Хөдөөгийн хөгжлийн зарим асуудал
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
30 минут 48 секунд
Хөдөөгийн хөгжлийн зарим асуудал

Хөдөөгийн хөгжлийн зарим асуудал

 

Нэг. Хөдөөг хөгжүүлэх бодлого. 1990-ээд оны эхээр улс орны хэмжээгээр зах зээлд шилжих процесс эрчимтэй явж эхэлсэнтэй зэрэгцэн малыг бараг зуун хувь хувьчилж тариалангийн улсын аж ахуй олноор задарч, газар тариалангийн салбар мөн хувийн хэвшлийнх болсон нь нийгэм эдийн засгийн шинэчлэлийн дагуу явсан нийгмийн хөгжлийн зүй ёсны алхам байсан юм.

 

Ялангуяа малыг хувьчилсан нь өмч эзэндээ ойртсон сайн талтай. Угаасаа хэдэн мянган жилийн турш монголчууд малаа хувьдаа эзэмшиж адгуулж, ашиг шимийг нь хүртэж амьдарсаар ирсэн. 70 гаруй жил улс хоршооллын өмч гэж байсан мал эзэндээ эргээд очиход ямар ч төвөг бэрхшээл гараагүй харин ч малчид өмчөө бүрэн эзэмшиж, захиран зарцуулах эрхтэй болсондоо урамтай байсан. Гэвч төрөөс өмч хувьчлалтай зэрэгцүүлэн хөдөөд зах зээлийн орчныг нь бүрдүүлэх өөрөөр хэлбэл, хүнээ тойрсон хөгжлийн иж бүрэн арга хэмжээ (нийгмийн асуудал, зам харилцаа, боловсрол, эрүүл мэнд, мал аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах, борлуулах гэх мэт) авч хэрэгжүүлээгүйгээс өмнөх тогтолцооны үед хөдөөд бий болсон асар их хөрөнгө, материал техникийн бааз үрэн таран болж, хөдөөгийн хөгжил хоцрогдож, олон жилийн турш хөдөөгийн хүмүүс Улаанбаатар бусад томоохон хот суурин руу нүүж, манайх хот улс болоход хүрээд байна. Харин сүүлийн жилүүдэд төр, засгаас авч хэрэгжүүлсэн зарим арга хэмжээний үр дүнд шилжилт хөдөлгөөн багасгах хандлагатай байгаа нь сайн хэрэг.

 

Ер нь аль ч засгийн үед хөдөө аж ахуйг салбарынх нь хувьд авч ярьж байгаагаас биш хөдөөг хөгжүүлэх бодлого гэсэн иж бүрэн утгаар нь авч үзэхгүй байгааг анхаарах учиртай. Ер нь Монгол Улсын өнөө ирээдүйн хөгжлийг хөдөөгүйгээр, хөдөө аж ахуйгүйгээр эсвэл түүний үүрэг, ролийг чамлангуй авч үзэх нь тийм ч оновчтой, ухаалаг хандлага биш болох байх гэдгийг цаг ямагт бодож, ухаарч байгууштай.

 

Хоёр. Мал аж ахуйн талаар Монголчуудыг дэлхий бэл­ чээрийн мал аж ахуй, малчин хоёроор таньдаг. Энэ хандлага цаашид ч буурахгүй байх. Нүүдлийн соёл иргэншлийг өдий хүртэл бүхэлд нь тээж яваа улс бол Монгол. Нүүдлийн соёл иргэншлийн үндэс суурь нь нүүдлийн мал аж ахуй, малчин хоёр. Урт хугацааны түүхийн энэ суурь уламжлалд тулгуурлан Монгол Улсын мал аж ахуйг хөгжүүлэх бодлого боловсруулж цаашид дэлхийн хөгжлийн чиг хандлагатай уялдуулан улам боловсронгуй болох учиртай. Мал аж ахуйн салбарын хөгжлийн талаар баримтлах зарим асуудлын хувьд:

 

1. Мал аж ахуйн салбарыг цаашид авч явах хэлбэрийн хувьд уламжлалт бэлчээрийн мал аж ахуй, эрчимжсэн буюу үйлдвэржсэн мал аж ахуй гэсэн хоёр үндсэн хэлбэрээр хөгжүүлэх.

