнод бүс нутагт өнгөт металлургийн үйлдвэр барих нь чухал байна. Өөрөөр хэлбэл Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймагт 21 илрэлийн зургаан орд байгаа. Дэлхийн хэмжээний ордууд юм. Хамгийн том нь Улааны орд гэж бий. Одоо хятадууд ашиглаж байна. Ашиглах гэж дээ. Баяжуулах үйлдвэргүй ердөө хүдэр чигээр нь зөөж байна. Үүнд хяналт тавьж байгаа газар алга. Төмөртэй гэж сая 200 тоннын нөөцтэй ордын түүний 66 хувийг мөн ачуулж гаргачихаад байж байна. Ард түмний мэдлийн өмч ингэж л үрэн таран болж байна. 1997 онд Америкийн хуульчдыг авчирч хуулиа хийлгэсэн дараа нь дараа нь хуулиа хэрэгжүүлэх заавраа тэднээр заалгасны гор гарсан байна. Энэ бол тухайн үеийн төр, засгийн буруу бодлогын алдаа юм даа. Харин Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарын стратегийн ордыг нэрлэ, хуулийг шинэчлэн батална. Ордуудыг ард түмэнд өмчийг нь буцааж өгнө гэж байгаа нь уг тун олзуурхууштай сонсогдож байгаа юм.
-Өнөөдөр төрийн бодлогын залгамж чанар алдагдлаа гэдэг. Нэг сайд нь гарч ирээд өмнөхөө үгүйсгээд шал өөр юм ярьдаг. Геологийн салбар сэргэхгүй байгаа нь ч үүнтэй холбоотой болов уу?
-Ойлгомжтой шүү дээ. Тийм л байгаа. Монгол төрийн уламжлалт ёс, залгамж хамгийн наад талыг нь хэлбэл Их Монгол Улсыг байгуулах үеийн түүх бий. Түүнээс харахад залгамж чанартай төрийн ёсыг авч явсан Монголчууд Орос Хятадын том гүрнүүд, Энэтхэг болоод Ойрхи Дорнодын улсуудыг бий болгосон шүү дээ. Энэ нь хууль эрх зүйн чанд дэглэмтэй төрийн бодлогын залгамж чанартай тийм Монгол улс байсны үр дүн гэвэл бараг гэмт хэрэгтэн болох гээд байх шиг.
-Хөвсгөлийн фосфорын ордыг ашиглах нь зөв байсан уу. Таны бодлоор…?
-Маш зөв байсан. Хөвсгөл далайн ёроол чинь тэр чигээрээ фосфорын хүдэр байгаа юм шүү дээ. Гэтэл юм мэдэхгүй, хийрхсэн хүмүүсийн үг хэлээс болж болиулсан нь буруу.
-Газрын тос боловсруулах үйлдвэр барих тухай 30-аад жил яриад саяхан нэг юм эхэллээ. Гэхдээ үйлдвэрээ барилаа гэхэд түүхий эдээ шийдсэн юм уу?
-Түүхий эдийн хувьд санаа зовох хэрэггүй. Үйлдвэртэй болсон цагт түүхий нефтийг Орос, Казахстан гээд хаанаас ч авч болно.
-За тэгвэл үйлдвэрээ барьчихаад Оросоос тосоо худалдаж авъя гэе. Гэтэл өөрт байгааг маань хятадууд зөөсөн хэвээр л байх уу?
-Тэгж л байг л дээ. Борлогдож байгаа л юм бол. Хамгийн гол юм өөрийн үйлдвэр л чухал.
-Тамсагаас тос экспортлох 1998 оны гэрээ гэж бий. Энэ тухайд та юу хэлэхсэн бол…?
-Үнэхээр гэрээг яаж муу хийдгийн жишээ бол “Петро Чайна Дачин Тамсаг”-тай хийсэн гэрээ юм. Монгол Улс газрын түүхий тосоо худалдахдаа дэлхийн зах зээлийн үнэ дээр тонн тутамд зөвхөн нэг ам.доллар нэмж авна. Ийм тэнэг юм гэж байх уу. Хятадууд Тамсагаас жилд нэг сая 200 мянган тонн газрын тос олборлож байгаа. Тэгвэл энэ жил 800 мянган тонн болж буурчээ. Энэ тухай яагаад гэж асууж байгаа хүн байна уу, алга. Энэ юу харуулж байнав гэвэл өөрийн гэсэн бодлогогүй, толгойгүй улс орон ийм байдаг юм гэдгийг хэлж байна шүү дээ. Иймээс уул уурхай, улс орны хөгжилд нэмэр багатай, ард түмэнд хүртэх юмгүй л байна. Гадаадынхан бушуухан л цөлмөхийг бодохоос Монголыг хэзээ ч бодохгүй ээ. Энэнийг харийн хүний сэтгэлгээ гэдэг юм.
“Зууны мэдээ” сонин