a) Бэлчээрийн мал аж ахуйг хэлбэрийн хувьд явж ирсэн түүх, соёл, уламжлалаа хадгалахын зэрэгцээ, улс орны болон дэлхийн хөгжлийн чиг хандлагатай уялдуулан боловсронгуй болгох чиглэлээр хөгжүүлэх. Ялангуяа зуд зэрэг байгалийн эрсдлээс бага хамааралтай байхын тулд өвлийн 3­4 сарын хугацаанд малаа тэжээж, суурин байдлаар амьдарч, бусад гурван улиралд нь нүүдлийн хэлбэрээр аж ахуйгаа эрхэлдэг хэв загварт шилжих. Өөрөөр хэлбэл, жилийн дөрвөн улиралын нэгд нь (өвөл) хагас суурин, гуравт нь (хавар, зун, намар) нүүдлийн байдлаар аж ахуйгаа эрхлэнэ гэсэн утга.

 

b) Эрчимжсэн буюу үйлдвэрж­ сэн мал аж ахуйн хувьд байгаль цаг уурын нөхцөл сайтай нутагт (Сэлэнгэ, Төв, Булган болон бусад аймгийн боломжтой сумдад) нутгийн болон гаднын өндөр ашиг шимтэй малыг, мах (мал бодох) сүү, ноос, ноолуурын чиглэлээр мөн гахай шувууны аж ахуйг суурин болон зарим газарт хагас суурин хэлбэрээр хөгжүүлэх, 1970­1980 аад онд махны нөөц нэмэгдүүлэх чиглэлээр өсвөр насны мал (тугал, хурга) бордох аж ахуй, саалийн механикжсан фермүүд (өнөөгийн сүүний фермүүд бол биш) жинхэнэ утгаараа хөгжиж байсныг эргэж санахад ч илүүдэхгүй биз.

 

2. Байгалийн эрсдэл, бэл­ чээрийн даац түүнийг ашиглах боломж зэрэг нөхцөлийг бодолцон цаашид малыг тооны хувьд харь­ цангуй хязгаартай өсгөх, (40­ 50 сая) малын чанар удам уг­ сааг сайжруулах нэг малаас авах ашиг шимийг тогтвортой нэмэгдүүлэх эрчимжилтийн арга хэмжээг тууштай явуулж, мал аж ахуйн бүтээгдэхүүнээр дотоодын үйлдвэр, хүн амын хэрэгцээг хангах,экспортыг дэмжиж урам­ шуулах, ялангуяа экологийн цэвэр мах үйлдвэрлэлт түүний экспортыг нэмэгдүүлэхэд үндсэн бодлого чиглэгдэх учиртай.

 

3. Сүргийн бүтцийн хувьд үхэр, хонь зэрэг таваарлаг малыг илүү өсгөж, экспортын нөөцийг нэмэг­ дүүлэх бодлого барих. Ямаан сүргийн хувьд түүний эерэг, сөрөг талыг нарийн судалж тооцож, сүргийн дотор эзлэх байр суурийг тогтоох нь зөв болов уу.

 

4. Мах махан бүтээгдэхүүний экспортыг эрс нэмэгдүүлэх чиг­ лэлээр тодорхой бүс нутгийг дагнан эрхлэх замаар үйл ажиллагааг эхлүүлэх шаардлага гарч байна. Тухайлбал, Дорнодын Халх голын районыг эрчимтэй эзэмших шаардлага тулгамдсан асуудал болоод байна. Энэ бүс нутаг бол XXI зууны туршид эрчимтэй ашиглах манай “үүц” юм. Энэ талаар миний бие 1990­ээд оны дундуур “БНАСАУ­д Элчин сайд байхаасаа эхлэн олон удаа санал тавьсан боловч хэрэгжилгүй өдийг хүрсэн. ХХААЯ, Т.Бадамжунай сайдын үед энэ районыг эзэмших төслийн баг ажиллаж БНСУ­тай хамтран бага хэмжээний талбайд туршилт хийж байгаа гэсэн сураг гараад бас л удлаа. Энэ бүс нутагт судалгаа туршилтын ажил хангалттай хийсэн. Өнгөрсөн зууны сүүлээр гадаад, дотоодын мэргэжлийн зураг төслийн байгууллага хамтран энэ бүс нутгийг иж бүрэн эзэмших том төсөл хийсэн. Мөн 40 орчим мянган га талбайтай аж ахуй байгуулж, үр тариа малын тэжээлийн төрөл бүрийн ургамал, түүний дотор шар буурцаг тариалж, мах сүүний чиглэлийн үхэр, барга үзэмчин хонь, үржүүлж, үр дүнтэй ажиллаж байв, Мөн халх гол судлалын чиглэлээр эрдэм шинжилгээний том станц 30 шахам жил ажиллаж, судалгаа дүгнэлт гаргасан. Ийм учраас энэ бүс нутгийг эзэмших чиглэлээр 200 орчим га талбайд бусад улстай хамтран судалгаа гэгч ажил хийх ямар ч шаардлага байхгүй. Хэрэгжүүлэх арга нь энэ районыг эрчимтэй хөдөө аж ахуйн бүс болгох зорилгоор тодорхой нутгийг эзэмшүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргана. Цаашид ХХААЯ энэ чиглэлээр техник, эдийн засгийн үндэслэл хийж, батлуулан ажлаа дэс дараатай эхлэх шаардлагатай. Нэг зүйлийг энд тэмдэглэхэд сүүлийн жилүүдэд энэ бүс нутагт хөрөнгө санхүүгийн бололцоотой компаниуд их бага хэмжээгээр улаанбуудай тариалж, алдаг оног ургац авч байгаа бололтой. Энэ буруу биш боловч ирээдүй муутай. Энэ бүсэд таваарын улаанбуудайг зөвхөн усалгаатай нөхцөлд тариалж тогтвортой үр дүнд хүрнэ. Энэ бүсэд усны ийм их нөөц байхгүй. Иймд энэ асуудалд болгоомжтой хандах шаардлагатай. Энэ бүгдийг эргэцүүлэн үзэхэд Халх голын районыг эрчимтэй хөдөө аж ахуйн бус болгон экспортын мах, мал аж ахуйн бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр хөгжүүлэх нь зүйтэй.

 

5. Нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг эрчимтэй явуулж, ялангуяа ардын селек дээр бий болсон нутгийн өндөр ашиг шимтэй малыг өсгөж үржүүлэх. Энэ ажилд эрдэмтэд, мэргэжилтнүүдийг өргөн оролцуулах нь чухал. Эрт дээр үеэс уламжлагдан ирсэн ардын селекцийн аргаар малынхаа удам угсааг сайжруулж ирсэн нь бэлчээрийн мал аж ахуйн нөхцөлд сонгомол арга байсан бөгөөд эдүгээ ч ач холбогдлоо алдаагүйгээр барахгүй шинжлэх ухааны үндэстэй орчин үеийн үржил селекцийн ажлын үндэс суурь болсоор байна. Манай орны аль ч бүс нутгийн шилмэл үүлдэр, хэвшлийг бататган сайжруулж, өсгөн үржүүлж тэднийг сайжруулагчаар ашиглах замаар нийт малын ашиг шимийг үлэмж нэмэгдүүлэх ихээхэн нөөц байгаа юм, Манай эрдэмтэд мэргэжилтнүүдийн идэвхтэй үйл ажиллагааны дунд тус орны байгаль цаг уурын болон бүс нутгийн нөхцөлд зохицсон шинэ үүлдэр үүлдрийн болон үржлийн хэсгийн арвин ашиг шимт мал бий болон одоо ч бий болсоор байна. Гэхдээ төрөөс онцгой анхааралдаа авч бодлогоор зохицуулах олон асуудал бүрхэг хэвээр байна. Бодлогын яамны зүгээс мэргэжлийн удирдлагаар хангах, хөдөө аж ахуйн шинжлэх ухааны байгууллага, эрдэмтэдтэйгээ нягт хамтран ажиллах асуудал ч чамлалттай явж ирлээ. Харин энэ жилээс ХХААЯ, шинэ сайд эрдэмтэдтэйгээ уулзаж, санал бодлыг нь сонсч, сайдын дэргэд эрдэмтдийн зөвлөл байгуулан ажиллаж байгааг гэгээлэг алхам гэж үзэж байна. Энэ асуудлыг яам анхаарлаасаа хором ч холдуулахгүй ажиллана гэдэгт найдъя.

 

6. Мал эрүүлжүүлэх асуудал онц гой анхаарлын төвд байх учиртай, Боом, ям, шүлхий зэрэг сүүлийн олон арван жил бараг үгүй болсон өвчин сэргэж, мал аж ахуйн хөгжилд ялангуяа экспортод үлэмж саад болж байна, Мал эрүүлжүүлэх чиглэлээр хийдэг системтэй ажлууд эрс суларч, зарим нь үгүй болж байна. Энэ талаар бодлогын чанартай олон арга хэмжээ шаардлагатай. Эрдэмтэд, мэргэжилтний саналыг өргөн авч дүгнэлт гаргаж, тэдний хүч мэдлэгийг өргөн ашиглах шаардлагатай. Мал хувьд очсон нь мал ахуйд баримтлах бодлогын амин сүнс болсон зоо мал эмнэлгийн арга хэмжээ орхигдож мартагдана гэсэн хэрэг биш. Харин ч зах зээлийн нөхцөлд төр энэ талаар онцгой анхаарч хууль эрх зүй.эдийн засгийн механизмаар дэмжиж, байнгын анхааралдаа байлгах учиртай. Ялангуяа Монголын брэнд байх учиртай мах, махны нэр хүндийг бууруулж байгаа шүлхий өвчин гарах үндсийг бүрэн устгах ажлыг төрийн онцгой бодлого болгон богино хугацаанд хэрэгжүүлэх нь зүйтэй.Энэ ажилд хоёр хөршийнхөө дэмжлэгийг авч болох юм,

 

7. Малын тэжээлийн асуу дал. Мал сүргийг бай галийн болзошгүй элдэв эрсдлээс хам гаалах, тарга хүчийг хадгалж, онд оруулах аль ч утгаараа малын таримал болон үйлд вэрийн аргаар хүрэлцээтэй тэжээл бэлдэх асуудал мал аж ахуйн хөгжлийн нэг салшгүй хэсэг юм. Суүлийн жилүүдэд ган зудын аюул бага тохиолдож, тэжээл гэдгийг зөвхөн байгалийн өвс хадлан хагас дутуу бэлтгэх төдийгөөр хязгаарлаж, таримал, хүчит тэжээл бэлдэж, түүгээр малаа тэжээх асуудал бараг мартагдаж байна. Малын тэжээл гэхээр өвс хадлан бэлдэж байвал болоо гэдэг ойлголт дээр дооргүй байгааг нэн даруй залруулах шаардлагатай. Одоо бэлдэж байгаа тэжээлийн 80 гаруй хувь нь байгалийн өвс хадлан эзэлж байна. Байгалийн хадлан өвс бол малын зөвхөн голыг зогоож,амьд байлгах төдий тэжээл юм. Малд хамгийн шаардлагатай хүчит тэжээл бэлтгэлт 1.0 хувь ч хүрэхгүй байгаа нь нэн хангалтгүй үзүүлэлт юм. Цаашид малын тэжээл бэлтгэх нийт хэмжээ, түүний дотор хүчит тэжээлийн хэмжээг эрс нэмэгдүүлэх нь чухал.Энд юуны өмнө өмчийн эзэн малчид илүү санаачлагатай ажиллах шаардлагатай. Тэд өвөлжөө хаваржааныхаа хөлд овьёос зэрэг тэжээлийн ургамал тариалах наад захын ажлаас эхлээд (ийм аргыг 1970­1980 аад оны малчид өргөн хэрэглэж байсан.)айл саахалт, хэсэг бүлгээрээ, хамтран тэжээл бэлтгэж занших хэрэгтэй. Үүний зэрэгцээ баг сум, аймаг, улсын тэжээлийн нөөц бэлтгэх ажлыг бодлогоор зохицуулан хийж байх учиртай.

 

8. Мал аж ахуйн салбарын хөгжлийн асуудлыг малчнаас ангид авч үзэх аргагүй. XXI зууны малчин ахуй амьдрал ажил үйлдвэрлэлийн хувьд ч төр,нийгмийн болон бизнес эдийн засгийн харилцаанд ямар хэлбэрээр хэрхэн оролцох утгаараа ч өнөөгийнхөөс арай өөр дэвшилттэй хэлбэр рүү орох ёстой байх. Ямар ч л байсан одоогийнх шиг жалгын нэг тарсан, байгалийн эрсдэл болсон нөхцөлд (тэр нь манайд давтамж олонтой) малтай хүнтэйгээ эрсдэлд ордог байдлаар энэ зууныг гэтлэх учиргүй. Тэгээд яах ёстой юм гэдэг асуулт гарна. Мэдээж энд малчид.эрдэмтэд мэргэдийнхээ саналыг өргөн тусгасан төрийн бодлого гарах учиртай. Миний бодлоор энэ саналын 1­ийн “а”­д хэлсэн санааг дэлгэрүүлж, хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзнэ. Хавар дулаарахаар малчдын нэг хэсэгт нь отор нүүдлээ хийгээд явна. Нэг хэсэг нь үлдэж өвөлжих хаваржаагаа тохижуулах, арьс шир, ноос ноолуураа боловсруулах, малын тэжээл, ногоо тарих зэрэг байнгын ажил эрхэлдэг амьдралын ийм хэв загварт шилжиж заншвал асар том дэвшил болно. Залуу малчны халаа бэлдэх, аж ахуйгаа эрхлэх арга ухаанд суралцах, бүлэг хоршоонд нэгдэж, хөдөлмөрөө хорших зэрэг асуудал тэдний санал санаачлага сайн дурын үндсэн дээр явах учиртай. Харин төр үүнд нь бодлогоор дэмжиж, туслах нь зүйтэй.

 

Гурав. Газар тариалангийн талаар Монголын газар тариалангийн үйлдвэрлэл 1959­1990 оны хооронд 40 жилийн хугацаанд Атрын I, II аяны үр дүнд улс ардын аж ахуйн бие даасан салбар болон хөгжиж, улс орныхоо гурил будаа малын тэжээл, төмс ногооны хэрэгцээг бүрэн хангаж, зарим таатай жилд экспортод гаргадаг байсан түүхтэй. 1990 оноос Монгол Улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжих үед өмч хувьчлалын алдаатай бодлого, үе үеийн засгийн газруудын өрөөсгөл анхаарал, оновчтой бус үйл ажиллагаа, анхаарал сулаас тариалангийн үйлдвэрлэл 20­оод жилийн турш уналтад орж, ард олон гурил будааны дутагдал, гачигдалд орж, бусдыг гуйж царайчлахын гутамшгийг үзэж, мэдэрсэн билээ. Харин 2007 оноос атрын гуравдугаар аяныг зарлаж, төр, засгаас тариа­ лангийн үйлдвэрлэлийг сэргээн хөгжүүлэх цогц арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд энэ үйлдвэрлэл бүх л түвшиндээ сэргэж, сүүлийн 4­5 жилд эх орныхоо баян тансаг хөрсөнд ургуулсан будаа, гурил, төмс ногоогоор үндсэндээ хангаж, ард олон маань сэтгэл хангалуун байгаа юм. Гэвч сүүлийн үед газар тариалангийн талаар төр, засгаас тавьж байсан анхаарал, ялангуяа Атрын­III аяны үеийн техник, технологи, зохион байгуулалт, хөрөнгө оруулалт, санхүүгийн иж бүрэн арга хэмжээ зарим талаар суларсан. Ялангуяа стратегийн чухал таваар улаан буудайгаар улсын хэрэгцээг жил бүр тогтвортой хангаж байх бодлогыг ХХААХҮЯ өөртөө төвлөрүүлэн хатуу хяналттаа барихгүй, уг асуудлыг тариаланчдын дур зоригийн хэрэг болгон хяналтгүй орхисноос сүүлийн жилүүдэд рапс тариалалт эрс нэмэгдэж, буудайн тариалалт буурч магадгүй байгаа нь мэргэжлийн яамны хяналт, анхаарал сулаас болсон бодлогын алдаа гэхээс өөр аргагүй ээ. Тэгээд ч төр, засгаас импортыг орлох бүтээгдэхүүн аль болох ихээр үйлдвэрлэх бодлого барьж байхад тарьж ургуулсан рапсаа дотооддоо үйлдвэр байгуулж, тос үйлдвэрлэхийн оронд гадагш нь шууд гаргаж байгааг зөвтгөх аргагүй. ХХААЯ­ ны үе үеийн сайдын үед явуулж ирсэн бодлогын бас нэг алдаа нь үйлдвэрлэгч, нийлүүлэгч хоёр харилцан тохирч үнээ тогтоодог зэх зээлийн зарчмаас ухарч “Жишиг үнэ” гэгчийг жил бүр тогтоож тариачид, гурилын үйлдвэрүүдийн хооронд эх төгсгөлгүй маргаан болж эцэст нь ажил хохирдог. Харин энэ жилээс бодлогын яам тариалангийн үйлдвэрлэлийн үр дүнг хураасан ургацын массаар биш чанартай холбон дүгнэдэг болох бүтээгдэхүүн борлуулалтыг зах зээлийн зарчмаар явуулах зэрэг бодлого барьж байгаа нь зөв эхлэл юм. Эдгээр байдлыг иш үндэс болгон, атрын III аяны үеэр авч хэрэгжүүлэж байсан цогц арга хэмжээг үргэлжлүүлэн газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэхэд чиглэсэн дараах бодлогыг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна. Үүнд:

 

1. Бэлчээрийн мал аж ахуй эрхэлж байгаа манай орны нөхцөлд газар тариаланг бүсээр ялгавартай эрхлэх бодлогыг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзнэ. Үүнд:

a) Сэлэнгэ аймгийг бүхэлд нь Төв аймгийн зургаан сум, Булган аймгийн хоёр сумыг (Хутаг, Сэлэнгэ) оролцуулан улсын нийт үр тарианы (улаан буудай зонхилсон) 70­80 хувийг хангадаг эрчимжсэн тариалангийн бус болгон. мах ,сүү, нарийн ноост хонины чиглэлийн эрчимжсэн мал аж ахуйтай хослуулан хөгжүүлэх. Мөн энэ бүсэд төмс ногоо, хүлэмжийн аж ахуй, жимс жимсгэний аж ахуйг хослон эрхэлж болох юм.

b) Төв, Булган, Хөвсгөл, Увс, Завхан, Ховд Архангай, Өвархангай аймагт товарын болон тэжээлийн үр тариа, төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ, тосны болон техникийн ургамал тариалах чиглэлээр хөгжүүлэх, Увс, Ховд, Завхан аймагт усалгаатай тариалан илүү эрхлэх боломжтой. Энд халтар арвай мэтийн ардын уламжлалт тарималыг сэргээн тариалахад анхаарах. c) Бусад бүх аймагт малын тэжээлийн ургамал, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, тосны болон буурцагт ургамал тариалж, жимс ногоог консеровлож, боловсруулах жижиг үйлдвэрийг хөгжүүлэх, эдгээр аймагт 1980­ аад оны үед байгуулж, ажиллуулж байсан услалтын жижиг системийг сэргээн ажиллуулах. Үүнд улсаас зээл санхүүгийн зохих туслалцаа үзүүлж, уг ажлыг ойрын 2­3 жилд хийж гүйцэтгэх.

 

2. Усалгаатай тариалан эрх­ лэх асуудлыг газар тариалан тогтвортой эрхлэх нэг гол чиглэл болгож, ойрын 10 жилд усалгаатай талбайн хэмжээг 120000 мянган га­д (одоогийн байгаа болон хуучин ашиглаж байсан системийг оролцуулан) хүргэх. Эхний таван жилд хуучин ашиглаж байсан инженерийн болон энгийн хийц тэй услалтын системийг сэргээн ашиглалтад оруулах. Зөвхөн 120000 мянган ус лалтын системтэй болсноор нэгга­гаас хамгийн багаар 4,0 тонн ургац авна гэж тооцоход 480.000 мянган тонн ургац.

Энэ нь усалгаагүй 400.000 мянган га-гийн ургацтай тэнцэнэ. Хаврын шар усны үер, зуны аадар борооны зэрэг асар их усны нөөц ямар ч ашиглалтгүй өнгөрч байна. Эдгээр усыг нуур, цөөрөм байгуулж ашиглах. Үүнд улсаас татвар, зээлийн бодлогоор дэмжих нь чухал.

 

3. Техникийн хангамж, ашиг-лалтын бодлогын хувьд:

a) Импортоор оруулж ирж буй техник нь Монгол орны хөрс цаг уурын нөхцөлд зохицсон, хөрсийг элэгдэл, эвдэрлээс хамгаалахад зориулсан байхыг анхаарах. Хэн дуртай аж ахуйн нэгж, бизнесмэн, тендер нэрийн дор дуртай орноосоо чанаргүй техник оруулж ирж байгааг зогсоох. Байгаль хөрс цаг уурын нөхцөлийг харгалзан техник ашиглалтыг бүсээр шинжлэх ухааны үндсэн дээр тогтоосон ялгавартай бодлого барих.Энэ ажилд эрдэмтэн шинжилгээний байгууллага, эрдэмтдийг өргөн оролцуулах.

b) Хөдөө аж ахуйн зүтгэх болон чиргүүл дүүжин машиныг хөрөнгийн бололцоотой нөхцөлд Канад, АНУ, Германаас, ийм боломж бүрдээгүй нөхцөлд Оросын холбооны улсаас авч байх нь зүйтэй болов уу. Барууны техник сайн ч сервис үйлчилгээ, сэлбэг материалын асуудал хүндрэлтэй байгаа нь нэг бэрхшээл юм. Харин мал аж ахуйн мехникжууулалт хадлан, тэжээл бэлтгэх зориу лалттай бага оврын техникийг урд хөршөөс авч байж болох юм.

с) Техникийн хүрэлцээ хан-гамжийг тооцохдоо манай ор-ны уур амьсгалын эрс тэс нөхцөлийг бодолцож үр тариа тариалалтыг ажлын 10-12 хоногт (түүнээс богино байх тусмаа сайн) хураалтыг ажлын 21 хоногт багтаан дуусгадаг байхаар тооцох техникийн ийм хангамжгүйгээр хавар, намрын хүйтрэлт, цасны аюулаас хэдий ч салахгүй гэдгийг онцгой анхаарах.

d) Техникч, механик жуулагч-дийг тариалан эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн захиалгаар Техник мэргэжлийн сургуулиудад гэрээний үндсэн сурган бэлтгэж, давтан сргах систем тогтоох

 

4. Тогтвортой ургац авах нэг үндэс болсон тариалангийн технологийг нэгбүрчлэн мөрдөх, түүнд тавих хяналт хариуцлагын тогтолцоо үндсэндээ алга. Технологи зөрчсөнөөс үүдэлтэй бүх үр дагаврыг нарийн тооцож, хариуцлага тооцохын оронд бүх бурууг цаг агаар руу чихээд л өнгөрч байна. Иймд тариалангийн технологийн гүйцэтгэлд тавих хяналт, хариуцлагын тогтолцооны асуудлыг бодлогын яам өөртөө ТӨВЛӨРҮҮЛЖ ХЭРЭГЖИЛТИЙГ дугнэдэг журам тогтоож мөрдөх, мөн уг асуудлыг тариалангийн тухай хуульд тусгай булэг болгон оруулах шаардлагатай.

 

5. Сүүлийн 20 гаруй жил тариа лангийн талбайг системтэй бордох ажлыг хийгээгүйгээс хөрсний үржил шим эрс муудаж, энэ нь тарианы ургац,чанарт нөлөөлөх байдал жилээс жилд ихэсч байгааг онцгой анхаарч эрдэс, органик болон бусад төрлийн бордоог тогтмол хэрэглэх ажлыг лабораторийн шинжилгээ, зураглалын үндсэн дээр жил бүр хийдэг болох шаардлагатай. Буурцагт ургамал тариалж, ногоон бордуурт уринш хийх арга ч энд зохих байраа эзлэх учиртай. Хөрс хамгаалах хуулийг даруй боловсруулж гаргах. Манай оронд байгаа фосфортын ордыг ашиглах асуудлыг даруй шийдэх алхам хийх нь зүйтэй.

 

6.Газар тариалангийн даатгалын системийг зах зээл, цаг агаа рын нөхцөлтэй уялдуулан шинэч лэн боловсруулах, эсвэл олон улсын байгууллагын дэмжлэг тусламжтайгаар зохих хугацааны туршилт судалгааны үндсэн дээр хууль гаргаж болох юм. Ер нь Индексжүүлсэн даатгалын систем нь дэлхийн зарим оронд газар тариаланд эхэлж нэвтэрсэн, энэ салбарт нэвтрүүлэх нь мал аж ахуйг бодвол хялбар гэдгийг анхаарахад илүүдэхгүй биз ээ.

 

7.Тариалангийн эцсийн бүтээгдэхүүн борлуулалтын системийг боловсронгуй болгох. Юуны өмнө мэргэжлийн яам борлуулалт үнийн асуудалд оролцдогийг зогсоож, үйлдвэрлэгчид, ний лүүлэгчид харилцан тохирч, үнээ тогтоодог зах зээлийн горимд оруулах. Гурилын үйлдвэр тариаланчид харилцан түншийн холбоо тогтоож, өөр хоорондоо харилцан тус дэм үзүүлдэг хамтын ажиллагааны хэлбэрийг бий болгон ажиллах нь зүйтэй. 1990-ээд оны сүүлчээр хамтын ажиллагааны ийм хэлбэр байсан нь үр дүнгээ өгч байсныг эргэн санахад илүүдэхгүй.

 

8. Газар тариалангийн амин сүнс болсон үрийн аж ахуйн асуудал жилээс жилд бүдгэрч, энэ талын бодлого үндсэндээ алдагдсан гэж хэлж болохоор байна. Үрийн аж ахуйн талаар гарсан хууль бараг үйлчлэхгүй болсон. Байгаль цаг уурын аль бүсэд ямар сорт тарих бодлого сулаас өнөөдөр хэн дуртай нь таалагдсан сортоо аль ч хамаагүй орноос оруулж ирж байна. Энэ замбараагүй байдлыг төрийн бодлогоор зохицуулах ёстой. Юуны өмнө үрийн тухай хуулийг яаралтай өөрчилж, түүнд үр сортын холбогдолтой бүх харилцааг зохицуулсан бодлогыг суулгаж өгөх хэрэгтэй. Хууль гарсны дараа хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр Засгийн газрын шийдвэр гарах шаардлагатай болно. Мэргэжлийн удирдлагын чиглэлээр бүтэц зохион байгуулалтын зарим өөрчлөлт хийхийг ч үгүйсгэхгүй. Яам нь энэ бодлогыг үндсэндээ алдсан. Мэргэжлийн талаасаа ч тийм боломж алга бололтой. Энэ нь үе үеийн яамдын бодлогын алдаа.

 

9. Газар тариалан маань олон жилийн турш уринш, улаанбуудай гэсэн үндсэн бүтэцтэй явж ирлээ. Эргэлтийн талбайныхаа 50 хувийг өнжөөж уриншилдаг орон одоо дэлхийд хаа ч байхгүй. Техник, технологийн бодлогыг үндсээр нь өөрчилж, тариалан эрхлэх соёл дээшилж байгаа нөхцөлд эргэлтийн талбайд уриншийн эзлэх хувийн жинг аажмаар багасгаж, оронд нь бусад таримал эзэлж сэлгээний системд орох учиртай. Улсын гурилын хэрэгцээг хангах шаардлагын үүднээс нийт тариалах талбайд улаанбуудай түлхүү байр эзэлж таарна. Дараа нь арвай, овьёос, буурцагт ургамал, даршны зориулалттай өргөн мөрөөр тариалдаг наранцэцэг, эрдэнэшиш, тосны зориулалтаар рапс мэтийн таримал өөр өөрийнхөө байрыг эзэлж, таримлын сэлгээнд орж ирэх байх. Энэ бол тариалан эрхлэх бодлогод аажмаар орох өөрчлөлт юм. Рапсын хувьд зөвхөн импортыг орлох тосны ургамал гэдэг утгаараа тариалах байх. Харин түүхий эд хэлбэрээр тариалж, шууд гадаадад гаргахыг төр дэмжих учиргүй. Ийм нөхцөлд экспортын гаалийн татвараар зохицуулах зэрэг төрийн механизм ажиллах ёстой. 2015 оны тариалалтаас эхлэн мэргэжлийн яам энэ чиглэлийг баримтлан, эхлэлийг тавьж байгааг зөв гэж үзэж байна. Салбарын талаар төрөөс баримтлах бодлогод энэ асуудал сууж таарна.

 

10. Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны ололтыг үйлдвэрлэлд түргэн нэвтрүүлж, үр дүнд хүргэх зорилгоор (ийм боломж энэ салбарт илүү) хөдөө аж ахуйн чиглэлийн эрдэм шинжилгээний салбар хүрээлэнгүүдийг Хөдөө аж ахуйн Шинжлэх ухааны академид харьяаллын хувьд нэгтгэж, түүний харъяаллыг хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн Газрын гишүүний эрхлэх ажлын хүрээнд оруулах. Хөдөөг хөгжүүлэх бодлогыг төр, засаг анхаарлынхаа төвд авч, шуурхай хэрэгжүүлж чадах аваас хөгжлийн нэг гарц энд байгааг сайтар ухаарч бодогтун.

 

Ш.Гунгаадорж /Монгол Улсын гавьяат агрономич/

“Зорчигч тээврийн нэгтгэл” 1658 хүний орон тоотой ажиллана
“Зорчигч тээврийн нэгтгэл” 1658 хүний орон тоотой ажиллана
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.